Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Т.Ган-Эрдэнэ: Уураг булчингийн масс нэмдэг ч хэтрүүлбэл элэг, бөөрөнд сөргөөр нөлөөлдөг

Т.Ган-Эрдэнэ: Уураг булчингийн масс нэмдэг ч хэтрүүлбэл элэг, бөөрөнд сөргөөр нөлөөлдөг
Нийтэлсэн 2018 оны 12 сарын 17
“Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” шинжлэх ухааны өдөрлөгт Хими технологийн хүрээлэнгийн академич, доктор, профессор Т.Ган-Эрдэнэ уригдаж, “миний мэдэх уураг” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн дараа түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.    
-Уургийн талаар хүмүүсийн дунд явган яриа их байдаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт өгнө үү. Уураг гэж юу вэ?  
-Амьд организм оршин тогтнож байвал уураг байж байдаг. Амьд биеийн оршин тогнохын үндэс бол уураг юм. Тийм учраас энэ ертөнцөд организм дотор  явагдаж байгаа бүх урвал уурагтай холбоотой. Уураг өөрөө тэжээлээс эхлээд хор хүртэл байна. Өөрийн организмд үзүүлэх үйлчлэлээрээ янз бүр. Казен гээд эхийн сүү байна. Эхийн сүү яах гэж организмд бий болж байгаа вэ гэхээр нялх амьтнаа тэжээхийн тулд юм. Түүн дотор асар олон уураг байна. Гэтэл хиамны хордлого, хоолны хордлого гэж байна шүү дээ. Өндгийг хэтрүүлэн идсэн хүн яагаад хордож байна гэхээр энэ бол уургийн хор юм. Ийм өргөн цар хүрээнд ажилладаг том биомолекулыг уураг гэж байгаа юм.            
-Уургийг хэтрүүлсэн хэрэглэснээр эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл үзүүлдэг вэ?
-Сүүлийн үед уургийг хэтрүүлэн хэрэглэж байна. Ер нь зөвхөн уураг ч биш аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээр л хор болдог. Хоол их идсэн ч гэсэн тэр. Тухайн хүн хоногт хэрэгцээтэй уургаа л авч байх хэрэгтэй, түүнээс илүү уураг хэрэглэж болохгүй. Олон сөрөг тал үүснэ. Ходоод, элэг бөөрөнд сөргөөр нөлөөнө. Нууцлагдмалаар, тааруухан ажиллаж байсан эрхтэн систем хэт их ачаалал өгөөд эхлэхээр сөргөөр нөлөөлж эхэлдэг.  Эрхтэн систем доголдолтой байвал уургийн хэт ачаалал өгөхөөр зэрэг доголдож эхэлдэг. Бие организм бол яг таарсан зүйлээ авч байх ёстой, илүү зүйл байж болохгүй.        
Хорыг тохируулбал эм, эмийг хэтрүүлбэл хор болдог  
-Сүүлийн үед залуус уургийн бэлдмэл ихээр хэрэглэж байна.  Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Уураг, уургийн бэлдмэл хоёр бараг ижилхэн зүйл байгаа юм. Уургийн бэлдмэлийн дийлэнх нь уураг, бас нэмэлтээр хэрэгцээт витамин, сахар гээд бусад зүйлийг нэмчихсэнийг хэлээд байгаа юм. Залуус булчинтай болох гээд уургийн бэлдмэлийг хэрэглээд байдаг. Тэгвэл яг түүндээ тохирсон хүчтэй ачаалал авах хэрэгтэй. Булчинд актев, мезон гэж хоёр уураг байгаа. Тэр нь томрохоор булчинтай болж байгаа юм. Тэр бол хоёулаа уураг. Түүндээ ачаалал өгөхгүй байж уураг идээд томроно гэвэл болохгүй. Хүнд ажил хийж байгаа хүн идэж ууж, амарч байж л тамир тэнхээ авдаг шүү дээ. Түүн шиг тамирчин хүн бол жирийн хүнээс их уураг хэрэглэнэ, тэр хэмжээгээрээ тохирсон уураг нэмж авч, ачаалал нэмж авч байх ёстой юм.         
-Өндөг, мах уургаар баялаг бүтээгдэхүүн. Сүүлийн үед зарим эмч нар Монголчууд махны хэтрүүлэн хэрэглээ бүдүүн гэдэсний хорт хавдарт хүргэж байна гэж ярих болсон. Ийм эрсдэл байж болох уу?
-Шууд тийм гэж хэлэхэд учир дутагдалтай. Махыг оройн цагаар хэт их хэрэглэх нь хортой. Аливаа зүйлийг хэтрүүлэх юм бол хор. Хорыг тохируулбал эм, эмийг хэтрүүлбэл хор гэдэг биз дээ.   
-Таны хувьд өмнө нь БСШУЯ-д Шинжлэх ухаан технологийн газрын даргаар ажиллаж байсан хүн. Манайд шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд хамгийн тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Ганц жишээ хэлье. 2015 онд санагдаж байна. Тухайн үед хүүхдийн ханиад өвчлөл их байсан. Тэр үед хэдэн жилийн өмнө Химийн хүрээлэнгийн байрыг буулгаж, хүүхдийн эмнэлэг барья гэж ярьцгаасан. Ингэж хандахаар чинь шинжлэх ухааны салбар хөгжих үү. Израйл, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийнхээ 4 орчим хувийг зарцуулж байна. Европын холбооноос гишүүн орнууддаа хоёр хувь болго гэж байна. Гэтэл манайд ДНБ-ий 0,12 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Ийм л байна. Бид тэгэхээр шинжлэх ухааныг яаж хөгжүүлэх үү.     
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн