Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Петровис: Шатахууны импортын үнэ өсөөд байвал бид дагаад үнээ нэмэхээс өөр аргагүй

Петровис: Шатахууны импортын үнэ өсөөд байвал бид дагаад үнээ нэмэхээс өөр аргагүй
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 5
Шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар Петровис группээс тодруулахад, дараахь тайлбарыг өглөө. 
-Шатахууны үнэ он гарсаар 2-3 удаа нэмэгдлээ. Шатахууны үнэ ямар шалтгаанаар ингэж ойр, ойрхон өсөөд байна вэ?  
-Олон улсад брент нефтийн баррелийн үнэ 2017 оны зургаадугаар сараас хойш энэ оны есдүгээр сарын байдлаар 47.92 ам.доллараас 77.89 ам.доллар болж буюу баррель нь 30 ам.доллараар  өсөөд байна. Үүнтэй холбоотойгоор Роснефтийн үнэ өнгөрсөн оны зургадугаар сараас хойш энэ оны есдүгээр сарын байдлаар АИ-80 дээр тонн тутамд 543 ам.доллараас 691 ам.доллар болж 148 ам.доллараар; АИ-92 дээр 573 ам.доллараас 721 ам.доллар болж тонн тутамд мөн 148 ам.доллараар, дизель түлш дээр 502 ам.доллараас 673 ам.доллар болж тонн тутамд мөн 171 ам.доллараар өссөн. 
Мөн бид шатахууныг худалдаж авахдаа зөвхөн ам.доллараар тооцоо хийдэг учраас валютын ханш өртөгт, улмаар борлуулалтын үнэд нөлөөлдөг. Энэ оны зургаадугаар сард ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч 2390 гаруй төгрөг байснаас 2470 төгрөг болж өөрчлөгдсөн. Ийм шалтгаануудаар шатахууны үнэ нэмэгдэж байна. Түүнчлэн 2017 онд хоёр үе шаттайгаар нэмэгдүүлсэн онцгой татварыг 2018 оны нэгдүгээр сард өөрчлөхдөө АИ-80, АИ-92 дээр тэглэсэн боловч А95, А98, дизель түлш дээр хэвээр мөрдөгдөж байгаа юм.      
-Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Шатахуун импортлогчид үнээ нэмсээр байх уу?  
-ОХУ-ын импортын хилийн үнэ 8-10 ам.доллараар нэмэгдэнэ.  Тэгэхээр АИ-92, АИ-80 шатахууны үнэ зах зээлийн үнийн төвшинд бага хэмжээгээр нэмэгдэнэ. Харин дизель түлшний үнэ эрс өсөх хандлагатай гэж харж байна.  Учир нь өвлийн дизель, зуны дизель хоёр өөр үнэтэй байдаг. Өвөл болохоор дизелийн импортын үнэ нэмэгддэг. Дээрээс нь татвар өндөр байгаа тохиолдолд дизель болон АИ-95, АИ-98 үнэ эрс өснө. Засгийн газраас  зөвхөн АИ-80, АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэсэн. Дизель болон АИ-95, АИ-98 бензиний татварыг тэглээгүй. Тийм учраас дизель болон АИ-95, АИ-98 300-400 төгрөгийн илүү үнэтэй байгаа юм.  
Шатахуун импортлогчид бол бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалаж, тээвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг цөөн нэр төрлийн бараатай аюулгүй ажиллагааны онцгой нөхцөл бүхий дэлгүүр гэж болно. Гэтэл бүтээгдэхүүний гадаад үнэ нэмэгдвэл бид үнээ дагаад нэмэхээс өөр аргагүй. Шатахуун импортлогчид хүссэн үедээ бүтээгдэхүүний үнээ нэмдэг юм биш бид аль болох зах зээлийн үнийн хөдөлгөөнийг дагаж байна. Өмнөх жилүүдэд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахад үнээ буулгаагүй шалтгаан нь тэр үед Засгаас онцгой татвараа нэмж байсан учраас бидний хувьд үнээ буулгахх боломжгүй байсан. Цаашид хэрэв нефтийн үнэ унахад Засгийн газраас онцгой татвараа нэмэхгүй бол үнэ буурах боломжтой.    
-Шатахууны Үнийн зөвлөл хуралдсан уу. Шатахууны үнэ нэмэгдэх талаар санал хүргүүлсэн үү?
-Шатахууны өртөг болон үнийн асуудлаар тухай бүрт бид холбогдох төрийн байгууллагуудад хандаж ярьж хэлэлцэж байдаг. Он гарснаас хойш 2, 3 удаа хуралдсан. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн