Нийгмийн эрүүл мэндийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай Үндэсний хэмжээнд дөрвөн жил тутамд хийдэг Хүн амын хоол тэжээлийн байдлын тавдугаар судалгааны үр дүн болон хүн амын дундах Д амин дэмийн дутагдлын талаар ярилцлаа. Тэрээр Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтаж байгаа юм.
-Үндэсний хэмжээнд дөрвөн жил тутамд хийдэг Хүн амын хоол тэжээлийн байдлын тавдугаар судалгааны дүн гараад удаагүй байгаа. Судалгаагаар хүн амын дундах Д амин дэмийн дутагдал нэлээд өндөр хувьтай гарсан гэсэн. Судалгааны үр дүнгийн талаар яриагаа эхлүүлье?
-Хоол тэжээлийн үндэсний судалгааг 1992 оноос хойш таван удаа хийсэн. 2010 оноос хойш хүн амын хооллолтод хэрхэн өөрчлөлт гарсан, шаардлагатай, хэрэгцээт амин дэмийн биедээ нөхөж чадаж байгаа эсэх талаар зургаан жилийн харьцуулсан судалгааг хийж дууслаа. Судалгаагаар тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдлын төвшин, хүнсний баталгаат байдал, баяжуулсан хүнсний хэрэглээ зэрэг өрхийн төвшинд дэх хэрэглээний үзүүлэлтийг тогтоосон. Түүнээс гадна зорилтот таван бүлгийн хүн амын хоол тэжээлийн байдалд тусгайлан үнэлгээ өгсөн. Тав хүртэлх насны хүүхэд, сургуулийн насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, тав хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, 15-49 насны эрчүүд гээд зорилтот таван бүлгийн хоол тэжээлийн байдлыг үнэлсэн.
Д амин дэмийн хувьд нийт хүн амын дийлэнх хувьд дутагдалтай байна гэсэн дүгнэлт хийсэн. Тодруулбал, тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс цусны дээж аваад шинжилгээ хийж үзэхэд 5 хүртэлх насны хүүхдүүдийн 61 хувь нь Д амин дэмийн дуталтай, 29 хувь нь цусанд дахь Д амин дэмийн нөөц багатай байсан. Мөн жирэмсэн эхчүүдийн 75 хувь дуталтай, 20 хувь нөөц багатай. 15-49 насны эрэгтэйчүүдийн хувьд 82 хувь нь Д амин дэмийн дуталтай болон нөөц багатай гэсэн дүн гарсан.
-Судалгаагаа үндэсний хэмжээнд хийсэн гэсэн. Насны онцлог, амьдарч буй бүсийн байршлаасаа хамаараад Д амин дэмийн дутагдал харилцан адилгүй байв уу?
-Амьжиргааны төвшин, насны онцлог, амьдарч буй газар орны байршлаас үл хамааран судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн дийлэнх нь Д амин дэмийн дутагдалтай байсан гэж хэлж болно. Эндээс монголчуудын дийлэнх нь Д амин дэмийн дуталтай байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
-Д амин дэм хүний биед дутагдсанаар эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөллийг бий болгодог вэ. Яагаад Д амин дэмийг нөхөх ёстой талаар тайлбарлахгүй юу?
-Д амин дэм хүний биед кальци болон фосфорын солилцоог зохицуулж байдаг үүрэгтэй. Хоол хүнсээр авсан кальци цусанд шимэгдээд оронгуут тэр кальцийг Д амин дэм ясны эд эсрүү зөөвөрлөөд ясанд аваачиж өгч байдаг. Ясны эрдэсжилтийг зохицуулж байдаг. Д амин дэм дутагдсанаар ганцхан яснаас гадна сүрьеэ, зүрс судас, хавдар, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин гээд маш олон өвчний эрсдэлт хүчин зүйл болж байдаг. Хавдар гэхэд Д амин дэм дуталтай хүнд хэвийн хүнээс өвчлөх эрсдэл нь өндөр. Мөн эрдэмтдийн судалгаанаас харахад Д амин дэм дуталтай хүн нээлттэй хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр. Д амин дэм дуталтай хүн хэвийн хүнээс артерийн даралт ихсэх магадлал 60 хувийн өндөр байдаг.
Сэтгэл гутралд орох, байнгын стресс, ядаргаа мэдрэгдэх нь Д амин дэм дутлын шинж
-Д амин дэм дутагдаж буйгаа хэрхэн мэдэх вэ. Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Бага насны хүүхдүүдийн хувьд рахит өвчний шинж тэмдгүүд бол Д амин дэмийн дуталтай холбоотой байдаг. Зулай удаан битүүрэх, дагзны яс зөөлрөх, дагзны үс халцрах, хөлрөх, шээс үнэртэй гарах, эрэг духтай, шувуун цээжтэй, хавтгай таазтай, майга хөлтэй болох гээд Д амин дэмийн дутлаас үүдэлтэй.
Харин томчуудын хувьд сэтгэл гутралд орох, байнгын стресс, ядаргаа мэдрэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Тиймд цусанд дахь Д амин дэмийн хэмжээгээ тодорхойлуулаад зайлшгүй нөхөх шаардлагатай байдаг.
Монголчууд идэж буй гурилаараа Д амин дэмээ нөхөх боломжтой болно
-Д амин дэмийн дутлыг хэрхэн нөхөх вэ?
-Наранд шарах, бэлдмэл уух, Д амин дэмээр баялаг болон баяжуулсан хоол хүнс идэх ёстой. Д амин дэм тосонд уусдаг дөрвөн төрлийн амин дэмийн нэг. Хүний биед нийлэгждэг цорын ганц амин дэмийн нэг. Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор нийлэгжиж байдаг. Нарнаас авах боломжтой. Хоол хүнсний хувьд байгаль дээр цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг. Д амин дэмээр баялаг хүнс цөөн бий. Тухайлбал, загасны тос, яргай загасны мах, өндөгний шар, үхрийн элгэнд бага хэмжээгээр агуулагддаг. Цэвэр хүнсний бүтээгдэхүүнээс Д амин дэмийг нөхөх боломж хязгаарлагдмал байдаг. Тиймд бэлдмэлээр болон баяжруулсан хүнсээр нөхөх боломжтой. Баяжуулсан хүнсний тухайд манайд хуулийн зохицуулалт хийхээр ажиллаж байгаа. Д амин дэмийг өдөр тутмын хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд нь баяжуулж өгөх тухай тусгаж байгаа. Бусад оронд бол сүү, ургамлын тосыг Д амин дэмээр баяжуулж, хуулийн зохицуулалтад тусгасан байдаг. Харин манай орны хувьд гурилыг Д амин дэмээр баяжуулах арга байгаа юм. Энэ чиглэлд ажиллаж байна. Д амин дэмээр баяжуулсан гурилыг стратегийн хүнс гээд бодлогоор зохицуулаад явах юм. Тухайлбал, баяжуулагч бэлдмэл, тоног төхөөрөмжийг татваргүй оруулж ирэх, НӨАТ-аас чөлөөлөх, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл тусламж олгох зэрэг баяжуулаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг төрөөс дэмжих зохицуулалт тусгагдсан.
-Д амин дэм дутагдсанаар нурууны өвчлөлд нөлөөлөх үү?
-Ясны сийрэгжилтэд нөлөөлнө. Ясны сийрэгжилтээс болоод нуруунд суулт өгч, түүнээс болоод мэдрэлийн ёзоор дарагдаад өвдөж байж болно гэсэн үг юм. Шууд нөлөөлөхгүй ч эрсдэлтэй. Ахмадууд нас ахиад ирэхээр гар хөл даарч, дулаацахгүй байна гэдэг энэ нь Д витамины дуталтай холбоотой.