Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

Э.Одхүү: Залуус тестестерон агуулсан уургийн бэлдмэл ихээр хэрэглэж байгаа нь үргүйдэлд хүргэж байна

Э.Одхүү: Залуус тестестерон агуулсан уургийн бэлдмэл ихээр хэрэглэж байгаа нь үргүйдэлд хүргэж байна
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 29
Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүүг Эрүүл монгол буландаа урилаа. 
Тэрээр Австрийн Вена хотод докторын судалгаагаа хийж, “Монгол хүний насжилтад антиоксидант болон проксидант тогтолцооны оролцоо” сэдвээр докторын зэргээ хамгаалсан бөгөөд Японы “Kato Ladies Clinic”-т эмбриологч болон үргүйдлийн эмчээр суралцсан туршлагатай.
Мөн Япон улсад өргөн хэрэглэдэг үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэн, нутагшуулж өдгөө АШУҮИС-ийн багш, RMC (Regenerative Medical Center) эмнэлгийн эмчээр ажиллаж байгаа юм. 
Бид Э.Одхүү доктортой үргүйдэлд нөлөөлж буй хүчин зүйлс,  үр шилжүүлэн суулгах технологийн талаар ярилцлаа. Тэрээр  Монгол Улс дахь хүн амд суурилсан үргүйдлийн тархалтын талаар үндэсний хэмжээнд хийсэн судалгааны төслийн удирдагчаар ажилласан юм.      
-Ярилцлагын эхний асуултаа Монгол Улс дахь хүн амд суурилсан үргүйдлийн тархалтын талаарх судалгааны үр дүнгээр эхлүүлье?   
-АШУҮИС дээр Шинжлэх ухааныг дэмжих сангийн санхүүжилтээр Монгол Улс дахь хүн амд суурилсан үргүйдлийн тархалтын талаар үндэсний хэмжээний томоохон судалгааг хийж байна.  Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүс болох  Баруун, Зүүн, Хангайн болон Төвийн бүс, Улаанбаатар хотын 2000 орчим гэр бүл нийт 4000 орчим хүнийг хамруулсан. Төслийн хүрээнд Монгол Улсын хүн амд суурилсан үргүйдлийн тархалтыг тодорхойлж, үргүйдлийн шалтгаан, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоосон.
ДЭМБ-ын томьёоллоор тогтмол бэлгийн харилцаанд ордог, жирэмснээс хамгаалахгүй байгаа мөртлөө 12 сарын хугацаанд  жирэмслэхгүй байгаа тохиолдлыг үргүйдэл гэж нэрлэдэг.
Бидний судалгааны үргүйдэлтэй гэр бүл гэдэг шалгуурт хүүхэдтэй болохыг хүсч байгаа,  тэгсэн мөртлөө хүүхэд олдохгүй гэр бүлийг хамруулсан бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 7.5 хувь нь үргүйдэлтэй байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Гэхдээ энэ бол зөвхөн хүүхэдтэй болохыг хүсээд байгаа мөртлөө үргүйдэлтэй байгаа хүмүүсийн тархалтын тоо юм. Үүн дээр гэр бүлгүй, эсвэл хүүхэдтэй болох оролдлого хараахан эхлээгүй байгаа, эсвэл хүүхэдтэй болсон хэдий ч дахин оролдлого хийж эхлээгүй хирнээ далд хэлбэрийн онош тодроогүй үргүйдлийн тохиолдлууд нэмэгдвэл Монгол Улсад үргүйдлийн тохиолдол өсөх хандлагатай гэж хэлж болно. 
 Үргүйдлийн тохиолдлыг хүйсээр нь авч үзэх юм бол, үргүйдэлтэй хүмүүсийн 55.2 хувь нь эмэгтэй шалтгаантай, 35.9 хувь нь эрэгтэйгээс шалтгаалсан, 8.9 хувь шалтгаан тодорхойгүй байгаа юм.   
Эмэгтэйгээс шалтгаалж буй үргүйдлийн 55.2 хувиас 38.6 хувь нь өндгөн эс гадагшлахгүй байгаатай холбоотой, 25.4 хувь үр дамжуулах сувгийн шалтгаантай, 16.7 хувь нь шалтгаан тодорхойгүй, 11.4 хувь умайн гаралтай, 7.9 үргүйдлийн бусад шалтгаантай байгаа юм.
Харин эрэгтэй үргүйдлийн 31.7 хувь нь азоосперми, 48.8 хувь нь олигозоосперм, 7.3 хувь нь тератазоосперми, 12.2 хувь нь астенозооспермийн  шалтгаантай байгаа юм.  
Үргүйдэлд хүргэж буй түгээмэл шалтгаан нь эмэгтэйчүүдийн хувьд үр дамжуулах сувгийн алдагдалтай байгаа юм. Үр дамжуулах сувгийн хоолойд эр, эм бэлгийн эс үр болж тогтоод тав хоног амьдардаг.  Гэтэл үр дамжуулах сувагт битүүрсэн, наалдац үүссэн эсвэл усархаг шингэн хуримтлагдсан зэрэг шалтгаанаар үр тогтох боломжгүй нөхцөл үүсдэг. 
Үр дамжуулах сувагт наалдац, битүүрлийг үүсгээд байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, бэлгийн замын халдварт өвчнүүд. Хоёрт, хэвлийн хөндий идээт үрэвслүүдээр өвдөөд хэвлийн гялтангийн наалдац үүсдэг. Бага насандаа мухар олгойн хагалгаанд хүндрэл өгөх, цөсний хүүдийн хагалгааны дараах хүндрэл, гэдэсний түгжрэлийн хагалгааны дараах хүндрэл болон бусад хэвлийн хөндийн мэс заслын дараах хүндрэл зэргээс шалтгаалан үр дамжуулах сувагт наалдац үүсч, улмаар үргүйдэлд хүрэх тохиолдлууд нэлээдгүй байдаг.
Харин үр дамжуулах сувгийн битүүрлийн тухайд умайн хөндийд ямар нэг мэс ажилбар хийгээд тэр нь хүндэрсэн, эсвэл хүсээгүй жирэмслэлтийн улмаас аборт хийлгээд дутуу цэвэрлэсэн, эсвэл бохир хийсний улмаас халдвар дамжих нөхцөл бий болж битүүрэл үүсэх нөхцөл бүрэлддэг. Түүнчлэн хувийн ариун цэвэр сахиагүй эсвэл бэлгийн замаар дамжих өгсөх халдварууд үр дамжуулах сувагт наалдац, битүүрэл үүсгэж болдог.
Мөн манай улсад эмэгтэй шалтгаант үргүйдлийн дунд нэлээдгүй тохиолдож буй шалтгааны нэг нь бамбайн үйл ажиллагааны алдагдлууд хамгийн их сөрөг нөлөөтэй байдаг. Эмэгтэй хүн бамбайн үйл ажиллагааны дутагдал болоод бамбайгаас ялгарч байгаа дааврууд дутагдаад эхлэхээр нэгд, өвчтөнөөс өндгөн эс гадагшилдаггүй, хоёрт, үр хөврөлийг хүлээж авдаг умай бэлтгэгдэж өгдөггүй, гуравт, бэлтгэгдээд хүлээж авсан умайд тогтсон үр хөврөл өсч байх ёстой байтал бамбайн дааврын дутлаас болоод хөврөлийн өсөлт нь зогсоод улмаар зулбаад байдаг.  Бамбайн дутагдалтай эмэгтэйчүүд зулбах магадлал нь 2.6 дахин их өндөр байгаа нь бидний судалгаагаар тогтоогдсон. Судалгаанд хамрагдсан үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дөрвөн эмэгтэй тутмын нэг нь бамбайн үйл ажиллагааны алдагдалтай байгаа юм.  
Улаан махыг хэтрүүлэн хэрэглэх нь бэлгийн эсийн үүсэлт, хөгжилтөд  сөргөөр нөлөөлдөг 
undefined
-Тэгвэл эрэгтэйчүүдийн үргүйдэлд ямар хүчин зүйлс голлон нөлөөлж байна вэ?
-Үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн хувьд эр бэлгийн эсийн тоо цөөхөн, үр тогтоох чадамжгүй, эсвэл эр бэлгийн сульдалтай тохиолдлын тоо их байгаа юм. Мөн зарим эрэгтэйчүүдийн хувьд үрийн шингэнд нь эр бэлгийн эс огт байхгүй тохиолдол их байна.   Үүнд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байгаа юм.
Тухайлбал, заг хүйтэн өвчний халдвар авсан эрэгтэйн үрийн шингэнд бэлгийн эс байхгүй байх тохиолдол байдаг. Судалгааны үр дүнгээс харахад халдвар авсаны дараа үрийн шингэнд эр бэлгийн эсгүй байх эрсдэл нь гурав дахин өндөр байдаг.  
Сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа шалтгааны нэг нь тестостероны тариа болон тестостерон агуулсан уургийн нэмэлт бэлдмэлийн хэрэглээ. Фитнессээр хичээллэх үедээ булчингийн массаа нэмэгдүүлэх зорилгоор энэхүү бэлдмэл болон тариаг залуучууд ихээр хэрэглэх болсон.      
Энэ нь булчингийн массыг нэмэгдүүлдэг хэдий ч эрэгтэй хүний өнчин тархинаас ялгарах бэлгийн дааврыг дарангуйлах замаар төмсгөнд эр бэлгийн эс үүсэх үйл явцыг  саатуулж улмаар  үргүйдэлд хүргэдэг.  
Тухайлбал, тестестероны тариаг хэр удаан тариулснаас хамааран нэг жилээс дээш хугацаа өнгөрч байж эр бэлгийн эсийн өсөлт, үржилт сэргэж эхэлдэг. Иймээс энэ асуудлыг ард түмэнд сайтар ойлгуулахгүй бол энэ нь эрэгтэй шалтгаант үргүйдлийг ихэсгэх улмаар үндэсний хэмжээнд анхаарах ёстой чухал асуудал болоод байна. Мөн зарим уургийн бэлдмэлүүд нь уг дааврын агууламжтай байдаг. Энэ нь эргээд нэг бол эр бэлгийн эс огт байхгүй болгож болно, эсвэл эр бэлгийн эсийг цөөрүүлж, эрт бэлгийн эсийн чадамжийг алдагдуулснаар үргүйдэлд хүргэж байна.      
Түүнээс гадна хөдөлгөөний дутагдалтай,  буруу хооллодог, архи, тамхи хэрэглэдэг, хэт их өөх тос, уураг хэрэглэдэг, байнгын стресстэй ажиллаж байгаа эрэгтэйчүүдийн бэлгийн эсийн тоо цөөн байх тохиолдол байна.  Тухайлбал, өөх тос, уураг ихээр агуулсан улаан махыг хэтрүүлэн хэрэглэх нь исэлдэлтийн процессыг нэмэгдүүлж бэлгийн эсийн үүсэлт, хөгжилтөд  сөргөөр нөлөөлж байдаг.
Мөн стресстэй, цаг наргүй ажилладаг бол судасны тонусын зохицуулга, бие махбодийн хэвийн ажиллагаа алдагдаж, цусны эргэлтийн хуваарилалт өөрчлөгдөөд эхэлдэг. Ингэснээр төмсгөнд очиж байгаа цусан хангамж алдагдаж, улмаар эр бэлгийн эсийн тоо цөөн байх хүчин зүйл болдог.      

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийг эсийн төвшинд эмчлэх шинэ технологийг нэвтрүүлнэ

undefined
-Үргүйдлийг эмчлэх, үр шилжүүлэн суулгах технологийг Монголд хэр үр дүнтэй нутагшуулж байна вэ. Таны хувьд үр шилжүүлэн суулгах япон технологийг Монголд нутагшуулсан гэсэн. Үргүйдлийн эмчилгээний талаар хуваалцахгүй юу?  
-Үргүйдлийн эмчилгээний тухайд Монголд олон дэвшилттэй технологиуд нэвтэрч байна. Үргүйдлийг эмчилдэг гурван төрлийн эмчилгээ бий. Нэгд, үргүйдэлтэй хосуудад бэлгийн харьцаанд орох хугацаа тогтоох арга. Хоёрт, эр бэлгийн эсийг угааж цэвэрлээд умайн хөндийд цацах арга. Гуравт, үр шилжүүлэн суулгах арга. Эхний хоёр аргаар нийт үргүйдэлтэй хүмүүсийн  30 орчим хувийг эмчлэх боломжтой байдаг. 
Үр шилжүүлэн суулгах хагалгаа бол өндөр технологийн эмчилгээ. Тусгай  зориулалтын лаборатори,  түүнд ажиллах мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй байдаг. 2015 онд анх АШУҮИС дээр гарааны компани байгуулж үр шилжүүлэн суулгах Япон технологийг нэвтрүүлсэн. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд үр шилжүүлэн суулгах технологиор 300  орчим гэр бүлийг хүүхэдтэй болгосон. Одоогоор АШУҮИС-ийн багш нарын эхлүүлсэн RMC үр шилжүүлэн суулгах үндэсний төвд ажиллаж байна. Уг төв маань үндэсний хэмжээнд үйлчлэх бөгөөд энэ зургадугаар сараас тогтмол үйл ажиллагаа эхэлж байгаа.  Эмнэлэг маань зөвхөн үргүйдлийг эмчилж, үр шилжүүлэн суулгахад чиглээгүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Япон улсын үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийг Монголдоо нэвтрүүлж, нутагшуулаад тодорхой үр дүнд хүрчихлээ. Одоо дараагийн алхам бол Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа өвчнүүдийг эсийн төвшинд эмчлэх шинэ технологийг нэвтрүүлэх юм. Нэг үгээр хэлбэл, эмнэлгийн маань хэтийн зорилго эсийн эмчилгээний технологийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, чихрийн шижин өвчтэй хүний инсулин ялгаруулдаг эсийг нь өсгөөд тэр хүнд буцаагаад суулгах технологи нэвтрүүлбэл Монголдоо чихрийн шижингийн эмчилгээний нэг арга нэмэх боломжтой. Мөн саажилттай буюу мэдрэлийн эсүүд нь хөгжөөгүй хүүхдүүдэд хийдэг эмчилгээний шинэ технологи болох үүдэл эсийг ургуулж, түүгээр нь мэдрэлийн эсийг нь хөгжүүлж, нөхөн төлжих үйл явцыг нь сайжруулж болно.  
Мөн Монголд хамгийн тулгамдаж буй асуудлын нэг бол хавдрын өвчлөл байдаг.  Гэтэл дэлхий нийтэд хавдартай өвчтөний өөрийнх нь хавдар өвөрмөц дархлааны эсүүд эсвэл хавдар  өвөрмөц уургуудыг ялгаж улмаар хавдрыг эмчилж байна. Тиймээс анагаахын салбарт нэвтрээд буй эсийн эмчилгээний олон аргуудыг судалж, улмаар Монголдоо нэвтрүүлж, нутагшуулах зорилго тавин ажиллахаар хичээж байна.
-Та доктороо“Монгол хүний насжилтад антиоксидант болон проксидант тогтолцооны оролцоо” сэдвээр Австрид судалгаа хийж хамгаалсан. Докторын судалгаа, үр дүнгийн талаар хуваалцахгүй юу?   
-“Монгол хүний насжилтад антиоксидант болон проксидант тогтолцооны үүрэг” сэдвээр Анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан. Эсийн гэмтэл, эсийн хөгшрөлт, эс чанаргүй байх, эс сөнөж мөхөх үед чөлөөт радикалууд яаж хэрхэн оролцдог, антиоксидантууд яаж хамгаалдаг, үүрэг оролцоо,  монгол хүнд хэрхэн, яаж явагддаг талаар судалж байсан.    
Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг буруу байдаг. Энэ буруу хэв маяг нь монгол хүмүүсийн бие махбодид исэлдэлтийн процессийг идэвхжүүлж, энэ улмаар насжилт, цусан дахь өөх тосны бодисыг солилцоо, судасны хатуурал, судасны уян хатан чанарын алдагдал зэрэгт нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон. Исэлдэлтийг ихэсгэдэг гол хүчин зүйл буруу хооллолт, агаарын бохирдол, тамхи, архины хэрэглээ байдаг.  Исэлдэлт ихсэхээр антиоксидантын хамгаалах тогтолцоо суларч, улмаар амархан хөгшрөх, судас хатуурах, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болохыг илрүүлсэн судалгааны ажлаар хамгаалсан. Ер нь антиоксидант хамгаалах чадвар наснаас хамаарч буурдаг тул нас ахих тусам уг хамгаалах тогтолцоог сайжруулахын тулд хүнсний ногоо, жимс жимсгэнийг тогтмол хэрэглэж байх нь чухал хэмээн судалгааны зөвлөмж гарсан байдаг.
-Ярилцсанд баярлалаа.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн