Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Хүүхдэд дараах хоёр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай

Хүүхдэд дараах хоёр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 28
Ханиад, томуугийн дэгдэлт ихсэж, хүнд хэлбэрт шилжин улмаар бага насны хүүхэд нас барах тохиолдол гараад байгаа билээ. Хүүхдийг ханиад, томуугаас хэрхэн сэргийлэх, эмчлэх, хүндүүлэхгүй байх талаар ЭХЭМҮТ-ийн их эмч Б.Ариунхишигтэй ярилцлаа. 
-Ханиад нь хүндэрч хатгалгаа болж түүнээс үүдэн гарах хүндрэлүүд их байгаа талаар дүүрэг, өрхийн эмч нар ярьж бана. ЭХЭМҮТ дээр ямар нөхцөл байдалтай байна вэ. Энэ жил томууугийн ямар төрлийн вирус давамгай илэрч байна вэ?
-Өвлийн эд хүйтэрсэн энэ цаг үе бол томуугийн вирус хамгийн өндөр тархалттай байдаг үе. Энэ жилийн ханиад рино, H2, М2 зэрэг вирус давамгай илэрч байгааг ХӨСҮТ-ийн Вирус судлалын төвөөс гаргасан байгаа.
Энэ жилийн ханиадын нэг онцлог нь ямар нэг онцгой шинж тэмдэг илрэхгүй байж байгаад огцом халуурч байна. Өндөр халууралт нь ямар нэг эмэнд тэр дороо дарагдах нь маш бага байна. Ханиад хүрсэн хүүхэд хамгийн багадаа 3-5 хоног халуурч байна. Үүнээс болоод ямар нэг архаг суурь өвчтэй, зүрхний гажигтай, бодисын солилцооны дутагдалтай, дархлаа сул хүүхдүүд богино хугацаанд ханиад нь архагшиж, хүндрэх төлөв ажиглагдаж байна. Дээрээс нь агаарын бохирдол нэмэгдэхээр ханиад хүндрэх, хатгалгаа хэлбэрт шилжих, ханиад архагших зэрэг хүндрэлүүд гарч байна.  
Хүүхдэд парацетомалыг хэтрүүлэн уулгавал элэг нь гэмтэх аюултай
-Ханиад хүрсэн хүүхдүүд өндөр халуурч байна гэлээ. Хүүхэд нь халуурсан үед эцэг эхчүүд ямар арга хэмжээ авах талаар зөвлөхгүй юү?  
-Халуурч байна гэдэг бол хүүхдийн дархлаа сайн байгааг илэрхийлж байгаа нэг хүчин зүйл гэдгийг эцэг эхчүүд маш сайн ойлгох хэрэгтэй байна. Хэт өндөр бус буюу 38.5 градусаас доош халуурч байгаа хүүхдэд дархлаа дэмждэг бодис ялгарч байдаг. Энэ үед нь шингэн зүйл сайн уулгаж, өөрөөр нь халууралтыг намдаах хэрэгтэй. Гэтэл манайхан халуурангуут эм уулгачихдаг. Хүүхэд зөвхөн 38.5 градусаас дээш халуурсан тохиолдолд эмчийн заавраар эм өгөх хэрэгтэй. 
Манай эцэг, эхчүүд “хүүхэд халуурлаа” гээд л лаа хийгээд эсвэл парацетамол уулгачихдаг, ибупрофен өгчихдөг. Энэ эмүүд өөр, өөр нэртэй ч үйлчлэл, найрлагын хувьд ижил байдаг учраас өмнөх уулгасан эмтэй хавсарч уугаад үр  дүнгээ өгөхгүй. Ингэж нэг төрлийн эмийг дахин дахин хэрэглээд байхаар гаж нөлөө үүсч, эрхтэн системийг гэмтээж байдаг. Тухайлбал, парацетамолыг гэхэд хүүхдэд зургаан цагаас дээш зайтай уулгах ёстой. Гэтэл найрлагыг мэдэхгүй хүмүүс дахин, дахин уулгаад байдаг. Парацетамолын хэмжээ хэтэрвэл хүүхдийн элгийг гэмтээх аюултай байдаг. Үүнийг манай эцэг эхчүүд анзаардаггүй. Тиймээс хүүхэд өндөр халуурсан тохиолдолд зайлшгүй эмчийн заавраар аливаа эм бэлдмэлийг хэрэглэх ёстой.
-38.5 градусаас доош халуурсан тохиолдолд эм уулгахгүйгээр шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй гэж байна. Шингэн зүйлийг хэр их хэмжээтэй уулгах вэ. Шингэн зүйл уухаас гадна хүүхдийн халуун буулгах ямар арга байна?
-Хүүхэд ханиад хүрсэн, халуунтай байгаа үед өдөрт уудаг хэмжээнээс 2-3 дахин их шингэн зүйл уулгах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ амин дэмтэй шим тэжээлтэй хоолыг өдөрт 3-5 удаа хийж өгөх хэрэгтэй. Хүүхдийг ганцхан каш, бантангаар хооллоод байж болохгүй, аль болох дархлааг нь дэмжих хүнсээр хооллох нь чухал. Зургаа хүртэлх сартай хүүхдийг бол эхийн сүүгээр хооллох нь дархлаа дэмжих маш том хүчин зүйл болдог. Учир нь тухайн хүүхэд эхийн сүүгээр дамжуулан өөрт хэрэгтэй уураг, амин дэм, эрдэс бодисыг авч дархлаагаа авч байдаг. 
undefined
Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийн орчинд маш сайн анхаарах хэрэгтэй. Гэр байшиндаа агаар оруулж, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой. Хүмүүс ингэж ярихаар их ташаа ойлголттой учраас буруу агаараар амьсгалуулж, буруу цэвэрлэгээ хийгээд байдаг. Жишээлэхэд зөвхөн агаар амьсгалуулахын тулд гарах шаардлаггүй. Хүүхдээ яг гадаа агаарт гаргадаг шигээ хувцаслаад цонхоо бүрэн нээгээд агаарт гаргаж болдог. Мөн цэвэрлэгээ хийхдээ тоос сорогч ашиглахгүй, чийгтэй алчуураар арчиж цэвэрлэж гэрт байгаа ургамалынхаа тоосонцорыг өдөр бүр арчиж байх ёстой. Ургамлын тоосонцорт маш их хэмжээний нян бактер хадгалагдаж байдаг.
Үүүнээс гадна эцэг, эхчүүдийн хувьд гаднаас орж ирээд гар, нүүрээ угаасны дараа хүүхэддээ хүрч байхыг онцгойлон анхааруулж байна. Учир нь эцэг эхчүүд аливаа өвчний тээгч болдог бөгөөд хэдийгээр гадаа тамхи татчихаад ороод ирсэн ч зайлшгүй гар нүүрээ, амаа угаасны дараа хүүхэддээ хүрэх шаардлагатай. 
-Одоо тархаад ханиад вирусийн гаралтай учраас антибиотекоос илүү уламжлалт эмчилгээ илүү үр дүнгээ өгч байгааг эмч нар зөвлөж байгаа. Энэ ханиадад ямар төрлийн уламжлалт эмчилгээ үр дүнтэй байна вэ?
-Антибиотекийг бактерийн гаралтай өвчлөлд зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь чухал. Энэ ханиад вирусийн гаралтай байгаа учраас тухайн хүний дархлааг дэмжиж, сайжруулснаар эмчлэгдэж байна. Вирусийн гаралтай ханиад хоёрдагч халдвараар хүндэрсэн тохиолдод зөвхөн эмчийн заавраар антибиотек ууж болно.  Тэгэхээр ханиад хүрсэн бол эхний ээлжинд дархлаагаа маш сайн дэмжих нь чухал байгаа юм.
Хүүхдүүдийн хувьд түрүүнд хэлсэнчлэн хоол тэжээлээр дамжуулан дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Сүүлийн үед виферон, септилин, транс фактор плюс зэрэг дархлаа сэргээх төрөл бүрийн бэлдмэлүүд ихээр хэрэглэж байна. Гэхдээ энэ нь хүүхдэд бас тийм ч сайн нөлөөтэй байдаггүй.  Тиймд уламжлалт аргаар хүүхдийнхээ дархлааг дэмжиж өгөх нь чухал.
Мөн аньс, нэрс гээд дархлаа сэргээх цэвэр жимсний ундаанууд зөвлөдөг. Гэхдээ эдгээр ундаа чихрийн найрлагатай байдаг тул хүүхдэд өгөх нь бас тийм ч үр дүнтэй биш байдаг. Чихэрлэг зүйл идэхээр цээж шуугидаг хүүхэд бий. Тиймд хүүхдийг дархлааг дэмжихийн тулд буцалсан ус, хярам сайн уулгах хэрэгтэй.  
undefined
Хүүхдийн цээж хонхолзоод, амьсгаа нь нэмэгдээд эхэлбэл яаралтай эмчид хандах хэрэгтэй
-Эцэг эхчүүд хүүхдээ хатгалгаа туссаныг нь мэдэхгүй удаан явснаас хүндрэх тохиолдол олон гардаг. Хатгалгаа туссан гэдгийг нь гэрийн нөхцөлд хэрхэн оношлох боломжтой вэ?
-Хүүхэд хатгалгаа туссан эсэхийг хоёр аргаар мэдэж болно. Нэгдүгээрт, тайван байгаа үед амьсгаадалтыг нь тоолж болно. Хоёр хүртэлх сартай хүүхэд минутад 60 болон түүнээс дээш, нэг хүртэл насны хүүхэд 50 болон түүнээс дээш удаа,  нэгээс тав хүртэлх насны хүүхэд минутад 40 болон түүнээс дээш удаа амсьгалж байх юм бол эрсдэлтэй гэж авч үзнэ. Хоёрт, цээж хонхолзох шинж тэмдгээр хатгалгааг шинжиж болно. Хатгалаа туссан хүүхэд хэвлий, цээж, доод хавирагын нумаараа амьсгал авах үед нааш, цаашаа хонхолзож байдаг. Хүүхэд тайван байх үедээ энэ хоёр шинж тэмдэг илрэх юм бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хүүхдийн цээж хонхолзоод, амьсгаа нь нэмэгдэх юм бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн