Манай сайт өнгөрч буй долоо хоногт иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж цус өтгөрөлт, түүнийг дагасан эрсдэлүүдийн талаар мэргэжлийн эмч нартай ярилцаж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн. Ярилцлагаас эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээгүйгээр цус шингэлэх эм, эмчилгээ хийлгэхгүй байх, өдөр тутмын амьдралдын хэв маягаа зохицуулан цусаа шингэн байлгах талаарх тэдний зөвлөгөөг дахин хүргэж байна.
-Цус өтгөрөлтөөс урьдчилан сэргийлье гэвэл нэгд, өөрийн биеийн жинд тохирсон шингэнийг ууж байх хэрэгтэй. Хоёрт, өдөр бүр 30-40 минут идэвхтэй дасгал хийж байх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлтэд сайн явагдах нөхцөл бүрдэнэ. Гуравт, унтаж байх үед цус төлжиж байдаг учир нойроо сайн авч байх хэрэгтэй. Залуучуудын хувьд заавал ковидын шалтгаалахгүй алкохолны хэрэглээ нэмэгдсэнээс болоод цус өтгөрөх асуудал их гарч байгаа.
Өвчин эмгэг үүсгэх хэмжээнд цус өтгөрсөн гэж үзвэл эмчийн заавраар эмийн эмчилгээ явагддаг. Түүнээс цус шингэлэх нэрийдлээр дур мэдэн озон эмчилгээ хийж зарим нь бүр цусаа шүүлгэж байна. Иймэрхүү эмчилгээ нэртэй мөнгө үрсэн ямар ч хэрэгцээгүй зүйлүүдийг хийснээр өөрийгөө хордуулах, эрүүл мэндээ улам асуудалд оруулж байна. Тухайлбал, цус алдаж бие нь хүндэрсэн тохиолдлууд нь ихсэж байна. Юм бүхэн хэмжээ хязгаартай учраас дур мэдэн сайн гэсэн эмчилгээ бүрийг өөр дээрээ туршиж болохгүй. Ярилцлагын дэлгэрэнгүй ЭНДЭЭС уншина уу. Гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн их эмч С.Дэмбэрэлдорж:
-Хүмүүс цус шингэлэх гээд ардын болон европын эм тан, эмчилгээнүүдийг дур мэдэн хэрэглэж байна. Ялангуяа ковидын дараа дур мэдэн эмчилгээ хийлгэх нь илүү ихэссэн. Ингэж болохгүй. Хэрвээ цусаа өтгөрсөн гэж үзэж байгаа бол эмчид хандаж цусаа шинжлүүлж байж цус өтгөрөлтийн олон эмийн сонголтуудаас эмчийн хяналт доор сонгон уух ёстой байдаг. Дур мэдэн янз бүрийн зүйл хэрэглэснээр дараа нь үүсэх хүндрэлүүд гардаг. Тухайлбал, цус хэтэрхий шингэрсэнтэй холбоотойгоор эргээд тархины эдийн цус харвалт, бусад эрхтэн системд цус алдах эрсдэл үүсдэг учир дур мэдэн янз бүрийн эмчилгээг хийх нь туйлын буруу зүйл юм. Гэрийн нөхцөлд цусаа шингэлэхийг хүсэж байгаа бол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, шингэн юм сайн ууж, цэвэр агаарт сайн явах хэрэгтэй. Ерөнхийдөө булчин аль болох сайн ажилласнаараа цусны эргэлтийг сайжруулж байдаг.
Толгой өвдөх, хүзүү хөших, шилэн хүзүүгээр халуун оргиж өвдөх зэрэг нь даралт ихэссэнтэй холбоотойгоор илэрдэг түгээмэл шинжүүд юм. Өөрөөр хэлбэл, цус өтгөн байсантай холбоотойгоор цусны хананд учруулах даралт ихсэж эдгээр зовууриудыг мэдрэгддэг. Ярилцлагын дэлгэрэнгүй ЭНДЭЭС уншина уу.