Олон нийт таньдаг, хэвлэлд байнга л бичиж, ярьдаг нэгнийг биш төдийлөн танигдаагүй ч монголчуудын таньж мэдэх ёстой, хийсэн бүтээсэн зүйлтэй залуу үеийн төлөөллийг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ буландаа танилцуулах гэж байна.
Тэр бол Киотогийн их сургуулийн математикийн доктор, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын эдийн засагч А.Ганбат.
26 насандаа математикийн доктор болсон түүний амжилт бага сургуульд байхаас нь эхлэлтэй.
XX зууны эхэн үеийн Монгол Улсыг төлөөлдөг математикийн багийн үндсэн гишүүдийн нэг, 2004 онд Грект болсон олон улсын олимпиадад мөнгөн медаль хүртсэнээрээ Монгол Улс түүхэндээ анх удаа 19 дүгээр байранд ороход өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн ховор амжилтын эзэн. Түүнээс өмнө, түүнээс хойш өнөөдрийг хүртэл Монгол Улс багийн амжилтаараа эхний 20-д багтсан удаагүй. Өндөр хөгжилтэй, боловсролтой гэгддэг Англи, Канад зэрэг орны хүүхдүүдийг араасаа жагсааж байсан монгол оюун ухаануудын нэг юм.
26 насандаа доктор хамгаалсан А.Ганбатын хувьд Японд, эсвэл бүр АНУ-д ажиллаж, амьдрах сонголт байсан ч тэрээр эх орноо сонгосон бөгөөд МУИС-ийн Математикийн шинжлэх ухааны сургуулийн багшаар ажиллаж, өдгөө Монголбанкинд эдийн засагчаар ажиллаж байгаа ажээ.
Математикийн амжилтаар эхэлсэн түүний ажил, амьдралын замнал, карьерыг тойрон бидний яриа өрнөлөө.
Ингээд ярилцлагаа А.Ганбатын бага нас, математикт хэрхэн дурласан тухай эхлүүлье.
Дуртай зүйлээ хийж байгаа хүнээс хичээл зүтгэл, хөдөлмөр аяндаа гардаг
-Хүний сурч, мэдэх эрмэлзэл бага насанд төлөвшдөг гэдэг. Таны бага нас ямар орчинд өрнөсөн бэ?
-Би Ц.Баяраа багштай нэгдүгээр сургуулийн математикийн ангийг төгссөн. Түүнээс өмнө 5-р ангидаа 11-р сургуульд сурч тухайн жилээ Баяраа багшийн ангийнхийг буюу хамт төгссөн ангийнхнаа ялж УБ хотын аварга болж байсан. Үүнээс шалтгаалсан уу мэдэхгүй дараа жил нь 1-р сургуульд орох хүсэлт тавихад Баяраа багш дуртайяа зөвшөөрсөнд үргэлж талархаж явдаг. Улс бүсийн математикийн ихэнх олимпиадыг манай анги манлайлдаг байлаа. 2004 оны олон улсын математикийн олимпиадад Монгол Улсыг төлөөлсөн зургаан тамирчны тав нь манай ангиас оролцож байлаа. Тийм мундаг хамт олон, найзууд, багштай байх нь хүнийг хурцалж, олон талаар хөгжүүлж байдаг юм билээ.
Баяраа багш ангийнхий бодлого бодох хурдыг нэмэхийн тулд хичээлийн цаг дээр 50 бодлоготой тест авдаг байсан. Нэг бодлого 2 оноо. Бодлогууд нь энгийн тул A4 цаасны хоёр талд багтах хэмжээтэй. Сайнбаяр бид хоёр ангийн хойно хамт суудаг байсан. Нэг удаа бид хоёр угаасаа бүгдийг нь бодож чадах юм чинь гэж залхуураад бодлогуудаа хувааж бодохоор шийдлээ. Би A4 цаасны эхний нүүрэн дэх бодлогуудыг, Сайнбаяр арын нүүрэх дэх бодлогуудыг бодоод хариугаа солилцохоор болов. Багш бид хоёрын аль, аль нь бодлогын цаасаа эргүүлэхгүй байгааг сүүлийн хэдэн минут хүртэл ажиглалаа. Сүүлийн 1-2 минутанд бид хоёр арай гэж амжаад хариугаа солилцоод өгчихлөө. Дүн гарсан чинь бид хоёр хоёулаа 100 оноо авав. Багш гайхаад бид хоёрыг хуулалцсан байна гээд мэдцэн. Бид хоёр ч аргагүйн эрхэнд үнэнээ хүлээлээ. Тэгсэн багш тэгвэл бодсон бодсноор чинь оноог нь өгнө гээд надад 64, Сайнбаярт 36 хувь оноо тависан. Нийлүүлвэл 100 хувь. Эхний нүүрэнд нь арай олон бодлого байж таарсан болохоор тэр. Тэгж би D, Сайнаа маань F авч байсан удаа бий. Дараа нь бодоход хөгжилтэй санагддаг юм. Багш ч хатуу үедээ хатуу шүү /инээв/.
-Танай ангиас төрсөн шилдгүүд олон бий. Манай ДЭЛХИЙН МОНГОЛ буланд Гэрэлт, Сайнбаяр нар уригдсан, та ярилцлагыг нь уншсан байх. Ц.Баяраа багштай ч ярилцаж байсан. Мундаг багштай, дээрээс нь МУИС-т багшилж байсан хүний хувьд сайн боловсон хүчин бэлдэхийн тулд юу хамгийн чухал гэж та боддог вэ?
-Би өөрийгөө сайн багш гэж хэлэхгүй. Гэхдээ Ц.Баяраа багшийн туршлагаас хэрэгжүүлж байсан удаа бий. Хүүхдэд аливааг зааж сургахын тулд хамгийн чухал зүйл дуртай болгох. Дуртай болчих юм бол шахуулахгүй өөрөө хийгээд эхэлчихдэг. Тэр үед багш хүн чиглүүлээд явахад л болно. Миний хувьд ч ялгаагүй тоонд дурлачихсан байсан болохоор л ганц бодлогын хариуг олох гэж гурван өдөр суудаг үе байсан. Удаан оролдож байгаад гэнэт хариуг нь олох мөч хамгийн сайхан. Дуртай зүйлээ хийж байгаа хүнээс хичээл зүтгэл, хөдөлмөр аяндаа гардаг гэж боддог.
Нэгдүгээр сургуулийг төгсөөд МУИС-д оюутан байхдаа шавь бэлддэг байсан. Оюутны дөрвөн жилийн турш бэлдсэн гарын шавь Н.Бямбажав маань олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгөн медаль авч байсан. Тэр шавь Токиогийн их сургуульд бакалавр, магистраа төгссөн. Одоо Америкийн хүний нөөц хайлтын системийн томоохон компани болох “Indeed”-ийн Япон дахь салбарт iT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компанид ажиллаж байгаа. Тэр шавиа бэлдэхдээ эхний жил дуртай болгоход анхаарч, дараагийн гурван жилд зөвхөн чиглүүлж байсан.
-Хүүхэд яагаад тоо бодох ёстой, энэ нь өөрт нь ямар тустай талаар томчууд шиг ухаарч, ойлгодоггүй учраас аав, ээж нь хүүхдээ “чи хийхгүй бол болохгүй, хийх ёстой” зэргээр дүрэмдээд бүр ч тусгүй гэдэг. Тэгвэл яаж дуртай болгох вэ?
-Хялбар зүйлээс эхлэн бодуулж, бага багаар ахиулах хэрэгтэй. Үүнд мэдээж цаг нэлээн шаардана. Боловсрол өөрөө үр дүн нь удаан хугацааны дараа гардаг салбар. Зарим эцэг эхчүүд хүүхдээ өнөөдөр сайн сургуульд, сайн багшид өгчихвөл маргааш нь хүүхэд нь мундаг болно гэж ойлгодог. Энэ нь буруу, өрөөсгөл гэж бодож байна.
-Ер нь тоо болож сурснаар хүүхдийн хүмүүжилд хэрхэн сайнаар нөлөөлдөг вэ?
-Математик хүнийг цэгцтэй зөв сэтгэх, логик дараалалтайгаар нарийн төлөвлөх чадвартай болгодог. Нөгөө талаас математик сурах албан шаардлагууд байна. Ихэнх байгалийн шинжлэх ухаан болон зарим чухал нийгмийн шинжлэх ухаанд математик гол суурь болж байгаа юм. Эдгээр шинжлэх ухаануудаар явъя гэвэл математикийг сайн сурах л хэрэгтэй.
Киотогийн их сургуульд ажиллах боломж байсан ч Монголдоо ажиллах сонголтыг хийсэн
-26 настайдаа доктор хамгаалсан хүний хувьд Японд, эсвэл АНУ-д ажиллаж, амьдрах сонголт байсан гэж бодож байна. Яагаад Монголыг амьдрал, карьерын талбараар сонгов. Төгсөж ирээд шууд МУИС-т багшилж эхэлсэн юм уу?
-Миний хувьд Японд нэлээд хэдэн жил болсон байсан тул Монголоос жаахан хөндийрцөн байсан. Тиймд Монголдоо очиж хэсэг байсны дараа буцаад гадагшаа явж тодорхой ажлын туршлага хуримтлуулъя гэсэн бодолтой байсан. Тийм ч болохоор төгсөхдөө ажиллах нөхцөл маш сайтай нэг л газар өргөдлөө өгсөн, тэнцээгүй. Тухайн үед Киотогийн их сургуульдаа судлаач багшаар ажиллах боломж байсан. Гэхдээ Монголдоо ажиллах сонголтыг хийсэн. Доктороо хамгаалж ирээд 2014 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимд хоёр жил багшилсан. Мөн түүний хажуугаар Монголын Математикийн олимпиадын хороонд ажиллан, Монголыг олон улсад төлөөлөх математикийн багийн хүүхдүүдийг бэлдэж байлаа. Монголын багийн хувьд 2008 онд манай шавь Н.Бямбажав болон Г.Оюундарь нар мөнгөн медаль авснаас хойш хэдэн жил тасраад байсан мөнгөн медалийг 2016 онд эргүүлэн авчрахад өөрийн зохих ёсны хувь нэмрээ оруулсан гэж боддог.
-Одоогоос 10 жилийн өмнөх хүүхдийн сэтгэлээ, хандлага хүмүүжил, чадвар өнөөгийн хүүхдүүдээс хэр өөрчлөгдсөн бэ. Багшилж байх хугацаандаа ажиглаж, мэдэрсэн зүйлээс хуваалцвал. Таны үед төгсөж байсан хүүхдийн эзэмшээд гардаг байсан мэдлэгийн их сургуульд орж ирж буй оюутнууд хэр эзэмшсэн байна вэ?
-Дунд сургууль төгсөөд их сургуульд орж ирж байгаа хүүхдүүдийг бидний үетэй харьцуулахад маш суларчихсан гэж санагдсан. Хоёр жил багшлаад үзэхээр нэгдүгээр курст орж ирж байгаа нэлээд хүүхэд зургаа, долдугаар ангийн математикаа мэдэхгүй орж ирдэг. Энэ нь Монголын боловсролын систем уналтад орчихсныг нотлох том жишээ. Сургалтын түвшин унасан нэг шалтгаан нь энэ олон боловсролын шинэчлэл болон энэ олон Кембрижийн хөтөлбөртэй холбоотой гэж боддог. 65 сая хүн амтай, массын түвшин доогуур Английн хөтөлбөрийг цөөн хүн амтай Монголд хэрэгжүүлж байна. Манайх шиг цөөн хүн амтай орны хувьд дэлхийн хөгжил рүү тэмүүлье гэвэл иргэдийн мэдлэг дунджаар дээгүүр төвшинд байх ёстой. Үүний тулд чанартай сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал юм.
Нөгөө талаас багшийн ур чадвар ихээхэн дутагдалтай байна. Дунд сургуулийнхныг чадвараар нь A, B, C, D, E төвшинд хуваавал ихэнх тохиолдолд C болон түүнээс доош төвшний сурагчид оюутан болоод багш болон бэлтгэгдэн гарч байна. Энэ нь багшийн цалин хангамж багатай холбоотой байх. Дээд төвшнийхэн нь багшаас өөр мэргэжил сонгоод явчихдаг.
Бас нэг зүйл нь тухайн мэргэжлээ сайн эзэмшиж, тэр чиглэлээрээ ажиллана гэсэн хүсэл эрмэлзэлтай залуус ховор болсон. Тийм болохоор хүсээгүй сургуульдаа орж, төгсөөд диплом өвөртөлсөн ажлын байргүй боловсон хүчнүүд төрж байна.
Японд гэхэд математикийн докторын ангид орж ирсэн 20 оюутан бүгд энэ чиглэлээр ажиллаж сайн эрдэмтэн болно гэсэн мөрөөдөлтэй, хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэтэл МУИС-ийн математикийн ангид яг эрдэмтэн, шинжлэх ухаанч, математик болно гээд мэргэжлээ сонгож байгаа хүн ховор байгаа юм. Ялгаа нь эндээ л байгаа юм. Онолын математикийн ангийг төгсөөд дараа нь өөр зүйл хийнэ гэсэн төсөөлөлтэй хүмүүс байна. Дургүй зүйлээ хийсэн хүн амжилтад хүрэх маш хэцүү гэж боддог.
-Гадаадад томоохон улсын сургуулиуд нь шалгуур өндөртэй байдаг. Тэр хэрээрээ тухайн мэргэжлийн эзэмшихийг хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй хүүхэд шилэгдэж орж ирдэг байх. МУИС-д орох шалгуурыг гадаадын их сургуулиудтай адилхан босго өндөртэй болговол суралцахаар орж ирж буй залуусын чанар дагаад сайжрах болов уу?
-МУИС-ийн босго оноог өндөр болгочихвол математикийн ангид гэхэд тэнцэх хүүхэд бараг олдохгүй болов уу. Бүр цөөн хэдэн сайнууд нь өөр салбар руу явчихна. Монголын өнөөдрийн боловсролын төвшин ийм хэмжээнд л байна гэсэн үг. Гэтэл МУИС тасралтгүй мэргэжилтэн бэлтгэх талаасаа харвал жилдээ ядаж нэг математикч бэлдэх хэрэгтэй болно.
Мэргэжил сонголтод хоёр зүйл хамгийн чухал
-Мэргэжил сонголтын тухайд залууст хэрхэн зөвлөх вэ?
-Мэргэжилт сонголт дээр анхаарах ёстой хоёр зүйл байдаг. Нэгдүгээрт, тухайн зүйлийг үнэхээр хийж чадах уу гэдэг чухал. Юу чаддаг вэ гэдгээ мэдэхийн тулд эхлээд өөрийнхөө давуу талыг сайн мэдэж байх нь чухал. Хоёрдугаарт, дуртай байх нь чухал. Энэ хоёр зүйл огтолцож байвал хамгийн зөв сонголт гэж хувьдаа боддог. Чаддаг зүйлээ давуу тал болгож байгаад дуртай зүйл рүүгээ холбох арга маш чухал гэж хэлж болно.
Чадахгүй зүйлдээ дан ганц дуртай байлаа гээд хангалтгүй. Дуртай зүйлээ чадахгүй айх үед түүндээ дургүй болох эрсдэл ч бий.
-Академик ертөнцөөс банк, санхүүгийн салбарт “үсэрсэн” нь бас их сонирхолтой юм. Монгол банкинд яагаад ажиллахаар болсон юм бэ?
-МУИС-аас гарсан маань хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, миний хувьд академик салбараас илүүтэй даатгал болон банкны салбар сонирхож, өөрийгөө сорьж үзэх бодолтой байсан.
Хоёрт, түрүүнд хэлсэнчлэн МУИС-д багшилж байх үед яг үнэндээ үр дүнгүй хайран цаг үрж байгаа юм шиг санагдсан. Цөөн хэдэн оюутнуудаас бусад оюутнуудын хувьд хатуухан хэлэхэд тэд дипломтой болохын төлөө кредит авах гээд хичээл заалгасан болоод, би цалин авах гээд хичээл заасан болоод байгаа юм шиг, нэг ёсны бие биенээ хуурсан тоглоом шиг санагдаж байсан.
Хичээл зааж байгаа оюутнуудын дийлэнх нь миний заасан зүйлийг амьдрал дээр гараад ашиглахгүй, үр дүнгүй юм шиг санагдсан.
Мэдээж сургаж сайжруулах нь багш хүний үүрэг байх л даа. Гэхдээ 10 жилдээ үзэх ёстой зүйлээ үзээгүй ороод ирж байгаа хүнд дахиад эхнээс нь суурь ойлголтыг заахад цаг заваас эхлээд хэцүү шүү дээ. Зүгээр цалин авч амьдрах бус хийсэн зүйл маань үр бүтээлтэй, нийгмийн хөгжилд хувь нэмэр болж байх ёстой шүү дээ. Миний хувьд Монголын залуусын оюуны хөгжилд хувь нэмэр оруулахыг боддог. Илүү хэрэгцээтэй газар нь илүү хэрэгтэй зүйл хиймээр санагдсан.
-Одоо Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагчаар ажиллаж байгаа гэсэн. Хийж байгаа ажлынхаа чиг үүргийн талаар танилцуулахгүй юу?
-Манайх Төрийн Мөнгөний бодлогыг тодорхойлдог газар. Миний хувьд инфляци, ДНБ, болон зарим макро хувьсагчдыг богино, дунд, урт хугацаанд ямар төвшинд байхыг судалж төсөөлөл гаргах загвар дээр ажилладаг. Тухайлбал, мөнгөний бодлогын хүүг нэмлээ гэхэд эдийн засагт ямар эерэг, сөрөг нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг эдийн засаг болон математикт суурилсан тодорхой загварчлалд оруулан тооцож гаргаж ирдэг.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?
-Ажлаа жилээр төлөвлөөд, улирал, саруудад хувааж хийдэг. Том зургаар нь гаргаад жижиг хэсгүүдэд хийгээд явдаг гэсэн үг. Төлөвлөгөөгөө үр дүнтэй биелүүлэхийн тулд анхаарах ёстой зүйл бол сэтгэл хөдлөлөөр хандахгүйгээр, өөрөө хийж чадахуйц хэмжээний байх нь чухал. Чадахгүй зүйлээ хэт их төлөвлөхөөс зайлсхийх хэрэгтэй гэсэн санаа юм л даа.
-Амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө тань юу байсан бэ?
-Аавынхаа үргэлж захиж хэлдэг байсан үгийг зарчим болгохыг хүсдэг. Аав минь “чадахгүй зүйлээ чадахгүй гэдгээ шударгаар хэлж байх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Энэ нь нөгөө хүнийхээ цагийг баллахгүй, хүнд худлаа ярихгүй, бас өөрт ачаалал, стресс үүсгэхгүй байх зэрэг эерэг талтай байдаг. Харин Баяраа багш маань “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэж хэлдэг байсан. Миний хувьд эрсдэл хийх маш дуртай. Нийтийг дагаад явах бус өөр зүйлд өөрийгөө туршиж, сорьж үзэхийг хүсдэг.
-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ. Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?
-Сурч, ажиллаж байгаа салбараас хамаараад өөр, өөр байна. Нийтэд нь хамааралтай гэвэл гадаад хэлний мэдлэг. Орчин үеийн залуу хүнд байх ёстой өрсөлдөх чадвар бол мэдээж гадаад хэл гэж бодож байна. Хамгийн багадаа 2-3 гадаад хэлтэй байснаар бусадтай өрсөлдөх чадвартай болж байна.
Харин шинжлэх ухааны салбарт хүч сорьж байгаа залуус бол хамгийн наад зах нь код бичдэг байх шаардлага бий болж байна. Энэ нь алсдаа маш том давуу тал, чадвар болно. Удахгүй бараг бүх бизнесийн хувьд датан дээр суурилж тооцоолол хийн шийдвэрээ гаргадаг болно гэж боддог.
Саяын дурдсан хоёр маань эзэмшсэн мэргэжил дээр нэмэгдэх нэмэлт чадварууд. Яг мэргэжлийн хувьд бол 21-р зуунд бүх зүйлийг хийх гэж оролддог хүн бус нэг зүйлийг маш сайн хийдэг чадвар чухал болно гэж боддог. Гадаадын том компаниуд гэхэд хүн бүрт чадварынх нь дагуу ажил, үүргийг нь хуваарилаад өгчихөж байна. Олон талын чадвартай байх нь мэдээж чухал ч цаг хугацааны хувьд өдрийн ажлын 8 цагт багтаан хүн бүр бүх чадвараа гаргах боломжгүй. Тэгэхээр залуус өөрийн давуу талаараа бусадтай өрсөлдөх чадвараа бий болгох нь маш чухал гэж бодож байна.
Миний хувьд нэмэлт чадваруудаа илүү сайн хөгжүүлэх дээр анхаарч байна.
-Таны алсын хараа, ойрын таван жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхгүйгээр бид хэзээ ч хөгжихгүй. Суурь шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжиж өгөх нь чухал гэж боддог. Жишээ нь, миний хувьд динамик системийн салбарт судалгаа хийж байсан. Дэлхий нийтээр энэ чиглэлд судалгаа хийж, боловсон хүчнээ бэлдэж байна. Үүний нэг нотолгоо нь гэвэл 2014 онд математикийн Нобель гэгддэг Фийлдсийн шагналыг дөрвөн математикч хүртсэний хоёр нь динамик системээр судалгаа хийсэн байх жишээтэй. Өндөр хөгжилтэй гадаадын их сургуулиуд бүгд динамик системийн тэнхимтэй байдаг. Гэтэл манайд энэ чиглэлийн мэргэжилтэн ч ховор байна.
Миний цаашдын алсын хараа зорилго бол томоохон дүнтэй санхүүгийн төсөвтэй дэлхийн хэмжээний судалгааны ажлуудыг авч, бас хийж чаддаг, чадварлаг боловсон хүчинтэй, тэдний ихэнх хувийг Монголчууд өөрсдөө бүрдүүлсэн байх тийм эрдэм шинжилгээ, судалгааны болон санхүүгийн институцийг Монголд бий болгоно гэж бодож байгаа. Урт хугацааны бодол л доо. Мөрөөдөл ч байж магад /инээв/. Энэнийхээ төлөө алхам алхмаар явах байх даа.
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-Аливаа зүйлд тууштай байна гэдэг их чухал. Тууштай, урт хугацаанд хийсэн зүйлийн нийт зарцуулагдсан цаг хугацаа нь өөрөө үнэ цэнийг бий болгож байдаг. Тэгвэл юунд тууштай байх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь зорилгыг бий болгож байгаа юм. Өөрийнхөө зорилгыг сэтгэл хөдлөлөөр хандан хормын дотор амбицлан тодорхойлох бус, тодорхой цаг хугацаа зарцуулж судалсны үндсэн дээр хүрч болохуйц бодитойгоор тодорхойлох хэрэгтэй. Энэ нь өөрийгөө таньж мэдэхээс эхлэх болов уу. Нэгэнт зорилгоо тодорхойлж олсон бол түүндээ тууштай байх нь чухал гэж захимаар байна.
Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу.