Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд орон даяар явагдана. Үүнтэй холбогдуулан ЭЕШ-ын агуулга, журамд гарсан өөрчлөлтийн талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл, мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.
ЭЕШ өгөх бүх хүүхэд эссэ бичих даалгавар шинээр нэмэгдсэн
-ЭЕШ удахгүй эхлэх гэж байна. Шалгалтын журамд гарсан онцлох өөрчлөлтүүд болон анхаарах зүйлсийн талаар тодруулахгүй юу?
-2018 оны хоёрдугаар сарын 5-16-ний өдрүүдэд ЭЕШ-ын бүртгэл явагдсан. Улсын хэмжээнд 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Хичээл сонголтоор нь авч үзэх юм бол математикийн хичээлээр шалгалт өгөх хүүхдүүдийн тоо хамгийн их байгаа.
Энэ жилийн ЭЕШ-ын журамд хэд, хэдэн өөрчлөлт орсон.
Өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна. Өмнөх оны шалгуулагчид буюу 2018 оноос өмнө ЕБ-н сургууль төгссөн төгсөгчид Боловсролын үнэлгээний төв дээр ирж мэргэжилтнээр гарын үсэг зуруулж, тамга дарж байж бүртгэлийн хуудсаа баталгаажуулах шаардлагагүй юм. Бүртгэлийн хуудсаа хэвлэх явцад “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх юм.
Харин энэ оны төгсөгчид бүртгэлийн хуудсаа хэвлэж аваад сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулна.
Мөн шалгалт өгөхдөө хариултаа заавал зөөлөн балтай харандаагаар будахаар байгаа. Өнгөрсөн жилийн хувьд хар, цэнхэр өнгийн үзгэн балаар будахыг зөвшөөрч байсан бол энэ жил зөвхөн харандаагаар будсан хариултыг тооцно.
Мөн босго онооны хувьд БСШУС-ын сайдын тушаалаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиудынх 480, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудынх 400 болж нэмэгдсэн.
Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд,
Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
Баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарийг www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэн авч ирнэ. Шалгуулагчдын суудлын хуваарь өнөөдрөөс цахим хуудсанд тавигдаж байна.
ЭЕШ-ын хариуг өдөр нь өгөх засалтын машин хоёр цэгт ажиллана
-ЭЕШ-ын агуулгад өөрчлөлт орсон уу?
-Өнгөрсөн жилээс эхлэн ЭЕШ өгч буй бүх хүүхдээс монгол хэл бичгийн шалгалт заавал авдаг болсон. Мөн хэлний хичээлүүд дээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар шинээр нэмэгдсэн. Харин энэ жилийн хувьд Монголхэл бичгийн шалгалт дээр эссэ бичлэгийн даалгавар шинээр нэмэгдсэн. Ингэснээр энэ жилээс эхлэн ЭЕШ өгч байгаа бүх хүүхдээр эссэ бичүүлнэ гэсэн үг.
-Шалгалтын дүн, оноог хэрхэн гаргах вэ. Шалгалтын хариуг өдөр нь өгөх засалтын машин ажиллуулна гэж дуулсан?
-Энэ жилийн ЭЕШ-ын үеэр хариуг өдөрт нь гаргах засалтын машиныг Улаанбаатар хотын хоёр цэгт туршилтын журмаар ажиллуулна. Ирэх жилээс ЭЕШ авч буй бүх төвүүд дээр засалтын машиныг ашиглаж эхлэх юм. Ингэснээр тухайн хүүхэд ЭЕШ-ын оноогоо тэр дор нь мэдэх боломжтой болох юм. Өмнө нь бол шалгуулагчдын хариултын хуудсыг нь хурааж аваад тусгай пост дээр аваачин электрон машинаар уншуулдаг байсан.