Мөнгөн гүүр эмнэлгийн дотрын тасгийн эмч Д.Хулантай ярилцлаа.
-Стрессийн гаралтай дотор эрхтний өвчлөл ихээр нэмэгдэж байна гэдэг. Стресс дотор эрхтнүүдэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?
-Энгийнээр хэлбэл, төв мэдрэлийн тогтолцооноос ходоодны шүүрэл ялгарлыг зохицуулдаг зохицуулгад нөлөөлснөөр ходоодны шүүрэл ялгаралт ихээр нэмэгдэж ходоодны үрэвслийг даамжруулдаг. Ходоодны өвчлөл, тэр дундаа ходоодны шарх үүсэхэд стрессийн шалтгаан их байдаг. Стресстэх үед ходоодны ханыг хамгаалдаг даавар багасч байдаг.
Мөн стресс судас агшаах хүчин зүйлийн нэг болж байдаг. Ингэснээр цусан хангамжаар баялаг эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарч эхэлдэг. Тэр дундаа хоол боловсруулах замын эрхтнүүд цусан хангамж ихтэй байдаг болохоор стрессийн нөлөөгөөр хямрах нь их гэж тайлбарладаг.
-Ходоодны шарх хоол биш, стрессээс үүсдэг гэж ярих нь бий. Ходоодны шарх үүсэхэд стрессээс гадна өөр юу нөлөөлж байна вэ?
-Ходоодны шарх үүсгэдэг бас нэг хүчин зүйл бол хеликобактери. Хеликобактери хэвийн хэмжээнээс хэтэрч, дээрээс нь стресс нэмэгдвэл хүний ходоодонд шарх үүсгэдэг. Түүнээс гадна ходоодны өвчлөлд өглөө өлөн явах, давсыг хэтрүүлэн хэрэглэх нь сөргөөр нөлөөлнө. Өлөн ходоод дээрээ ходоодны хүчил ихэсгэдэг помидор, кофе, даршилсан ногоо, хоносон хоол идэх нь тийм ч таатай биш байдаг.
-Хеликобактерийг эмчлэхийн тулд гурвалсан, дөрвөлсөн эм уудаг. Вирусийн халдварыг устгаж чадахгүй болохоор хэсэг хугацааны дараа дахиад л хеликобактеритай болчихдог. Эм уухаас гадна хеликобактерийг багасгах арга бий юу?
-Хеликобактерийн шинжилгээг янз янзаар хийдэг. Зарим нь найм, зарим нь тавь хүртэл гэсэн үзүүлэлттэй бол хэвийн гэж үздэг. Яагаад гэвэл, дэлхийд нийт хүн амын бараг 80 хувьд нь хеликобактери байж байдаг.
Хеликобактери нь дархлаа сулрах, стресстэх үед идэвхжиж, үржиж эхэлдэг. Нэг үгээр хэлбэл, ходоодны хамгаалах урвал багасах үед хеликобактери үржиж эхэлдэг. Тухайлбал, өлөн ходоод дээрээ хүчил ихэсгэдэг хоол хүнс идэхээр хеликобактери үржинэ. Учир нь хеликобактери хүчиллэг ихтэй орчинд үржиж байдаг. Тэгэхээр хеликобактери дийлэнх хүнд их бага хэмжээгээр байдаг ч тэр нь дархлаа сулрах, ходоодны хүчил нэмэгдэх, стресстэх үед үржиж, зовуур өгч эхэлдэг гэж ойлгож болно. Тиймд хеликобактерийн эсрэг эм уухаас гадна хоол ундаа, хоолны дэглэмээ зөв болгож, дасгал хөдөлгөөн сайн хийх нь ач холбогдолтой байдаг.
-Өглөөний цай уухгүй байх нь цөс, ходоодны өөрчлөлттэй салшгүй холбоотой гэдэг. Өглөөний цай уугаагүй үед дотор эрхтнүүдэд яг ямар өөрчлөлт гарч байдаг вэ?
-Өглөө өлөн явж байгаа бол өөрийгөө цөсний хагалгаанд бэлдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Элэгнээс ялгарсан цөс хүүдийд хуримтлагдана. Хуримтлагдсан цөс нь хоол унд идэж, уух үед хоол боловсруулах зам руу ялгарч өгдөг. Нэг үгээр хэлбэл, өглөөний цай уух үед цөсний хүүдий агших процесс явагддаг. Ийм процесс явагдаагүй үед хуримтлагдсан цөс өтгөрч, улмаар цөсний чулуу үүсэх, цөсний хүүдийд үрэвсэл бий болгох зэрэг эмгэгт хүргэнэ. Тиймд өглөө босоод наанадаж хоёр аяга ус ууж байх хэрэгтэй.
Түүнээс гадна цөс биеийн хөдөлгөөнийг дагаж агшиж байдаг эрхтэн. Хөдөлгөөн хийгээд байвал цөсний хүүдий доторх цөсөө цэвэрлээд байна гэсэн үг.
Ямар ч тохиолдолд цөсөө дур мэдэн угааж болохгүй
-Нэгэнт цөсний хүүдийд үрэвсэл бий болж, чулуутай болсон хүмүүсийн хувьд ямар дэглэм чухал вэ?
-Цөсний гол үүрэг өөх тосны солилцоонд оролцдог. Тэгэхээр цөс өвддөг хүмүүс өөх, тосыг бага хэрэглэх шаардлагатай. Сүүлийн үед алим, магнийн сульфат, оливын тос, нимбэгний шүүсээр цөсөө угааж байна гэх мэдээлэл их явж байна. Чулуутай цөсийг угаасан тохиолдолд чулуу цөсний сувгаар дамжаад цөсний замуудад тээглэдэг. Ингэснээр хоёрдогч хүндрэлийг бий болгодог. Мөн цөс өтгөрсөн, цөсний хана зузаарсан үед цөсийг угаавал чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тиймд ямар ч тохиолдолд дур мэдэн цөсөө угааж болохгүй.