Open iToim app
Зочин | 15 мин уншина

Л.Гантуяа: Манай нөхөр жаахан 'заль'-тай миний сул талыг хүүхдүүдээр дамжуулж хэлдэг

Л.Гантуяа: Манай нөхөр жаахан 'заль'-тай миний сул талыг хүүхдүүдээр дамжуулж хэлдэг
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 1
Хэн нэгнийг амжилтад хүрэхэд түүний ард гэр бүл нь хамгийн хүчтэй, бас хамгийн баттай тулгуур болдог. Эхнэр, эсвэл ээж, аавын халамж, дэмжлэггүйгээр оргил өөд мацсан, тэгээд оройд нь гарсан нэгээхэн ч хүн үгүй. Тэдний нэг бол Драммын театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, дэлхийн сонгодог бүтээлүүдийг найруулж Монголынхоо  тайз дэлгэцнээ амилуусан Н.Наранбаатар юм.   
"Гамлет", "Тэнгэрийн хүү", "шөнө амталсан нулимс", "Парисын дарь эхийн сүм", "Хайрын виз" "Ромео Жультта", "Надаар тоглосон хайр" гээд түүний найруулсан сор бүтээлүүд бий. Уран бүтээлийн арвин их амжилтаас гадна өдгөө зургаан хүүхдийн аав болсон түүний хувийн амьдрал ч олон хүнд үлгэр дууриалал болсоор ирсэн билээ.
Бид энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа амжилт бүтээл, хувийн амьдралаараа бусдад үлгэр дууриалал, манлайлал болж яваа найруулагч Н.Наранбаатарын эхнэр Л.Гантуяаг урьж ярилцлаа. Түүний эхнэр Л.Гантуяа Санхүү эдийн засгийн их сургууулийн Бизнесийн удирдлагын тэнхмийн багш, докторант юм.
 -Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Эхний асуултаа Н.Наранбаатар найруулагчтай амьдралаа холбох болсон таны хайрын түүхээс нь эхэлье?   
-Бид хоёр их сургуулиа 1998 онд төгссөн. Пара маань СУИС-ийн Кино драммын ангийг, харин би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Их сургуулиа төгссөний намар санаандгүй байдлаар танилцсан. Нөхрийнхөө амьдралын асуудал бэрхшээлтэй үед нь танилцсан. Манай хүн анх танилцангуутаа л “Чи миний заяаны хань. Би чамтай сууна. Энэ бол чиний заяаны хань мөн гэж Бурхан сая миний чихэнд шивнэлээ” гээд л хэлж байсан. Тухайн үедээ ямар инээдтэй юм ярьдаг залуу вэ гэж шоолж байсан чинь далд ухамсартаа би ч өөрөө бас итгэсэн байж. Хүн өөртөө байхгүй давуу тал, хэзээ ч өөртөө бий болгож чадахгүй шинж чанаруудад татагддаг гэдэг. Манай нөхөр өөртөө маш итгэлтэй, дайчин чанартай. Танилцаад удаагүй байхад нэг удаа утсаар залгаад “Цонхоор хар даа...Долоон бурхан одны хамгийн сүүлийн одны хажууд байгаа жижиг од бол бид хоёрын од. Сайхан хайр гэж байдаг юм, олдвол алдаж болохгүй шүү” гээд л би ч уяраад л. Тэгсэн дараахан нь Ч.Лодойдамба гуайн нэг өгүүллэгийг уншиж байсан чинь зохиолын гол дүрийн эмээ “Сайхан хайр гэж байдаг юм, олдвол алдаж болохгүй шүү” гэж хэлдэг байгаа. Тэгээд дараа нь нөхөртөө “чиний үг биш байсан юм байна шдээ” гээд л бөөн инээдэм болж байсан үе санаанаас гардаггүй юм.
-Анхны хүүхдээ хэдэн онд төрүүлж байсан бэ?  
 -2000, 2001 онд жил дараалан хоёр хүүтэй болсон. Тэгээд арван жилийн дараа буюу 2010, 2011 онд дахиад жил дараалсан  охин, хүү хоёртой болсон. Харин хамгийн бага хоёр нь хоорондоо хэдэн насны зөрүүтэй. Бидний хувьд хүүхэд гэдэг "Бурханы өгсөн бэлэг, буцаах эрх байхгүй" гэсэн итгэл үнэмшилтэй. Том хоёр нь хүү байсан болохоор арван жилийн дараа төрсөн охиноо манай нөхөр их хүсэж байж төрүүлсэн. Эхо-д харуулахаар хүү гэж хүйс нь гараад байсан юм. Тэр жил театрынхан баруун аймгуудаар тоглолт хийж явсан юм. Тэгсэн Пара Отгонтэнгэр, Өвөрхангай, Эрдэнэзуугаас эхлээд уул овоо болгоноос охин гуйж явсан гэдэг. Театрын автобус хүлээлгэчихээд л охин гуйгаад мөргөөд байдаг байсан гэж хожим нь театрынхан хошигнож байсан. Тэгээд хүссэн охин нь төрөх үед маш их баярласан. Жүжгийн тоглолтоо дуусгачихаад сандраад заримдаа жүжгийн хувцас, нүүрний будагтайгаа охинруу гаа яараад ирдэг байсан. Жүжиг дуусангуут залгаад л “намайг очтол охиныг битгий унтуулаарай” гээд ярьдаг байсан.  
Одоо том хүү маань 18 настай, өнгөрсөн намар оюутан болж МУИС-д орсон. Анх хоёр хүүхэд жилийн зайтай төрүүлчихээд өөрийгөө цаг хожиж, эдийн засгийн маш том хэмнэлт хийж байна гэж тооцоолж байсан. Санхүү, эдийн засгийн чиглэлийн хүн болохоор хоёр хүүгээ төлөвлөж байж төрүүлсэн. Нэг хүүхдийг гараас гаргатал 3-4 жил болох юм байна. Тэгэхээр хоёр хүүхэд өсгөхийн тулд наанадаж найман жил зарцуулж таарна. Найман жилийг ихдээ зургаа болгож цаг хожихын тулд гэж төлөвлөөд жил дараалан төрсөн. Эдийн засгийн хувьд ч гэсэн ахынх нь ном, форм хувцсыг дүүд нь өмсгөөд хэмнэлт хийнэ гэж бодсон. Тухайн үед залуухан, бас гэнэн ч байж.  Өөрийгөө их мундаг тооцоолж байна л гэж бодож байлаа. Тэгсэн амьдрал дээр тооцоолсноос өөр үр дүн гарсан. Эдийн засгийн хэмнэлт бол огт нэмэр болоогүй л дээ, өөр өөр сургуульд орчихсон чинь форм, ном нь өөр байдаг юм байна, ахын хувцас дүүд очихоосоо өмнө элэгдээд урагдаад дуусчихдаг ч юм байна.
 Хориодхон насандаа жил дараалаад тэрсхэн хоёр хүүхэдтэй болохдоо өөрийгөө маш зөв зүйл хийж байна гэдэг итгэл үнэмшилтэй байсан. Арван жилийн дараа 30 хэдэн нас хүрээд дөрөв, тав дахь хүүхдээ жил дараалан төрүүлэх үедээ хэмнэлт энэ тэр гэж бодоогүй, харин ч нялх охиноо дүүтэй болгож амьдралд эрт биеийг нь даалгаж буйдаа их гэмшиж байсан. Том хүүгээ томрох тусам хар нялхаас нь эхийнх нь энгэрээс салгаж, дүүтэй болгосондоо би өөрийгөө их буруутгаж, гэмшиж, өрөвдөж байсан. Тэр үедээ ой хагастай хүүхдээ уйлахаар, нярай хүүхдээ орхиод авч чадахгүй, нялхаа хөхүүлж дуусаад ахыг нь хөхүүлээд л. Ер нь эхний сар гурвуулаа хамт уйлаад л хэцүүхэн тийм үе байсан санагддаг. Арван жилийн дараа жил дарааллан төрөхдөө туршлагатай болсон болохоор охиноо хөхнөөс нь эрт гаргаж, цэцэрлэгт явуулж, дүүтэй болох сэтгэл зүйг нь хэрэндээ л бэлдсэн байсан. Хайр энхрийлэл хүртэж байх ёстой цагаас нь хулгайлж байгаа болохоор хамгийн дээд хайраар хайрласан. Том ахыг нь тэгж чадаагүйдээ тухайн үедээ юм бодоогүй мөртлөө хожим нь л их харамссан даа. Тиймдээ ч том хүү маань их хэрсүү өссөн, одоо бол аав, ээжийн дайтай шийдвэрт оролцоод дүү нараа харж халамжлаад явдаг. Дүү нараа өсгөж, хүмүүжлэх тал дээр бол залуухан ааваас дутахгүй шүү. Бага дүүгээ төрөхөд усанд оруулах, салхилуулах гээд л залуухан аавуудын үүргийг өөртөө сайн дураараа л авч, ээждээ их дэм болсон. Хүүхдүүд том болчихсон үед нялх хүүхдэд ер нь түүртдэггүй юм билээ. Заримдаа би нөхрийгөө “Энэ хүү Баясаагийнх /том хүү/ юм шиг л байх юм. Чи ганц удаа хүүхдээ усанд оруулаач” гэхээр өөдөөс дадлагажиг, суралцаг, удахгүй аав болох хүн дадлага сайн хийг гэж хэлдэг.  
undefined
-Та хоёр хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Бид хоёрын хувьд том хүүхдүүддээ өөрсдийнхөө үүрэгт ажлуудыг боломжоор нь шилжүүлж өгдөг. Манай том хүү гэхэд хөдөө гадаа явахад дүү нарынхаа хувцас хунарыг цэгцлэх, ачаа ачих ажлыг хариуцаж хийнэ. Энэ нь хүүхдийг багаас нь хариуцлагатай, бие дааж шийдвэр гаргалтад оролцуулахад чухал үүрэгтэй. Одоо ингээд ажиглаад байхад дүү нар нь хоёр том ахтайгаа ялгаатай харьцдаг. Хүн харахад бол өндөр намаараа ялгаагүй адилхан хоёр хүү. Гэтэл хамгийн том ахдаа дүү нар нь илүү хүндэтгэлтэй хандаж, харьцдаг. Гэр бүлд эзэлж байгаа тэр хүүхдийн байр суурь, түүнийг нялх дүү нь хүртэл ойлгож хүлээн зөвшөөрч эхэлж байгаа юм. Ээж, аавын хүмүүжил, залж чигүүлэхээс илүү тухайн хүүхэд өөрийнхөө орон зай, байр суурийг хэрхэн бий болгож буйгаас бусдад хүлээн зөвшөөрөгддөг.
-Их сургуулийн багш хүн, дээрээс нь олон хүүхдийн ээж. Энэ хоёр чухал ажлыг хооронд нь цалгардуулалгүй хэрхэн амжуулж, ажил амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Хүүхдийн хамгийн их анхаарал шаарддаг нас бол нэгдүгээр анги юм билээ. Нялх нярай үедээ анхаарал халамж, цаг зав бага шаарддаг. Хүүхдүүд нэг, хоёрдугаар ангид байхад нялх хүүхэдтэй байж таардаг. Манай аавууд ер нь бүгд л завгүй, амьдралын төлөө цаг наргүй зүтгэцгээдэг, манайх ч мөн адил. Хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэхэд миний хувьд цэцэрлэг, бага ангийн багш нар их дэм болдог. Тэр хүмүүст найдаж хүүхдээ үлдээгээд ажлаа хийгээд явах үе ч байнга байсан. Тийм болохоор миний хувьд бага анги, цэцэрлэгийн багш нарыг маш их хүндэлдэг, талархаж явдаг. Миний хүүхдийн хүмүүжил, боловсролд тэр хүмүүсийн оруулж байгаа хөрөнгө оруулалт асар их. Хүүхэд байхад, дээхнэ үед олон хүүхэдтэй малчин өвөөгөөс сурвалжлагч “Та яаж ийм олон хүүхэд өсгөвөө гэсэн чинь "Төр засаг түмэн олныхоо буянаар хэдэн хүүхдээ сайхан л өсгөөд авлаа гэж хэлж байсан. Тухайн үед өөрөө биш “Түмэн олны буянаар хүүхдээ өсгөдөг гэнээ” гээд л шоолж байсан. Одоо бол би өөрөө тэгж хэлмээр санагддаг. Цэцэрлэг, сургуулийн багш нараас гадна ах дүүс, бидний найзууд, танилууд, хөршүүд, хүүхдийн найзуудын эцэг эх гээд маш олон хүнээс тусламж дэмжлэг авдаг, хэн ч хэрэгтэй үед  дэм болдогт нь үргэлж талархаж явдаг даа. Олон хүний дэм тусаар хүүхдүүдээ өсгөж хүн болгож байна даа гэж боддог.    
-Хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод хэрхэн анхаарч, юу зөвлөдөг вэ?
-Миний хувьд ид хийж бүтээх эрмэлзэл дүүрэн оюутнуудтай ажилладаг.  Тэднээс маш их эрч хүч, хүсэл тэмүүллийг олж хардаг. Өмнөө маш том зорилготой хүн, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, цаг нараа зарцуулдаг гэдгийг оюутнуудаасаа олж хардаг.
Тиймд хүүхдүүдээ ч гэсэн сонирхож байгаа зүйлээ өөрөө ол, аав, бид хоёр чинь чиглүүлж л өгөх үүрэгтэй гэж хэлдэг. Өөрсдийн үзэл бодлыг тулгаж шаарддаггүй, зөвлөгч, чиглүүлэгчийн үүрэгтэйгээр хүүхдийнхээ мэргэжил сонголтод оролцдог. Бид хоёрын зүгээс бол хүсэл сонирхлыг нь дэмжинэ, харин сонголтын хариуцлагыг өөрсдөө үүрэх ёстойг ухааруулж, хэлж өгдөг.
Том хүү  багадаа банкны эзэн болно гэж ярьдаг байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө сургуульд орох нь дээ гэж бодоод төсөөлж байсан чинь, ахлах ангид ороод хуулийн чиглэлээр суралцаж прокуророор ажиллана гэж ярих болсон. Чин хүсэл чинь мөн бол сонго гэж хэлсэн.
Харин хоёр дахь хүү нисгэгч болох хүсэлтэй. Нисгэгчийн сургуульд тэнцэхийн тулд ийм, ийм чадваруур хэрэгтэй юм байна. Үүндээ өөрийгөө сайн бэлдээрэй. Чадахгүй бол хариуцлагыг нь өөрөө үүрч, дараагийн сонголтоо бодоорой гэж хэлсэн. Нисгэгчийн мэргэжлийг гадаадад эзэмших хэрэгтэй тул тэтгэлэгтэй л сурахгүй бол аав, ээж нь төлбөрийг нь барахгүй шүү гэж хэлсэн.     
-Цагаан сар, Шинэ жил, Наадмыг гэр бүлээрээ хэр тэмдэглэдэг вэ. Аав нь гэр бүлийнхэндээ хэр цаг гаргадаг вэ?
-Манай хүн баяраар гэртээ байх үе цөөн. Шинэ жил, Наадмын найруулагчаар ажилладаг болохоор гэртээ байж чаддаггүй.   
Харин зуны амралтаар гэр бүлээрээ заавал аяллаар явдаг. Өвөрхангай, Архангай, Тэрхийн цагаан нуур гээд гэр бүлээрээ очиж амардаг газрууд бий. Хүүхдүүдээ хөдөө уул ус, мал ахуйтай ойр байлгах гэж хичээдэг. Хүүхдүүд том болоод зарим нь гадагшаа явж магадгүй тул зуны амралтыг гэр бүлээрээ илүү дурсамжтай өнгөрөөх гэж хичээж байна.     
Хүүхэд нас хамгийн сайхан үе байдаг. Ямар ч орчинд өссөн, ямар ч аав, ээжтэй байсан хамгийн сайхан дурсамжтай, гэгээлэг зүйл бол хүүхэд нас байдаг. Элбэг хангалуун, дутагдах зүйлгүй өсгөхөөс илүү, гэгээн сайхан дурсамжуудыг хүүхдүүддээ үлдээхийг хичээдэг. Ээж хүний хувьд хүүхдийнхээ дурсамжид маш их анхаардаг.  
 -Аяллаас гадна гэр бүлээрээ хийдэг тогтсон уламжлалууд бий юү?
-Гэр бүлийн үнэ цэнэ утга учрыг хадгалдаг зөвхөн гэр бүлдээ хийдэг уламжлалууд бий. Хүүхдүүдээ хэвлийд олдсон цагаас эхлээд нэр өгдөг. Хэвлийд байхдаа л ах эгч нь хүлээн зөвшөөрөөд тэр хүүхэд гэр бүлдээ аль хэдийн өөрийн орон зайгаа эзлээд харилцаанд ордог гэсэн үг л дээ. Төрөөгүй байхад өхөөрддөг хоч нэрээр нь нэрлээд Бамбуки, Бөөдий, Бэмби, Жерри, Тэдди, Миша гэх зэргээр дуудаад хайрлаад эхэлдэг. Бага хүүг эхо-д харуулахад ах, эгч нар нь хамт очиж хараад бөөн баяр болж байсан. Хүү байна гээд эмч санаандгүй хэлчихсэн чинь зарим нь баярлаад зарим нь уйлаад хөгтэй явдал болсон. Охин гэж хүссэнд охин гэж итгүүлээд л, хүү гэж хүссэнд нь хүү гэж итгүүлээд л. Яг төрснийх нь дараа албан ёсоор хүү, охиныг нь зарладаг. Харин албан ёсны нэрийг бол аав нь төрөөд гурав хоноод өгдөг. 
Мөн гэр бүлийн зурагт маш их ач холбогдол өгдөг. Шинэ хүн төрөөд дөрвөн сартай болонгуут нь заавал гэр бүлийн зураг авахуулдаг. Энэ нь бид нэг гэр бүл гэдгийг илэрхийлж буй хамгийн билгэдэл гэж боддог. Хоёрт, шинэ гишүүн төрсөн цагаас эхлээд тэр айлын хамгийн хүндтэй орон зайг эзэлдэг. Шинэ гишүүнийг албан ёсоор баталгаажуулж байгаа явдал юм.  
undefined
Амьдрал бол арга билгэ, эхнэр нөхөр заавал адил эрхтэй байх албагүй 
-Та хоёр гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгаж буй үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл. Шинэ залуу аав, ээжүүдэд гэр бүлийн харилцаагаа бат бөх авч явах, үр хүүхдээ хамтдаа өсгөх тал дээр юуг зөвлөх вэ?  
-Залуу гэр бүл гэдэг бол залуу л гэр бүл байдаг. Хичнээн заагаад хүлээж авах болов уу даа, тэр асуудал бэрхшээл амьдралыг туулж байж л ойлгох байх даа. Би “Алдарт эхийн одонтой ээжүүд” болон “Super mom” группийн админ. Группт бие биедээ зөвлөгөө өгч байгаа ээжүүдийн хандлагаас харахад олон хүүхэдтэй байхын хэрээр гэр бүлд тохиолдож байгаа асуудал дээр хүлээцтэй ханддаг болчихдог юм байна. Аливаад эмоци сэтгэл хөдлөлөөр хандах нь багасч уужуу, ухаалгаар тайван ханддаг болдог юм байна. Миний хувьд гэр бүлийн харилцаан дээрээ ганц зарчим баримталдаг. Эхнэр нөхрийн үүрэг хариуцлага гэдэг зүйл гэр бүлд тодорхой ойлгомжтой байх ёстой. Гэрээ цэвэрлэх, хоолоо хийх, үр хүүхдээ харах миний л үүрэг, хариуцлага, түүнтэй адил нөхрийнх тусдаа байх ёстой. Бидний хувьд гэрийн эзэн гэр бүлийнхээ томоохон урт хугацааны шийдвэрүүдийг гаргана. Мэдээж надаас санал асуух ч ер өөрөө л шийднэ дээ. Гаргаж байгаа шийдвэртэй холбоотой санхүүгийн асуудал, эрсдэл, бэрхшээл нөхрийн үүрэг учраас өөрт нь даатгаад үлдээдэг. Миний хувьд богино хугацааны өдөр тутмын шийдвэр хариуцлагаа гаргаад үүрээд явдаг. Гэр бүл гэдэг чинь арга билгэ. Арга билгэ хоёр өөр зүйл учраас түүнийг заавал ив ижилхэн болгох гэж зүтгээд, гэр бүлдээ нөхөртэйгээ адилхан байр суурь эзлэх гээд, ижил шийдвэр гаргах гээд зүтгээд байх шаардлагагүй гэж хувьдаа боддог юм.
Манай нөхөр жаахан "заль"-тай миний сул талыг хүүхдүүдээр дамжуулж хэлдэг 
Гэр бүл эвтэй байхад эхнэр, нөхрүүдийн зан төлөв, араншин нөлөөлнө. Манай нөхөр гэхэд түрэмгий, хурц зантай байхад би хүлээцтэй, тайван байх жишээтэй. Харин манай нөхөр уурласан ч тэр дороо гарчихдаг бол, минийх нэлээд удаан үргэлжилнэ. Олон жил жаргал зовлонгоо хуваалцаад, бие биенээ ойлгодог болоод ирэхээр ахуйн шинжтэй жижиг асуудлаас болоод муудалцахаа больдог. Харин хүүхдүүд томроод ирэхээр асуудал үүсдэг юм байна. Ер нь тэгээд хүний амьдрал л болсон хойно ямар ч асуудалгүй, хэрүүл маргаангүй байна гэж байхгүй шүү дээ. Амьдралд асуудал байнга байдаг. Харин тэр асуудал болж байгаа зүйлийг хэрхэн хүлээж авч шийдэж буй хандлага хамгийн чухал. Асуудал чигээр нь хүлээж авах уу, шийдсэн юм шиг хүлээж авах уу гэдэг чухал ялгаатай. Бүх зүйлийг дэвэргээд, шүүрч аваад байх юм бол гэр бүлийн харилцаа хэцүү болдог. Эхнэр хүний хувьд аливаад авах, гээхийн ухаанаар ханддаг байх хэрэгтэй гэж боддог. Манай нөхөр жаахан “зальтай”.  Сэтгэлд нь нийцэхгүй байгаа зүйлээ шууд чи гээд надад тулгаж хэлэхгүй. Хүүхдүүдэд далимдуулж хэлээд байдаг. Тэгээд заримдаа шууд л надад хэлчих л дээ гэхээр үгүй ээ “Би ер нь бүгдэд нь хэлж байна” гэдэг. Энэ нь ширүүн маргаан өрнөх хүчийг сулруулах эерэг нөлөөтэй байдаг.

Би Пара-гийн уран бүтээлд нэг л удаа зөвлөгөө өгч үзсэн

-Амжилтад хүрсэн эрчүүдийн ард хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг шүү дээ. Нөхрийнхөө уран бүтээлд зөвлөгч, шүүмжлэгчийн байр сууринаас хэр ханддаг вэ?
-Эхнэр нь менежмент, маркетингийн хичээл заадаг болохоор жүжгийн маркетинг нь сайн байдаг гэж хөндлөнгийн хүмүүс харж, дүгнэдэг шиг байгаа юм. Мэргэжлийн зүгээс бол ямар нэгэн оролцоо миний хувьд байхгүй дээ. Маркетеруудад байдаг хамгийн чухал шинж чанар бол бүтээлч, шинийг санаачлагч чадвар. Энэ чадвар урлагийн хүмүүст маш өндөр байдаг. Миний хувьд амьдралдаа ганцхан удаа л зөвлөгөө өгч, саналаа өгсөн уран бүтээл “Надаар тоглосон хайр жүжиг” байсан. Анхны жүжгүүдээ тавьж байхад маш их саадтай тулгардаг байсан. “Надаар тоглосон хайр” жүжгийг хийгээд Уран сайхны зөвлөлөөр оруулсан чинь театрт тоглуулахгүй гэсэн хариу өгч байсан. Тухайн үед хүнээс мөнгө зээлээд жүжгээ хийчихсэн байсан болохоор манай хүн их сэтгэлээр унаж байсан. Тэр үед нь “Танай тэр хүмүүс яаж дүгнэж үнэлдгийг би мэдэхгүй юм. Надад бол энэ жүжиг их хөөрхөн санагдсан. Энэ жүжгийг үзсэн хүн харамсахгүй ээ. Хүнээс мөнгө зээлээд хийчихсэн гээд үнэнээ хэлээд үз, хэдхэн удаа тоглуулъя гээд гуй, рекламаа дараа нь төлнө гээд зээлээр явуулчихаа” гэж хэлж байсан. Тэгсэн тэр жүжгийг маш олон хүн үзэж, театрын түүхэнд тухайн үедээ сүүлийн 10-аад жил байгаагүй хамгийн олон үзэгчтэй, хамгийн их орлогыг оруулсан уран бүтээл болж чадсан. Хүнээс зээлсэн мөнгөө ч төлж, манай хүн өөрөө машин авч унаж байсан санагддаг. Өөр зүйл дээр бол тийм зүйл хэлж байгаагүй. Одоо бол хүн бүрт танигдсан, амжилттай яваа болохоор бүх хүн магтаад байдаг. Уран бүтээл талаас нь шүүмжилж байгаасай гэж бодох үе ч гарна. Тийм болохоор би өөрөө тэр шүүмжлэгчийн байр суурийг өөртөө авах гэж их хичээнэ.
 -Нөхрийнхөө найруулж, тоглосон бүх жүжгийг үздэг үү?
-Үзэж чадаагүй амжаагүй маш олон жүжиг байдаг. Ихэвчлэн төрсний дараа тавигдсан жүжгүүдийг үзэж чаддаггүй. “Гамлет” гэхэд манай тав дахь хүүхэд төрсний дараа тоглож байсан.
-Та “Алдарт эхийн одонтой ээжүүд” болон “Super mom” группийн админ гэсэн. Энэ талаараа хуваалцахгүй юу?
-2017 оноос эхлээд олон хүүхэдтэй ээжүүдийн нүүр номын хуудас нээсэн. Алдарт эхийн одонтой ээжүүдийн групп 1500 орчим гишүүнтэй. “Super mom” 300.000 гишүүнтэй. Алдарт эхийн одонтой ээжүүдийн групп бол төрийн одонг энгэртээ зүүсэн гэхээс илүү дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүдийн жаргал зовлонгоо хуваалцахаар нэгдсэн хамт олон байгаа. Одонтой ээжүүд бол эрч хүчтэй, нийгмийн нэг дуу хоолой болох боломжтой, хийсэн бүтээснээрээ бусдад хүрч чадах залуу ээжүүд байдаг. Группийн хэмжээнд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Түүний нэг нь өнгөрсөн зуны наадмын нээлтээр хийсэн 80 ээжийн бүжиг байсан. Хамгийн багадаа 4 хүүхэд, дээд тал нь 8,9 хүүхэдтэй 80 ээж бүжиглэсэн. Маш сайхан дүрсамж бүтээсэн. Олон нийт сайхан хүлээж авсан, нийгэмд эерэг хандлагыг төрүүлсэн үйл ажиллагаа байсан. Мөн сар бүр одонтой ээжүүдийнхээ төрсөн өдрийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Олон хүүхэдтэй ээжийн төрсөн өдрөөр хүүхдүүд нь өмнөөс нь баяраад дуусдаг шүү. Би л гэхэд бараг сар өнжөөд нэг хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэдэг. Жилийн 12 сарын талд нь хүүхдүүдийн төрсөн өдрийг тэмдэглээд өөрийгөө мартах үе олон. Тийм болохоор өөртөө цаг зав гаргаж чаддагүй ээжүүдийнхээ төрсөн өдрийн сард нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.  
Түүнээс гадна олон хүүхэдгүй ч, ер нь хүүхэдгүй эмэгтэйчүүд ч нийгэмд тустай зүйл хийж нэгдэхийг хүсдэг. Ийм хүсэл тэмүүлэлтэй эмэгтэйчүүдтэйгээ хамтраад "Алунгоо эх" эмэгтэйчүүдийн клубыг байгуулсан. Эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгамдаж байна, бидний хүүхдийн ирээдүй гэрэлтэй байхад ямар асуудал өнөөдөр саад болж байна вэ гэх зэрэг асуудлуудад төвлөрч саналаа нэгтгэж дуу хоолойгоо нийгэмийн сайн сайхны төлөө хүргэх зорилготой юм. Клубын  хэмжээнд "Алдарт эх" нэртэй төслийг “Сор Глобал” сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Энэ төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн "Төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээ"-г Францын “Phenix” смарт аппаратын тусламжтайгаар хийж эхэлсэн байгаа юмаа. Энэ эмчилгээг Франц улсад төрсөн бүх ээжүүдэд эрүүл мэнд, нийгмийн даатгалаар үнэгүй хийдэг. Бидэнд одоогоор ийм боломж хараахан байхгүй байгаа хэдий ч 4-ээс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүддээ 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг энэ төслийн хүрээнд нээж өгсөн байгаа.  
-Төгсгөлд нь залуу ээжүүдэд хандаад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ээжүүдийн групп, фэйсбүүкээс харж байхад ээжүүд сураг, таамгаар биедээ зөвлөгөө өгдөг, эм тариа санал болгодог хандлага ажиглагддаг. Залуу ээжүүдэд хандаж хэлэхэд хүүхэд өвдсөн бол хамгийн түрүүнд эмчид хандах ёстой гэж хэлмээр байна. Сайн эмч, муу эмч гэж байхгүй. Өрхийн эмч нар юу ч мэдэхгүй гэж ярих нь олонтаа байдаг. Нэг эргэлзээтэй зүйл гараад ирэхээр л муу эмч байна гээд хүүхдээ өөр тийшээ авч гүйгээд байдаг. Хамгийн сайн эмч бол таны хүүхдийг төрсөн цагаас эхлээд эмчилсэн эмч гэж хэлж болно. Яагаад гэвэл тэр хүн тухайн хүүхдийн бие физилоги, эрүүл мэнд, эмчилгээний талаар бага наснаас нь хойш сайн мэдэж байдаг тул олон жилийн дата, мэдээлэлтэй болчихсон байдаг.   
Ер нь ажиглаж байхад хүүхдийн тоо цөөн, ганц, хоёр хүүхэдтэй ээжүүд бусдадаа зөвлөгөө өгөөд байдаг. Одонтой ээжүүдийн группт бол биенээсээ хэзээ ч зөвлөгөө асууж, зөвлөхгүй. Маш том хандлагын ялгаа харагдаж байгаа юм. Олон хүүхэдтэй ээжүүд амьдралд маш олон өвчин, зовлон туулж, түүнтэй тэмцэж ирсэн болохоор бусдад хамаагүй зөвлөхөөс эмээдэг, эрсдлээс айдаг болдог.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн