Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжууртай ярилцлаа.
Тэрээр эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажилласан ахмад инженерүүдийн нэг бөгөөд ТЭЦ-III-д ерөнхий инженер, Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга, Түлш эрчим хүчний яаманд ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай юм.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот даяар, мөн зарим аймагт цахилгаан тасарч, тэг зогсолт хийлээ. Үүний шалтгааныг мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-ТЭЦ-IV дээр засварын ажилтай холбоотой томоохон сэлгэн залгалт хийх явцад үйлдлийн алдаа гаргасан нь хувь хүний хариуцлагатай холбоотой хэмээн салбарын сайдын зүгээс тайлбарлаж байгаа харагдсан. Хувь хүний хариуцлагагүй алдаанаас бол ТЭЦ-IV тэр чигээрээ тэг зогсолт хийж, гурав дахин бага хүчин чадалтай ТЭЦ-III үлдсэн ачааллыг нь дийлэхгүй болж, улмаар Улаанбаатар хот даяар, мөн таван аймаг цахилгаангүй болсон байгаа юм. Гэхдээ үүнийг дан ганцхан хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэж тайлбарлаж болохгүй юм. Нэгдүгээр шалтгааныг хувь хүний алдаанаас үйлдэлтэй гэж хэлж болно. Түүнээс болж ТЭЦ-IY тэг зогсолт хийсэн байж болно. Харин ТЭЦ-III ачааллаа дийлэхгүй болж Улаанбаатар хот, таван аймаг тэр чигээрээ цахилгаангүй болсон явдал бол эрчим хүчний салбарын бодлогын алдаа. ТЭЦ-IV зогссон ч Улаанбаатарыг цахилгаанаар хангах нөөцтэй байх ёстой. Хамгийн багадаа цахилгаан эрчим хүчний чадал нь 20 хувийн нөөцтэй байх ёстой юм. Дэлхийн улс орнуудын хувьд ч ийм байдаг. Гэнэтийн аваар осол гарсан, өндөр ачаалалтай үед зарцуулдаг нөөцтэй байх ёстой. Гэтэл манайд ийм нөөц алга. Хэрвээ бид Тавдугаар цахилгаан станцыг барьчихсан байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байлаа.
-Саатлаас үүдэн улсад хэр хэмжээний хохирол үүссэн бол. Мэргэжлийн хүний хувьд эдийн засгийн хор хохирлыг тооцоолж үзсэн үү?
-Хохирлын тооцооллыг Улаанбаатар хотын захиргаа тооцож гаргах ёстой. Цахилгаанаас үүдэж хэчнээн үйлдвэр зогссон, хэчнээн мянган айл тоггүй болсон, үүнээс үүдээд хэдэн сая төгрөгийг хохирол учирсныг тооцоолох ёстой. Гэтэл манайд ийм тогтолцоо, жишиг алга байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудад, тухайлбал, таван жилийн өмнө АНУ-д цахилгааны ийм аваарь гарч байсан. Тухай бүрт нь хор хохирлын хэмжээг тооцоолж гаргаад олон нийтэд мэдээлдэг.
Энэ бол нэг хүний хариуцлагаас гадна салбарын бодлогын алдаа
-Мэдээж энд хариуцлагын асуудал ч бас яригдах ёстой. Гэтэл өнөөдөр салбарын сайд нь цахилгаан станцын удирдлагуудад хариуцлага хүлээлгэх эрхгүй гээд сууж байна. Улаанбаатар, нийт таван аймгийн хохирсон иргэд хэнд хариуцлага тооцож, хэнээс хариуцлага нэхэх ёстой вэ?
-Сэлгэн залгалт хийж байгаад алдаа гаргасан хүний хариуцлагыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцах ёстой. Одоогийн тогтолцоо нь тийм юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас цахилгаан станцуудын захирлыг нь томилж, Удирдах зөвлөлийн гишүүдийг нь баталдаг. Томилгоотой холбоотой бүх асуудал Төрийн өмчийн хороонд харьяалагддаг.
-Томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулах газар хариуцдаг байж болно. Гэхдээ салбарынхаа бодлогыг тодорхойлж, иргэдээ эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн салбарын сайд ч гэсэн хариуцлага хүлээх ёстой юм биш үү?
-Одоогийн тогтолцоогоор цахилгаан станцууд нь Төрийн өмчит хувьцаат компани гэж явдаг. 49 хувийг нь Эрчим хүчний яам эзэмшдэг бол 20 хувь нь Төрийн өмчийн бодлого зохицуулах газрынх. Үлдсэн 31 хувийг нь Сангийн яам эзэмшдэг юм. Тэгэхээр Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулах газар хоёр нийлээд 51 хувийг эзэмшиж, эрх мэдлийн хувьд давамгайлдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулах газраас станцуудын ерөнхий инженер, дэд захирлууд гээд бүх л бүтэц бүрэлдэхүүнийг тогтоодог. Хэнийг албаны даргаар, хэнийг ерөнхий менежер болгох уу гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулах газар шийддэг юм. Эрчим хүчний яам нь хууль эрх зүйн тогтолцоогоор хариуцах үндэслэлгүй болчихсон. Тийм болохоор өнөөдөр бие биеэсээ хариуцлага нэхээд сууж байна. Энэ бол эрчим хүчний салбарын бодлогын маш том алдаа.
-Энэ явдлаас өмнө эрчим хүч, цахилгааны дэд бүтцийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас болж хэд хэдэн хүүхэд амь насаа алдсан. Тэгвэл үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
-Энэ асуудалд ч ялгаагүй Төрийн өмчийн бодлого зохицуулах газар хариуцлага хүлээх ёстой.
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар томилгоо хийдэг, харин энэ салбарын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой вэ, хууль зүйн хувьд...? Ер нь энэ салбарын сайд нь томилгоо хийх болон хариуцлага хүлээх эрхзүйн чадамжгүй юм бол тэгээд ямар ажил хийдэг юм бэ?
-Эрчим хүчний яам хариуцах ёстой. Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг, бодлого боловсруулалтыг, техник технологийн үйл ажиллагааг хариуцах ёстой.
Саяных шиг цахилгаан тасралт өвөл болбол Улаанбаатар тэр чигтээ хөлдөнө
-Цахилгаанаас гадна өвлийн улиралд дулаан, халаалт өгөөд эхлэхээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Цаашдаа энэ удаагийнх шиг нөхцөл байдал үүсэх эрсдэл бий юу?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсантай адилхан аваар 2006, 2015 онд гарч, Улаанбаатар даяар цахилгаан тасарч байсан. Гэхдээ богино хугацаанд цахилгаан тасарсан. 2006 оноос 2015 он хүртэл гээд тооцохоор 9 жилийн дараа тохиолдсон. 2015 оноос 2018 он гэж тооцох юм бол гурван жилийн дараа дахиад ийм аваар гарч байна. Үүнээс иймэрхүү осол аваарын мөчлөг богиносож, эрсдэл гарах магадлал өндөр болж байгааг харж болно. Цаашдаа ийм аваар дахиад гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ энэ аваар өвөл тохиолдвол яах вэ. Улаанбаатар хот тэр чигтээ хөлдөнө.
Улаанбаатарт шөнө ингэж цахилгаан тасарвал яах вэ. Наад зах нь хулгай дээрэм гарна. Халуун усгүй, бохирын усгүй хоёр хоноход л нийгэм үймээн самуунд өртөнө шүү дээ. Хувь хүний амьдралд тулгамдсан асуудал учраас 2007 оны долдугаар сарын 1-ний өдрөөс ч аюултай зүйл болно. Нийгмийг том үймээн самуунд хүргэж болохоор үйл явдал болно шүү дээ.
Цахилгаан тасалсан хариуцлагыг Эрчим хүчний яам хүлээх үү, Төрийн өмчийн бодлого зохицуулах газар хүлээх үү гэдэг бол жижиг асуудал юм. Хэн нэгэн хариуцлага хүлээлээ гээд шийдвэрлэгдэх асуудал биш. Энэ тухай улсын хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, бодлогын хэмжээнд яаралтай арга хэмжээ авах ёстой юм.
V цахилгаан станцыг барьчихсан бол ийм асуудал яриад, биенээсээ хариуцлага нэхээд суухгүй байсан
-Таныхаар ямар санал, шийдэл байж болох вэ?
-Тавдугаар цахилгаан станцаа барих, газраа чөлөөлөх тухай ярьж, яаралтай шийдэх ёстой. Тавдугаар цахилгаан станцыг 2012 онд олон улсын тендер зарлаад Франц, Солонгос, Японы компаниудаар бариулчихсан байсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан Франц, Япон, Солонгос, Монголын тендерт шалгарсан консорциумаар аль 2012 онд тавдугаар цахилгаан станцыг барих ёстой байсан юм. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 1200 орчим мВт, энэ нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэтэл одоо улсын хэмжээнд 900 гаруй мВт хүчин чадлыг ашиглаж байна. Эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэх нь гарцаагүй болсон энэ үед 450 мВт-ын хүчин чадалтай V цахилгаан станц ашиглалтад орвол манай улc цахилгаан, дулааны хомсдолд орохгүй. Өнөөдөр ийм асуудал яриад, бие биенээсээ хариуцлага нэхээд суухгүй байсан юм.
-ТЭЦ-V барих төсөл яагаад зогсчихсон юм бэ. Төсвийн хөрөнгөөр байршлын судалгаа хийж 4-5 байршлыг сольсон байдаг. Таны хувьд аль тавдугаар цахилгаан станц барихад хамгийн тохиромжтой байршил аль вэ?
-ТЭЦ-V барих төсөл гацсан шалтгаан нь нэгдүгээрт, эрчим хүчний салбарыг мэргэжлийн хүн удирдахгүй байгаатай шууд холбоотой. 1990 оноос хойш Эрчим хүчний асуудал хариуцсан сайдаар 12 хүн ажилласан. Тэдний гурав нь мэргэжлийн, салбараа мэддэг хүн байлаа. Мэргэжлийн бус хүн гарахаараа тавдугаар цахилгаан станц барих нь ямар ач холбогдолтойг ойлгодоггүй юм. Эрчим хүчний салбарыг мэргэжлийн төвшинд мэргэжлийн хүн удирдах ёстой.
Хоёрт, ТЭЦ-V барих төсөл эрчим хүчний үнийн асуудал яригддаг. Манай эрчим хүч бол нэг кВт цаг нь 4.6 америк цент байгаа юм. Хятадынх нэг кВт нь 9 цент, Оросынх 8.5 цент, АНУ 12 цент, БНСУ 18 цент байдаг. Ингээд бодох юм бол манай эрчим хүчний үнэ олон улсаас 2-3 дахин бага байгаа юм. Уг нь бол эрчим хүчний үнэ ийм бага байх ёсгүй юм.
Байршлын тухайд, би ТЭЦ-III-ийн байршил дээр тавдугаар цахилгаан станцыг барих саналыг гаргаж байсан. ТЭЦ-III хоёр корпустай. Нам даралтын станц, өндөр даралтын станц гэж байна. Хоёр тусдаа станц гэсэн үг. Нам даралтынх нь 48 мВт-ын хүчин чадалтай, өндөр даралтынх нь 150 мВт байдаг. Корпусын хэмжээ талбай бол бараг адилхан, харин хүчин чадал нь өөр, өөр. Нам даралтын станцыг нь буулгаад оронд ТЭЦ-V-ыг барих боломжтой. Мэргэжлийн хүний хувь ингэж зөвлөөд үг аваагүй. Амгалангийн дулааны станцыг барьсан. Амгалангийн дулааны станц бол цахилгаан гаргахгүй, зөвхөн дулаанаар хангадаг. Гэтэл дулааны үнэ нь ТЭЦ-III, ТЭЦ IV-аас гурав дахин үнэтэй.
Мөн ТЭЦ-V-ыг Улиастайд барих боломжтой байсан. Гэтэл газар хөдлөлтийн балл өндөртэй гэдэг шалтгаанаар больсон. Японд газар хөдлөлтийн балл өндөртэй мөртлөө л атомын цахилгаан станц хүртэл барьчихаад байна шүү дээ. Газар хөдлөлтийн балл өндөр байлаа гээд Японоос хамаагүй бага.
-Багануурын цахилгаан станц баригдвал ямар нөлөөтэй байх вэ?
-Багануурын станц бол 700 мВт хүчин чадалтай. Гэхдээ ганцхан цахилгаан үйлдвэрлэнэ. Дулаан түгээх радиус 25 км байдаг учраас Багануураас дулаан түгээх боломжгүй юм. Багануурт цахилгаан станц барьвал цахилгааны асуудлыг л шийднэ, харин дулааны асуудлыг шийдэхгүй. Дулаан, цахилгааны эх үүсвэрийг ТЭЦ-V хангана.