Багш нарын чадавхи сул, багш нар хэрэг алга, багш нарын цалин хангамж тааруухан, багш багш, багш...
Багш нарын имиж ийнхүү унахын цагт угаасаа багш хүн гэж хэн билээ гэдгээ санах идиал алдагджээ. Тиймд багш хүний дүрийг бага ч болов илтгэх, чиг баримжааг харуулах нэгэн багштай ярилцсанаа хүргэж байна.
Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуульд 17 дахь жилдээ багшилж буй химийн багш Б.Өнөржаргал манай ТҮМНИЙ НЭГ булангийн зочин.
Өнөрөө багштай ярилцах саналыг 2009 төгсөлтийн нэгэн шавь нь бидэнд тавьснаар сурвалжлагын гол дүрээ олсон юм. Учир нь түүний 2009 онд төгсгөсөн нэг ангийн 30 хүүхдийн 23 нь Япон, Турк, Тайвань, Унгар зэрэг улсуудын шилдэг их сургуулиад суралцаж, долоо нь Монголын шилдэг сургуулиуд болох МУИС, АШУҮИС, Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэн оржээ. Гадаадад суралцах эрх авсан 23 хүүхдийн 15 нь Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсанаараа Шинэ Монгол сургуулийн болоод Монголын түүхэнд нэг ангиас ийм олноороо амжилт гаргаж, гадаадын сургуулиас урилга авсан нь урьд хожид байгаагүй амжилт байжээ.
Өнөрөө багшийн амжилт ганц үүгээр дуусахгүй бөгөөд тэрээр улсын химийн олимпиадыг зургаан удаа аваргалж, таван удаа мөнгө медаль хүртсэн.
Монголын сүүлийн 20-иод жилийн түүхэнд химийн олимпиадад хамгийн олон удаа түрүүлсэн багш.
Харин шавь нар нь зөвхөн гадаадад сураад зогсохгүй, олон улсын олимпиадаас гурван хүрэл медаль хүртсэн амжилттай. Мөн улс, хотын олимпиадад жил бүр эхний гурван байрыг Өнөрөө багшийн шавь нар хүртдэг. Тэгээд зогсохгүй ЭЕШ-ийн химийн хичээлийн оноогоор эхний гурван байрт Өнөрөө багшийн шавь нар жагсдаг.
Шавь нарынх нь амжилт, тэдний амьдралд оруулсан хөрөнгө оруулалт Өнөрөө багшаас ихээхэн хамааралтай.
Тиймд бид аваргууд төрүүлсэн аварга багштай ярилцахаар Шинэ Монгол сургуулийг зорьсон юм. Өнөрөө багш химийн хичээлийн улсын олимпиадад шавь нараа бэлдэж байхтай таарлаа. Шавь нь багштайгаа ярилцах саналыг ирүүлсэн талаар хэлэхэд тэрээр “Багш хүний амьдралд нэг л сайн анги таардаг юм гэсэн. Надтай учирсан хамгийн шилдэг анги бол Шинэ Монгол сургуулийн 2009 оны төгсөлт байсан. Тийм болохоор хүүхдүүдээрээ бахархан ярих дуртай” хэмээн угтсан юм.
Ингээд хамгийн түрүүнд багш хүн хэн бэ гэдэг дүрийн талаар, түүний хичээлээ заадаг арга барилын талаар сонирхлоо.
Өнөрөө багш “Хамгийн түрүүнд багш хүн маш сайн судлаач байх ёстой. Миний хувьд Шинэ Монгол сургуульд 2004 онд орж ирсэн. Түүнээс хойш Японы боловсролын стандартыг Монголынхтой харьцуулан судалгаа хийсэн. Судалгаан дээрээ үндэслэн Монголд судлагддаггүй мөртлөө гадаадад судлагдаад байгаа агуулгыг тодорхойлж гаргаж ирсэн. Түүнийхээ үндсэн дээр Монголынхоо сургалтын хөтөлбөр дээр юуг нэмэх, ямар агуулгыг оруулах талаар судалж, сургалтын хөтөлбөртөө оруулсан. Ингэснээр олон улсад өрсөлдөхүйц хэмжээний хүүхдүүд бэлдэж, миний шавь нараас гадаадын сургуулиудад олноор тэнцэж байна гэж боддог. Гэхдээ энэ судалгааг ганцхан би хийгээгүй. Манай сургуулийн багш нар хичээл тус бүр дээрээ ингэж судалгаа хийж, сургалтын программдаа оруулж ирсэн. Миний хувьд химийн хичээл дээр судалгаа хийсэн гэж хэлж болно.
Японы арван жилдээ үздэг хичээлийн агуулгыг монгол хүүхдүүд мэргэжлээ сонгоод нэг, хоёрдугаар курст ороод судалдаг
Судалгаанаас ажигласан хэд, хэдэн зүйлээ хуваалцахад, манайд арван жилийн тогтолцоотой байх үед нэлээд шахуу хөтөлбөрөөр өндөр төвшинд зааж, чадвартай хүүхдүүд төгсгөдөг байсан. 12 жилийн тогтолцоотой болоод ирмэгц сургалтын агуулгаа сунгаж татаад нэг хэсэг явсан. Хичээлийн хөтөлбөрийг харж байхад хүүхэд есдүгээр анги төгстөлөө бодлого бодож сурахгүй, дөнгөж тэгшитгэл бичиж сурч байна. Японы арван жилдээ үздэг хичээлийн агуулгыг манай хүүхдүүд мэргэжлээ сонгоод нэг, хоёрдугаар курст орсны дараа судалдаг байх жишээтэй.
Түүнчлэн хүүхдүүдэд хичээл дээр туршилт хийх зэргээр шинжлэх ухааныг хэрэглээ талаас нь ойлгуулахыг зорьж буй нь сайн хэрэг ч агуулгаа багасгаснаас болж хүүхдүүд дээд сургуульд очоод мэдлэг нь гологдож байна. Нэг багш маань энэ талаар “дээд сургуульд орсон 200 хүүхдээс химийн хичээлээр төвшин тогтоох шалгалт авахад 30 нь дунд аваад бусад нь муу авсан” гэж ярьж байсан. Энэ бол ЕБС-иудын химийн сургалт ямар төвшин байгааг харуулж буй жишээ. Туршилт хийх нь хийж байгаа ч цаад нарийн учраа мэдэхгүй нэг бодис улаан болчихлоо гэж сонирхоод л орхих жишээтэй. Хүүхдүүд лабораторид хэрэглэж байгаа шил савныхаа нэрийг ч мэдэхгүй.
Судалгаагаар ажиглагдсан энэ мэт зүйлийг сургалтын агуулгадаа оруулахаас зайлсхийж, сургалтын шинэлэг аргаар сурагчдаа бэлддэг болсон. Миний хувьд энэ судалгааг 10 гаруй жилийн турш хийж байна.
“Ёо... хонх дуугарчихлаа” гэж хэлж байгаа хүүхдээс өнөөдрийн хичээл хэр үр дүнтэй болсныг мэдэрдэг
Японы сургалтын агуулгыг судалснаар юуг заах вэ гэдгээс гадна хүүхдэд хэрхэн ойлгуулах, яаж хүргэх санаа сэдлийг олж харж хэрэгжүүлдэг. Тухайлбал, нэг ангийн хүүхдүүд өөр, өөр төвшинтэй байдаг. Муу сурсаар байгаад өөрийгөө муу гээд ойлгочихсон хүүхдүүд байхад эсрэгээрээ үнэхээр сайн сурдаг, түүндээ итгэлтэй хүүхдүүд ч бий. Төвшин өөр хүүхдүүдэд хичээлийг нэг агуулгаар заахаар үр дүн бага байдаг. Цөөн хэдэн хүүхэд ойлгоод үлдсэн нь хоцорчихдог. Тиймд нийт хүүхдүүдээс шалгалт аваад эхний ээлжинд төвшинг нь тогтоодог. Тэгээд төвшнөөр нь ангилан нэг баг болгоод тус бүрт нь зорилт гаргаад өгчихдөг. Сайн хүүхдүүдийг нь олимпиадад бэлтгэх, дундажыг нь А болгох, муу авдаг хүүхдүүдийг дунд авдаг болгох гэх зэргээр зорилт гаргачихдаг. Миний хувьд энэ аргыг нэлээд олон жил ашиглаж байгаа бөгөөд хүүхдүүдийн төвшин огцом сайжирч байгааг судалгаагаар тогтоосон. Судалгааны үр дүнгээ бусад багш нар хуваалцаж, туршлага солилцох маягаар илтгэл тавьж байсан. Нөгөөтэйгээр шалгалтын материалыг өдөр тутам боловсруулаад, төвшин төвшнөөр нь вариант болгоод авчихдаг. Тэгээд шалгалтын материалыг хүртэл судалж, аль сэдэв дээр хүүхдүүд алдаж байна, алийг ойлгоогүй байна, ямар сэдвээр дахин заах талаар дахин боловсруулдаг.
Хүүхэд бүрт хүрч ажиллах, ангид байгаа бүх хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх гэж хичээдэг нь миний сургалтын нэг арга барил. Хүүхэд бүрт тулаад ажиллаад ирэхээр ойлгодоггүй байсан хүүхэд ойлгож эхэлэн. Ойлгосон хүүхэд хичээлдээ дурлаж эхэлдэг.
Мөн хэд хэдэн хичээлийн дараа хүүхдүүдээс хичээлээ хэрхэн заах, багш нь юун дээр анхаарах ёстой талаар санал бодлоо солилцож, асуулга авдаг. Энэ нь нэлээд үр дүнтэй арга гэж боддог.
“Ёо хонх дуугарчихлаа” гэж хэлж байгаа хүүхдээс өнөөдрийн хичээл хэр үр дүнтэй болсныг мэдэрдэг. Эцэг эхчүүд гэрийн даалгавар хэрхэн хийлгэх талаар их асууж харагддаг. Гэхдээ тухайн хүүхэд хичээл дээр ойлгож байгаагаас мэдэрч, хийх сэдэлтэй болчих юм бол ямар их даалгаврыг хийж чаддаг. Хичээлийн агуулгаа сайн ойлгоогүй, цааш үргэлжүүлэн судлах сэдэл төрөөгүй хүүхдэд л даалгавар хийх хэцүү байдаг” хэмээн ярилаа.
Ямар ч багш хүний хувьд хичээлийн агуулгаас эхлээд хүүхдийн зан төлөв бүгдийг маш сайн судалж, өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэж боддог. Миний бага сургуулийн багш Адилаа гээд багш маань одоо надтай хамт ажилладаг. 10-р ангидаа улсын олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан. Долдугаар ангид Адилаа багшаар заалгаж эхэлснээс хойш химийг ойлгож, дурлаж эхэлсэн. Тэгээд 10-р ангидаа улсын олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан. Хамгийн гол нь ажилдаа дурлах юм. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа аз жаргалтай, цаг хугацаа өнгөрөхийг, бие ядрахыг мэддэггүй.
Адилаа багш маань яг хийх ёстой юмыг ном ёсоор нь яг цагт нь хийдэг. Шалгалтын материал бэлдэх байсан ч дүн өгөх байсан ч яг цаг нь ямар ч алдаа мадаггүй хийж өгдөг. Хөтөлбөр төлөвлөгөө боловсруулна, яг цагт нь ёс хийнэ. Хэзээ ч хүн хуурсан оромдсон зүйл хийхгүй. Тэгэхээр би шавийнх нь хувьд тэр чанаруудыг өөртөө шингээх юмсан гэдэг бодлоор хичээж ажиллаж ирсэн.
Түүнчлэн Өнөрөө багш Япон, Монголын ЭЕШ-ийн талаар хийсэн судалгааныхаа талаар ингэж ярилаа.
Монголд ЭЕШ-ыг ганцхан авдаг. Японд нэмэлтээр авдаг. Байгалийн гамшиг, ар гэр, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай үед шалгалт өгч чадаагүй хүүхдүүд нэмэлтээр өгөх боломжтой байдаг. Харин Монголд бол шалгалтаас хоцорсон бол дараа жил болтол хүлээх шаардлагатай байдаг нь учир дутагдалтай. Нөгөөтэйгээр хүүхдүүдийн өгч байгаа шалгалтын хувьд Монгол хүүхдүүд ЭЕШ-аар 3-4 шалгалт өгдөг. Японд хүүхдүүд дийлэнхдээ 7 шалгалт өгч байгаа юм. Харин шалгалтын агуулга, даалгаврын сорилын тухайд нэлээд зөрүүтэй байдаг. Манайд хүүхдүүд зөвхөн шалгалтын системд зориулж өөрсдийгөө бэлдээд байна. Элсэлтийн шалгалт сонгох, бодохоос өөр сонголт орж ирдэггүй. Харин Японд шалгалтын даалгаварт графиктай, туршилттай зүйлүүдийг оруулсан байдаг. Тухайн хүүхдийг нэг зүйлийг хэр олон талаас нь харж чадаж байгааг шалгах, чанартай хүүхэд элсүүлэх, шигших арга.
Тиймд шалгалтын даалгаврыг хэн зохиож байна гэдгээс чухал нөлөөтэй. Нөгөөтэйгээр Монголд ЭЕШ-ыг авахгүйгээр шууд тус бүрийн их сургууль дээр нь шалгаад элсэлт авдаг системд шилжих хэрэгтэй. Ингэснээр чанартай оюутнууд их сургуульд элсэх, шалгуур нь өндөр болох, улмаар чанартай боловсон хүчин бэлтгэгдэх суурь тавигдах юм.
2010 онд Японд мэргэжил дээшлүүлж байсан. Япон багш нартай харьцуулахад заах арга, мэдлэг чадвар дутах зүйл бидэнд байхгүй. Япон бол сурах бичиг хөтөлбөрийн дагуу л заана. Гол авууштай зүйл нь дэвтэрт тэмдэглүүлэхдээ янз бүрийн дүрс, диаграмм их хийлгэдэг нь сонирхолтой байсан. Хүүхдүүдээр ойлголт, мэдлэгийг өөрсдөөөр нь томъёолуулж, шууд лекц бичүүлээд байхгүй. Системтэй зураг, диаграм хийлгэж байгаа нь мэдлэгээ цэгцлэхэд их чухал санагдсан. Японд олимпиадад ордог хүүхдүүд багаас нь бэлддэг. Харин манайд бол жирийн хүүхдүүд дундаас олимпиадад оруулдаг. Тэгсэн хэрнээ л манай нэг хүүхэд тэр үед Японд болсон олимпиадаас тусгай байр авч байлаа” гэв.
2010 онд Японд очоод ажиглаж байсан төрх өнөөгийн Монгол хүүхдүүдтэй яг адил байгаад сэтгэл эмзэглэдэг

Мөн тэрээр одоогоос 10 жилийн өмнөх хүүхдүүдийн хандлага сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ярихдаа “Миний хувьд Шинэ Монгол сургуульд орохоос өмнө гурван жил улсын сургуульд багшилж байсан. Тэр үеийн хүүхдүүдийг одоогийн хүүхдүүдтэй харьцуулахад хандлага, сэтгэлгээ, хүсэл эрмэлзэл нь тэс өөр болсон юм шиг мэдрэгддэг. Би 2010 онд анх Японд очих үедээ япон сурагчдын нүднээс ямар гал цоггүй, сурах хүсэл эрмэлзэлгүй, бүх зүйлд сэтгэл нь ханачихсан тийм хандлагыг олж хараад их гайхаж байсан. Харин эсрэгээр монгол хүүхдүүд сурах хүсэл эрмэлзэл дүүрэн, ассан зүрх сэтгэлтэй байсан. Техник технологи, хангамж, орчин нөхцөл сайжрахын хэрээр хүний сурах хөгжих хүсэл эрмэлзэл сул болдог юм уу гэж ажиглаж байна. 2010 онд хүн бүр байшинтай, машинтай байсангүй. Дийлэнх хүүхдүүд гэр хорооллоос хичээлдээ ирдэг тэр хэрээрээ эрдэм мэдлэг хуримтлуулах ёстой гэсэн чин зорилготой, мөрөөдөлтэй байсан юм уу. 2010 онд Японд очоод ажиглаж байсан төрх өнөөгийн Монгол хүүхдүүдтэй яг адил байгаа юм. Үүнд сэтгэл эмзэглэж байна” гэв.
-Багш шавь хоёр чин сэтгэлээсээ хичээхэд өөрчлөгдөхгүй, сурахгүй зүйл гэж үгүй-
Ямар ч хүүхэд сэтгэлээсээ ажиллахад, өөрийнх нь төлөө багш ингэж хичээж байгааг мэдрээд өөрөө аяндаа хичээгээд эхэлдэг. Багш шавь хоёр чин сэтгэлээсээ хичээхэд өөрчлөгдөхгүй, сурахгүй зүйл гэж үгүй гэж боддог. Мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Багшаас тэвчээр, арга ухаан гээд олон зүйл шаардана.
Аравдугаар анги төгссөн нэг шавийнхаа жишээг ярья л даа. Тэр намайг нэлээд зовоосон. PC тоглоод хичээлд суухгүй, эхний үедээ сургуулийн эргэн тойрны тоглоомын газраар явж хайдаг байсан. Хувийн хэргийг нь бариад зургийг нь хүмүүст харуулаад л явдаг байлаа. Заримдаа шөнө гэртээ харилгүй тоглох үед нь нойр хүрэхгүй, шөнөжин шаналж хойноос нь хөөцөлдөж, аав ээжтэй нь цуг хайдаг байлаа.
Нэг удаа тэр хүүхдэд “Миний хүү гэртээ байхад хэцүү байгаа бол багшийнхаа гэрт амьдар. Манайх тэр үед дотуур байранд байсан юм. Багш нь чамаас хол байхаар санаа зовоод байна гэсэн чинь үнэхээр багш маань сэтгэл гаргаж байна гэж бодсон уу тэр цагаас хойш өөрчлөгдсөн. Одоо их сайн яваа. Баяр болгоноор ярьж мэнд мэднэ.Сурах бичгийг агуулга заагаад л багшийн ажил дуусаж байгаа юм биш. Багшийн ажилд сэтгэл зүтгэл хамгийн чухал” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.