Короновирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн цөөнгүй хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байгаа яриа иргэдийн дунд бий. Иймд цус өтгөрөлтийн асуудлаар Almighty Clinic-ийн гүйцэтгэх захирал, хүний их эмч Б.Санчиртай ярилцлаа.
-Ковидын халдвараар өвдөөд эдгэрсэн цөөнгүй хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байна гэж яриад байгаа. Үнэхээр халдвар авсны улмаас цус өтгөрч байна гэж харж байна уу?
-Ер нь хүн амын дунд цус өтгөрөлт байна. Ялангуяа 30 хүртэлх насны залуучуудын дунд цусан дахь холестерины хэмжээ ихэссэнээр цусны хатуурал, нарийсал үүсэж зүрхний шигдээс үүсэх тохиолдлууд ковидын дараа их бүртгэгдэх болсон. Олон улсад ковидын дараах цус харвалт 4-5 дахин ихэссэн. Ковидын халдварын онцлог шинж чанар нь урт хугацаанд үргэлжлэх архаг, хууч өвчнүүдийг хүний биед үүсэгдэг гэж судалгаанууд гарсан байгаа. Тэгэхээр урт хугацаандаа ямар, ямар шинж тэмдгүүдийг илрүүлж байна вэ гэхээр цус өтгөрүүлэх буюу цусны бүлэн үүсгэх, хүчилтөрөгчийн дутагдалд орох, тархины үйл ажиллагаа муудах, мартаж санах, хожуу илэрдэг сэтгэцийн эмгэгүүдэд өртөх магадлал их гэж үзэж байгаа.
-Цус өтгөрсөн үед хүний биед ямар, ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Цус өтгөрөлтийн үед илрэх шинж тэмдгүүд их энгийн. Тухайлбал, зүрх дэлсэх, даралт ихсэх, шилэн хүзүү хөших, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Гэтэл хүмүүс дусал хийлгэх гээд зүү хатгангуут системд орж ирэх цусны өнгөө хараад цус өтгөрсөн байна гэж бодоод дур мэдэн эмчилгээ хийдэг. Ингэж дүгнэж болохгүй энэ нь юунаас ч шалтгаалсан байж болно.
-Цус өтгөрөлтөөс урьдчилан сэргийлье гэвэл юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Нэгд, өөрийн биеийн жинд тохирсон шингэнийг ууж байх хэрэгтэй. Хоёрт, өдөр бүр 30-40 минут идэвхтэй дасгал хийж байх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлтэд сайн явагдах нөхцөл бүрдэнэ. Гуравт, унтаж байх үед цус төлжиж байдаг учир нойроо сайн авч байх хэрэгтэй. Залуучуудын хувьд заавал ковидын шалтгаалахгүй алкохолны хэрэглээ нэмэгдсэнээс болоод цус өтгөрөх асуудал их гарч байгаа.
-Зарим хүн цусаа шингэлүүлэх озон эмчилгээ гэх зэрэг эмчилгээнүүдийг хийж байна. Энэ нь хэр зөв эмчилгээ вэ?
-Цусан дотор зөвхөн улаан эс байдаггүй цагаан эс, дархлааны эс, үүдэл эс, ялтас эс, холбогч уургууд гэх зэрэг маш олон жижиг молекулууд байж байдаг. Гэтэл хүмүүс цус шингэлэх нэрийдлээр дур мэдэн озон эмчилгээ хийж зарим нь бүр цусаа шүүлгэж байна. Иймэрхүү эмчилгээ нэртэй мөнгө үрсэн ямар ч хэрэгцээгүй зүйлүүдийг хийснээр өөрийгөө хордуулах, эрүүл мэндээ улам асуудалд оруулж байна. Тухайлбал, цус алдаж бие нь хүндэрсэн тохиолдлууд нь ихсэж байна. Юм бүхэн хэмжээ хязгаартай учраас дур мэдэн сайн гэсэн эмчилгээ бүрийг өөр дээрээ туршиж болохгүй. Озон эмчилгээний үед цусыг аппаратад оруулаад доор нь улаан эс, дээр нь шар бие түүд нь тунаад гаргаад ирдэг. Гэтэл тэр дээр нь байгаа шар биетүүдийг хүмүүс холестерин гээд ад үзээд байдаг. Гэвч тэр ялгарч гарч ирсэн зүйлүүд нь бидний бие махбодод нэн хэрэгтэй үүдэл эс, ялтас эс, холбогч уургууд байдаг. Ийм хэрэгтэй зүйлсээ ялгаад аваад хаячихаар өөрийн бие махбод эрүүл мэндээ маш их уналтад оруулж байдаг. Ер нь бол хүний биеийн эрхтэн систем маш ухаалаг учраас хэрэгтэй, хэрэггүйгээ өөрөө зохицуулаад ялгачихдаг. Бид харин үүнийг зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр дэмжиж өгөх үүрэгтэй.
-Цус шингэлэх эмчилгээнд аспирин гэх эмийг хүмүүс их ууж байна. Мөн С витамин их хэмжээгээр уух нь элбэг байна. Эдгээр эм, витаминуудыг тогтмол уух нь хэр зохистой вэ?
-С витамины хувьд бид хоол тэжээлээсээ хангалттай хэмжээгээр авч чаддаггүй болохоор нэмэлтээр хэрэглэж болно. Харин аспирин эмийн хувьд өтгөрсөн байгаа цусыг шингэлж чадахгүй. Цус өтгөрөлтөөс сэргийлж уухад тохиромжтой. Аспирин 81 эмийг 40-өөс дээш насны хүмүүст уухыг зөвлөдөг учраас залуус хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Бид заавал эмийн гаргаар биш идэвхтэй хөдөлгөөн, хоол тэжээлээрээ зохицуулах боломжтой учир эмийн хэрэглээнээс аль болох татгалзвал зохистой.
-Нэгэнт өтгөрсөн байгаа цусыг хэрхэн шингэлэх вэ?
-Өвчин эмгэг үүсгэх хэмжээнд цус өтгөрсөн гэж үзвэл эмчийн заавраар эмийн эмчилгээ явагддаг. Харин дээр хэлсэнчлэн толгой өвдөх, хүзүү хөших, нойр хүрэхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байх үед тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хоол шим тэжээлээр зохицуулах нь зөв. Учир нь, биед илэрч байгаа асуудал бүрийг эм, тарианы эмчилгээгээр шийдвэрлээд байх юм бол энэ нь эргээд тэр бие махбодын аливаад тэмцэх чадварыг бууруулдаг.
-Спортоор хичээллэдэг, архи уудаггүй залуус гэнэт даралт ихэсч, харваад нас барах тохиолдол гарч байна. Энэ нь юунаас шалтгаалж байна гэж хардаг вэ?
-Спортоор хичээллэдэг залуусын хувьд махны хэрэглээ их байдаг. Сүү, мах зэрэг бүтээгдэхүүнүүд нь ханасан тосны хүчил ихээр агуулж байдаг. Ханасан тос нь хүний биед орж ирээд задардаггүй учир судасны дотор хананд наалдаж цуглараад судсаар урсах цусны хэмжээг багасгадаг. Ингээд ирэхээрээ даралт ихсэх үзэгдэл бий болгож цаашлаад даралт нь харвах эрсдэлд хүргэдэг. Хэрвээ цусан дахь холестерины хэмжээ ихэссэн байна гэж үзэж байгаа бол омега буюу загасны тос хэрэглэх хэрэгтэй. Омега нь цусан дахь холестериныг цэвэрлэж, шингэлж өгөх үүрэгтэй учир өдөр тутамдаа хэрэглэж сурвал эрүүл мэндэд тустай.