Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

Эрүүл мэндийн даатгалаар дараахь тусламж, үйлчилгээг шинээр авах боломжтой болно

Эрүүл мэндийн даатгалаар дараахь тусламж, үйлчилгээг шинээр авах боломжтой болно
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 5
Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг ч түүнээс хүртэх үр ашиг ховор төдийгүй, эрүүл мэндийн даатгалаар ямар төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр авах тухай мэдлэг, мэдээлэл, эрх зүйн зохицуулалт хомс байдаг.
Товчхондоо иргэн бүр жилд хамгийн ихдээ 2 сая, улиралд 165 мянган төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эмчлүүлэх боломжтой байдаг ч үүнийг ашиглаж, зарцуулж чаддаг нь ховор байдаг. Тиймд эрүүл мэндийн даатгалын санд төвлөрдөг мөнгийг иргэдэд хүртээмжтэй, үр ашигтай зарцуулах зорилгын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулсан билээ.
Тэгвэл шинээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байгаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээг иргэдэд хэрхэн чанартай хүргэх талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцууллаа.
Ч.Алтангэрэл: Үлдэгдэл ихтэй сан бус, эрүүл даатгуулагч олонтой байх чиглэлд ажиллана
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг “Даатгуулагчийг дээдэлсэн, үр ашгийг иргэдэд хүртээх, эрүүл мэндээс болоод тулгардаг санхүүгийн бэрхшээлийг даван туулахад бодит утгаар нь дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Өвдсөн үедээ ашигладаг даатгал бус өвчнөөс урьдчилсан сэргийлдэг даатгал болгох чиглэлд  хүртээмж, тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үлдэгдэл ихтэй сан бус, эрүүл даатгуулагч олонтой байх чиглэлд ажиллана” гээд эрүүл мэндийн даатгалын сангаас шинээр авах  боломжтой хэд, хэдэн эрүүл мэндийн үйлчилгээг танилцууллаа.  
Эрүүл мэндийн даатгалаар дараахь тусламж, үйлчилгээг шинээр авах боломжтой болно
Үүнд:  
-Олон нийт зонхилон тохиолдож буй хавдар болон утаанаас үүдэлтэй өвчлөл, шүдний өвчлөл зэргийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. 
-Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг болно.
-Томоохон хувийн эмнэлгүүд иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг болно.
Түүнчлэн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус газрын удирдлагуудад хандаж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлийг танилцуулж, үүрэг даалгавар өглөө. 
Тэрээр “Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, санхүүгийн дарамтад оруулахгүй байх, мөн эрсдлээс хамгаалах үндсэн зорилгыг агуулж Эрүүл мэндийн даатгалын сан бие даан үйл ажиллагаа явуулахаар болсон. Та бүхний хувьд энэ ажлыг нийгмийн даатгал төлдөг иргэдийн амьдралд ажил хэрэг болгох томоохон үүргийг хүлээсэн.    
undefined
Эрүүл мэндийн даатгалын сангийн зөвлөл хуралдаж,  гурван том ажил хийхээр төлөвлөсөн. Үүнд,
Нэгд, 3.2 сая хүн амаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах шийдвэр гаргасан. Энэ ажлыг Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран зохион байгуулна. Тухайлбал, элэг, ходоод, умайн хүзүү,  улаан хоолой зэрэг иргэдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөлүүдээс урьдчилсан сэргийлэх зорилгоор улс даяар иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон.
Хоёрт, Улсын хэмжээнд “Эрүүл хүүхэд, Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хүүхдүүдийн 84-96 хувь шүд цооролтой байна. Шүдний өвчлөл бол 200 гаруй өвчний суурь болдог. Бүхэл бүтэн өвчний эмгэг суурьтай үе бэлдэж байна. Үүнийг эрүүл мэндийн даатгалаар эмчилдэг, оношилдог болно.   
 Гуравт, “Эрүүл монгол” хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх болно.
Мөн хөнгөлөлттэй эмийн хүртээмжгүй байдал иргэдийг бухимдуулж байна. Өмнө нь сардаа 1-2 удаа хөнгөллөлттэй эм авдаг байсан иргэд дуртай үедээ авах боломжтой болсон ч бодит байдад дээр хүртээмжгүй, ажил хэрэг болохгүй байна гэсэн иргэдийн гомдол ирсэн. Тэр боломж нь нийтлэг биш байна. Эмийн сангууд нь санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар иргэдийн буцааж байна. Тиймд хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг зогсоохгүй байх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.  
Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг цахимаар хянадаг болж, жагсаалтыг шинэчилнэ  
Эмийн хөнгөлөлттэй эмийн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг танилцуулахдаа, “Хөнгөлөлттэй эм иргэдэд яагаад хүртээмжтэй хүрэхгүй байгаа асуудлаар хяналт, шалгалт явуулсан.  Шалгалтын үр дүнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд жор бичилтийн стандартыг хангахгүй, харьяалал харгалздаггүй олгодогоос үүдэлтэй гэх дүгнэлтэд хүрсэн. Тиймд  хөнгөлөлттэй олгож буй 818 эмийн жагсаалтыг эргэж харах, журмыг шинэчилэх чиглэлд анхаарч, цахимаар хяналт тавьдаг болно. Мөн тухайн дүүрэг хороо орон нутгийн хүн амын тоо, өвчлөлийн статистикаар хөнгөлөлттэй эмийг зөв хүртээмжтэй хуваарилах чиглэлд ажиллаж байна” гэв.
Эрүүл мэндийн даатгалаар дараахь тусламж, үйлчилгээг авах боломжтой 
15.000-16.000 төгрөгийн амбулторийн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой 
Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээ авахдаа: Мэс заслын бус чиглэлийн амбулаторийн үзлэг, зөвлөгөөнд 15 000 төгрөг, мэс заслын чиглэлийн амбулаторийн үзлэг, зөвлөгөө, ажилбарын төлбөрт 16200 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой.
Зарим төрлийн өдрийн эмчилгээнд үнэгүй хамрагдах боломжтой 
Даатгуулагч аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт заавал хэвтэн эмчлүүлэхгүйгээр өдрөөр тусламж, үйлчилгээг дараах тохиолдолд аймаг, дүүргийн эмнэлгээс авах боломжтой. Үүнд:
- Өвчтөний өвчин амь насанд шууд аюул учруулахгүй байх; - Өвчтөнд хийх эмнэлгийн тусламж, үйлчилгээ өдрөөр хийгдэх боломжтой; - Өдрийн эмчилгээний үргэлжлэх хугацаа 4 цагаас илүүгүй байх; - Өвчтөн эмчилгээний дараа гэртэй харих чадамжтай байх; - Өвчтөн 24 цагийн дотор давтан үзүүлэх шаардлагагүй байх; - Өвчтөн хэвтрийн дэглэм сахих шаардлагагүй байх. Өдрийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэнд, спортын сайдын холбогдох тушаалаар баталсан өдрийн эмчилгээнд хамрагдах өвчин эмгэгийн жагсаалтад багтсан эмчилгээ, үйлчилгээ хамаарна.
Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардалд даатгуулагч төлбөр төлөхгүй 
Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд зардалд 300 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт төлнө. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардалд даатгуулагчаас төлбөр төлөхгүй.
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой 
Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь төлнө. 
Жирэмсний өмнөх, дараа эмчилгээнд 145.500-804.090 төгрөгийн зардал төлнө 
Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145.500 – 804.090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлнө.
С вирусийн эсрэг зарим төрлийн өвчний оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой
Өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу тухайн сард, тухайн эмнэлэгт даатгуулагч оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хийлгэх эрхтэй. Тухайн эмнэлэгт хийгдэж байгаа өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ /компьютер томограф, МRI, дуран, гэх мэт/-г улирлын төлбөрийн хэмжээгээр буюу 55 000 төгрөг х 3 = 165 000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлөх ба уг төлбөрийн хэмжээ болон тухайн эмнэлгийн даргын баталсан “Төлбөртэй тусламж, үйлчилгээний тариф”-ын зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө. Тухайлбал, С вирусийн оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой.
Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлыг даатгалаас төлнө 
Хавдар судлалын үндэсний төв болон аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ нь даатгуулагчид үзүүлж байгаа хорт хавдрын химийн өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байна.
-Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээнд тохиолдол буюу нэ багц курс (химийн тариа, гаж нөлөө арилгах эмчилгээ) эмчилгээний зардалд 450 000 төгрөг;  -Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний зардалд нэг өдрийн эмчилгээнд 66 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эмнэлэгт төлнө.
Уламжлалт, сэргээн засах эмчилгээнд 110.000-116.281 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ 
Уламжлалт эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 117 000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 110.000-116.281 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг.  Уламжлалт эмчилгээ:  Уламжлалтын эмчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай 111 дэх бүлгийн оношоор хэвтүүлэн эмчлэх эмчилгээ хамаарна.  Сэргээн засах тусламж, үйлчилгээ:  Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ; эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ; өдрөөр үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байна.
- Рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээнд байгалийн болон байгалийн бус хүчин зүйл ашиглан, мэс заслын бус аргаар сэргээн засах тусламж, үйлчилгээг хамруулна. - Рашаан сувиллын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.8-д заасан эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ. Сувилал нь улсын болон орон нутгийн үйлчилгээтэй байж болно. - Эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээнд мэс заслын дараа болон цочмогдуу үед үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ хамаарах бөгөөд уг тусламж, үйлчилгээг рашаан сувиллын клиник тасаг үзүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээнд хархан хамрагдах вэ 
Даатгуулагч эхний ээлжинд тусламж, үйлчилгээ авсан эрүүл мэндийн байгууллагадаа өөрийн эрүүл мэндийн дэвтрийн дугаар, регистрийн дугаар, мөн ийм төрлийн тусламж үйлчилгээг тэдэн төгрөгөөр авсан гэсэн албан бичгээ өгөх ёстой. Үүнийг нь тухайн эрүүл мэндийн байгууллага нийгмийн даатгалын санд хүргүүлж, улмаар нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх хувийг олгодог байна. Даатгуулагч хөнгөлөлт эдлэхэд дараах хоёр шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Үүнд:
-Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх ёстой
-Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эмчлүүлсэн байх
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн