Тархи судлал-XXI зуун” анхдугаар чуулган өчигдөр Төрийн ордонд болсон. Энэ үеэр Испанийн Нейросайнсын институтийн профессор, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор, тархи судлаач Хуан Лермагийн тавьсан илтгэлийг тоймлон хүргэж байна.
Илтгэлээрээ хүний зан төрх биологийн зарчмын хувьд, эсүүд генийн хувьд молекулын төвшинд ямар зохицуулгатайг тайлбарлахыг хүсэж байна. Энэ бол тархи судлаачдын мөрөөдөл байсан. Энэ тухай “Cellular basis of Behavior” гээд 2000 онд Нобелийн шагнал хүртсэн эрдэмтний ном. Энэ номоо зан төрхийг нервоны эсүүд хэрхэн зохицуулдаг болохыг амьтан дээр туршсан судалгаан дээр тулгуурлан 1967 онд бичсэн. Энгийн зан үйл нь биологийн төвшинд ямар зохицуулгатайг судалсан.
Хүний тархи 80 мянган сая эсээс тогтсон байдаг. Хүн гэж хэн бэ гэвэл тухайн хүний тархи л байх ёстой. Гэхдээ хүний тархи нарийн зохион байгуулалт, дэс дараалалтай ч алдаа гаргах үе байдаг. Энэ алдааг энгийнээр тархины эмгэг гэж тайлбарлаад байгаа юм. Тэр эмгэгийг судлахын тулд зан үйлийг судлах зайлшгүй шаардлагатай. Тархины өвчин эмгэгийн асуудал бол дэлхий дахинд тулгамдсан асуудал болж байгаа. Үүний дотроос зөнөгрөл, сэтгэцийн эмгэг түгээмэл байгаа нь олон орны тархи судлаач, эрдэмтдийн санааг зовоож байна. Долоон секунд тутамд нэг хүн зөнөх эмгэгтэй болж байна. 2020 онд гэхэд 1.5 сая хүн зөнөгрөлийн эмгэгээс болж нас барна гэсэн судалгаа гарсан байдаг.
Энэ нь хүний тархийг заавал судлах, зан үйл нь хэрхэн кодлогддог, буруу зан үйл хэрхэн үүсч, алдаа гардаг болохыг судлах шаардлагатайг харуулж байгаа юм.
Тархины молекулууд “synapses” үүсгэж, энэ нь сүлжээ буюу “network” үүсгэж, тогтолцоог ‘system’ бүрдүүлдэг. Тогтолцоо нь төв мэдрэлийн системийг цогцлоон бүрдүүлдэг. Энэ бол амьтан болон хүнд зан төрхийг тайлбарладаг тархины бүтцийн онцлог юм.
Гаднаас орж ирж байгаа мэдээллийг боловсруулаад, гадагшаа дамжуулах хэсэгт нервоны сүлжээ буюу ‘network’ байна. Энд орон зай, цаг хугацаа, ой санамж, сэтгэл хөдлөлтэй холбоотой зохицуулга явагддаг. Энэ хэсэг маш нарийн үйл ажиллагаатай, тархины зохион байгуулалтын үндсэн зарчмын төв хэсэг байдаг.
Стресс, сэтгэл гутралыг удирдах боломжтой
Тархийг идэвхижүүлснээр зан үйлийг нь өөрчлөх боломжтойг хэд хэдэн судалгаан дээр тулгуурлан эрдэмтэд тайлбарласан байдаг. Бухын дунд тархины идэвхижил уурлах, улайрч дайрах дохиоллыг дамжуулдаг. Үүнд нь электрод суурилуулж цахилгаан идэвхжил өгөхөөр бухын тэр догшин, ууртай зан төрхийг дарангуйлдаг. Үүгээр хүний тархины тухайлсан нэг хэсгийг идэвхижүүлэх нь зан төрх, зан үйлийг өөрчлөх боломжтой болохыг нээн илрүүлсэн.
Дараагийн жишээ бол электрод суулгасан харх хулгана байна. Хайрцагт оруулаад араас нь өөр нэг хулгана оруулахад дайрч, энэ үед уур хүрэх зан үйл электродод бүртгэгдсэн байдаг. Харин хулганын хажууд эмэгчин хулгана оруулахад уурлах биш, хайрлах зан үйл илэрдэг. Өөрөөр хэлбэл, хайрын нервон идэвхижиж, уурын төвийг хайрын төв болгож хувиргаж байгаа юм.
Эдгээр жишээнүүд юуг илэрхийлж байна гэхээр хүний тархийг мөн ингэж удирдах боломжтойг харуулж байгаа юм. Хүнийг удирдах нэг аргачлал байж болох юм. Гэхдээ хүний тархийг удирдахад амьтан шиг электрод шаардлагагүй бөгөөд хүртэх мэдрэхүйгээр нь дамжуулан удирдах боломжтой юм.
Хүний тархи их сонин онцлогтой. Анх харсан, мэдэрсэн зүйлээ тархиндаа кодлоод хадгалчихдаг механизмтай. Яг энэ зохицуулга дээр тулгуурлан зарим газруудыг маркетингийн зарчим болж, хүний тархинд мэдээллийг хүргэх, хадгалах үндсэн суурь болж байдаг.
Ээжийн хайр халамж генийн төвшинд нөлөөлдөг
Амьтан бүрт эхийн хайр халамж байдаг. Адуунд ч үхэрт ч байна. Эх амьтны үрээ хайрлах зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Мөн хүнд ч ялгаагүй. Эх амьтны хүүхэдтэй харьцах зан үйл молекулын төвшинд эсүүдээр зохицуулагддаг. Ээжийн хайр халамж хүүхдэд генийн төвшинд нөлөөлж байдаг тухай эрдэмтэд тогтоосон байдаг. Амиа хорлосон, стресст амархан өртдөг, сэтгэл гутралтай хүмүүсийг судлан үзэхэд багадаа хүчирхийлэлд өртөж байсан төдийгүй эхийн хайр халамж бага авч өссөнтэй холбоотойг илрүүлсэн. Ээжийн хайр халамж генийн төвшинд нөлөөлснөөр хүүхдийн тархинд молекулын төвшинд уургийн нийлэгжил, генийн идэвхжлийн замыг тавьж өгдөг. Энэ нь тухай хүүхдийн амьдралын туршид чухал үүрэгтэй байдаг юм. Хүүхэд багадаа нийгэм эдийн засгийн хангамж сул, хүчирхийлэлд өртөж, эхийх хайр халамжаар дутах үед тархины хөгжилд нь нөлөөлж, тухайн хүүхдийн амжилт, ирээдүйн амьдралд шууд хамааралтай байдаг тухай судалсан байдаг.
Хүүхдийн тархийг хөгжүүлэхэд нярай үеэс анхаарал төвлөрөх чадварыг төлөвшүүлэх нь чухал байдаг. Хүний тархины анхаарал төвлөрөлт 30-40 минут үргэлжилдэг механизмтай. Ямар ч сонирхолтой лекц, хичээл, тоглоом байсан 30 минутын дараа анхаарал нь сарниж эхэлдэг.