Open iToim app
Анализ | 11 мин уншина

Чингисийн угсааны хаанчлалын мандал, улс төрийн дэглэм, соёл

Чингисийн угсааны хаанчлалын мандал, улс төрийн дэглэм, соёл
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 21
МУИС-ийн Антропологи археoлогийн тэнхимийн профессор, Герман улсын Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Л.Мөнх-Эрдэнэ  Германы  нэрт судлаач Пауль Рачневскийн “Чингис Хаан, түүний амьдрал ба өв” номыг хэвлүүлж уншигчдын хүртээл болгоод байгаа билээ. МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, Steppe Publishing компаниас хамтран зохион байгуулсан номын нээлтэн дээр номын орчуулагч Др.Л.Мөнх-Эрдэнийн “Чингисийн угсааны хаанчлалын мандал: Дундад үеийн Евроазийн улс төрийн дэглэм, соёл” сэдэвт лекцээс тоймлон хүргэж байна. 
Монголын газар нутаг дээр оршин тогтнож байсан эзэнт гүрнүүдийн нийгэм, улс төрийн байгуулал, улс төрийн соёлын асуудал нь Монголыг хамарсан Өвөр Ази эсвэл Төв Евроази судлалын томоохон зангилаа асуудал. Их Монгол болон Манж Дайчин улсыг эс тооцвол эдгээр гүрний өөрсдийн хэл дээр үлдсэн бичгийн сурвалж хомс. Тиймээс эдгээр гүрнийг судлахдаа судлаачид ихэвчлэн гадны, тэр тусмаа тэдний дайснуудын бүтээсэн Хятад сурвалжийн мэдээгээр дам судалдаг. Хятад сурвалжийн мэдээ нь ч хомс, тохиолдлын шинжтэй төдийгүй, гадны бичиглэгчийн нүдэнд өртсөн, мөн тухайн бичиглэгчийн элдэв үзэл бодлоор шүүгдсэн байх учир ихээхэн учир дутагдалтайн дээр, ялангуяа тэдгээр гүрний улс төрийн соёл гэх мэт оюун санааны талын асуудлыг судлахад тун хангалтгүй сурвалж болдог. Гэтэл Их Монгол Улсын хувьд Хятад сурвалж арвин байхын дээр, эзэнт гүрэн байгуулагчдын өөрсдийнх нь эх хэл болох Монгол хэлээр мэдэгдэхүйц хэмжээний сурвалж үлдэсний дотор, тэд өөрсдийн түүхээ өөрсдийн үзэмжээр өөрсдийн эх хэлээрээ төдийгүй мөн Перс хэлээр тун дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байдаг учир Их Монгол Улсын түүх Төв Евроазийн эзэнт гүрнүүдийн нийгэм, улс төрийн байгуулал, улс төрийн соёлыг судлахад үлгэр, загварын учир холбогдолтой байдаг. Гэвч харамсалтай нь Монгол сурвалж Хятад, Перс сурвалж шиг их хэмжээтэй бус тул судлаачид Монгол сурвалжийг үл ойшоож ирсэн тал бий.  Тийм ч учир судлаачид Евроазийн гүрнүүдийн нийгэм, улс төрийн байгуулалыг Хятад сурвалжийн мэдээнд тулгуурласан судласаар ирсэн бол, харин тэдгээр гүрнийг байгуулагчдын өөрсдийн үзэл онол, баримтлалыг илэрхийлсэн тэдний хэл дээрх сурвалж хомс тул тэдний оюун санаа, улс төрийн соёлын асуудал тун дулимаг судлагдсан байх.    Сурвалжийн хязгаарлагдмал байдлын зэрэгцээ судлаачдын өөрсдийн баримталсан онолын байр суурь, үзэл баримтлал нь судалгаанд ахиц дэвшил авчрахын зэрэгцээ саад бэрхшээл болж хувирсан нь ч түгээмэл. Онолын байр сууриасаа улбаалан Судлаачид сурвалжийг өөрсдийн үзэл, онолын өнцгөөр уншиж, тайлбарлан ихээхэн зөрүүтэй байр сууриудыг дэвшүүлсэн байдаг төдийгүй, асуудлыг гажуудуулсан ч байдаг. Ялангуяа 19-р зууны үеээс тун хүчтэй дэлгэрсэн нийгмийн хувьслын онол тун их учир холбогдолтой байж ирсэн. Уг онолыг баримтлагчид Монголын газар нутаг дээр оршин тогтнож байсан эзэнт гүрнүүдийг ураг төрлийн нийгэм, овог аймгийн байгуулал дээр суурилсан, ихэвчлэн цэрэг, дайны зорилготой овог аймгийн түр зуурын улс төрийн нэгдэл, холбооны шинжтэй төр улсын өмнөх үеийн улс төрийн бүтцүүд гэж үзэх нь түгээмэл. Уг онолын үүднээс нэгэнт тэдгээр гүрнүүд нь тус бүрдээ өөр өөрийн удирдагчтай овог аймгуудын түр зуурын нэгдэл, холбоо байсан учир богино хугацааны дараа задран унах зүй тогтолтой болж харагддаг. Гэхдээ дийлэнх эрдэмтэд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс нь аравт, зуут, мянгат, түмт гэсэн цэрэг, засаг захиргааны нэгжүүдэд хуваагдсан,  хүчирхэг төвлөрсөн засаг захиргааны байгуулалтай байсан учир ураг төрлийн нийгэм, овог аймгийн байгууллыг халсан, өмнөх эзэнт гүрнүүдээсээ чанарын хувьд эрс ялгаатай, нэгдсэн төр улс байсан гэж гэж үздэг. Зөвлөлтийн эрдэмтэн Борис Владимирцов Чингисийн байгуулсан улс төрийн байгуулал нь ураг төрлийн байгуулал, овог аймгийн байгууллыг халж феодалын, тухайлбал, нүүдлийн феодалын төр улс байгуулсан гэж үзсэн нь ч бий. Тиймээс Чингис хаан төр улс байгуулсан төдийгүй Төв Евроазид нийгмийн хувьсгал бүтээгч болж гарч ирдэг. Гэвч Николай Крадин, Татьяна Скрынникова зэрэг өнөөгийн Оросын судлаачид Их Монгол улсыг төр улсын төвшинд ихэд ойртсон овог аймгийн улс төрийн холбоо байсан гэж үзэж байх жишээтэй. Энэ мэт харилцан адилгүй байр суурь байгаа нь сурвалжийн ч, онолын ч улбаатай юм.   Хувьслын онол дээр үндэслэгдсэн уламжлалт ойлголт, тайлбарыг Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэн Дэвид Снийт шүүмжилж Өвөр Азийн нүүдэлчдийн нийгмийг нь ураг төрөл, овог аймгийн зохион байгуулалтай гэж үзэж ирсэн нь, нийгмийн хувьслын онол, колонийн үзэл сурталын улмаас үүдсэн эндүү тайлбар. Түүний оронд язгуурнты байгуулал, төр улс маягийн зохион байгуулалт оршин тогтнож ирсэн бөгөөд, язгууртны дэглэм нь зарим үед хүчирхэг төвлөрсөн төр улс бүрэлдэхэд хүргэдэг бол зарим тохиолдолд улс төрийн төвгүй, төвлөрсөн засаг захиргаагүй, тэргүүнгүй төрийн байгуулалд ч хүргэдэг байсан гэсэн онолыг 2007 онд дэвшүүлсэн. Тухайлбал тэрээр 1640 оны Их цаазаар байгуулагдсан улс төрийн байгууллыг тэргүүнгүй төр улс байсан гэж үзсэн болно. Мөн Америкийн эрдэмтэн Кристофер Этвүүд Снийтийн саналыг дэмжихийн хамт шинэ үеийн өмнөх Монголын нийгэм нь ураг төрөл, овог аймгийн байгуулал дээр бус харин мянган, отог, хошуу гэсэн тодорхой газар нутаг, бэлчээр усыг нийтээрээ эзэмшдэг аппанаж-нийгэмлэг байсан гэсэн саналыг дэвшүүлсэн. Эдгээр шинэлэг үзэл баримтлал нь Евроазийн гүрнүүдийн нийгэм, улс төрийн байгууллыг шинээр эргэн харахад ихээхэн түлхэц болсон. Гэвч Снийт язгууртны дэглэм хэрхэн үүссэн, хэн ямар хүмүүс язгууртан болдог байсан болон тэдгээр язгууртнууд нь, уламжлалт ойлголтын овог аймгийн язгууртан гэдэг ойлголтоос чанарын ямар ялгаатай талаар тодорхой тайлбар дэвшүүлсэнгүй. Нөгөө талаар Манжийн үеийн Монголын хошуудыг аппанаж гэж үзэх нь оновчтой боловч Чингисийн мянган, болон Даян Хааны өмнөх үеийн отог хоёр нь цэрэг, засаг захиргааны нэгж байсан учир тэднийг аппанаж-нийгэмлэг гэж үзэхэд бас асуудалтай. Учир нь аппанаж нь Европын хаад хөвүүдээ хаан ширээ булаацалдуулахгүйн тулд, ихэвчлэн хаан ширээ үл залгах хөвүүддээ амьдралын баталгаа болгон өгдөг хувь эзэмшил байсан юм. Харин Монголын мянган, отог нь хан хөвүүдийн эзэмшил бус, хааны томилсон, хааны ургийн бус ноёдын захирсан, мөн түмэн гэсэн нэгжид багтдаг, мөн зуут, аравт, эсвэл дөчин, хорин гэсэн шаталсан нэгжүүдэд хуваагддаг нэгжүүд байсан учир хан хөвүүд буюу тайж нарын эзэмшил гэхээсээ илүү засаг захиргааны нэгж байсан юм. Миний бие эдгээр асуудлыг судласны үндсэн дээр Монгол нутаг дээр оршин тогнож байсан гүрнүүд нь ураг төрлийн нийгмийн байгуулал дээр суурилсан бус гэсэн Снийт, Этвүүд нарын байр суурьтай ижил дүгнэлтэнд хүрсэн боловч, улс төрийн байгууллын хувьд өөрийн гэсэн онолын байр суурийг дэвшүүлсэн болно. Хүннү гүрнээс Манж Дайчин Улс хүртэлх Төв Евроазийн бүх гүрнүүд хэдийгээр өөрсдийн өвөрмөц болон нийтлэг зарим онцлогтой боловч  Европ, Азийн бусад төр улс гэж тооцогддог улс төрийн байгууламжаас хоцрогдсон юм уу эсвэл гаж ялгаатай байгаагүй. Тэдний нэгэн адил л төр улсууд байсан агаад, судлаачдын нэг бол овог, аймаг, эсвэл язгууртны дэглэм гэж үзээд байгаа нэгж, хэсгүүд нь эдгээр гүрнүүдийн нийтлэг онцлог болох хүн амаа аравт, зуут, мянгат, түмт гэсэн нэгжүүдэд хуваадаг аравтын систем мэт харьцангуй ижил тоот хэсгүүдэд хуваан захирдаг уламжлалтай холбоотой юм гэсэн байр суурийг дэвшүүлсэн. Хүм амын нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байдал нь эдгээр улс төрийн нэгдэлүүдэд хүн амаа ижил тоот хэсгүүдэд хуваан захирах, тэдгээр нэгжүүдийг нэг дор төвлөрүүлэх, дайн, гадны халдлагын үед цэрэг, дайтах хүчийг богино хугацаанд дайчлах, төвлөрүүлэх асар уян хатан боломжийг олгох боломжтой байсан учир эдгээр гүрнүүд нь хүн амаар аравтын систем мэт ижил тоот хэсгүүдэд хуваан захирдаг байжээ гэж үзэж байгаа юм. Энэ нь овог аймгийн байдал, эсвэл цэргийн ардчилал, эсвэл нийгмийн хоцрогдол бус. Харин ч эсрэгээр тариалангийн талбай-тосгоноос аж амьдрал, эдийн засаг, улмаар эрх мэдэл нь хараат, тиймээс хүн амыг нүүлгэн шилжүүлж, ижил тоот хэсгүүдэд хуваан захирах, эрх мэдэл, хүчийг богино хугацаанд дайчлах, төвлөрүүлэх боломжийг олгодоггүй тариачны-тосгоны байгуулалтай харьцуулбал нүүдлийн мал аж ахуй, ялангуяа морьтон нүүдлийн мал аж ахуй нь эрх мэдэл, хүчийг төвлөрүүлэн цэргийн мэт оновчтой зохион байгуулах боломжийг олгож байсан учир аравтын систем мэт илүү давуу, илүү оновчтой засаглал, захиргааг бий болгодгоороо илүү хүчирхэг хүчирхийллийн байгууламж, цэрэг арми, төр улсыг бий болгох боломжийг Евроазийн эзэнт гүрэн байгуулагчдад олгож байсан юм. Чухам энэ тогтолцоо нь нүүдэлчин гүрнүүдэд хэдийгээр хүн амын хувьд цөөн байсан ч илүү хүчирхэг улс төрийн нэгдэлүүдийг бий болгодог засаглал, захиргааны бүтцийг буюу төр улсыг байгууламжийг бий болгох боломжийг өгч байсан юм гэж үзэж байгаа юм.  Харин эдгээр засаг захиргааны тоон нэгжүүд нь гишүүнчлэлийн хувьд ч, захирагчдын хувьд ч угсаа залгамжилдаг байсан учир хувь хувьдаа улс төрийн нэгдэл, ижилсэл болон бүрэлддэг байсан бөгөөд ялангуяа төвлөрсөн засаг, захиргаа, эзэн хааны эрх мэдэл хямарсан, суларсан, эсвэл унасан үед эдгээр нэгжүүд нь бие даасан ноёнлиг, ванлиг, эмират болон гарч ирдэг байсан юм. Өөрөөр хэлбэл нэгэн үед засаг захиргааны нэгж байсан зүйл нөгөө үед бие даасан улс төрийн нэгж болж хувирдаг байсан ба дараагийн төр улс байгуулагдахад, дийлэнх нь эвдэгдэж дахин шинэ тоон нэгжүүд, шинэ язгууртнууд бий болдог байжээ гэсэн үг юм.  Тиймээс аравтын систем зэрэг ижил тоот засаг захиргааны нэгжүүд нь эдгээр гүрнүүдийн давуу тал байсан бол эдгээр нэгжүүд нь гишүүнчлэлийн ч, засаглалын ч хувьд угсаа залгамжилсан байсан нь төвлөрсөн засгийн уналттай хамт олон тооны ноёнлиг болон задрахад хүргэдэг сул тал нь байсан ажээ гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл аравтын систем мэт хүн ам, хүчийг ижил тоон нэгжүүдээр нэгтгэн захирдаг засаг захиргааны угсаа залгамжилсан тоон нэгжийн байгуулал нь төв Евроазийн гүрнүүдийн мандлын ч буурлын ч гол хөдөлгүүр байсан юм гэсэн санаа юм. Чухам эдгээр нэгжүүд нь эзэнт гүрний сулралын үед бие даасан улс төрийн нэгдэл-ноёнлиг болон гарч ирснийг нь судлаачид онолын байр сууринаасаа шалтгаалан овог аймаг, овог аймгийн холбоо, эсвэл язгууртны улс төрийн нэгдлүүд гэж үзээд байгаа хэрэг юм.  Бусдаар бол 1206 оноос 1634 он хүртэл их хааны суурийг тасралгүй уламжилсан, улмаар 20 зууны дунд үе хүртэл Монголчуудыг захиран засаглаж ирсэн Чингисийн угсааны засаглал нь аливаа эцгийн эзэмшилт хаанчлалуудаас ялгарах, сондгойрох юмгүйн дээр, харин ч хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт удаан засагласан хаанчлал буюу династийн нэг юм. Гэтэл уламжлалт түүх бичлэгт Чингисийн төр улсыг хаанчлал буюу династи гэхийн оронд Чингисийн суу билиг буюу харизмаг биширсэн угсаа залгамжлах зарчим гэж томьёолох жишээтэй. Өөрөөр хэлбэл хааны эрх хаанаас хүүд нь угсаа дамжин шилжин залгамжлагдах явдалыг династи буюу хаанчлал гэж тооцогддог төр улсын байгууламжийн хувьд судлаачид хувь хүнээс хараат бус тогтсон ёс, институци гэж үздэг бол Чингисийн улс төрийн байгууламжийн хувьд үүнийг хувь хүн, Чингисийн суу билигээс шууд хамааралтай зарчим гэж өөр стандартаар томьёолж байх жишээтэй.   Нэгэнт ураг төрлийн нийгэм, овог аймгийн байгуулалд хамааруулах хандлагатай учир Евроазийн  гүрнүүдийн улс төрийн соёлыг тун хомс судалсны дээр, судалсан нь ч төр улсын буюу хууль, дүрэм, журмаар тогтоогдсон институцжсан тогтолцоо, тогтмолжсон харилцаа гэхээсээ харин эсрэгээр эрх баригч ба дагалдагчдын хоорондын хувийн нөхөрлөл, холбоон дээр үндэслэгддэг учир задрал бутрал, хоорондын байнгын дажин самуунаар тодорхойлогддог гэж үзэж ирсэн. Мөн эдгээр гүрнүүдийн улс төрийн харилцаа нь төр ёс, үнэт зүйлс, ёс суртахуун, хууль эрхэмжийн хэм хэмжээгээр зохицуулагдаж ирсэн гэхээсээ нүцгэн прагматик “амь зуух”  арга ноёлсон мэтээр үзэж ирсэн. Гэвч Их Монгол Улсын ч, Манж Дайчин Улсын ч байгуулагдах үйл явцад тэнгэрийн ивээл, бошог, төр, цааз, ёс гэх мэт ойлголтуудын дор хураагдсан тогтсон ёс, хэм хэмжээ, институцийн хүрээнд явагдаж ирснийг үлдэж хоцорсон сурвалжууд ямар ч маргаангүйгээр харуулж байгаа юм. Эдгээр ойлголтууд нь бүр Хүннүгийн үеээс өвлөгдөж ирсэн бөгөөд шинээр мандан байгуулагдсан гүрнүүд нь өмнөх гүрнийхээ суурин дээр түүний улс төрийн байгуулал, соёлыг өвлөн хүн ам, газар нутгийг нь нэгтгэн захирах замаар өвлөн байгуулагдаж ирсэн бөгөөд харин тэдний төр улсын буюу династийн нэрс нь чухам өмнөх гүрний ямар хэсэг нэгжийн хаанчлал тогтсноосоо шалтгаалан эдгээр гүрнүүдийн нэрс өөрчлөгдөж ирсэн байна. Тухайлбал, Их Монгол улсын нэрийг өгсөн Монголын ханлиг нь Кидан гүрний засаг захиргааны нэгж байсан бөгөөд 1125 онд Кидан гүрнийг мөхсний дараа ханлиг болон гарч ирсэн ба түүний хан Тэмүжин нь тухайн үед Монголын өндөрлөгийн ноёлогч хүч болох, нэгэн цаг үед Кидан гүрний баруун зүг тэлэх тэлэлтийг зогсоон барьж чадаж байсан Хэрэйдийн хүчирхэг гүрнийг мөхөөж, түүний Он хаан Тоорилийн хаан орыг төдийгүй түүний төр улсыг өвлөн авч Их Монгол улсын суурийг тавьсан байна.  Монголын Нууц Товчоо-нд өгүүлж буйгаар энэ үйл явц нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тогтсон хэм хэмжээг эвдэн, холбоотон Тэмүжинийг гэнэтэд, дайн зарлалгүйгээр халдан довтолсон Он хаан Тоорилийг “хэрчих ёсгүй үйлийг хэрчсэн” учир “тэнгэрт үл таалагдаж” “төрөөс хагацав” буюу, өнөөгийн хэлээр бол төр бус, ёс бус, зүй бус үйлдлээрээ Он хаан өөрийн засаглах, төр барих легитим үндсээ эвдснээр эхэлж, улмаар төр ёсгүй учир түүнийг Тэнгэр үл ивээж, эсрэгээр “их төрийг сэтгэдэг” буюу төр ёсыг эрхэмнэн сахигч Тэмүжинийг Тэнгэр ивээж хаан болгож буйгаар төгсгөдөг. Энэ нь Нууц товчоо болсон үйл явдлыг үнэн мөнөөр өгүүлсэн гэж үзэж байгаа хэрэг биш. Харин үйл явдал хэрхэн өрнөсөн ч, ямар учир холбогдолтой байсан ч Нууц товчоог зохиогчдын улс төрийн соёл, ёс суртахуун нь болсон үйл явдлыг чухам ингэж харуулахыг шаардаж байсанд оршино. Өөрөөр хэлбэл нүцгэн амь зуух, прагматик шийдлүүд бус харин Монгол гэх мэт Евроазийн гүрнүүдийн улс төр ,нь тэнгэрийн бошог төр, цааз, ёс гэх мэт суурь ойлголтуудад эвхэгдсэн тогтсон үнэт зүйлс, хэм хэмжээгээр хазаарлагдаж, чөдөрлөгдөж, жолоодогдож явагдах ёстой байсан гэсэн үг юм. Үнэндээ Орхон бичигт илэрсэн төр гэдэг ойлголт нь Төв Евроазийн улс төрийн соёлын нэг үндсэн ойлголт бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн Монгол сурвалжууд төр нь Энэтхэг ба Бурханы шашны “дарма”, Хятадын “дао”, Европын “байгалийн хууль” гэдэг ойлголтуудтай нэгэн ижил ойлголт болохыг хөдлөшгүй харуулж байгаа юм. Үнэндээ “улс мөхөвч төр оршмой” гэдэг хэлц 11-р зууны толинд ч хадгалагдан үлдсэн байдаг.                 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн
17 минутын өмнө
    •    
2 мин уншина
41 минутын өмнө
    •    
3 мин уншина
42 минутын өмнө
    •    
1 мин уншина
43 минутын өмнө
    •    
13 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
3 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
4 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
4 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
5 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
2 мин уншина