Монголын мэдрэлийн сэргээн засахын үндэсний нийгэмлэгээс Эрүүл мэндийн яамтай хамтран мэдрэлийн сэргээн засахын салбарыг хөгжүүлэх, эмч, мэргэжилтэн, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, орчин үеийн технологийн чиг хандлагатай танилцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор “Монголын мэдрэлийн сэргээн засахын анхдугаар конгресс”-ийг зохион байгууллаа.
Энэ үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн сэргээн засах тасгийн эмч Б.Даваажавтай харвалтын дараах нөхөн сэргээн засах эмчилгээний талаар ярилцсанаа хүргэж байна.
-Харвалтын дараах сэргээн засах эмчилгээг хэзээнээс хийж эхлэх хэрэгтэй вэ?
-Тухайн өвчтөний биеийн онцлогоос шалтгаалаад өвчтөн болгоны сэргэн засах эмчилгээ авах хугацаа өөр, өөр байдаг. Нарийн заасан тодорхой тоо, хугацаа байдаггүй. Өвчтөний биеийн байдал, амин үзүүлэлт нь тогтмол, мэдрэлийн статус нь тогтвортой болсны дараа сэргээн засах эмчилгээг хийж эхэлдэг. Ер нь аль болох эрт сэргээн засах эмчилгээнд орох тусмаа сэргэх магадлал, хуучин амьдралын хэв маягтаа ороход дөхөм байдаг. Харвалтын дараах сэргээн засах эмчилгээг эхний гурав юм уу зургаан сардаа эрчимтэй авчих юм бол архагшиж, тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлж болно.
Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ ерөөсөө л цаг хугацааны асуудал байдаг. Өвчтөн нэг өдрийн өмнө дасгал хөдөлгөөн хийсэн бол тэр хэмжээгээр илүү хурдан үр дүнд хүрнэ. Эрт мөртлөө эрчимтэй эмчилгээ хийж чадвал бүтэн харвал өгсөн хүн ч эдгэрэх боломжтой гэсэн үг. Нэг сарын дараа, зургаан сарын дараа эрчимт эмчилгээ хийлгэж эхэлсэн хүмүүсийн эмчилгээний үр дүн тэс өөр байдаг. Эрчимт эмчилгээг эрт эхлүүлэх нь маш чухал байдаг. Эрт эхлүүлэх тусмаа сайн үр дүн өгдөг. Гэтэл манайхан хөдөлгөөн засах сэргээн засах эмчилгээг хийлгэдэггүй, гэртээ очоод ч дасгал хөдөлгөөн хийхгүй байсаар архагшуулсан байдалтай эргээд ирдэг.
-Тархины цүлхэн нь хагараад хагалгаанд орж, улмаар хавчаар тавиулсан хүн шууд сэргээн засах эмчилгээнд орж болох уу. Ямар нэг хүндрэл гарах уу. Шууд сэргээн засах эмчилгээнд орж болохгүй хүмүүс гэж бий юу?
-Хагалгааны процедурын үед болон дараа янз бүрийн хүндрэл гарч болно. Тухайн өвчтөн сэргээн засах эмчилгээ хийлгэх боломжтой үгүйг эмч үзээд хэзээ сэргээн засах эмчилгээгээ эхлүүлж болохыг шийднэ. Хагалгааны дараа ямар нэг хүндрэлгүй, амин үзүүлэлт нь хэвийн байгаа хүнд бол даралтыг нь хянаж байгаад сэргээн засах эмчилгээ хийж эхэлнэ.
-Харвалтын дараа эрчимтэй дасгал хөдөлгөөн чухал. Түүнээс гадна харвасан хүмүүсийн сэтгэл зүйг хэрхэн засах ёстой байдаг вэ. Энэ тухай зөвлөгөө өгөхгүй юү. Ар гэрийнхэн нь тухайн хүний сэтгэл заслыг хэрхэн хийх ёстой вэ?
-Сүүлийн үед 20,30 настай залуус харваад ирж байгаа тохиолдол их байна. Харвалт залуужиж байна. Өнөөдөр ажлаа хийж яваад маргааш нь харвалт өгөөд гар хөл нь мэдээгүй болсон хүмүүс мэдээж маш их сэтгэл гутралд ордог. Сэтгэл гутралын асуудал бол харвалтын дараа хүн бүрт зайлшгүй тохиолддог. Тиймдээ ч сүүлийн үед харвалтын дараах сэтгэл зүйн эмчилгээг ихээхэн чухалчлах болсон.
Гуравдугаар эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний багт гэхэд хоол зүйч, сэтгэл зүйч, хөдөлгөөн засалч гээд бүгд багтсан байдаг. Өвчтөнүүдэд мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгч ажилладаг. Түүнээс гадна эмч нар өвчтөнүүдэд сэтгэл зүйн асуумж явуулж, түүн дээрээ үндэслэсэн эмчилгээг хийгээд явдаг. Өвчтөндөө өнөөдөр та энэ дасгалыг хийх юм бол сарын дараа хоёулаа алхана ч гэдэг юм уу аль болох сэтгэл зүйгээр нь дэмжиж, байнга урам өгч ажилладаг.
Өвчтөний сэтгэл зүй өөдрөг, эдгэрнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх юм бол тэр чинээгээр эмчилгээ үр дүнтэй байдаг. Өвчтөн өөрөө идэвхгүй, гутралтай байх юм бол эмч хэчнээн дасгал хөдөлгөөн зааж өгөөд ч сэргэхгүй. Эмч бол өвчтөнтэй өдөрт дээд тал нь нэг л цагийг зарцуулдаг. Үлдсэн цагуудад тухайн хүн өөрөө идэвхгүй байгаад дасгал хөдөлгөөн хийхгүй, биеэ дайчлахгүй бол сэргэхгүй.
-Харвалтын дараах сэргээн засах эмчилгээний үед өвчтөн болон асарч байгаа ар гэрийн хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа дутагдал юу байдаг вэ?
-Манай Монголчууд маш гэр бүлсэг ард түмэн. Нэг өвчтөний ард гэр бүлийн маш олон гишүүн байдаг. Энэ үед нэг дутагдал гардаг нь харвасан хүмүүстээ тусламж үзүүлэх гээд сайн санааны хор хүргээд байдаг. Тухайн өвчтөн өөрөөрөө аливаа зүйлийг хийж чадах хэмжээнд байгаа бол тусалж болохгүй, тэр бүхнийг өөрөөр маш сайн хийлгэж байх ёстой. Гэтэл манайхан өвчтэй гэдэг шалтгаанаар өмнөөс нь бүхнийг хийж, тусалж байна гээд улам хөдөлгөөнгүй байдалд байлгаад байдаг.
Нөгөөтэйгээр тусалж байна гээд саажилттай гар, хөлөөс нь татаж хөдөлгөсөөр байгаад ихэвчлэн мөрийг нь өвдүүлчихдэг. Мэргэжлийн хүний зөвлөгөө авсныхаа дараа хөдөлгөөн дасгал хийлгэж байх ёстой. Түүнээс дур мэдэн саажилттай гар хөлийг хөдөлгөж, татаж чангааж болохгүй.
-Гар хөл нь мэдээгүй болсон хүмүүст ихэвчлэн ямар дасгал хөдөлгөөн хийхийг санал болгодог вэ?
-Нуруу хүзүүний тухайд бол түгээмэл хийдэг дасгал хөдөлгөөний зааж өгч болдог. Гэтэл харвалтын дараах саажилтын үед тухайн хүнээ нарийн сайн оношилж байж, дасгал хөдөлгөөн зааж өгөх шаардлагатай.
Ер нь бол хүмүүс тухайн хүн нь хөдөлж чадахгүй юм чинь гээд хэвтүүлээд байдаг. Энэ маш буруу. Зөв суулгаж сургах хэрэгтэй. Зөв суугаад сурчих юм бол тэнцвэр сайжраад эхэлдэг. Зөв суух нь хоёр хөлийн тавхай шалан дээр бүрэн хүрсэн өндөртэй сандал ширээн дээр суухаас эхэлнэ.