Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Ч.Ганжавхлан: Залуу хүн хэн нэгний няцаалтад бүдрэх жижиг мөрөөдөлтэй байж болохгүй

Ч.Ганжавхлан: Залуу хүн хэн нэгний няцаалтад бүдрэх жижиг мөрөөдөлтэй байж болохгүй
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 18
"Харах өнцгөө өөрчилье" сэдэвт арга хэмжээг өчигдөр АШУҮИС дээр зохион байгуулж, зочноор Лантуун дохио ТББ-ын үүсгэн байгуулагч, "Ид шидийн орон" төслийн удирдагч Ч.Ганжавхлан уригдан "Боломж ба түүний үнэ цэнэ" сэдэвт лекц уншлаа. 
Би 16 настайдаа гадаад сургуульд явж байсан. Бизнесийн чиглэлээр БНСУ, АНУ, Хятад зэрэг улсуудад суралцаж төгссөн. Гэхдээ миний хувьд мэргэжлээрээ ажиллана гэж боддог байлаа. Одоогийнх шиг надад том мөрөөдөл байгаагүй. Хүмүүнлэгийн ажил сайн үйлсийн аян, нийгмийн ажил хийнэ гэж өөрийгөө төсөөлөөгүй явсан. Бага байхаасаа нийгмийн идэвхтэй байгаагүй. Гэтэл нэг л өдөр миний амьдрал маш том эргэлтийн цэг бий болсон. Хийх ёстой зүйл маань юу вэ гэдгийг надад ойлгуулж, намайг дуудсан. Энэ бол шашны ямар нэг үзэл суртал биш шүү. 
Нэг өдөр ажлаа тараад гэрлүүгээ явж байтал "хүний наймааг зогсооё" гэсэн лоозон барьсан нэг гар, нэг хөлгүй хүн сууж байсан. Тэр хүнийг Ганзориг гэдэг. Охиноо хүний наймаанд хулгайд алдаж, түүнийхээ хойноос тэмцэж эцэстээ арга барахдаа тэмцээд гудамжинд сууж байсан. Охиныг нь Дарь эхийн уулын энгэрт дөрвөн охины хамт хориод, биеийг нь үнэлүүлж байсан байгаа юм.  Тэгээд тэр хүнтэй хамт олон газраар явсан ч сарын дараа Ганзориг гуайн амийг нь хороочихсон юм. Гэхдээ тэр хүн өөрийнхөө амь насаар Монголын залуучууд лантуун мэт том дохиог өгөөд хорвоог орхисон. Тэр бодлоос анх Лантуун дохио ТББ-аа байгуулж байсан. Хийж байсан ажлаа орхиод сайн дурын ажил, хэлмэгдсэн, эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн төлөө ажиллаж, туслах ёстойгоо ухаарсан. Анхандаа дарамт шахалт маш их ирдэг, байраа хүртэл шатаалгаж явсан. 
Өнөөдөр би энд  "Боломж ба түүний үнэ цэнэ " сэдвийн хүрээнд хоёр зүйлийн талаар хуваалцахыг хүссэн юм. 
Өнөөдрийн Монголын нийгэмд хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдөж байгаа маш олон хүн бий. Хөрш айлгүй, хэн нэгэн мэдээгүй үйлдэгддэг хүчирхийлэл гэж хаана ч байхгүй. Хэн нэгэн хүчирхийлэлд өртөж л байгаа бол түүнийг мэдэж, харж байгаа хүн байж л байдаг. Гэтэл бид түүнд "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэдэг сэтгэлгээгээр хандаад байдагт асуудал байгаа юм. Монголчууд болохгүй, бүтэхгүй байгаа бүх асуудлаа өөрсдөө мэдэж харж байдаг. Гэхдээ билгийн нүд буюу хүнийг хайрлах, хүүхдээ анхаарах нүд нь сохорчихсонд учир байгаа юм. Монголчуудын асуудлыг хүлээж авч түүнд хандаж байгаа хандлага долоо хоногийн настай байдаг. Долоо хоногийн дараа өнөөдөр ярьж байсан сэдвээ мартаад бензиний үнэ, эсвэл утаа гээд яриад явчихдаг. Энэ л хамгийн том асуудал юм. Би нүдээ нээх хэрэгтэй. Энд хүрэлцэн ирсэн залуус маань ч гэсэн хэн нэгний эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байхад битгий хажуугаар нь мэдээгүй юм шиг өнгөрөөсэй гэж хүсэж байна.  Та бүхний хүн нэг бүрийн оролцоо, хандлага чухал юм. Бид өнөөдөр хариуцлагатай иргэдийг бий болгосноор хүчирхийллийн эсрэг тэмцэж чадах юм. 
Залуу хүн хэн нэгний няцаалтад унах жижиг мөрөөдөлтэй байж болохгүй 
Миний хувьд өнөөдрөөс жил хоёр сарын өмнө Ид шидийн оронг байгуулна гэсэн мөрөөдөл, итгэлээс өөр надад юу байгаагүй. Гэхдээ өнөөдөр Ид шидийн орныг босгож чадсан, өнөөдөр хүүхдүүдээ авчихсан байгаа. Энэ хугацаанд маш олон дарамт шахалт, бүтэлгүйтэл, няцаалттай таарсан. Бүтээчихсэн ,хийчихсэн юм шиг итгэл үнэмшлээс өөр зүйл байгаагүй. Ид шидийн оронг бүтээнэ гэж төсөөлдөг, мөрөөддөг, хийж чадна гэдэгтээ л бүрэн дүүрэн итгэлтэй байсан. Чадахгүй гэж ганц удаа бодож, эргэлзэж, шантарч байгаагүй, гагцхүү яаж хийх вэ гэдэг арга замаа л хайж байсан. 
Яг үнэндээ ямар нэг зүйлийг хийж бүтээе гэхээр гэр бүл, найз нөхөд гээд ойр тойрны хүмүүсээс эхлээд няцаалт хийж, болохгүй бүтэхгүй гэсэн мэссэж явуулж эхэлдэг. Урам өгөхийн оронд мөрөөдлийг минь унагах гээд унтраадаг хүмүүс ч байсан. Гэхдээ залуу хүн тиймэрхүү зүйл дээр ганхах хэмжээний жижигхэн мөрөөдөлтэй байж болохгүй. Монголчууд сайн зүйлийн төлөө нэгдэж чадвал хийж, бүтээж чаддаг гэдгийг харуулсан том үлгэр, жишээ бол Ид шидийн орон. Хөдөөний малчнаас эхлээд есдүгээр ангийн охин хүртэл зурсан зургаараа үзэсгэлэн гаргаад хандив өргөн энэ ажилд оролцсон. Ид шидийн орон бол дан ганц миний биш Монголчууд бидний нэгдээд бүтээсэн байр. Ид шидийн орны байнгын санхүүжилтийг гэхэд АНУ-д амьдарч байгаа иргэд өдөрт нэг доллар өгч санхүүжүүлдэг. Бид нэгдэж чадах юм болохгүй, бүтэхгүй зүйл үгүй гэж боддог. Цаашдаа Ид шидийн оронг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулах мөрөөдөлтэй байгаа. Гэхдээ би ганцаараа биш бид хамтдаа бүтээнэ гэж бодож байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн