“Эко скүүл гарден” ХХК-ны хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал Х.Батжаргалтай ярилцлаа. Тэрээр Английн Үндэсний боловсролын системийг Монгол Улсад түүчээлсэн нэгэн юм. Дэлхийн монгол иргэнийг эх орондоо бэлтгэж буй тэрээр англи хэлийг дунд сургуульдаа төрөлх хэл шигээ эзэмшин дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцах урилга авсан сурагчдаараа бахархдаг нэгэн юм.
-Яармагийн дэнжид эрдмийн өргөө байгуулсан түүхээс тань ярилцлагаа эхэлье. Өнөө маргаашийн ашиг орлогоор бус хэдэн арван жилийн дараа нийгэмд өгдөг үр өгөөжөөр нь харж боловсролын салбарт хөрөнгө оруулсан нь зөв шийдэл байв уу. Таны хувьд?
-Дэлхий ертөнц асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед зөвхөн техник, технологи гэлтгүй боловсролын салбарын бодлого чиглэл хүртэл асар хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.
Дэлхий нийтийн боловсролын системийн өөрчлөлтүүд нь зөв чиг хандлагатай, хөрвөх чадвартай дэлхийн иргэн бэлтгэн гаргахыг зорьдог болжээ.
Улс орны хөгжлийн гол тулгуур бол боловсрол. Тиймдээ ч бид дэлхий нийтээрээ эзэмшиж байгаа Англи Уэлсийн Үндэсний хөтөлбөрийг Монголын хөрсөнд нутагшуулах зорилгоор “Эко Скүүл Гарден” ХХК ийг 2010 онд байгуулан ажиллаж эхэлсэн. Сургуулиа байгуулахаас өмнө дэлхийн томоохонд тооцогдох олон улсын жишиг болсон олон улсын сургуулиудад очиж үзэж туршлага судлан 2012 онд Улаанбаатар дахь Бритиш дунд сургуулийг үүсгэн байгуулж, Монгол Улсын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчдын хамт үүсгэн байгуулсан. Үүнд, Хас банк бидний санал санаачилгыг дэмжин хамтран ажилласанд талархаж явдагаа илэрхийлье.
Хэдхэн жилийн өмнө мал бэлчиж байсан Яармагийн энэ дэнжид олон улсын шаардлага хангасан барилга байгууламж бүхий дэлхийн монгол иргэнийг бэлдэх эрдмийн өргөө үүд хаалгаа нээгээд эдүгээ 6 дахь жилтэйгээ золгож байна. Энэ богинохон хугацаанд олон зуун хүүхдүүдэд олон улсын боловсрол олгож дэлхийн их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийг олгож байгаагаараа, бахархалтай зөв хөрөнгө оруулалт болсон гэж бодож явдаг.
-Монгол Улсын нийгмийн салбарт тэр дундаа боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чухал. Хөрөнгө оруулалтынхаа талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
-Бидний оруулсан хөрөнгө оруулалт урт удаан хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл хэдий ч нийгмийн салбарт тэр дундаа боловсролын салбарт зоригтойгоор хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтын хүрээнд нийт 15,000 м2 орчим талбай бүхий дунд сургуулийн барилга байгууламж, спорт заал, усан бассейн, хөлбөмбөгийн талбай, спортын талбай, багш ажилчдын орон сууцыг барьж байгуулсан. Энэ бүхнийг стандартын дагуу байлгахын тулд газар хэдий үнэд орсон ч байх ёстой хэмжээгээр нь хийж гүйцэтгэсэн. Жишээлбэл, Улаанбаатар хотод байгаа бүх сургуулиудаас манай хөл бөмбөгийн талбай хамгийн том байх жишээтэй.
Угаасаа олон улсын стандартын шаардлага хангасан барилга байгууламжтай сургуулиудад олон улсын Бритиш сургуулиудын зөвлөлөөс зөвшөөрөл олгодог. Иймээс сурагчдын сурах тохилог орчныг бий болгож, аюулгүй байдлыг бүрэн хангасан европ стандартын тавилга, ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, агааржуулалт , холбоо дохиолол, камерын системийг бүрэн тоноглон автоматжуулж сургуулийн анги танхимууд лабораторуудийг тохижуулан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоогоор сурагчдын аюулгүй байдал, сургуулийн анги танхимын цэвэрлэгээ үйлчилгээ, хоол, автобус үйлчилгээ гэх зэрэг сургуулийн бүхий л арын албаны 80 гаруй хүнтэй аж ахуйн албаныхан гүйцэтгэж байна.
-Дэлхийн монгол иргэнийг бэлтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг бэлдэж байгаа гэж бодохоор бахармаар байна. Гэхдээ нөгөө талаараа өндөр төлбөртэй учраас хувийн сургуулиудыг шүүмжлэх өнгө аяс нийгэмд ажиглагддаг шүү дээ. Төлбөртэйгөө дүйцэхүйц хэмжээний чадварыг олгож чадаж байна уу, үгүй юү гэж эцэг эхчүүд хардаг л даа?
-Таны асууж байгаа зөв л дөө. Тэгэхээр сургалтын төлбөр чухам юунаас хамаарч өндөр байдгийг тайлбарлая л даа.
Техник технологийн хөгжлөөс үүдэлтэйгээр ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх мэргэжлийг урьдчилан таамаглах боломжгүй болж буй энэ үед хөдөлмөрийн зах зээл ч маш хурдацтай өөрчлөгдөж байна.
Тэгэхээр бид дэлхийн боловсролын чиг хандлага хаашаа явж байна. Түүнийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран дэлхий нийтийн боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлтээс суралцах ажлыг гол болгодог. Тийм болохоор дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Англи Уэлсын үндэсний хөтөлбөрийг заах эрх бүхий тэр дундаа Английн үндэсний багш нарыг урьж багшлуулж байгаагаараа Монголд байгаа олон улсын сургуулиудаас ялгаатай гэж үзэж болно. Манай сургуулийн гол бахархал бол багш нар маань, бусдаас ялгарах давуу тал бол мэргэжлийн шилдэг боловсон хүчин гэж боддог.
Үлгэрийн мэт сайхан барилгатай ч, чадваргүй багш нартай бол сургууль удаан оршин тогтнохгүй. Англи багш нар сурагчдынхаа хүмүүжил, төлөвшилд онцгой ач холбогдол өгч, тэдний хичээл сурлагын амжилтын төлөө үнэхээр сэтгэл зүрхээ зориулж ажилладаг. Бид Парис, Токио, Дубай, Бээжин, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотын сургуулиудтай өрсөлдөж байж эдгээр багш нарыг Их Британийн Боловсролын яаманд бүртгэлтэй агентлагаар дамжуулан сонгон шалгаруулж гэрээ байгуулан авч ажиллуулдаг.
Анагаах ухааны их сургууль төгссөн оюутан мэргэжил дээшлүүлэн суралцаж, тусгай шалгуур давсны эцэст хүн эмчлэх эрх авдгийн адил Англид багшийн сургууль төгссөн багш нар тодорхой шаардлага хангаж, шалгалтанд тэнцэж байж олон улсад багшлах эрхээ баталгаажуулдаг. Ийм шаардлагыг хангасан багш нарын цалин хангамж өндөр байдгаас шалтгаалан өндөр төлбөртэй гэж хардаг байх. Бид энэ үнээс доогуур тавих л юм бол хэзээ ч ийм чанартай багш нарыг олж чадахгүй бөгөөд сургалтын чанар алдагдаж олон улсын стандартыг хангаж чадахгүй сургууль болж хувирна шүү дээ. Шуудхан хэлэхэд багш нарынхаа цалинг ч тавьж чадахаа байна. Бидэнтэй адилхан үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын сургуулиуд дундаас манай сургууль хамгийн хямддаа тооцогддог. Үүнээс хямд үнээр хэзээ ч, хаана ч олон улсын шаардлага хангасан багш нараар заалгаж боловсрол авна гэж бараг байхгүй дээ. Тэгэхээр таны асуусан төлбөртэйгөө дүйцэхүйц хэмжээний боловсролыг хангалттай олгож байгаа гэж хэлж болно.
-Дунд сургуулиуд сурагчдад академик боловсрол олгохыг чухалчилж, иргэн хүн болгон төлөвшихөд нь тэр бүр анхаарал хандуулахгүй байна уу даа гэсэн бодол төрдгийг нуух юун. Та бүхэн хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хэр чухалчилж ажиллаж байна вэ?
-Манай сургуулийн хувьд хэт академикжсан сургалтын системээс илүү ямар ч нийгэмд суралцах чадвартай, авъяас ур чадвартай сурагчдыг бэлтгэхийг чухалчилж ажилладаг. Англи багш нарын чиг хандлага монголчууд биднээс их өөр харагддаг л даа. Жишээлбэл, ямар ч хүүхдийг солгой хоолойтой байсан ч тайзан дээр дуулуулж концертонд оруулдаг, чадах чадахгүй байсан ч хамаагүй спортын тэмцээн уралдаанд оролцуулж сургуулийнхаа шигшээ баг болгож тэмцээнд оролцуулдаг. Энэ нь тухайн хүүхдийн авъяасыг нээн илрүүлэхэд чухал мэт санагддаг. Би анхандаа ойлгохгүй амжилт гаргасангүй гээд багш нартайгаа маргалдаж байсан удаа бий. Тэгэхээр Монгол сэтгэлгээ бол сайн дуулж хуурддаг, сайн тоглодог бол сургуулийнхаа шигшээ багт байсаар төгсөгдөг шүү дээ. Бусад аав ээжийн хүүхдүүд үзэгч байсаар өөрийгөө танин мэдэхгүйгээр хүүхэд насаа үддэг. Иймэрхүү маягаар арга барилын хувьд өөр зүйлүүд маш их байнаа. Одоо манай бүх багш нар ямар ч хөгжмийн зэмсгийг дараад хамтлаг бий болгочихдог. Тэгэхээр хүүхэд бүр дунд сургуульд ямар боловсрол эзэмших ёстой вэ түүнийг хүүхэд бүрт тэгш олгодогоороо их онцлогтой. Англичууд хүүхдийн хүмүүжил төлөвшилд их анхаарч ажилладаг. За даа, бараг хатуухан хэлэхэд англи багш нар монгол эцэг эхчүүдийг хүүхдээ анхаараагүйн төлөө шүүмжлэлийг шууд гаргаж хэлдэг. Тэдэнд сурагчдын ээж аав хэн байх нь чухал биш гагцхүү тэр хүүхдийг л зөв сайн хүн болгож төлөвшүүлэхэд анхаардаг.
Одоо манай монгол сургуулиудын сургалтын систем өөрөө хүүхдүүдэд амьдрах боловсрол олгох биш зөвхөн шалгалтын системд зориулагдсан мэт яваад байна л даа. Бритиш сургуулийн онцлог нь хичээлээс олж авсан мэдлэгийг парктик дээр бататгах сургалтуудыг илүү олгодгоороо онцлогтой. Бритиш сургуулийн гадаад багш нараас харж байгаа ололтой тал бол хүүхдийг өөрийгөө илэрхийлэх, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ хөгжүүлж түүнд илүүтэй анхаарал тавьж байгаа нь үнэхээр таалагддаг. Ингэснээрээ бид харилцааны ур чадвартай , хариуцлага хүлээх чадвар бүхий хөрвөх чадвартай жинхэнэ дэлхийн монгол иргэнийг бэлтгэж байна даа.
-Танай сургалтын хөтөлбөрт монгол хэл, түүхийн хичээл багтсан байдаг юм байна. Олон улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа Бритиш сургуулиуд танай сургуультай адил тухайн үндэстнийхээ хэл соёлыг тусгасан хөтөлбөрүүдийг нэтгэж хөтөлбөртөө оруулсан байдаг уу?
-Манай сургалтын хөтөлбөрт байгаа хичээлүүд бүгд англи хэл дээр явагддаг. Английн зан заншил, дүрэм, журам гээд бүх л зүйлийг суралцахын зэрэгцээ монгол хэл, соёл, зан заншил болон түүх газар зүйн хичээлийг тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу ур чадвартай монгол багш нар эх хэлээрээ заадаг.
Бусад бүх орны Бритиш сургуулиуд манай сургуулийн адил тухайн улс үндэстнийхээ хэл соёл, түүх газар зүйн хичээлийг оруулж нийт цагийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр хөтөлбөртөө тусгасан байдаг. Мөн манай сургуулийн хөтөлбөрт хятад хэлний хичээлийг сонголтоор нь багтаадаг.
-Английн боловсролын тогтолцоо олон зүйлээр давуу болохыг баталж, 2017 оны Дэлхийн шилдэг багшаар Их Британийн багш бүсгүй шалгарсан. Дэлхийд брэнд болсон англи багш нарыг эх орондоо урьж, багшлуулахад тодорхой шаардлага, хариуцлага хүлээдэг үү?
-Герман улс “Бенз” машиныг дэлхийн брэнд болгодогийн адил Англи улс үндэсний боловсролын хөтөлбөрөө дэлхийн брэнд болгож дэлхийн улс орнуудад экспортлож байна л даа. Англичууд 200-300 жилийн түүхтэй боловсролын хөтөлбөрөөрөө бахархах нь зүйн хэрэг. Би сая хэлсэн өндөр шалгууртайгаар өндөр цалин хангамжтай чадварлаг багш нар ирдэг гэж. Тэглээ ч шалгаруулалтад тэнцсэн багш бүр Монгол улсыг сонгоно гэдэг тийм амар зүйл биш л дээ. Гэхдээ манай багш нар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, Улаанбаатар хотын агаарын бохирдол зэрэг таагүй нөхцөлийг үл харгалзан монгол хүүхдүүдэд хичээл заах чин сэтгэл өвөрлөн ирдэг. Олон улсын Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн хувьд манай сургууль багш нартаа заавал британи иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Багш нарын цалин хангамжаас гадна Улаанбаатарт амьдрах байр орон сууц, олон улсын эрүүл мэндийн даатгал, ирж очих зардал, харилцаа холбооны зардал гэх мэт ихээхэн зардлуудыг сургууль хариуцан ажилладаг.
-Английн сургалтын систем гэдэг Монголын нийгэм, монголчуудын хувьд шинэ соргог зүйл. Танай сургуулийн элсэгчдийн тоо жил тутам нэмэгдэж байгаагийн нууц нь юунд оршиж байна вэ?
Бид өнгөрсөн хугацаанд чанарыг эрхэм зорилгоо болгон ажилласны үр дүнд элсэгчдийн тоо жил тутам нэмэгдэж байна. Сурагчдыг залхаах бус, сонирхолтой байдлаар хичээлээ зааж хүүхдүүдийг хичээлдээ дуртай болгож чаддагаараа англи багш нарын заах арга зүйн онцлог бусад багш нараас ялгардаг гэж хэлж болно л доо.
Дэлхий хавтгай болж буйтай холбогдуулан олон улсын боловсролын байгууллагуудын трэнд хаашаа явж байна вэ гэхээр сурагчиддаа академик мэдлэгээс гадна дараахь ур чадваруудыг эзэмшүүлэхэд онцгойлон анхаарч байна.
мэдээллийг олон талт эх үүсвэрээс цуглуулж, түүнийг нэгтгэн дүн шинжилгээ хийж сургах
биет болон цахим хэлбэрээр баг болон хамтран ажиллах, асуудлын гарц, шийдэл дэвшүүлэх сэтгэлгээг бий болгож сургах ,
Хүүхдийн өөрийн бүтээлч сэтгэлгээ, хувь хүний санаачилга,
Хүүхдийн харилцааны ур чадвар,
Хариуцлага хүлээх чадвар болон хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх гэх мэт чадваруудыг чухалчилан үзэж байна.
-Та сургуулийнхаа давуу талуудаас танилцуулахгүй юу?
Улаанбаатарын Бритиш сургууль өнгөрсөн зургаан жилийн хугацаанд маш олон давуу талыг бий болгож ажилласан гэж боддог. Тухайлбал энэ жилийн гуравдугаар сард Олон улсын Бритиш сургуулиудын зөвлөлөөс Пэйтроны нэрэмжит магадлан итгэмжлэлийг хоёр дахь удаагаа амжилттай онц, сайн үнэлгээтэйгээр авлаа. Энэ бол маш олон багш, ажилчид, сурагчдын итгэл зүтгэлээр авдаг маш том үнэлгээ байгаа.
Их Британийн сургалтын хөтөлбөрийг заах эрх бүхий мэргэжлийн туршлагатай багш нараар багаа бүрдүүлж , сургалтын чанарыг гол эрхэм зорилгоо болгож, сурагчдынхаа эрх ашгийг дээдлэн, хүмүүжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж буй байдал нь манай сургуулийн гол давуу тал гэж бахархалтайгаар хэлмээр байна. Мөн хүүхэд хамгааллын бодлого, журмууд, аюулгүй ажиллагааны журмуудыг чанд сахин мөрдсөн түүнийгээ яаж амьдралд хэрэгжүүлэхийг хүүхэд бүрт сургаж байгаагаараа давуу талтай. Мөн дэлхийн хаана ч очсон манай сургуулийн сурагчид аль ч орны хүүхдүүдийн адил хэл, соёлтой, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй сурагчид бий болгож чаддагаараа давуу талыг бий болгоод зогсохгүй Дэлхийн монгол иргэнийг бэлдэж байгаа нь бидний давуу тал юм.
-Монголын боловсролын системийн уламжлалт хэв маягт дадсан монгол эцэг эхчүүд Английн үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрхэн дүгнэж хүлээж авч байна вэ?
-Хүүхдийн сурах амжилтад сурагч, эцэг эх, сургуулийн гурвалсан холбоо маш чухал байдаг. Бид хичээлийн шинэ жилээс эхлэн эцэг эхчүүдэд хичээлийн хөтөлбөр танилцуулах өдөрлөг зохион байгуулдаг. Эхэн үедээ зарим эцэг, эхчүүд багш нар сурагчддаа гэрийн даалгавар хангалттай өгдөггүй, шахахгүй байна гэж шүүмжилдэг байсан. Тэд эцэг эхчүүдэд танай хүүхэд өглөөнөөс авхуулаад оройн 5 цаг хүртэл сургуулийнхаа орчинд багш нараасаа хангалттай сургалт аваад гэртээ очиход нь орой унтах хэдхэн цагийн хооронд эцэг эх ах дүүтэйгээ гэр бүлийн уур амьсгалд байх нь чухал байдаг юмаа гэж хариулж байсан. Энэ бүхнийг бодоод үзэхээр үнэхээр л амьдралд бид бодитоор хандаж чадахгүй байгаа нь харагдаад байгаа юм. Монгол сургуульд хүүхдээ нэгдүгээр ангид орууллаа ээжийг нь хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэх гээд ажлаас нь жилийн чөлөө авхууллаа гэж ярьж байсан эцэг эхчүүдтэй зөндөө тааралдаж байлаа. Тэгээд бодохоор тэр хүүхэд багаасаа хичээл ном, сургуульдаа дуртай байх уу. Эцэг эхчүүд энэ байдлыг эхэндээ ойлгодоггүй байсан бол одоо хандлага өөр болсон. Илт хүүхдүүд нь унаган Бритиш аялгаар яриад, бүтээлчээр сэтгээд эхлэхээр эцэг эхчүүд сургуулийн сургалтанд тааламжтай байгаагаа илэрхийлж байдаг. Мөн Английн боловсролын системийн нэг давуу тал бол хүүхдийг номтой нөхөрлүүлж чаддагаараа давуу талтай. Цэцэрлэгийн гурван настай хүүхдэд хүртэл ном өгч явуулдаг нь гар утаснаас хараат болж эхэлсэн өнөөгийн нийгэмд хүүхдийг номтой нөхөрлөх соёл, дадлыг эзэмшүүлдэг. Манай сургуульд цэцэрлэгээсээ эхлэн суралцсан хүүхдүүд ухаалаг утас бус ном сонгодог. Тиймээс бид сургуулийнхаа номын санг улирал бүр шинэ номоор баяжуулж явдаг.
-Сургуулийн дотоод орчин хүүхдийн аюулгүй байдал, сурагчдын эрүүл мэнд, эрүүл хоололтын талаар таницуулахгүй юу ?
-Манай сургуулийн усан сан, биеийн тамирын заалыг хүүхдэд аюулгүй байхаар төлөвлөж байгуулсан. Сургуулийн дотоод орчноо орчин үеийн хамгийн шилдэг BOSH брэндийн галын болон зарлан мэдээлэх системээр бүрэн тоноглосон. Сургуулийн дотор 100 гаруй хяналтын камер суурилуулсан. Гаднын багш нар болон ажилтан ажилтнууд онцгой байдлын үед авран хамгаалах сургалтанд бүрэн хамрагдсан байдаг учраас аюулгүй байдлыг чухалчилдаг. Сургалтын хөтөлбөрт байнга галын болон газар хөдлөлт гээд гамшгийн үед ямар арга хэмжээ авах хичээлүүд улирал бүр тогтмол орж явдаг.
Сургуулийн автобусны үйлчилгээ эрхэлдэг компаниудаас сонголт хийхдээ ч сурагчдын аюулгүй тээвэрлэлтийг харгалзан үзэж аялал жуулчлалын салбарын ууган байгууллагын нэг “Нью Жуулчин” компанийг сонгож хамтран ажилладаг. “Нью Жуулчин” компани автобус баазтай учраас техникийн үзлэг өдөр бүр хийж, тохь тухтай тээврийн хэрэгслээр үйлчилдэг. Мөн автобус бүрт хянагч багш ажиллуулж, жолооч нарт хяналт тавьдгаараа бусад сургуулийн тээврийн үйлчилгээнүүдээс давуу талтай гэж хэлж болно.
Хэдийгээр манай сургууль Улаанбаатар хотын утааны голомтоос хол оршдог ч анги бүрт агаар цэвэршүүлэгч суурилуулж тогтмол хүүхдүүдийнхээ аюулгүй байдал эрүүл мэндийн төлөө анхааран ажиллаж байна.
Хүүхдийн хоол бол амин дэмтэй байх ёстой. Манай сурагчид өдөр бүр өглөөний цай болон өдрийн хоол иддэг. Мэргэжлийн хүнсний технологичид , хүүхдийн хоолны чиглэлээр мэргэшсэн шилдэг тогоочдоор багаа бүрдүүлж хүүхдийн насны онцлогт тохируулан боловсруулсан эрүүл , чанартай хоолоор сурагчдадаа үйлчилдэг. Сургууль цэвэр цэмцгэр тохьтой байж , сайн хоол хүнсээр үйлчилж, эрүүл саруул байлгах нь хүүхэд амжилттай суралцах үндэс болдог гэж үзэж байнга анхаарал тавьж ажилладаг.