Японд 14 жил ажиллаж амьдарсан, өдгөө Австралид гэр бүлийн хамт сурч, ажиллаж буй Л.Оюунлхамтай хүүхэд хүмүүжил, боловсрол, эрүүл мэнд сэдвээр ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсанд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Лувсандаваажавын Оюунлхам гэдэг. Япон улстай холбогдсон түүх гэвэл анх дунд сургуульд суралцаж байхдаа аавынхаа уншдаг сонингийн зарыг хараад, тэгээд шалгалт өгөөд тэнцэж, Японы Кокүсай Кайёо нэртэй ахлах сургуульд суралцахаар явж байсан. Түүнээс хойш амьдралын маань 14 жил Япон улсад өнгөрч, миний ажил, амьдрал Япон улстай салшгүй холбогдсон. Их сургуулиа төгсөөд Монголдоо харьж ажлын гараагаа эхлэхдээ бас л сонингийн зараар бүртгүүлж Япон улсын Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтэст ажилд орж байлаа. Тийм учраас сонингийн зар унших их дуртай шүү /инээв/. Энэ үед манай хэлтэс Япон улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, Эдийн засгийн хамтын хэлэлцээр байгуулахад бэлдэх зэрэг нэлээн том хэмжээний ажлууд дээр бууж байсан. Хоёр жил шахуу эх орондоо ажиллаад буцаад Япон улсад очиж машин экспортын компанид гадаад худалдаа хариуцан хоёр жил, түүний дараа Английн нэгэн ТББ-ын Япон дахь салбарт санхүү хариуцан гурван жил ажилласан. Дипломат, гадаад худалдаа, цөмийн салбаруудад мэргэжлээрээ ажиллаж үзсэн. Яг одоо боловсролын салбарт ажиллаж байна.
Одоогийн байдлаар Австрали улсын Төв Күйнсландын их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мастерт суралцахаар ирээд, гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна даа.
-Японд олон жил амьдарчээ. Австрали руу явах болсон шалтгаан тань юу вэ. Австралид очоод хамгийн түрүүнд сурсан шинэ зүйл тань юу байсан бэ. Нийгэм болон хүмүүсээс?
-Олон жил гадаад оронд амьдарсан залуучууд маань бүгдээрээ л хэзээ нэгэн цагт эх орондоо очиж, сурсан мэдсэнээрээ хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах хүсэлтэй байдаг байх. Бид хоёр эх орондоо буцахын өмнө англи хэлтэй, Азиас өөр соёлтой оронд суралцаж дахин нэг хэлийг бүрэн эзэмшээд, баруун зүүн хоёр соёлын ялгааг мэдрээд, ажил мэргэжилдээ улам илүү туршлагажаад буцах хүсэлтэй байсан. Япон орон тайван амгалан, цэвэр цэмцгэр, эрүүл мэнд, боловсролын тал дээр дэлхийд тэргүүлдэг ч арлын орон учраас Япон орноос гараад явахаар хэлний асуудал түүнээс гадна сэтгэлгээний ялгаа гардаг. Тийм ч учраас охиндоо англи хэлийг багаас нь сургаж, дэлхий уудам, олон янзын нийгэм соёл байдаг гэдгийг мэдрүүлэх нь Австрали руу ирсэн бас нэг том шалтгаан байлаа. Австралид ирээд хамгийн түрүүнд сурсан шинэ зүйл гэвэл танихгүй ч гэсэн харц тулгарсан л бол инээмсэглэдэг зуршилтай болсон юм болов уу. Олон нийтийн газар, галт тэргэнд огт танихгүй хүмүүс бие биетэйгээ мэндэлж, магтаж, хөнгөн сайхан яриа өрнүүлээд сайн сайхныг хүсээд салж байгааг харахад үнэхээр эерэг энерги авах шиг санагддаг шүү.
Япон хүмүүс бусдад төвөг удахгүйн тулд өөрийгөө золиослох хэмжээний сэтгэхгүйтэй болсон байдаг. Жишээ нь, бусдад төвөг удахгүйн тулд галт тэргэнд зогсохдоо цүнхээ урдаа үүрч, утсаар ярих байтугай чихэвчээрээ чанга дуу ч сонсохгүй, зам дээр явахдаа ч бусдад зай гаргахаар нэг талдаа шахаж явна. Ажлаасаа амралт чөлөө авах бол бусад багийнхандаа төвөг удахгүйн тулд сар, хоёр сарын өмнөөс мэдэгдэж, 7-оос илүү хоног амрахгүй. Гэтэл энд Австралид гал тэргэнд хоёр хүний суудалд цүнх ачаагаа тавиад суучихсан, чанга дуугаар ярьж, 9 цагаас эхэлдэг ажилд 11 цагийн үед өнөөдөр амарлаа гэж ярих хүн ч байна. Энэ мэтчилэн нийгэм, соёлын, харилцааны хувьд ялгаатай зүйлүүд олон бий.
-Таны хувьд амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөөг хэн өгсөн бэ. Одоог хүртэл бодогдож, амьдралдаа хэрэгжүүлж явдаг үнэтэй зөвлөгөө гэх юм уу?
-Япон найзаасаа сонсож байсан “Болсон гэж хэзээ ч сэтгэл ханалгүй үргэлж шинийг эрэлхийлж, дээшээ тэмүүлж байх ёстой” гэсэн үгийг ажил мэргэжлийн тал дээр байнга санаж, сэтгэлдээ бичиж явдаг. Амьдрал дээр бол аав ээжийнхээ хүүхдүүддээ захидаг “Санаа зөв бол заяа зөв” гэсэн үгийг үргэлж бодож, бүх л хүнд сайн сайхан зүйл хүсэж явахыг хичээдэг дээ.
-Амьдралаа хийж байсан хамгийн том бүтэлгүйтэл, түүнээс авч байсан сургамж тань юу вэ?
-Яг одоо санаанд орж ирж байгаа инээдтэй бүтэлгүй түүхээ хуваалцъя. Осака хотод дөнгөж оюутан болж очоод япон, солонгос охидуудтай найзлаад дотносов. Найзууд маань зугаалъя гээд гадуур шоппинг хийгээд, зураг хөрөг авахуулаад дараа нь “Заа, старбакс оръё” гэхээр нь өө тэгье гээд л дагаад орсон. Нэг найз маань “американо” гэхээр нь дуурайгаад яг адилханыг аваад уух гэсэн юу вэ, хоолойгоор давахын аргагүй гашуун өтгөн хар кофе /инээв/. Ууж чадалгүй хайран $4, хагас цагийн цалин минь гэж бодон, өнөөх кофегоо асгаад хэсэгтээ тийшээ ороогүй юмдаг.Түүнээс хойш мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг загнахаа больсон доо. Одоо бол ямар нэг мэдэхгүй зүйл таарвал эхлээд гүүглэднэ, хайна, мэддэг хүнээс нь асууна. Ер нь асуух бас сонсох дуртай.
-XXI зуунд залуу хүний өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ. Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?
-Орчин үед сэтгэлгээ, арга барил, техник технологи бүх юм гэрлийн хурдаар хөгжиж, түүнтэйгээ зэрэгцэн маш хурдан хуучирч, халагдаж байна. Тийм учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэх, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх нь бидэнд нэн чухал. Хамгийн чухал нь гадаад хэл. Монгол залуус маань хэлний мэдлэгээ нэмэгдүүлээсэй, нэг ч гэсэн гадаад хэлийг бүрэн эзэмшээд олон ном бичвэр уншиж, олон хүнтэй харилцаж, улам том цонхоор ертөнцийг хараасай гэж хүсдэг. Түүнээс гадна өөрийн дуртай, сонирхолтой зүйлээ олж мэдэн тэр чиглэлээрээ өөрийгөө тууштай хөгжүүлэх нь өрсөлдөх чадвартай хүн бий болох гол хүчин зүйл гэж боддог. Миний хувьд MBA-д суралцаж байгаа оюутан учраас одоо үеийн гол маркетингийн суваг болох сошиал медиа маркетингийн хичээл түлхүү судалж, ном сэтгүүл их уншиж байна даа.
-Ажил, хичээлийн хажуугаар ээж хүнийхээ үүргийг хэрхэн биелүүлдэг вэ. Японд, одоо таны амьдарч буй Австралид эцэг эх болон сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг хэрхэн өсгөж, хүмүүжүүлдэг талаар өөрийн туршлага ажиглалтаас үүдэлтэй зөвлөмжөө хуваалцахгүй юу. Япон эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар зарчмыг баримталдаг вэ. Тэднээс бид юуг суралцаж болохоор байна вэ?
-Олон залуу ээжүүдийнхээ адилаар ажил, гэр бүлээ баланстай авч явахыг хичээдэг. Одоо энд ирээд сургууль нэмэгдсэн. Заримдаа амжихгүй шантрах үе гарна. Цагаа зөв хуваарилаж, төлөвлөх нь цаг хэмнэх гол арга гэдгийг ойлгосон учраас ажил, хичээлээ сайн төлөвлөж гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Би гэр орны ажлаа хийж байхад нөхөр маань охинтойгоо тоглох, ном уншиж, хичээл, дасгал хийлгэж байх зэргээр үүргээ аль сайн, дуртай зүйлсээрээ хуваагаад авчихдаг. Япон эцэг эхчүүд, цэцэрлэг сургууль хүүхдийг бүр жаахан байхаас нь хоолны соёл, эрүүл мэндийн талаар зааж, бусдыг боддог, хуваалцдаг, хүнд төвөг уддаггүй, дүрэм журам баримталдаг, даруу төлөв хүн байх талаар хичээнгүйлэн сургадаг. Цэцэрлэг, бага сургуульд манайх шиг гоцлон тоглолт, оны шилдэг сурагч гэх мэт зүйлс хэзээ ч харахгүй, бүх юм багаар байдаг. Харин Австралид хүүхдийн хувь хүн, онцлог шинж чанарыг дээдлэн, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг хүн болгоход анхаардаг юм шиг санагдсан. Сургууль дээр хүртэл хүүхэд тус бүрт өөр, өөр программ багш нь бэлдэж өгдөг. Бага сургууль нь тоглоом, сонирхолтой арга барилаар хичээлээ явуулдаг.
Хэл, соёлын ялгаа хүүхэд хүмүүжлийн арга барилд ихээр нөлөөлдөг байх гэж боддог. Англи хэл нэг л бие тоон дээр явдаг бол Япон хэлэнд энгийн хэллэгээс гадна хүндлэлийн хэллэг, (өөрийгөө дарсан) даруу хэллэг гэж байдаг. Австрали эцэг эхчүүд хүүхдийг нялхаас нь тусад нь өрөөнд унтуулж, мөнгийг нь өөрөөр нь хадгалуулах, саналыг нь сонсох гэх мэтээр бие даалгаж, хувь хүн гэсэн үзлийг багаас нь суулгаж өгдөг. Хоолоо үлдээх, хувцасаа бохирдуулах гэх жижиг асуудлуудыг огт тоодоггүй. Япон эцэг эхчүүд харин маннер буюу хүмүүжил дээр их анхаарч, хоол үлдээлгүй идэх, хүнд талархах, хүнд төвөг удахгүй байх, хариуцлагатай байх, ерөнхийдөө нийгмийн хүн байх талаар сургадаг. Япон улсын боловсрол сургуулийн дүрэм журмыг нэгд тавьдаг, багшийн үг хүчтэй байдаг бол Австрали улсын сургууль чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг. Тийм ч учраас хүүхдүүд хэнээс ч айлгүйгээр санал бодлоо илэрхийлдэг. Үүнийгээ дагаад өсвөр насныхны архи, хар тамхины хэрэглээ бас том асуудал болоод байгаа юм билээ. Харин төстэй бас суралцмаар тал гэвэл хоёр орны эцэг эхчүүд хүүхдээ их багаас нь номтой нөхөрлүүлдэг. Авах гээхийн ухаанаар хандан, сайн сайхан зүйлсээс нь суралцаад, бас бусаддаа түгээгээд явахсан гэж боддог. Хүүхдээ эрүүл чийрэг, бусдыг боддог, хариуцлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой, амьдралаас аз жаргалыг мэдэрч чаддаг хүн болоосой гэж хүсдэг дээ.
Монголчууд бид эхлээд сэтгэлгээгээ эрүүлжүүлмээр санагддаг
-Та “With love, Masha” фэйж хуудсаар дамжуулан маш хэрэгтэй, үнэтэй зөвлөгөө өгдөг. Таны зөвлөгөөг уншиж байхад таван настай охиндоо жилд 200 ном уншиж өгсөн талаар бичсэн байсан. Хүүхдэд ном уншиж өгөхийн ашиг тус юу вэ. Яавал хүүхдээ ном дуртай болгох вэ. Хүүхдэдээ уншиж өгөх номын сонголтыг хэрхэн хийх вэ.
-Юуны өмнө миний пэйжийг уншдагт баярлалаа. Маша гэдэг багын хочоороо сошиал хуудсаа нэрлэсэн байгаа. Монгол хэл дээр маань мэдээлэл хомсхон байдаг учраас үнэн бодит, эерэг мэдээлэл түгээх, тэр дундаа хүүхэд хүмүүжил, боловсролын талаар нийтлэл, зөвлөгөө орчуулах, бичих зорилготойгоор “With love, Masha” пэйжээ хөтөлдөг. Япон улсын талаар мэдээлэл түлхүү байгаа байх.
Хүүхдэд ном уншиж өгөхөд аав, ээж болон хүүхдийн хоорондын харилцаа улам дотносно, хүүхдийн төсөөлөн бодох чадвар, сониуч занг хөгжүүлнэ, анхаарлаа төвлөрүүлж сурахад нь тусална, үгийн баялаг нь нэмэгдэнэ, номонд дуртай болно гэх зэрэг маш олон сайн талтай. Хүүхдээ номонд дуртай болгохын тулд аав ээжээс бага зэрэг хичээл зүтгэл, чармайлт шаардана л даа. Жишээ нь, насанд нь таарсан зурагтай ном сонгож өгөх, уншсаны дараа асуултад нь хариулах, аав ээжийн зүгээс асуултаар булахгүй байх, яарч сандран уншихгүй байх, дуртай номыг нь хэдэн удаа ч хамаагүй уншиж өгөх зэрэг дээр анхаараад, шантрахгүй өдөр бүр уншиж өгөөд л байвал хүүхэд өөрөө номоо бариад хүрээд ирдэг болчихдог. Охин маань хагас сайн болгонд номын сангаас 10 ном зээлж орой болгон аав ээжээрээ уншуулдаг байсан бол одоо зарим богино номоо өөрөө уншчихдаг болоод байгаа. Тавыг өөрөөр нь сонгуулаад тавыг нь аав ээж сонгох дүрэмтэй. Насанд нь таарсан, аль болох шинэ зүйлийн талаар мэдлэг олгохоор ном сонгодог.
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг байхаа. Таны хувьд юуг өөрчлөх юмсан, хөгжилд хүрэхэд бид юуг хийх хэрэгтэй гэж боддог вэ?
-Утаа, улс төр гээд бухимдмаар, өөрчилмөөр зүйл их байгаа ч хамгийн эхэнд бид өөрсдийнхөө сэтгэлгээг эрүүлжүүлмээр санагддаг. Улс төр, эдийн засгийн ороо бусгаа байдал бол аль ч оронд байгаа. Бид хамгийн түрүүнд өөртөө эзэн болж, хэн нэгнээс ямар нэг зүйл хүлээх, хэн нэгнийг алдаандаа буруутгахаа болих хэрэгтэй. Бүх юманд төр засаг буруутай гэх хандлагаа болиод, тасралтгүй сурж, хөдөлмөрлөж байж хөгжинө. Энд хүмүүжлийн асуудал яригдах байх. Багаас нь хүүхдийг бүдэрч унасан ч шал буруутай гэдэг ойлголттой өсгөж байгааг өөрчилмөөр байдаг. Эцэст нь мэдээж боловсрол, эрүүл мэндийн салбар чухал. Монголд багш, эмч нар маань жагсаж байж цалингаа өчүүхэн жаахан нэмүүлдэг бол бусад орнуудад хамгийн өндөр цалинтай, эрэлттэй мэргэжлүүд байдаг. Чанартай боловсролын системийн дагуу чадварлаг бас эрүүл боловсон хүчин бэлдэж байж улс орон маань хөгжинө гэж боддог.

-Японд олон жил амьдарсан хүний хувьд эрүүл амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө өгөхгүй юү. Иргэдээ эрүүл байлгахын тулд төрөөс хэрхэн дэмждэг тухай Японы туршлагаас хуваалцвал?
-Япон улс бол эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлдэг, иргэд нь маш урт насладагаараа алдартай орон. Үүнд, голлох дөрвөн шалтгаан бий. Нэгд, эрүүл хооллолт. Уламжлалт Япон хоолонд заавал нүүрс ус буюу будаа/гурил, уураг буюу мах/загас/өндөг, витамин, эрдэс бодис буюу ногоо/халуун шөл гэсэн элемент агуулагддаг. Түүнээс гадна “ходоодны 20 хувиа хоосон үлдээ” гэдэг хэлц үг ч байдаг.
Хоёрт, нийтийн ухамсар, сэтгэхүй нөлөөлдөг. Олон жил амьдрахдаа миний ажигласан зүйл гэвэл япон илүүдэл жинд ер нь л дургүй нийгэм. Хөгшин залуу, эр эмгүй биеийн жиндээ их анхаарч дасгал хөдөлгөөн хийнэ. Гадаад үзэмжээс илүү эрүүл мэндийг чухалчилдаг.
Гуравт, тогтмол эрүүл мэндийн үзлэг. Хэрвээ сурагч, оюутан бол сургуулиас, ажилтан бол компаниас, тэтгэвэрт бол дүүргийн захиргаас жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг.
Дөрөвт, төрийн дэмжлэг. Төр засгаас маш их хөрөнгийг эрүүл мэндийн салбарт төсөвлөдөг. Эрүүл мэндийн байгууллагууд нь хариуцлагатай, даатгалын систем нь “эрүүл”. Дүүрэг болгонд иргэддээ зориулсан Спорт цогцолбор байгуулсан байдаг. Иргэдэд хямд үнээр бүх л төрлийн дасгал хөдөлгөөн хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
-Та өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарал хандуулж, ямар зарчмыг баримталдаг вэ?
-Эрүүл баланстай хооллож, цагтаа унтаж амрахыг хичээдэг. Ихэнхидээ япон хоол хийж иддэг учраас Австралид ирсэн ч гэсэн Ази супермаркет руу гүйгээстэй /инээв/. Ханиад тусвал аль болох эмийн бус аргаар эхэлж үзнэ. Цахилгаан шатаар биш шатаар явах, оройдоо 30 минут алхах, тайвширмаар үедээ иога хийх зэргээр хөдөлгөөнөө зохицуулдаг. Австралид ирээд биеэ хөгжүүлсэн, булчинлаг гоё биетэй хүмүүс их хараад жим-д явмаар санагдаад байгаа. Эндхийн хүмүүс их спортлог.
-Гэр бүлдээ хэр их цаг гаргадаг вэ. Гэр бүлээрэээ хийдэг тогтсон уламжлал, дүрэм бий юу. Бусдад үлгэр болохоор?
-Ямар ч их ажилтай байсан заавал өөрийн гараар хоолоо бэлдэж хийдэг. Хоолны ширээ гэр бүлд халуун дулаан уур амьсгал, амьд харилцаа авчирдаг, гэр бүлийн эрүүл мэнд, аз жаргалын манаач гэж боддог. Хооллох үедээ телевиз, утсаа унтрааж өдөрт болсон зүйлсээ ярилцах дуртай. Унтахынхаа өмнө охиноосоо “өнөөдөр болсон хамгийн сайхан зүйл юу вэ” гэж асуудаг заншилтай. Өдөр юу, юу хийснээ эргэж санаасай, сайхан дурсамж сэтгэлдээ хадгалж үлдээсэй, тайван амраасай гэж боддог.
-Гэр бүлийнхээ санхүүгээ хэрхэн тооцож, төлөвлөдөг вэ?
-Орлогоосоо илүү зардал гаргахгүй байхыг, сар бүр жаахан ч гэсэн хуримтлал хийхийг хичээдэг. Анх гэр бүл болоод эхний 3 сар орлого зарлагаа бичиж тооцож үзээд ерөнхий ойлголтоо аваад л түүнээс хойш бичээгүй. Хоол хүнсэн дээр мөнгөө гамнадаггүй, минималист биш ч хэрэггүй эд зүйлс авах дургүй. Том зардал бол нөхөртэйгөө хоёулаа ярилцаж байгаад л шийдчихдэг. Одоо охиндоо яаж багаас нь зөв санхүүгийн мэдлэг олгох талаар судалж байна даа.
-Төгсгөлд нь та залууст хандаад юуг хэлэх вэ?
-Манай зарим Монгол залуучууд маш чадварлаг, дэлхийн хаана ч гологдохгүй бүр тэргүүлэх хэмжээнд болсон байна. Тэднээсээ үлгэр дуурайл авч залуу бас цаг завтай байгаа дээрээ өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, нэг ч гэсэн шинэ зүйл сурахыг эрмэлзээрэй. Монгол хэлээ бас гадаад хэлийг сайн эзэмшээрэй. Гаднын залуучууд шиг амьдралд яаралгүй, олон орноор аялж, олон янзын хүмүүстэй танилцаж, олон төрлийн цагийн ажил хийж бүрэн боловсроод ажил амьдрал дээр гараарай л гэж хэлмээр байна. Танай сайтыг унших их дуртай болохоор ярилцахад таатай байлаа. Надтай ярилцсанд баярлалаа, та бүхэн болон танай уншигчдын ажил амьдралд өндөр амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.