Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

С.Ванчинхүү: Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэн дараахь үүргийг гүйцэтгэхээр шинэчиллээ

С.Ванчинхүү: Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэн дараахь үүргийг гүйцэтгэхээр шинэчиллээ
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 4
“Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, цэргийн дүйцүүлэх албыг 5.070.990 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөгөөр оруулан хаахаар тогтсон билээ.
Үүнтэй холбоотой асуудлаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт улсын дайчилгээний хэлтсийн дарга дэд хурандаа С.Ванчинхүүгээс тодрууллаа.   
-Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмыг шинэчлэн баталсан. Ямар, ямар онцлох заалтуудыг шинэчилсэн бэ?
-Батлан хамгаалах хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэж гарсан.  Багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь хоёр тусдаа бие даасан хууль болж салсан.    
Энэ хуулийн хүрээнд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмын зохицуулалтыг шинэчлэн тусгаж өгсөн.  Цэргийн дүйцүүлэх алба гэдэг нь цэргийн алба хаах нэг онцлог төрөл. Цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрөөр орлуулан хаах боломжтой байдаг.
Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаана гэдэг нь төрийн тусгай алба хааж байгаа цагдаа тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хааж байгаа, эсвэл алслагдсан сумын эмч, 3-аас дээш жил ажилласан багш  нар цэргийн албыг биеэр хааж болно.  Мөн хуульд заасан шашин шүтлэг ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно.  Биеэр дүйцүүлэн хаах хугацаа хоёр жил байдаг. Энэ хугацаандаа тухайн иргэнийг нийслэл, аймаг, дүүргийн шийдвэрээр гамшгаас хамгаалах, хил хамгаалах, хүмүүнлэгийн ажилд татан оролцуулдаг.     
2008 оны 49-р тогтоолоор  цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж буй иргэний сургалтын асуудал, гүйцэтгэх ажил үүргийг нарийн тодорхойлоогүй байсан.  Энэ удаагийн шинэчилсэн журмаар цэргийн дүйцүүлэх алба биеэр хааж байгаа иргэний ажил үүргийг нарийн тодорхой болгож өгсөн. Тухайлбал,
Орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох, эрэн хайх аврах, сэргээн босгох, бүтээн байгуулалтын ажилд оролцох зэргээр  долоон төрлийн ажил гүйцэтгэхээр нарийн тусгасан.  Түүнээс гадна тодорхой сургалтуудад хамрагдана. Тухайн иргэн 6-аас доошгүй сарын хугацаанд дээрх заасан ажил үүргээ биелүүлж, сургалтад хамрагдсан байх ёстой.   
-Мөнгөн төлбөрөөр оруулан хаах тухайд?
-Цэргийн албыг дүйцүүлэн хаах мөнгөний хэмжээг жил бүр Засгийн газрын тогтоолоор баталж гаргадаг. Энэ жил 5 сая 70 мянгаар тогтоосон.  Мөнгөн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн албан хаагчийн хувьсах зардалтай дүйцэхүйц байдлаар тооцож гаргадаг.    
Цэргийн дүйцүүлэх албыг хэн мөнгөөр оруулан хааж болох вэ гэхээр  тухайн хугацаанд их дээд сургуульд сурч байсан, uадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, цагаачлан амьдарч байгаад эх орондоо ирсэн. Иргэний шилжин суурьших бүртгэл завсардсан хүмүүс орлуулан хаах боломжтой байдаг. Гэхдээ мөнгөн төлбөрийг цэргийн алба хаах насны дээд хязгаар буюу 27 настайдаа орлуулан төлж болно. Өмнөх жилүүдэд хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн бол  тухайн жилийн мөнгөн төлбөр хасагдаад явна гэсэн үг.  Долоон жил  чөлөөлөгдсөн бол 14 хувь, зургаан жил 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 47 хувь, нэг жилд 88 хувь, огт чөлөөлөгдөөгүй бол 100 хувь буюу 5 сая 70 мянган төгрөгөө төлнө гэсэн үг.
Хууль заасан үндэслэлээр 18-25 насны хугацаандаа нэг ч удаа цэргийн албанаас чөлөөлөгдөөгүй бол 5 сая 70 мянгыг бүгдгийг төлнө. Долоон удаа чөлөөлөгдсөн бол 5 сая 70 мянган төгрөгөөс 14 хувийг нь төлнө гэсэн үг.  
-Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөөр оруулан хаасан иргэдийн төлбөрийг юунд зарцуулдаг вэ. Ер нь жилдээ хэд орчим төгрөгийг цэргийн дүйцүүлэх албан орлуулан төлдөг вэ?
-Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын төсөвт, 50 хувь тухайн нийслэл, аймаг, дүүрэг, орон нутгийн төсөвт хуримтлуулж батлан хамгаалах бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлж, суртачилахад заоцуулдаг. Улсын хэмжээнд жилд ойролцоогоор 1.2-1.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрдөг.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн