Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөө өглөө Монгол Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасныг мэдээлсэн. Тэгвэл уг шийдвэрийг эсэргүүцэн Монгол-Оросын хамтарсан III сургуульд хүүхдээ сургаж буй эцэг, эхчүүд, багш нар болон төгсөгчид БШУЯ-ны үүдэнд жагсаж байна. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллах үүргийнхээ хүрээнд зарим эцэг эх, төгсөгчдийн байр суурийг сонссон юм. Эцэг эхийн төлөөлөл: Энэ сургуулийг босгоно гэдэг асар их хөдөлмөр. Монголын бүх сургууль ийм байх юм бол хүмүүс харьяа сургуульдаа сургана биз дээ. Төгсөөд гарч ирж байгаа 2700 хүүхэд, өмнөх төгсөгчид ч гэсэн үнэхээр боловсрол өндөр, дээгүүр, маш сайхан амьдарч байна шүү дээ. Зүгээр байгаа сургуулийг яагаад дампууруулах гээд байгаа юм. Оросын школа маш сайн. Бусад сургуулийг ч гэсэн ийм болгомоор байна.


Эцэг эхийн төлөөлөл: Бид Ж.Соронзон захирлын даалгавраар явж байгаа юм биш. Уг нь гэм буруутай бол гэм бурууг шүүхийн байгууллага нь шийдээд явах байх. Монгол Оросын хамтарсан сургууль учраас хоёр улсын Засгийн газар, боловсролын яамны олон улсын гэрээний дагуу явдаг. Мөн төлөөлөн удирдах зөвлөлтэй. Тэрнийхээ шийдвэрээр захирлаа чөлөөлж, томилдог системтэй. Тиймээс дан ганц Монголын Боловсролын сайдын шийдвэрээр чөлөөлчихдөг юм биш. Хэрвээ хууль бус үйлдэл гаргасан бол түүнийг нь хууль шүүх нь тогтоогоод, ТУЗ нь шийдвэр гаргаад чөлөөлж, томилох юм бол бидэнд асуудал байхгүй. Харин нэг улс төрчийн юм уу, захиалгаар албан бусаар томилгоо хийх гэж байгааг л эцэг эхчүүд эсэргүүцэж байна.
МОХС-ийн төгсөгч: Сурч байгаа сурагч, эцэг эхчүүдийг харлуулаад байгааг ойлгохгүй байна. Сэтгүүлчийн хувьд тэр хүн биднийг тэр чигт нь харлуулсан шүү дээ. Тэр хүн яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Биднээс яагаад уучлалт гуйхгүй байгаа юм. Яг үүнтэй ижил асуудал болж байна гэлээ.
Ийн эцэг эхчүүдийн хувьд сургуулийн захирал солигдсоноор сургалтын чанар буурна, элсэлтийн ерөнхий шалгалтын байр ухрах эрсдэл бий. Түүнчлэн, тус сургуулийн гучин жилийн хугацаанд бий болгосон системийг шинээр томилогдох захирал авч явж чадахгүй гэдгийг онцолж байв.
Мөн сурагчдын ар гэрийнхэн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг цахимаар ажлаа хийж, хуулийн хүрээнд шийдвэр гаргаагүй гэж шүүмжлэв.