Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас ШХАБ-д элсэх, эсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх уриалга гаргаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ХҮН намын дарга Б.Найдалаа “ШХАБ-д элсэх, эсэх асуудал нь Монгол Улсын ирээдүйг олон жилээр тодорхойлж явах нөлөөтэй, түүхэн чухал шийдвэр тул өнөөгийн төр засаг судалгаа шинжилгээ бага, итгэл үнэмшил муутайгаар богино хугацаанд яаран шийдвэрлэх ёсгүй юм. Учир нь:
-Энэ шийдвэр бол нэг байгууллагад гишүүн болох төдийн асуудал биш Монгол Улсын хөгжлийн бодлого, хөгжлийн арга замд шууд нөлөөлөх асуудал
-Монголчуудын зуун жилээр хүсч тэмүүлж, амиа зориулж, тэмцэж ирсэн тусгаар, бие даасан байдалд ямар нэг байдлаар тусгалаа олох, цаашид нөлөөлж болох асуудал
-Ийм чухал асуудлыг одоо засаг барьж байгаа эрх баригчид , цөөн улс төрчид иргэдээсээ мэдээлэл нуун, хаалттай хуралдаанаар шийдвэр гаргах нь цаашид Монголчуудын дунд үл итгэлцэл бий болгох, хардалт, эв нэгдэлд харш үйлдэл
-Улс орны ирээдүй олон арван жилийн өнгийг тодорхойлох чухал асуудлыг өнөөгийн дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон, ард олны дунд нэр хүнд нь илт унасан намууд , улс төрчөөр шийдүүлэх, итгэл хүлээлгэх боломжгүй онц чухал асуудал
Тиймд ШХАБ-д элсэх, эсэх асуудлыг ард нийтийн санал асуулга явуулж шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газарт хандан уриалж байна” гэлээ.
Т.Доржханд: ШХАБ-д элссэн орнууд 2025 он хүртэл эдийн засгийн чиглэлд хамтарч ажиллахгүй гэсэн тохиролцоотой
Монгол Улс ШХАБ-д элсэх нь эдийн засгийн хувьд ямар ашиг, хожилтой талаар Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөх асан, эдийн засагч Т.Доржханд “Монгол Улс эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаатай нэлээд олон байгууллага бий. Тухайлбал, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад байдаг. Одоогоор 31 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Үүнээс 600 орчим сая долларыг Монгол Улс аваад төслүүдээ санхүүжүүлчихсан байгаа. Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны “Түмэн бүс” гэж хөтөлбөр байдаг. Мөн адилхан эдийн засгийн чиглэлийн хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хамтын ажиллагаатай байгууллагын зорилго, зорилт, түүнээс хүртэж байгаа үр өгөөж ил тод байгаа юм.
Гэтэл ШХАБ-д элслээ гэхэд эдийн засгийн чиглэлд хамтран ажиллах, цаашдаа бидэнд ийм давуу талыг бий болгоно гэсэн тодорхой хөтөлбөр чиглэл алга байна. Бодлого тодорхойлдог хоёр хөрш маань нэг ОХУ улс төр, цэргийн асуудал дээр хамтаръя гэдэг бол Өмнөд хөрш эдийн засгийн асуудал дээр илүү оролцоотой байя гэсэн зарчмын зөрүүтэй байдаг. Үндэслэл нь юу гэхээр урд хөрш маань ШХАБ-ын хүрээнд Хөгжлийн банк байгуулъя, дээрээс нь Нэг бүс нэг зам хятадын санаачлагыг цааш өргөжүүлж явах хамгийн том зүйл бол ШХАБ байх юм.
Ер нь бол ШХАБ-д элссэн улс орнууд 2025 он хүртэл эдийн засгийн чиглэлд хамтарч ажиллахгүй гэсэн тохиролцоотой байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааг 2025 он хүртэл хийхгүй гэсэн ойлголцлын бичиг байгаа юм. Тэгэхээр 2025 оноос хойш бидэнд эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй, ашигтай эсэх талаар ярих болно. Ер нь одоогоор ШХАБ-д элссэн орнуудын эдийн засаг сайжирсан, эдийн засгийн хүрээнд тодорхой төсөл, прожект хэрэгжсэн зүйл алга байна.
Тиймд зөвхөн эрх барьж байгаа цөөн тооны албан тушаалтнууд шийдээд явах юм бол Монгол Улсын ирээдүйн 50, 100 жилийн асуудал яригдаж байна. Хөгжлийн асуудал яригдаж байна. Тэгэхээр хариуцлагатайгаар олон нийтийн оролцуулах ёстой юм.
Улс орнууд олон улсын томоохон байгууллагад элсэхийн тулд зөвхөн УИХ, Засгийн газрын төвшинд ярьдаг бус иргэдээр хэлэцүүлдэг, санал асуулга явуулдаг жишиг ч бий. Тухайлбал, Англи улс ЕХ гаръя гээд иргэдээс санал асуулга авч шийдвэрлэсэн байдаг" гэлээ.