Хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Өнөөдрийн ярилцлагыг эдийн засгийн хамгийн халуун сэдэв нүүрсний зах зээлээс эхлэе. Сүүлийн үед БНХАУ нүүрсний импортоо бүрэн зогсоосон, улмаар Гашуун Сухайтын боомт дээр 200 гаруй километрын нүүрс ачсан машины цуваа үүсчихлээ. Урд хөрш үнэхээр нүүрсний импортоо хязгаарласан уу. Та судалж үзэв үү?
-Гашуун Сухайтын боомт дээр үүсээд байгаа асуудлыг судлаад үзэхэд БНХАУ-ын Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооноос Монгол Улсаас нүүрс импортлохгүй гэсэн албан ёсны шийдвэр гаргаагүй юм байна лээ. Харин Хятадын тал хилийн боомт дээрээ “Smart Gate” буюу “Ухаалаг Хаалга” нэртэй хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор тодорхой тооны орох хэсгүүдийг түр хугацаагаар хаасантай холбоотой гэж ойлгосон. Энэ асуудлаар мөн Монголын Засгийн газраас албан ёсны Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа, дуусаад өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийг тайлбарлах болов уу гэж бодож байна.
-Та Монголоос гадна Хятадын эдийн засгийн талаар судалгаа хийдэг хүн шүү дээ. Хятадын нүүрсний хэрэглээ ямар байгаа бол, ер нь зах зээлдээ ямар бодлого барьж байна вэ?
-Хятадын статистикийг ухаад үзэхээр нүүрсний хэрэглээний 47.7 хувийг үйлдвэрт, 44.1 хувийг цахилгаан дулаан үйлдвэрлэхэд зарцуулдаг. Зөвхөн цахилгаан станцыг аваад үзэхэд 2018 оны эхээр Хятад улсад нүүрсээр ажилладаг нийт 993ГВатт-н чадалтай цахилгаан станцууд байна.
Энэ нь дэлхийн нийт нүүрсээр ажилладаг цахилгаан станцын 48 хувийг эзэлж байгаа. Зөвхөн нүүрс гэлтгүй бүх төрлийн эрчим хүчний хувьд 2017 онд Хятадын нийт хэрэглээ 3.1 хувиар өссөн гэж Бритиш Петролеум-с гаргасан “Эрчим Хүчний Статистик 2018” тайланд дурдсан байсан.
Монгол Улс маань Хятадын импортолж буй нүүрсний 9 орчим хувийг нийлүүлдэг. Манай экспортын нүүрсийг ихэвчлэн үйлдвэрлэлд ашигладаг. Гэтэл Хятадын цахилгаан эрчим хүчний эрэлт маш хурдтай өсч байгаа. Үүнийг дагаад 2005-с 2016 оны хооронд Хятад улс нийт нүүрсээр ажилладаг цахилгаан станцаа нийт 618ГВатт-р нэмсэн. Өнөөдөр манай Монгол Улсын хүчин чадал 1Гватт хүрэхтэй үгүйтэй. Энэ нь улирлаар аваад үзвэл дунджаар 15 ГВатт буюу бараг л нэг долоо хоногт 1Гватт-н цахилгаан станц нэмж байна гэсэн үг. Гэтэл цахилгаан станцын нүүрсний үнэ илүү илчлэг өндөртэй нүүрснээс хямд байдаг учир өндөр зардалтай гарч буй манай энэ төрлийн нүүрс өрсөлдөх чадвар муутай байна. Ингээд бодохоор Хятад улсад нүүрс зайлшгүй шаардлагатай, гэхдээ хаанаас ямар үнээр авах вэ гэдэг л тэдний хувьд чухал хэвээр байна.
-Энэ хэрэглээ ирээдүйд яаж өөрчлөгдөхөөр байна. Ямар нэг тооцоо судалгаа энэ талаар хийгдсэн байдаг болов уу?
-Хятадын 2016-2020 оны 13 дугаар 5-н жилийн төлөвлөгөөнд Хятадын нийт эрчим хүчний хэрэглээг 5 тэрбум метрик тонн-с бага байхаар ажиллана гэж заасан. Энэ хүрээндээ ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2020 он хүрэхэд 680Гватт гэж зааж өгснөөс биш, бусдаар нүүрсний талаар нарийвчлан заасан заалт байгаагүй. Харин Бритиш Петролеум-с гаргасан “Эрчим Хүчний Ирээдүйн Төлөв Байдал 2018” тайланд дурдсанаар бол Хятадын ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр тайланд 2016-2040 оны хооронд Хятадын эрчим хүчний өсөлтийн эх үүсвэр нь сэргээгдэх байна гэж таамагласан байсан. Харин хамгийн хурдтай буурах нь нүүрс.
-Гэхдээ л ойрын ирээдүйд гаднаас их хэмжээгээр импортлох хэвээрээ гэж ойлгож болох уу?
-Өмнөд хөрш маань өөрөө нүүрс олборлогч дэлхийн том улс. Дэлхийн нийт нүүрсний нөөцний 13.4 хувь нь Хятадад байдаг. Өнөөдрийн хэрэглээг зөвхөн дотоодоосоо нийлүүлнэ гэвэл 40 орчим жил хэрэглэх боломжтой. Тэдний бодлого бол нэг талаас дотооддоо хэт халалт үүсгэхгүйн тулд гаднаас импортлож өрсөлдөөн нэмэгдүүлэх, нөгөө талаас өөрсдийн нөөцийг аль болох бага ашиглаж, зах зээлд тохируулан гадны импортыг хянах бодлого баримталдаг санагддаг. Нуулгүй хэлэхэд, ямар ч тохиолдолд бид нүүрсээ экспортлоод байх боломжтой юм байна гээд тайван суугаад байх хэрэггүй, тэгээд ч нүүрсний экспорт бол бидний асуудал өнөөдөр биш.
-Манай улсын хувьд 2019 онд 42 сая тонн нүүрс экспортлоно гэсэн байгаа. Тэгээд үүнийгээ экспортлох эсэх нь бидний хувьд асуудал биш гэсэн үг үү. Таны хувьд тэгээд бидний асуудал нь юу юм вэ?
-Айл бол нүүрс, зэс авдагаараа авна. Манайх харин гаргадаг нүүрс зэсээ өгч аваад болоод байна гээд яваад байх уу гэдэгт асуултын цөм, асуудлын гол байгаа. Уул уурхай бол шавхагдах нөөц. Харин шавхагдах нөөцөөр Монголчууд бид хэзээ хэрхэн хөл дээрээ босч, газар ухахгүйгээр амьдрах төвшинд ирэх вэ гэдэг том асуудал болоод байгаа. Тайлбарлаад хэлбэл манайд өнөөдөр тулгараад байгаа асуудал бол яаж ашигт малтмалаас орж ирсэн хэдэн төгрөгөөрөө ирээдүйд өөр бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэж гаргах вэ гэдэгт байгаа.
Миний хэлэх гэсэн санаа бол нэгдүгээрт, уул уурхайгаа огт орхих ёстой гэсэг үг биш. Ашиглах хэрэгтэй, хажуугаар нь бид давхар бусад салбараа хөгжүүлж явах ёстой. Үүний шалтгаан бол уурхай шавхагдах нөөц, түүнээс гадна уул уурхайн салбар бол капитал-аар “зоддог” болохоос шинэ ажлын байр үүсгэдгээр хамгийн доогуурт жагсдаг. Хоёрдугаарт манай экспорт хэт уул уурхайд дулдуйдсан учир эргээд манай эдийн засагт дэлхийн ашигт малтмалын үнийн савалгаа шууд орж ирж байна. Улмаар эдийн засгийн өсөлтийг тогтворжуулна гэдэг цаад утгаараа экспортоо төрөлжүүлж, илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн үг юм.
-Монголчууд бид экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх эдийн засгаа ашигт малтмалын үнэ ханшаас хараат бус байлгах талаар ярьсаар байгаа ч хөрсөн дээр буусан бодлого, ажил төдийлөн биеллээ олж чадахгүй байгаа. Таны хувьд ингэж “эдийн засгаа солонгоруулах”-д юу болохгүй байгаа, энэ чиглэлд ямар бодлого үйл ажиллагаа хийх шаардлагатай гэж харж байна?
-“Эдийн засгаа солонгоруулах”-н тухайд гэвэл “микро” болон “макро” түвшинд авч үзэх хэрэгтэй болов уу. “Микро” буюу бизнесийн түвшинд Монголд мэдлэг хэрэгтэй байна. Мэдээж мөнгө, санхүү дутагдаж байгаа гэхдээ үүнээс илүү “мэдлэг” илүү дутагдаж байгаа. Мэдлэг гурван янз бий: 1-т “кодлогчсон”, 2-т багаж төхөөрөмж, 3-т “нөү-хау”. “Кодлогчсон” буюу цаасан дээр хараар буулгаж болдог мэдлэгт математикийн томъёо, химийн томъёо, барилгын скиз зураг зэрэг орно. Хараан уншаад ойлгохоор мэдлэг гэсэн үг. Хоёрт, багаж төхөөрөмж тэр чигээрээ мэдлэг шингэсэн эд. Гар утсыг яаж хийхийг мэдэхгүйгээр ашиглаж болно, энэ бол мэдлэг энэ “төлөвт” хувирдаг гэж ойлгоход буруудахгүй. Харин гурав дахь төрлийн мэдлэг бол “нөү хау”. Тайлбарлахад их хэцүү, энийг би “шүдний эмч”-р жишээлэн тайлбарладаг. Танд би одоо шүдний эмчийн мэргэжлийн номыг, эмчилгээний багажтай хамт өгвөл та хүний шүдэнд ломбо тавьж чадах уу? Энэ “нөү хау” бол хүний толгойд байдаг, нэг хүнээс нөгөө хүнд дамжуулахад туйлын хэцүү мэдлэгийн төрөл юм. Яагаад энийг ярив гэхээр бизнесийн түвшинд бид нарт олон улсад гарахад “нөү хау” хамгаас илүү дутагдалтай байна. Өмнө хийсэн ЖДҮ-н судалгаанаас харахад Монголд хамгийн амжилттай яваа Жижиг Дунд Үйлдвэрүүдийн нийтлэг шинж нь Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс ажиллуулдаг харагдсан. Тэгэхээр тэр төмөр ёонкс байна уу, оймс байна уу дотоодын зах зээл дээр хүртэл илүү “нөү хау”-тай хүмүүс амжилт олж байна. Харин “макро” түвшиндээ манайх үйлдвэр үйлчилгээ хөгжих суурь дэд бүтэц туйлын дутагдалтай байсаар ирсэн. Суурь дэд бүтэц гэдэг нь цахилгаан, дулаан, тээвэр ложистикийн бүтцийг хэлж байгаа юм. Даа ялангуяа үйлдвэрлэлд чиглэгдсэн дэд бүтэц байхгүйгээс манай бүтээгдэхүүний зардал өндөрсөж, зарим үйлдвэрүүд баригдах боломжгүй байгаа юм. Ийм дэд бүтэцтэй газрын үнэ хадаж, хэдэн сая доллараар үнэлэгдэж байна. Улмаар гадны хөрөнгө оруулалтаар барихаар тохиролцсон үйлдвэрүүд хүртэл дэд бүтэцтэй газар хэт үнэтэй эсвэл олдохоо болиод буцаад гараад явчихаж байна. Ийм үнэтэй газар дээр барихад ганц ашигтай гардаг зүйл гэвэл орон сууц. Хорь, гучин давхар бариад нэг метр квадрат дээр нь шингээхэд ашигтай гарна. Гэтэл үйлдвэрийг тэгж хорь гучин давхараар барих боломжгүй байдаг.
-Одоогоор нийт экспортлож буй бүтээгдэхүүний 90 гаруй хувь ашигт малтмал, тав зургаан хувь амьтны гаралтай бүтээгдэхүүн байна. Ирээдүйд Монгол Улс үйлдвэрлэж, экспортлох боломжтой бүтээгдэхүүнийг яаж сонгож авсан нь дээр вэ. Энэ тал дээр ямар нэг аргачлал байдаг уу?
-Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлнө, үүнээс хамгийн чухал зүйл бол тэр бүтээгдэхүүнийг “чанартай” хэрэглэгчид тохирсон үйлдвэрлэнэ гэдэг миний түрүүнд хэлдэг “нөү хау”. Үйлдэрлэлд шаардсан санхүү мөнгийг босгоод эсвэл зээлээд авчихаж болно, техник технологийг худалдаад авчихна, гэтэл түүн дээр ажиллаад яг шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргаад тэрийгээ гадаадад худалдааны гэдэг бүх шатандаа үүнийг хийх “боловсон хүчин” буюу тэгж хийх чадвартай “нөү хау”-г шаардаж байгаа. Харвардын Их Сургуулийн Рикардо Хаусманн гэдэг эрдэмтний гаргасан аргачлал бий. Тэр аргачлалын дагуу Монголд өнөөдөр байгаа “нөү хау” дээр үндэслээд эсвэл бага зэрэг сайжруулахад ямар бүтээгдэхүүн гаргах боломжтой вэ гэдгийг гаргадаг. Энэ бол эхний арга юм болов уу. Хоёрдахь арга бол бид өөрсдөө өнөөдөр байгаа нөхцөл байдалд тохируулаад ямар стратегийнэ мөрий тавьж нэг салбар бүтээгдэхүүн сонгох вэ гэдэг арга. Цаад санаа нь гэвэл энэ их өрийн дарамтанд байгаа тохиолдолд их капитал зарцуулахгүй, хэт их олон “хамтын нөү хау” нэхэхгүй тийм салбарыг тодорхойлж өгөх юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд бодлого тодорхойлогчид зорилт тавьж ажиллахгүй л бол хувийн хэвшлийнхнийг хараад урсгалаар явна гэвэл их цаг алдах юм шиг санагддаг.
