Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан “Хүний хөгжил” сэдэвт сэтгэл зүйн лекцэд урилгаар оролцож илтгэл тавьсан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн харъяа “Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн”–ийн сэтгэл судлаач Ш.Батболдын хосуудын харилцаанд зориулсан лекцийг тоймлон хүргэж байна.
Хүн өөрийн сэтгэл зүйгээ хэрхэн танин мэдэх вэ, ер нь хүний сэтгэл зүй гэж юу юм бэ гэдэг асуултад 2000 гаруй жилийн өмнө хариулах гэж оролдож байжээ. Гэхдээ үүнд хамгийн анхны системтэй тайлбарыг дөнгөж 1900 оны үед л Австрийн эрдэмтэн З.Фрейд өгсөн юм. Мэдээж үүнээс өмнө сэтгэгчид, ард түмнүүд, шашин тус бүрийн тайлбарыг өгч байсан ч Фрейдийнх системтэй ойлголттой, хөгжлийн явцыг нь логиктой тайлбарласан, эмчилгээний өөрийн гэсэн аргатай байсан гэдгээрээ онцлог. Харин гэр бүлийн сэтгэл судлалын салбар бие дааж хөгжсөн нь саяхан, нэг жарнаар л хэмжигдэнэ.
Гэр бүлийн сэтгэл судлалыг шинжлэх ухаанч, тодорхой арга зүйтэй, тэр нь үр дүнтэй болгож хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн бол АНУ-ын сэтгэл судлаач Виржиниа Сатир. Түүний үзэл баримтлал, зөвлөгөөний арга техникийг өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэж байна.
Хүний сэтгэл зүйн гурван чухал үзэгдэл болох оюун ухаан, сэтгэл хөдлөл, төлөвшил нь тухайн хүний хувийн онцлог шинж буюу өөрийгөө бусдаас ялгах “БИ” үзлийг тодорхойлоход чухал нөлөөтэй байдаг. В.Сатир үүнд анхаарлаа хандуулсан байдаг. Түүнийхээр гэр бүлийн харилцааны онцлог, хосуудын “БИ” нь гэр бүлийг ойлгоход хамгийн чухал элемент нь. Хүнийг төрөхөөс нь л “БИ”хөгжих боловч эхнэр – нөхрийнхөө хувьд БИ хэн бэ гэдэг ойлголт, мэдрэмж гэр бүлийн харилцаанд маш чухал.
Ихэнх сэтгэл судлаачид гэр бүлийн харилцаа, хосуудын “БИ” нь дараах мөчлөгөөр дамжиж хөгжиж байдаг гэдэгтэй санал нийлдэг.
Эхний мөчлөг нь гэр бүл болсноос хойш 5 хүртэлх жил. Бие биедээ маш их сэтгэл татагдана, романтик харилцаа давамгайлна, халамж, хүндэтгэлийг харамгүй үзүүлнэ. Тийм ч учраас хосууд бие биедээ хайртай гэдгээ маш сайн мэдэрч байдаг.
Хоёрдахь мөчлөг нь хамтын амьдралаас хойш 17 хүртэл жил. Хэн нь хэн бэ гэдгийг бодитойгоор харж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үе. Хосууд бие биенээ бодитой үнэлж, дүгнэж эхлэхээрээ шүүмжилж, өөрчлөх гэж оролдож эхэлдэг. Гэр бүлийн харилцааны ээдрээтэй зөрчил үүнээс л эхэлдэг. Улмаар “би ер нь нөхрийнхөө эсвэл эхнэрийнхээ хувьд хэн юм бэ” гэж бодоход хүртэл харилцаа хүйтрэх үе гардаг гэхчлэн энэ бол хаана, хэнтэй амьдарч байгаагаас шалтгаалахгүй бүх гэр бүлд тулгардаг нийтлэг мөчлөг юм.
Хамтын амьдрал зохиосноос хойш 20-иос дээш жил амьдарсан хүмүүст гуравдахь мөчлөгийг даван туулах шаардлагатай болно. Хосуудын зарим нь БИ гэхээс илүүтэй БИД ХОЁР гэсэн мэдрэмж, ойлголттой болж бие биенийхээ хувьд салшгүй нэг хэсэг нь болсон байдаг. Гэтэл зарим тохиолдолд үр хүүхэд нь тусдаа гараад явсантай холбоотой ганцаардал, сэтгэл гутралыг мэдрэх зэргээр илэрдэг “хоосон үүрний синдром”, бие биенээсээ залхалт, мөн бид хоёр гэхээс илүү БИ гэдгээ илүү ухамсарлах зэрэг сэтгэл зүйн хямралууд явагдах нь цөөнгүй.
Гэр бүлийн харилцааг хэрхэн бат бөх болгох вэ
Гэр бүлийн харилцаанд БИ болон БИД гэсэн ойлголт ямар байна вэ гэдгээс гэр бүлийн уур амьсгал, аз жаргал шалтгаалдаг. Хэтэрхий их “БИ” байгаад байвал зөрчилдөөн гарна. Бид гэсэн мэдрэмж, ойлголт тогтвортой үүссэн байх нь чухал байдаг. Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөөний бүхий л аргуудад БИД-ийг тогтвортой байлгах гол үндэс нь:
Нэгдүгээрт, Хэн нь хэдэн төгрөг олдог вэ гэдгээс шалтгаалахгүйгээр өрхийн санхүүгийн асуудлыг нэгдмэл байлгадаг, төлөвлөдөг, зарцуулдаг, энэ талаар ярилцдаг байх нь чухал. Хоёрдугаарт, бие биенээ дэмжиж тусалдаг, саналыг нь асуудаг, үзэл бодлыг нь хүндэтгэдэг байх. Гуравдугаарт, хүүхдийн хүмүүжилд жигд оролцдог, хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг өөр хүнд тохдоггүй байх. Өөрөөр хэлбэл, бид хоёр ажилтай өвөө эмээд нь өгчихнө гэдэг сэтгэлгээгээр хандаж болохгүй. Дөрөвдүгээрт, Гэр бүлийн дотоод асуудалд өөрсдийн аав ээж, ах дүү, хамаатан садныг аль болохоор оролцуулахгүй байх. Тавдугаарт, хүйсийн онцлогийг танин мэдэх. Ялангуяа монгол эрчүүд ярилцах чадвар муу, багаасаа олон юм ярихгүй байх ёстой гэсэн үлгэрээр хүмүүжсэн байдаг, гэтэл эмэгтэй хүн тийм биш. Нөхрөө ярилцаасай, нээлттэй байгаасай гэсэн хүсэлтэй байдаг. Мөн эмэгтэйчүүд нөхрөөсөө халамж хүсэх хэрэгцээ илүү, харин нөхрүүд нь эхнэрээсээ хүндэтгэл хүсэх хэрэгцээ нь илүү байдаг зэрэг онцлогийг байнга бодолцож байх учиртай.
Гэр бүлд хүндлэл, халамж, хариуцлага гурав эргэх холбоотой байх үед л гэр бүлийн харилцаа бат бөх байдаг.