Open iToim app
Дархлаа судлаач Д.Мандахнаран: Хүний дархлаа амархан мууддаггүй, дутмагшилд оруулдаг хэдхэн хүчин зүйл бий
Эрүүл монгол | 8 мин уншина

Дархлаа судлаач Д.Мандахнаран: Хүний дархлаа амархан мууддаггүй, дутмагшилд оруулдаг хэдхэн хүчин зүйл бий

Нийтэлсэн 2018 оны 2 сарын 6
Японд докторын зэрэг хамгаалж өдгөө АШУҮИС-д  багшилж буй хүний их эмч, дархлаа судлаач Д.Мандахнарантай ярилцлаа.    
-Японд докторын зэргээ хамгаалсан гэсэн. Таны докторын судалгааны сэдвээс яриагаа эхлүүлье?
-Миний хувьд Японы Токушима хотын Токушима их сургуульд Геномын институт, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дэргэдэх лабораториудад дархлаа судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тодруулбал, Элгэн доторх цөсний замын хорт хавдрын үеийн дархлааны байдал, тухайн хорт хавдрыг үүсгэдэг механизмыг судалж шинжлэх ухаанд бага зэрэг шинэ мэдлэг нэмэрлэсэн.  Судалгааны удирдагч багшаар ажиллаж байсан профессорын гол судалгаа бол хорт хавдар хэрхэн үүсдэг вэ, хүний эрүүл эсээс яаж хорт хавдрын эс үүсдэг вэ, үүссэн тохиолдолд хавдрын эсийг дархлааны тогтолцоо яагаад устгаж чаддаггүй талаар байсан. Миний хувьд хорт хавдар үүсгэдэг олон шинэ механизмын нэг /бусад хавдар дээр батлагдсан байдаг/ механизмыг элэгний хавдар дээр ижил байдаг гэдгийг молекулын төвшинд батлаад “Европын мэс заслын хавдар судлал” нэртэй сэтгүүл болон Лондонд төвтэй “Хавдрын эсрэг судалгаа” сэтгүүлд  эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлсэн.     
Эрүүл эс дээр идэвхтэй байж байдаг генийн үйл ажиллагаа нь алдагдаж, тодорхой шалтгааны улмаас идэвхгүй болж, унтарсны улмаас эрүүл эс хорт хавдрын эсэд шилждэг. Энэ нь цаашид хорт хавдрын даамжиралд чухал нөлөөтэй гэдгийг молекулын төвшинд судалж тогтоосон.  Гэхдээ энэ бол Япон улсад хийж өгсөн зүйл, одоохондоо Монгол Улсдаа хийж, өөрийн хувь нэмрээ оруулсан зүйл алга байна.  Шинэ мэдлэг, туршлагыг аваад ирсэн гэж хэлж болно. Доктороо хамгаалж ирээд өнгөрсөн есдүгээр сараас АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь- Дархлаа судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.   
-Дархлаа судлалын шинжлэх ухааны нөлөөгөөр олон халдварт өвчнийг эмчилж, вирус устсан. Ер нь хавдрыг дархлааны системийг сайжруулснаар эмчлэх, хариу арга хэмжээ авах боломж бий юу. Энэ чиглэлд эрдэмтэд хэр их судалж байна вэ?  
-Хүний бие олон тооны эсээс бүрддэг. Тэр эсүүд тасралтгүй шинэчлэгдэж байдаг. Шинэчлэгдэхийн хэрээр ямар нэг байдлаар доторх генд алдаа гарах магадлалтай байдаг. Алдаа гарсан эсүүдийг дархлааны тогтолцоо олж илрүүлээд устгаад явдаг. Гэтэл тодорхой шалтгаанаар энэ байдал алдагдсан үед эсийн генд алдаа гарч, улмаар тодорхой эс хязгааргүй хуваагддаг. Ийнхүү аюултай эс болж хувирснаар хорт хавдрын эс болж байгаа юм. Энэ эс нь дархлааг дарангуйлаад гараад явчихдаг гэсэн үг.  Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүний биеийг бүрдүүлэгч бүхий л эсүүд ялгаран хөгжих, хөгшрөх, үхэх зэрэг хувиралд өртөж байдаг ба эсийн хувирлын хамгийн аюултай хэлбэр нь хорт хавдрын эсэд шилжих явдал юм. 
Дэлхий дахинд дархлаа тогтолцооны шинжлэх ухаан хөгжиж маш олон ололт амжилтад хүрсэн, халдварт өвчнүүдийг вакцинаар дамжуулан устгаж, хяналтад авч чадсан. Харин одоо хорт хавдрын эсрэг дархлаа тогтолцоонд үүсээд байгаа үр дүнгүй хариу урвалыг яаж, хэрхэн үр дүнтэй болгох вэ гэдгийг судалж, эрдэмтэд анхаарлаа хандуулж байна.     
Миний судалгааны нэг ололт нь элэгний хавдрын судалгаандаа бол шинэлэг гэж хэлж болно. Хавдрын эс үржээд ургахаар дархлааг буцаадаг, унтраадаг эсүүдийг өөртөө татаад авчихдаг.  Өөртөө ойртож ирсэн дархлааг тэр эсүүдээрээ дамжуулаад ойртуулахгүй унтраагаад байдаг гэдгийг элэгний хавдар дээр судалж тогтоосон. Алсдаа дархлааны тогтолцоог сайжруулж, эсийг нарийн төвшинд судалснаар хорт хавдрын эсрэг хэрхэн ашиглаж, үр дүнд хүрч болох вэ гэсэн чиглэлд судлахаар төлөвлөж байна.
-Хүний биед хорт хавдрын эс үржихэд нөлөөлдөг ямар, ямар голлох хүчин зүйлүүд байдаг вэ?
-Хөгжсөн орнуудад халдварт өвчний эзлэх хувь буураад төрөл бүрийн хавдар, зүрх судас, бодисын солилцооны өвчнүүдийн эзлэх хувь нэмэгддэг. Дэлхий дахинд бол хорт хавдрын шалтгааныг амьдралын хэв маяг,  хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж буйгаас үүдэлтэй гэж үздэг. Хавдрын эс хүний бие дотор өсөн төлжихөд нэгдүгээрт, удамшил. Хоёрт, хүрээлэн буй орчны нөлөөлөл гэж эрдэмтэд үздэг. 
Хүрээлэн буй орчны нөлөөлөл гэдэгт нь амьдралын буруу хэв маяг, архи, тамхи, стресс, В,С гэхчлэн төрөл бүрийн вирусийн халдвар багтаж байгаа юм. Удмын хүчин зүйлийг бид өөрчилж чадахгүй, эрсдэлтэй генийг бид өөрчилж чадахгүй. Харин бид амьдралын хэвээ маягаа  өөрчилж, хорт зуршлаасаа татгалзах боломжтой. Түүнчлэн аливаа хорт хавдар, өвчлөлөөс сэргийлэх үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх явдал юм. Японууд яагаад урт насалдаг нь өвддөггүйдээ бус эрт илрүүлж, урьдчилан сэргийлж, эмчилж чаддаг болохоор тэр юм. 
-Монголд элэгний хавдар гэхэд нийт хавдрын 40 хувийг эзэлж байна. Харин АНУ-д элэгний хавдар нийт хавдрын 5-10 хувийг л эзэлж байна. АНУ-д нас баралтын шалтгаанаар эрэмбэлэн үзэхэд элэгний хавдар 10-р байранд байхад, манайд элэгний хавдар 1-рт жагсаж байна? 
-Улс үндэстнүүдийн өвчинд өртөмтгий байдал, тэсвэрлэх чадвар өөр өөр байдаг.АНУ-д энэ талаар маш их судалгаа хийдэг. Учир нь АНУ олон үндэстэн ястнаас бүрддэг, хүн ам ихтэй болохоор европ, испани,  хар арьстай хүний удмын мэдээлэл нь хоорондоо харилцан адилгүй тухай судалсан байдаг.  
-Ханиад хүрэнгүүт л дархлаагаа сайжруул, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэ гэж зөвлөдөг болсон. Ер нь хүний дархлаа гэж юу вэ. Дархлаа муудаж, сайжирч байгааг хэрхэн мэдэх вэ. Энэ талаар судлаач хүний хувьд зөв цэгцтэй мэдээлэл өгөхгүй юү?
-Хүний бие дэх цус эсийн болон шингэн хэсгээс тогтдог гэж анагаах ухаанд тайлбарладаг. Цусны улаан эс хоол тэжээл зөөвөрлөх, бие махбодоос янз бүрийн хорт зүйлийг зайлуулах зэргээр  хамгийн чухал үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг. Ялтас эс нь цус тогтоох үүрэгтэй. Харин цагаан эс бол дархлааных.  Цагаан эс нь дотроо үүрэг зориулалт, тэмцэхээс эхлээд өөр, өөр төрөл байдаг. Эрүүл хүнд бол цагаан эс тодорхой хэмжээний тоонд байдаг. Тэр тооноос хамааран тухайн хүний дархлаа ихэссэн үү, багассан уу гэдгийг харж болдог.  Харин шууд нэг өвчин тусаад, ханиад хүрэнгүүт дархлаа чинь суларчихсан байна, дархлаагаа дэмж гэж хэлэх нь маш учир дутагдалтай зүйл юм.   Эмч нар дархлаа дутмагшиж байна гэдэг оношийг маш хурдан тавьдаг болсон.
Хүний биеийн дархлааны эрхтэн тогтолцоо нь өөрийн биеийг өвчин үүсгэгч бичил биетнүүд*, хорт бодисууд болоод өөрийн биеийн эмгэг төлөвт хувирсан эсүүдээс хамгаалдаг. Дээрх зүйлүүд бие махбодод гадаад орчноос нэвтрэх буюу эсвэл бие дотор үүссэн даруйд хүний биеийн дархлаа тогтолцоо тэдгээрийн эсрэг олон үе шаттай нарийн нийлмэл довтолгоог өрнүүлэн устгадаг. Үүнийг дархлааны хариу урвал гэж нэрлэдэг. Дэлхий дээр оршин буй асар олон төрлийн бичил биетний маш цөөн хэсэг нь хүний эсүүдээр хооллож, хүний эрүүл мэндийг гэмтээн өвчин үүсгэдэг бөгөөд тэдгээрийг анагаах ухаанд эмгэг төрөгчид хэмээн нэрлэдэг. Эмгэг төрөгчдийг хэмжээ ба микробиологийн шинжээр нь жижгээс том руу нь: вирус, бактер (нян), мөөг (-өнцөр), паразит (шимэгч) гэж ангилна.
Ханиад хүрээд халуурч эсвэл дараалан хэд давтан ханиад хүрч байна гэдэг дархлааны хамгаалах хариу урвалын процесс явагдаж байгаа юм. Өөр, өөр төрлийн үүсгэгчтэй ханиад туссан болохоор дархлаа тэмцээнд устгаад байна гэсэн үг юм.
Үнэндээ насанд хүрсэн хүний дархлаа хэвийн, тогтмол хэмжээнд байдаг гэж үздэг. Ямар нэг цацрагийн хордлогод ороогүй, хорт эм тариа хэрэглээгүй, ХДХВ-ийн халдваргүй бол дархлаа хэвийн хэмжээнд байдаг. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд нь хүний дархлааны эсүүдийг устгадаг. Үүний нөлөөгөөр дархлааны дутмагшилд ордог хүн бий.
Түүнээс бусдаар бол насанд хүрсэн хүний дархлаа хэвийн хэмжээнд байдаг. Ханиад  халуурч, нус гоожоод эдгээдэг шүү дээ. Энэ бол дархлаа муудсаных биш байгалийн процесс. Харин хүүхдийн хувьд тодорхой цагт вакцинжуулалтад хамруулаад явж байх нь чухал юм. 
-Монголчууд шороон дээр хөлбөрч, хөл нүцгэн хөдөө талд өссөн хүүхдийг ханиад томуунд барагтай өртдөггүй, дархлаа сайтай байдаг гэж ярьдаг. Энэ ойлголтын тухайд. Төрөлхийн дархлаа султай хүүхэд гэж байх уу?
-Хүүхэд эхээс төрөөд том болтлоо олон төрлийн гаднын бактери, үүсгэгчийг таньснаар дархлаа нь тогтдог. Шороон дээр тоглуулж, хөл нүцгэн явуулж байна гэдэг бол гаднын олон тооны эх үүсвэрийг биедээ таниулаад дархлааг нь тогтоочхож байгаа юм.  Үүний үр дүнд тухайн хүүхэд аар, саар зүйлд өртөөд, өвчлөөд байхгүй болно гэсэн үг.  Юу нь хортой, юу нь хоргүй гэдгийг тухайн хүүхдийн дархлаа таньчихдаг гэсэн үг. Хүүхдээ хэт битгий бэгнэж өсгө гэж хэлдэг шүү дээ. Хэт бэгнэж өсгөсөн хүүхэд харшилтай болох магадлал өндөр. Харшлыг цэвэрч байдлын өвчин ч гэж нэрлэдэг шүү дээ. Дархлаа нь таниагүй үүсгэгч биед ороод ирэхээр өөрийгөө гэмтээгээд харшил бий болоод байгаа юм. Европт хийсэн судалгаагаар амьтны фермд өссөн хүүхдүүд хотынхноос харшлаар өвчлөх магадлал бага байдаг нь тогтоогдсон байдаг.
Түүнээс гадна удамшил болон дархлааны системийн эмгэгтэй холбоотой төрөлхийн дархлааны дутмагшилтай хүүхэд гэж бий. Гэхдээ маш цөөн тохиолдолд. 
Томчуудын хувьд дархлаа дэмжих хамгийн сайн арга нь дасгал хөдөлгөөн, харин хүүхдэд...
-Адуун махтай сармистай шөл, аарц, чацаргана дархлаа дэмжих үү?
-Адуун махтай сармистай шөл, аарц, чацаргана дархлаа дэмждэг эсэхийг одоогоор нотолсон зүйл байхгүй. Ардын уламжлалт анагаах ухаан дээр суурилсан ажиглалт, таамаглал юм. Гэхдээ буруутгаж бас болохгүй. Харин дархлаагаа дэмжиж байна гээд төрөл бүрийн эм бэлдмэл хэрэглэдэг, зөвлөдөг байдал нь маш эрсдэлтэй, аюултай.  
Дархлаагаа дэмжихийн тулд маш сайн амарч, тэнцвэртэй хооллож, дасгал хөдөлгөөн хийж байх нь чухал. Стрессийг сэтгэлзүй болон дасгал хөдөлгөөнөөр тайлж байх ёстой.
Хүний дархлааг хамгийн сайн дэмждэг зүйл бол дасгал хөдөлгөөн. Дасгал хийснээр биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоо сайжирч түүнийг дагаад дархлааны эсүүд татагдаад өсөөд явдаг. Түүнчлэн хорт зуршлаас хол байх ёстой.  Тамхи бол олон төрлийн хавдрыг өдөөдөг хүчин зүйл гэдэг нь нотлогдсон зүйл.  
undefined
Яагаад гэдэг зорилгоо ухамсарласан хүнд амжилт ойрхон  
-Гадаадын шилдэг их сургуульд мэргэжлээрээ туршлага хуримтлуулж, эргээд түүнийгээ эх орондоо нутагшуулах хүсэлтэй залуус олон болжээ. Таны хувьд тэдний нэг төлөөлөл. Аливаа улс орны хөгжлийн гол суурь шинжлэх ухаан шүү дээ. Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд юу хамгийн чухал гэж хардаг вэ?  
-Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж, түүнээс үр өгөөж хүртэхийн тулд хоёр зүйл чухал нөлөөтэй байдаг. Нэгдүгээрт, шинжлэх ухаанд чиглэсэн улс төрийн шийдвэр, бодлого чухал. Нөгөө зүйл нь  улсаас мөнгө авсан бол шинжлэх ухааныг хөгжүүлж, түүнийгээ бизнес болгож чадах менежмент чухал юм. Төрөөс мөнгө өгсөнгүй гэдэг шалтгаас өмнө зөв механизмыг төлөвшүүлж өгөх ёстой. Зөв механизм төлөвшсөний дараа хөрөнгө оруулалт бол боломжтой гэж боддог.  Олон улсад ч ийм жишгээр шинжлэх ухааны салбараа хөгжүүлдэг.  
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлж өөрчлөх шаардлагатай байгаа талуудад нь илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан гэж боддог вэ?
-Монгол хүний төрөлхийн зан төлөв дээр нь суурилан тэр чиглэлд хөгжүүлэх нь илүү чухал юм болов уу гэж хардаг. Япон хүн багийн тоглолт сайтай, төрөлхийн зарчимч чанар дээрээ суурилан бүтээлч, аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй Япон орныг бүтээж чадсантай адилаар монгол хүний давуу тал, бусдаас ялгарах онцлог, зан чанар юу вэ гэдгийг маш сайн бодож, тэр чиглэлд улс орноос хөгжүүлж, авч явах ёстой. Тухайлбал, монгол хүмүүс япончуудаас багийн тоглолт багатай ч эсрэгээрээ хувийн тоглолт сайтай, нээлттэй сэтгэдэг гэх зэргээр давуу талууд бий. Монгол хүнийг Израиль хүнтэй ойролцоо буюу хувь хүний тоглолт өндөр гэж үздэг. 
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-АНУ-ын "World learn" гээд хөгжлийн агентлагаас ардчиллыг хөгжүүлэх залуус гээд Монголоос 40 залууг сонгож аваад, хувь хүнийг чадавхижуулах сургалтад хамруулсан. Мөн  сургалтынхаа хүрээнд АНУ-ийн Виржиниагийн их сургууль дээр  лекц сонссон юм. Тэр үеэр Улс төрийн сургуулийн багш нь "Яагаад гэдгээс эхэл.  Яагаад гэдгээ ухамсарлачих юм бол амжилт ойрхон байдаг" тухай хэлж байсан. Залуу хүн яагаад гэдэг зорилгоо ухамсарлаж, бие даан төлөвших нь хамгийн чухал санагддаг. Өөрөө өөртөө ухамсартай шийдвэр гаргаж, түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөж чаддаг байх ёстой гэсэн үг. Бидэнд илүү хэрэгтэй зүйл бол энэ л гэж хэлнэ.
-Ярилцсанд баярлалаа.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн