Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

'Ирээдүйн ажлын байранд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чадвар үнэд орно'

'Ирээдүйн ажлын байранд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чадвар үнэд орно'
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 24
Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн харьяа гурван коосэн коллежийн төлөөлөл болсон багш нар Шинэ Монгол Коосэн технологийн коллежид хүрэлцэн ирж Монголын коосэн загварын технологийн коллежийн оюутнуудад “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвийн дор хоёр өдрийн сургалт явууллаа.      
Япон улсад сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн аюулгүй байдлын чиглэлээр хүн бүрийг мэдлэгтэй, боловсролтой болгоход төрөөс бодлогоор дэмжиж, шинэ үеийн боловсон хүчнүүдээ, тэр дундаа инженер технологийн мэргэжилтнүүдээ энэ чиглэлд бэлтгэж эхэлжээ. Мэдээллийн аюулгүй байдал чухалд тооцогдох болсон 21-р зуунд хүн бүр эзэмшвэл зохих чадвар гэж тэд үзэх болжээ. Бид сургалтын үеэр гурван багшийн санал бодлыг сонсож, мэдээллийн аюулгүй байдлыг чухалд тооцох болсон шаардлага, шалтгааны талаар санал солилцлоо.
undefined
Шинэ Монгол коосэн технологийн коллежийн захирал Ш.Буянжаргал: 21-р зуунд технологийн боловсролыг өсвөр наснаас олгож, мөн аж үйлдвэрийн салбартай уялдуулан хэрэгжүүлэх чиг хандлагатай байгаа талаар би өмнө нь танай сайтад дурдаж байсан. 21-р зуун өөрөө мэдээллийн зуун болж, энэ цаг мөчид амьдрах хүн бүр, тэр дундаа ирээдүйд бидний хэрэглэх бүтээгдэхүүн, системийг зохион бүтээх инженер, технологийн боловсон хүчин мэдээллийн аюулгүй байдлын талаарх маш сайн олголттой болж,  аюулгүй байдалтай холбоотой суурь мэдлэг, чадварыг инженерийн мэргэжил харгалзахгүйгээр бүгд эзэмших шаардлагатай. Иймд манай монголын коосэн загварын технологийн коллежиуд үүнд маш их ач холбогдол өгч, хамтран ажилладаг Япон коосэн сургуулийн багш, профессоруудыг урьж энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна.   

Японд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чадварыг олгохын тулд төрөөс бодлогоор дэмжиж байна

undefined
-Кочи технологийн коллежийн профессор Seiichi Kishimoto: Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд Японы аж үйлдвэрийн салбарт инженер технологийн боловсон хүчин бэлтгэх ажилд Японы үндэсний технологийн хүрээлэнгийн харьяа Коосэн коллеж маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.  Монголд ч гэсэн ийм загварын гурван сургууль үүсэн байгуулагдаад явж байна. Японы Коосэн коллежийн оюутнуудад заадаг сургалтаа энэ удаад Монголын Коосэн технологийн коллежиудын оюутнуудад зааж байна.
Япон улс мэдээллийн технологийн аюулгүй байдалд нэлээд ач холбогдол өгөх болсон. Японд мэдээллийн технологи хөгжиж байгаа хэдий ч мэдээллийн аюулгүй байдал тал дээр жаахан хоцрогдолтой явж ирсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд энэ чиглэлд төрөөс бодлогоор дэмжиж, боловсон хүчнүүдээ бэлтгэж эхэлсэн.  Мэдээлэл технологийн эрин зуунд хүн бүр мэдээллийн аюулгүй байдлыг хангахад суралцсан, мэдлэгтэй, мэдээлэлтэй байх нь чухалд тооцогдож байна. Шинэ зууны хүмүүсийн эзэмшвэл зохих чадварын нэг болж байна. Жишээ нь, манай Япон улсад мэдээллийн аюулгүй байдлын талаарх боловсролыг тодорхой сургалтын хөтөлбөр гаргаад дунд сургуулиас нь эхэлж олгож эхэлж байна. Мөн түүнээс гадна японы энгийн иргэдэд зориулсан нээлттэй сургалтыг явуулах болсон. Фэйсбүүкт зургаа тавихдаа байршил болон цагийн мэдээллийг ил болгохоос татгалзах, бэлэн мөнгөний картаа хүмүүст үзүүлж болохгүй гэх зэргээр наад захын энгийн зүйл дээр болгоомжтой байхыг зөвлөсөн сургалтууд явуулах жишээтэй юм.” гэв.     

Сайн инженер бэлтгэхийн тулд асуудалтай болон хүнтэй харилцах чадварт сургах ёстой

undefined
-Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн харьяа Sendai коллежийн профессор Kuniaki Yajimа “Японд өнөөдрийг хүртэл нэг чиглэлд дагнаж мэргэшсэн инженерийг бодлогоор бэлдэж ирсэн. Харин цаашдаа нэг салбарт гүнзгийрч мэргэшихээс илүүтэй олон талын мэдлэгтэй хөрвөх чадвартай инженерийг бэлтгэж эхэлж байна. Бусад салбарыг ойлгож мэддэг, түүнийхээ үндсэн дээр салбартаа илүү гүнзгийрч, мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй байгаа юм. Тиймд сургалтын арга барилаа ч гэсэн үүнд чиглүүлж, инженерүүдээ бэлдэж байна. Өөрөө өөрөө суралцах чадвартай, бусад салбарт хөрвөх чадвартай хүмүүсийг бэлдэх зорилттойгоор улсын хэмжээнд таван жилийн өмнөөс тусгай шинэчлэлийн программыг эхлүүлсэн. Үүний хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагуудад тодорхой хэмжээний төсөв тавьж өгч, энэ нь үр дүнтэй хэрэгжээд явж байна.  Асуудлыг өөрөө олж хараад зөв тодорхойлоод түүндээ анализ хийгээд бусад салбарын хүмүүстэй  харилцаж ярилцаад асуудлыг шийдэж чаддаг хүнийг бэлдэх нь зорилт юм. Инженер хүнд асуудалтай болон хүнтэй аль алинтай нь харилцаж чаддаг чадвар чухал. Орчин үед мэдлэг авах биш мэдлэгийг чадвар болгодог инженер байх хэрэгтэй.  Бид энэ удаагийн сургалтаа ч гэсэн оюутнуудыг дөрвөн баг болгож хуваагаад, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой дөрвөн асуудлыг дэвшүүлээд, тухайн асуудлыг яаж хэрхэн шийдэх аргачлалыг өөрсдөөр нь гаргуулаад, багууд биенээсээ суралцах, нэгнийгээ үнэлэх гэсэн аргаар зохион байгуулж байна. Энэ нь аливаад асуудал дэвшүүлээд, түүндээ анализ хийх чадварт сургаж байгаа юм. Энэ нь оюутны ирээдүйн ажлын байранд хамгийн чухал, хэрэгтэй чадвар болж үлддэг” гэж ярилаа.   

Японы дунд ангийн сурагчдад соошиалыг хэрхэн  ёс зүйтэй ашиглах тухай хичээлийг зааж эхэлсэн

undefined
-Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн харьяа Tsuruoka коллежийн  Yoshihiro Takeichi “Энэ удаагийн сургалтын агуулга үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Вирус, халдлагын талаар тайлан гаргадаг томоохон компаниас авсан элбэг тохиолдолддог, бодит амьдралаас урган гарсан мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой дөрвөн төрлийн кэйс дээр оюутнуудыг ажиллуулж, анализ дүгнэлт хийлгэж, гарц шийдлийг харилцан ярилцаж байна. Юунаас болж ийм асуудал гарсан бэ, яаж урьдчилан сэргийлж болох вэ, мөн ямар арга технологийг ашиглавал зохих талаар оюутнуудаар өөрсдөөр нь асуудлыг шийдүүлэх маягаар сургалтыг явуулж байна.   
Сүүлийн үед Японд соошиалаар дамжуулан биенийгээ муулсан, доромжилсон, хэрэлдсэн, сөрөг комментууд ихээр гарах болсон. Тухайлбал, олны танил хүмүүсийн зургийг тавьж, түүнийх нь дор сөрөг коммент бичиж, тухайн хувь хүний орон зай руу хэт  халдах, дайрч, доромжлох үзэгдэл ажиглагддаг. Энэ үед Японд тухайн олны танил хүмүүс өөрсдөө уучлалт гуйдаг. Хэдийгээр фенүүд ч гэсэн хувь хүний орон зай руу хэт их халдаж болохгүй шүү дээ. Үүнийг шийдэхийн тулд хувь хүмүүсийн ёс суртахуун, боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлд сургалт явуулах нь чухал гэж үзэж байгаа. Сургалтаар соошиалд хэрэглээнд баримтлах ёстой зарчмуудын талаар хэлж өгч байна. Олон нийтэд энэ талаарх зөв ойлголтыг өгөхөд Японд медиа хэвлэл мэдээллийн салбар маш чухал үүрэгтэй оролцдог. Харин хүүхдүүдийн тухайд дунд ангийн “Ёс зүй” хичээлийн сургалтын агуулгад нь оруулж эхэлсэн” гэж ярилаа.   
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн