Open iToim app
Дэлхийн монгол | 12 мин уншина

Ховдоос Харвард, Харвардаас 'Wall street' хүрсэн монгол залуу О.Батнайрамдал

Ховдоос Харвард, Харвардаас 'Wall street' хүрсэн монгол залуу О.Батнайрамдал
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 21
“Дэлхийн монгол хүн” булангийн 2017 оны отгон зочноор Харвардын Бизнесийн Cургуулийг төгсч өдгөө Америкийн алдарт “Bank of America Merrill Lynch” хэмээх олон улсын банкны хөрөнгө оруулалтын банкны салбарт ажилладаг О.Батнайрамдал уригдлаа.
Тэрээр одоогоор тус банкны Австралийн Сидней хотын салбарт уул уурхайн банкны багт олон улсын томоохон уул уурхайн компаниудад санхүү, стратегийн зөвлөгөө өгөн ажилладаг юм.
Ингээд Монголын баруун хязгаар болох Ховд аймгаас “Wall Street”-ийн хөрөнгө оруулалтын банкинд ажиллах мөрөөдөлдөө хүрсэн О.Батнайрамдалын сонирхолтой ярилцлагыг уншигч танд хүргэж байна.   
Ховдоос Харвард хүрсэн түүх
“Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ”
Би Ховд аймгийн төвд төрж өсөж, тэнд дунд боловсролоо эзэмшсэн. Ховд хотод наймдугаар ангиа төгсөөд Түрк сургуульд суралцахаар Улаанбаатар хотод анх хөл тавьж байлаа. Одоо бодоход сургууль гэхээсээ илүүтэйгээр хотод амьдарна гээд их баярлаж байж билээ.
Би дээд боловсролоо АНУ-д эзэмшсэн юм. 2008 онд АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Паул хотод Макалестер Коллежид Нобелийн энх тайвны шагналт Кофи Аннаны нэрэмжит тэтгэлэг авч тэнцээд сургуулийнхаа анхны монгол оюутнаар элсэн орж байлаа. Намайг Макалестерд оюутан байх үед олон улсын санхүүгийн төв болох Нью-Йоркийн “Wall Street”-д ажиллах нь санхүү, эдийн засгийн чиглэлээр сурч байсан оюутан бүрийн мөрөөдөл байсан юм. Би ч бас Нью-Йоркийн том хөрөнгө оруулалтын банкинд ажиллана гэсэн зорилготой ихэд шамдан сурч байсан.
Сургуулиа төгсөх үед эдийн засгийн тэнхмийнхээ шилдэг оюутнаар шалгарч, мөн сургуулийнхаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг манлайлагч оюутны шагналыг авч байлаа. Тэгээд сургуулийнхаа сэтгүүлийн нүүрт миний тухай гарч, их л сэтгэл хангалуун төгссөн ч зорьсон ажил маань болох “Wall Street”-д банкинд ажилд орж чадаагүй. Цахиурын хөндийд санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаад дараа нь Монголдоо очиж хувийн салбарт хэдэн жил ажилласан юм. Эх орондоо ажиллаж байхдаа бас урьд нь хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр дэлхийн томоохон банкинд ажиллаж байсан гадаад даргатай байсан. Дарга маань намайг бас “Wall Street”-д банкны салбарт ажилд орж өөрийгөө сорь гэж захиж байсан билээ.
“Харвардад сурна гэж тооцож яваагүй”
“Wall Street”-д ажиллах хүсэлдээ хөтлөгдөн АНУ-д MBA (Masters in Business Administration буюу Бизнесийн удирдлагын магистр) хийсээр Америкийн сургуулиуд руу элсэх өргөдөл явуулж эхэлсэн юм. Хэд хэдэн сургуулиас урилга ирсний нэг нь Харвардын Бизнесийн сургууль байсан. Тэгээд би Харвардын Бизнесийн сургуульд 2013 онд элсэн орж 2015 онд төгссөн.
Харвардын Бизнесийн сургуулийн MBA хөтөлбөр нь Америкийн хамгийн олон сурагчтай MBA хөтөлбөр бөгөөд жилд 930 орчим оюутан элсүүлдэг. Оюутнууд нь  Монголоор бол “10A, 10Б” гэдэг шиг нийт арван ангид хуваарилагддаг. Миний хувьд  “Section H” ангид орж, ангийнхаа олон улсын оюутны төлөөлөгчөөр сонгогдож, ангийнхаа манлайлагчдын комисст хоёр жил олон улсын оюутнуудаа төлөөлөн ажиллаж, төрөл бүрийн арга хэмжээг АНУ-д зохион байгуулж байсан.
Төгсөлтийн баяраар манай сургууль оюутнуудынхаа бичсэн шилмэл эссэгээр “Хөрөг зураг төсөл” (The Portrait Project) хэмээх үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Төгсөлтийн баярт хүрэлцэн ирж буй аав ээждээ зориулж бичсэн эссэ маань шалгарч тэрхүү үзэсгэлэнд оролцсон юм. Тус үзэсгэлэнд оролцогч оюутнууд “Үнэ цэнэтэй, ганц олдох энэ амьдралдаа юу хийхээр төлөвлөж байгаагаа бидэнтэй хуваалцана уу?” гэсэн Америкийн нэрт яруу найрагч Мари Оливерийн тавьсан асуултанд хариулах даалгавар авсан байсан юм. Тэр эссэ маань 2015 онд манай сургуулийн твиттер хуудаснаа хамгийн олон жиргэгдсэн гэж сургуулиас  хэлэхэд  эссэний гол баатрууд болох аав, ээжээрээ л туйлын их бахархаж байсан билээ.
undefined
Ингээд сургуулиа төгсөөд “Wall Street”-ийн “Bank of America Merrill Lynch” хөрөнгө оруулалтын банкны Нью-Йорк хотын төвд ажилд орсон. Ийнхүү 2008 онд бүтээгүй мөрөөдөл 2015 онд биеллээ олж билээ. Энэхүү зорилгод хүрэхэд Харвардын Бизнесийн сургууль надад гүүр болсон.
undefined
-Мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд нэлээд бартаатай замыг туулжээ. “Wall Street”-ийн “Bank of America Merrill Lynch”-д ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ. Ажил, мэргэжлийнхээ карьерын талаар хуваалцахгүй юу?
-“Bank of America” нь нийт 250 мянган орчим ажилчинтай, 40 гаруй орны салбараар 150 орны харилцагчдад үйлчилж ажилладаг нийт хөрөнгийн хэмжээгээр Америкийн хамгийн том хоёр банкны нэг. Би энэхүү олон улсын банкны “Bank of America Merrill Lynch” хэмээх хөрөнгө оруулалтын банкны салбарт ажилладаг. Эхлээд компанийнхаа Нью-Йоркийн “Wall street”-д байрлах төвд “Mergers and Acquisitions Group” (Томоохон компаниудийн худалдан авалт, нэгдэлд зөвлөгөө өгдөг баг)-т орж ажилласан юм. Энэхүү баг дэлхийн томоохон компаниудад өөр компани худалдан авч бизнесээ амжилттай өргөжүүлэх, хоорондоо нэгдэх эсвэл компаниа бусдад худалдахад нь мэргэжлийн зөвлөгөө өгч, гүйцэтгэлийг нь хийдэг.
Тэр дундаас өөрийнхөө ажилласан төслүүдээс дурдах юм бол АНУ-ын хамгийн том автомашины тоног төхөөрөмж зардаг корпорацид Европийн хамгийн том ижил салбарын компанийг 1.5 ам. тэрбум доллараар худалдан авахад нь манай баг зөвлөгөө өгч байсан. Тухайн харилцагч маань өөр компанийг худалдан авахад төлөх үнэ, хэрхэн бусад худалдан авагчдаас илүү гарч худалдан авах гэх зэрэг бүх төрлийн санхүүгийн болон стратегийн зөвлөгөө өгнө гэсэн үг. Энэхүү төсөл дээр Нью-Йорк, Лондон болон Милан гэсэн гурван хотоос манай баг ажиллаж байсан. Ер нь өндөр хөгжилтэй, том эдийн засгуудад компаниудын хоорондын нэгдэл, худалдан авалт ихээр хийгддэг. Энэхүү хоорондын нэгдэл болон худалдан авалтын төслүүд дээр манай баг мэргэжлийн зөвлөгөө өгдөг байсан юм.   
Харин одоо би “Bank of America Merrill Lynch” банкныхаа Австралийн Сидней хотын салбарт уул уурхайн банкны багт ажиллаж байна. Австрали улс уул уурхайгаар дэлхийн хамгийн том тоглогчдын нэг бөгөөд уул уурхайн салбараа маш оновчтой хөгжүүлж чадсан жишиг орон. Энд манай баг Австралийн болон олон улсын томоохон уул уурхайн компаниудад санхүү стратегийн зөвлөгөө өгдөг. Бид уул уурхайн дэлхийн зах зээлийн томоохон тоглогчдод санхүүгийн зах зээл дээр шаардлагатай бүх төрлийн зөвөлгөө өгдөг. Жишээ нь, хөрөнгө босгох, бусад компани болон уурхай худалдан авах, зарах гэх мэт. Тухайлбал, та бүхний мэдэх Оюу Толгойг хамтран эзэмшдэг Рио Тинтогийн өрсөлдөгч компанид Австрали дахь нүүрсний уурхайны багцыг зарахад зөвөлгөө өгч байгаа. Австралид ирснээс хойш нүүрс, алт, төмрийн хүдэр гэх зэрэг газрын баялгийн зах зээлийг их судалж байна даа.    
-Олон улсын томоохон уул уурхайн компаниудад санхүү стратегийн зөвлөгөө өгдөг гэж байна. Монгол Улс уул уурхайн салбараа зөв, эдийн засгийн үр өгөөжтэй хөгжүүлэхэд юу чухал вэ. Австрали улс бол Монголтой адилхан уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай. Австралийн уул уурхайн салбараа зөв, үр өгөөжтэй хөгжүүлсэн талаар ярихгүй юу?
-Австрали уул, уурхайн хөгжлийн эдийн засгаараа жишиг орон мөн. Гэхдээ Австралийн эдийн засаг дан ганц уул уурхай дээр тулгуурлаагүй байдгийг зориуд хэлмээр байна. Уул уурхайгаас олсон ашгаараа бусад салбараа төрөлжүүлэн, хөгжүүлж чадсан орон бол Австрали. Тиймд дэлхийн зах зээлд дээр ашигт малтмалын үнэ унаж, уул уурхайн салбараас олох ашиг багасч, уул уурхайгаас хамраалтай эдийн засагтай орнууд хямралд орсон байхад Австрали улс энэ мөчлөгийн уналт, хямралд өртөлгүй эдийн засгийн өсөлттэй 25 гаруй жилийг өнгөрөөсөн байна. Энэ нь эдийн засгаа төрөлжүүлэн хөгжих суурийг тавьж, хувийн салбар хөгжих боломжийг нь олгож дэмжиж өгсөн сайн Засгийн удирдлага, бодлогын үр дүн. Мөн дээрээс нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын сүүлийн 30 гаруй жилийн огцом өсөлтөөс хамгийн их хожсон орны нэг бол Австрали улс. Хятадын өндөр хурдтай өсөлтийг түүхий эдээр хангах тэр том орон зайг Австрали зөв ашиглаж чадсан билээ.   
Аливаа улс орон өөрсдийнхөө дэлхийд өрсөлдөх чадвартай салбараа хөгжүүлж амжилтад хүрдэг. Уул уурхайн салбар бол Монгол Улсын дэлхийд өрсөлдөх хамгийн том давуу тал ихтэй салбар. Манай хөрш Хятад одоог  хүртэл дэлхийн уул уурхайн түүхий эдийн хамгийн том зах зээл хэвээрээ байсаар байна. Хятадын дундаж давхарга томрохын хэрээр эдийн засаг нь улам тэлнэ. Тэр эдийн засгийн өсөлтөөс гарч байгаа ашгийг Австрали гэх зэрэг өрсөлдөх чадвар өндөртэй дэлхийн томоохон тоглогчтой өрсөлдөж байж бид хүртэх болно. Энэ хатуу өрсөлдөөнд бид энэхүү салбарыг зөв бодлого шийдлээр явуулж илүү амжилтад хүрнэ. Мөн бусад салбарт зөв төрийн бодлого явуулж, уул уурхайн салбараас орсон орлогыг ашиглан хөгжүүлснээр уул уурхайн мөчлөг бүрт эдийн засаг маань сөхөрч унахаас сэргийлэх боломжтой болох юм.  
undefined
-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн нэгнээс үлгэр дууриал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриал авдаг вэ?
-Үлгэр дууриалал авдаг хүн бол зөндөө шүү. Гэхдээ тэр дотроос аав, ээжийгээ онцолмоор байна. 1990 оны дараах шилжилтийн хүнд хэцүү үед өөрсдөөсөө илүүтэйгээр хүүхдүүдийнхээ боловсролд бүгдийг зориулж чадсан аав ээжийнхээ тэр агуу монгол сэтгэлийг биширч амьдардаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж аав ээж минь их хэлдэг. Энэ ард түмний маань сургаал миний зүрхэнд ойр байдаг.    
-Амьдралдаа хийж байсан хамгийн том бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?
-Америкт анх коллежио төгсөөд 100 гаруй компанид ажил орох өргөдлөө өгөөд, хэд хэдэн компаниудад сүүлийн шат хүртэл нь ярилцлага өгсөн боловч эцэст нь бүгдээс “Үгүй” гэсэн хариу авч байсан. Тухайн үед Америкийн эдийн засаг хямралд орчихсон, олон улсын оюутныг ажилд авахаас халширчихсан үе байсан. Олон улсын оюутан гэдгээ нуугаад ярилцлагад орох үе ч байж билээ. Эхэндээ татгалзсан хариу болгоныг  хүндээр тусгаж авч, гутарч бас мохож байлаа. Энэ нь надад богино хугацаанд тохиолдсон олон бүтэлгүйтлийн зангилаа байсан байх. Гэхдээ ажилд авахаас татгалзсан хариу болгон намайг улам чангалж, хат суулгаж байсан шүү. Хүний амьдралд бүтэлгүйтэл алдаа зөндөө л тохиолддог. Уг нь зөв өнцгөөс  хараад ашиглаж чадвал алдаа болгон өөрөө хүнд суралцах асар том боломж байдаг. Үүнийг саяхан уншсан Шон Эйкорийн “Аз жаргалын давуу тал” (Тhe Happiness Advantage) гэдэг ном дээр эерэг сэтгэлзүйн шинжлэх ухаанд “дээшээ унах” (falling up) гэж их оновчтой тайлбарласан байсан. Амьдралд тохиолдсон бүтэлгүйтэл алдааг өөрийгөө улам цааш нь хөгжүүлэх боломж болгон харж өөрийгөө хатуужуулж хөгжүүлэхийг хэлж байгаа юм. Унасан ч дээшээ уна гэсэн утгатай.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?
-“Wall street”-д  хөрөнгө оруулалтын банкинд ажиллах нэг онцлог нь олон цагаар ачаалал ихтэй ажиллах шаардлага гардаг. Учир нь олон тэрбум долларын үнэтэй томоохон хэлцлүүдийг (transactions) цаг хугацаатай уралдан өндөр төвшинд гүйцэтгэхэд нэгдүгээрт, олон цагаар сууж ажиллах зайлшгүй шаардлага гарна, хоёрт нэлээд хэдэн төслүүд дээр зэрэг ажилладаг учир өндөр ачааллыг авч ажиллах болно. Гуравт, алдаа гаргах эрх байхгүй тул хийж буй зүйлээ тултал нь төгс төгөлдөр хийх шаардлага гарна.
Ийм нөхцөлд цаг хугацаатай уралдаж ажиллахад хамгийн чухал зүйл нь сайн төлөвлөгөө гэж би боддог. Төлөвлөгөөг хэр сайн детальчилж гаргах тусмаа дараа нь ажлаа гүйцэтгэхэд, буцаад шалгахад амар байдаг.
Хүн бүр өөрт таарсан ажлаа төлөвлөх механизмаа олоод авбал амьдралд их хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд бидний амьдрал их завгүй олон зүйл хийх шаардлага тулгардаг. Гэхдээ цаг хэмнэх нэрээр хийсэн ажлаа гурилдаж хийвэл их буруу. Цаг гаргаж хийж буй зүйлээ тултал нь чанартай хийдэг зуршил тогтвол тэр цаг хэмнэх аргаас илүү үр дүн авчирна гэж боддог. Тултал нь хийнэ гэдэг маань шаардлагатай бол олон дахин оролдоод ч болов чанартай, хүмүүст ойлгомжтой, найдвартай үр дүнтэй хийнэ гэсэн үг юм. Энэ нь олон давуу чанарыг хүнд авчирдаг. Тэвчээртэй, аливаа зүйлийг олон өнцгөөс харж сурна. Мөн нэгэнт цаг зарцуулж хийсэн зүйлээ үр дүнд хүргэнэ гэх мэт.   
-Таны алсын хараа, ойрын таван жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Монгол Улсын ирээдүйг би гэгээлгээр хардаг. Улс орноо цаашид илүү сайн хөгжүүлэхийн тулд залуусын оролцоо чухал нөлөөтэй гэж боддог. 1990 онд ардчилсан хувьсгал гарч ирэхэд сэхээтнүүд, залуусын, тэр дундаа социалист орнуудад сурч боловсроод ирсэн залуу үеийн  оролцоо маш чухал нөлөөтэй болж байсан юм. Түүнтэй яг ижил дэлхийн шилдэг их сургуулиудад сурсан, мэргэжлээрээ ажлын арвин туршлага хуримтлуулсан залуус Монгол орноо хөгжлийн дараагийн шатанд авчрахад мөн чухал нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэдэг. Цаашдаа Монгол улс хөгжих тусам эдийн засаг хөгжлийн хувьд улам нарийн, төвөгтэй болж, түүнийг зөв залж, чиглүүлэх мэргэжлийн гаргалгаа, шийдлүүд зайлшгүй шаардах болно. Миний хувьд тэр шийдлүүдийг гаргахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг.  
undefined
-Та ажлынхаа хажуугаар ямар зүйлд дээр төвлөрч, өөрийгөө хөгжүүлж байна вэ?
-Танай ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН булангийн зочноор оролцож байсан “Mitsui” корпорацид ажилладаг Б.Тэгшбаяр (Тэгшээ), “Accenture”-ийн Токиогийн салбарт ажилладаг Ц.Дэлгэрцэцэг (Дээгий) гээд хоёр найзтайгаа хамтран, энэ оны эхээр “сонсдог ном Unlock” подкастыг үүсгэн байгуулж, ажлынхаа хажуугаар хийж байна. Бидний зорилго бол дэлхийн сод болсон номуудыг Монголынхоо сонсогчдод подкаст хэлбэрээр хүргэхэд оршино. Дэлхийн уншигчдын шимтэн уншиж байгаа номуудыг хараахан манай уншигчдад шууд хүрдэггүй байх. Тэр орон зайг бид энэ подкастаар жаахан ч гэсэн нөхөхийг хүссэн юм.
Сошиал медиа хөгжсөн энэ үед манай подкастыг Монголын аль ч өнцөг булан бүрээс эсвэл гадаад амьдарч байгаа монголчуудад дуртай цагтаа татан авч сонсох боломжтой. Миний хувьд хөдөө орон нутагт байгаа залууст хүүхдүүд энэхүү номыг сонсоод нэгийг ч гэсэн ойлгоосой, өөрийгөө хөгжүүлж, цаашид өсөн дэвшихэд нь жаахан ч гэсэн мэдлэг нэмэрлэхийг хүссэн тэр хүсэл маань хөтөлсөн. Манай подкаст маань байгуулагдаад удаагүй ч Монголын хамгийн олон сонсогчидтой подкастын нэг болсон байна лээ. Энэхүү завшааныг ашиглаад байнгын сонсогчиддоо талархал илэрхийлээд мөн уншигч таныг бас “сонсдог ном Unlock” сонсохыг урьж байна. 
-Хамгийн сүүлд уншсан номынхоо талаар, түүнээс онцлох санаа юу байсан бэ?
-Сүүлийн үед сэтгэл зүйн чиглэлээр их сонирхож ном уншиж байгаа. Уншиж байсан номуудаас Даниэл Гольманы бичсэн “Emotional Intelligence” бую “EQ” гэсэн номийг онцолмоор байна. Энэхүү ном маань хувь хүний оюуны чадамжийг зөвхөн IQ-гаар илэрхийлдэг байсан цагийг халж, ухаантай байх тухай ойлголтод цоо шинэ EQ гэсэн хэмжүүрийг олонд танилцуулсан сонирхолтой бүтээл болсон байна. Амжилтад хүрэхэд IQ -с гадна өөрийгөө мэдрэх, өөрийгөө удирдах, өөрийгөө хурцлах, бусдыг ойлгох, бусадтай харилцах гэх зэрэг хүний сэтгэл хөдлөл, зан авирын чанаруудыг тайлбарласан ном л доо. Өнөө үеийн бизнес, улс төр, нийгмийн манлайлагчдад байх ёстой хамгийн чухал чанаруудад EQ зүй ёсоор орсон байдаг. Энэхүү номыг “сонсдог ном Unlock” подкастын 19 дэх дугаар дээр дэлгэрэнгүй ярьсан байгаа.
-Таны хувьд Монголын хөрснөөс “ургаж”, дэлхийн томоохон компанид амжилттай ажиллаж байгаа залуусын нэгэн төлөөлөл. Арвин туршлагатай дэлхийн томоохон компанийн нэг эд, эс болж мэргэжлээрээ туршлага хуримтлуулж, эргээд түүнийгээ эх орондоо нутагшуулах хүсэлтэй залуус олон болжээ. Та тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Би багадаа их том мөрөөддөг байж билээ. Мөрөөдөлөө хүнд хэлэхээс ч заримдаа ичдэг байлаа. Мөрөөдөлд хязгаар байдаггүй. Том мөрөөдөх хэрэгтэй. “Үүлэнд нисэж усанд шумбаж мөрөөд. Тэр мөрөөдөлдөө хүрэх эрч хүч, итгэл зоригийг гагцхүү өөрөөсөө л хай” гэж хэлмээр байна. Аав, ээж хэдэн арав дахин хэлнэ, захина. Гэхдээ урт хугацаанд хүний амжилтын үндэс өөрөөс нь бүрэн хамаардаг. Тиймээс өөртөө итгэж, өөрийгөө хүчилж, хөгжүүлэх нь аливаа амжилтад хүрэх гол хүч нь юм.  
Би Монголын, тэр дундаа дунд сургуулийн боловсролын системийг тааруу гэж боддоггүй. Би хөдөөний дунд сургуулиас авсан суурь боловсролоор явж өдийг хүрсэн хүн. Харин тэр дундаас магадгүй би илүү өөрийгөө хөгжүүлэх дээрээ анхаарч чадсан байх. Монголын маань сурагчид өөрийгөө дайчилж чадвал боломж өөрөө гарч ирдэг. Харин аав ээжийгээ бүтээгээд өгнө, эсвэл над шиг хүн чадахгүй байх гэж бусдаас горьдож, өөрийгөө голохоос илүүтэйгээр өөртөө найдаж, биеэ дайчлан зүтгэж чадвал хэн ч амжилтад хүрч чадна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг.    
 
Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу. 
Сэтгүүлч С.Цэрэндэжид нь нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр дагнан бичдэг. Тэрээр iToim.mn сайтад 2016-2018 он хүртэл сэтгүүлчээр ажилласан.
Sukhbaatar Tserendejid-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн