ЦЕГ-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөх, Дотоодын цэргийн командлагчаар ажиллаж, Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулсан гол хүмүүсийн нэг болох хошууч, генерал Б.Пүрэвтэй ярилцлаа.
-Таныг Говь-Алтай аймгийн даргаар ажиллаж байхад Цагдаагийн ерөнхий газрын даргаар дуудаж ирүүлсэн гэдэг. Энэ тухай яриагаа эхлүүлье?
-Би Говь-Алтай аймгийн дарга хийж байгаад 1990 оны ардчилсан хувьсгалаар хотод дуудагдаж, БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон.
Нийгмийн аюулаас хамгаалах яамыг татан буулгаад Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг анх удаа Засгийн газрын үндсэн бүтцэнд оруулсан юм. Түүнээс өмнө цагдаагийн байгууллага яамны дэргэд явж ирсэн. Би 1990 оны дөрөвдүгээр сард 19-нд генарал хүртсэн, түүнээс хойш 18 жил болж байна. Тухайн үед генерал цолыг Сайд нарын Зөвлөлөөс олгож байсан юм. Миний хувьд Сайд нарын Зөвлөлөөс генерал цол хүртсэн хамгийн сүүлийн хүн нь. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн зарлигаар олгож эхэлсэн дээ.
-Таны үед цагдаагийн байгууллага ямар байдлаар ажиллаж байв. Нийгэм цаг үе нэлээд тогтворгүй байсан үе шүү дээ?
-Тухайн үед улс төрийн өлсгөлөн суулт болоод Улс төрийн товчоо огцроод бужигнаж байсан цаг. Томилогдоод удаагүй байхад Төрийн ордныг бүсэлсэн Ардчилсан хүчнүүдийн маш том жагсаал, хөдөлгөөн өрнөж, нийгэм цаг үеийн байдал нэлээн хурцдаж байлаа. 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын байрыг цагдаа, дотоодын цэрэг, тэр үеийн сонсогчдын хүчээр хамгаалж, Ардчилсан хүчнийхнээс С.Зориг, Э.Бат-Үүл зэрэг хүмүүстэй тухайн үеийн МАХН-ыхан хэлэлцээ хийсэн хурцадмал үе. Тэр дунд Цагдаагийн байгууллага чухал үүрэгтэй ажилласан. Гэхдээ тухайн үеийн жагсаал цуглаан хийдэг хүмүүс эхлээд цагдаагийн байгууллагатай ярьж, зөвшөөрөл авдаг, тохирдог байсан юм. Жагсаал эхлэхээс дуусах хүртэл хамтарч ажилладаг байлаа. Тэдний өдөр, эндээс энэ хүртэл жагсана гэх зэргээр танилцуулж, зөвшөөрөл авна.
Ардчилсан холбоо, Монголын ардчилсан нам, Социал демократ нам өөрсдөө жагсаал цуглаанаа зохион байгуулах, хэв журмаа сахиулах хүмүүсээ томилдог, тэр хүмүүс нь бидэнтэй хамтардаг, жагсагчдын дунд хэв журам сахиулж байгаа хүмүүс нь гартаа давуу уясан тэмдэгтэй явдаг байсан. Тэр үед Э.Бат-Үүл, Баабар, Да Ганболд нарын хүмүүс жагсаал цуглаан их хийдэг байлаа. Ц.Элбэгдорж бол жагсаал цуглааны зохион байгуулалтад нэг их оролцохгүй, ирж үг хэлчихээд явчихдаг хүн байсан даа.
Жагсаалын үеэр Дуурь бүжгийн эрдмийн театр, Хотын захиргаа хоёрын голд нэг, нэг машин цагдаагийн байгууллагаас зогсоочихдог. Ямар нэгэн үймээн гарсан тохиолдолд түүнийг нь хэв журам сахиулах хүмүүс зохицуулдаг байлаа.
Ер нь тэр үед чинь цагдаа нарын үгийг их сүрхий авдаг, жагсагчидтайгаа ч хэл амаа ололцдог байсан. Тийм учраас 1990-1996 он хүртэлх зургаан жилийн хугацаанд цагдаа, ард түмэн хоёр тулалдаж, мөргөлдөж байсан удаа байдаггүй юм.
Нэг удаагийн жагсаалын үеэр жагсагчид С.Зоригийг мөрөн дээрээ суулгачихаад чанга яригчаар яриад явж байтал цахилгаан мотор нь унтарчихсан юм. Тэгэхээр нь цагдаагийн жижүүр дээр байсан моторыг авчраад жагсаалыг үргэлжүүлж, дуусгаж байсан. Тэгж л хамтарч, ойлголцож ажилладаг байлаа.
Одоо их өөрчлөгджээ. Жагсагчид төрийн цагдаагийн мөрдөсийг хуулаад хаячихаж байна. Саяхан би Цагдаагийн ерөнхий газрын нэг хүнд “Жагсагч нартай яагаад үзэлцээд байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс одооны жагсагч нар чинь таны үеийнх шиг цагдаа нарын үгийг авахаа байчихсан” гэж байна лээ. Цагдаа хүчний хүмүүсийн зөвлөгөөг авахаа байчихсан, хэл амаа ололцдоггүй, хамтарч ажиллахаа больчихсон юм билээ. Уг нь хамтарсан үед л аль аль тал буюу жагсагчид ч, цагдаа ч хүчтэй байдаг юм шүү дээ.
-Цагдаагийн ерөнхий газрыг Засгийн газрын дэргэд шинээр байгуулж анхны даргаар нь томилогдож байсан болохоор тухайн үед өөрчлөлт, шинэчлэлүүд нэлээд хийсэн байх?
-Цагдаагийн байгууллага бүтцээс эхлээд бүх зүйлээ шинэчилсэн. Цагдаагийн даргаар ажилласан зургаан жилийнхээ түүхийг нэгтгэж, дүгнээд ном гаргасан. Тухайд үед хийсэн зүйлсээс хамгийн том нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг албадын зарчмаар анх удаа зохион байгуулж эхэлсэн явдал юм. Мөрдөн байцаах алба, Эрүүгийн байцаах алба, Хэв журмын алба, Сумын цагдаагийн алба, Гал түймэртэй тэмцэх алба гээд албадын зарчмаар зохион байгуулж эхэлсэн юм.
Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнээ сайжруулж өөрчлөхийн тулд маш олон хүнийг сургасан. Мөн 175 см –ээс намхан нуруутай, 65 кг-аас бага жинтэй хүнийг цагдаагийн албанд авахгүй гэх зэрэг журмыг хүртэл гаргаж байлаа. Ингэснээр цагдаагийн бие бүрэлдэхүүн их сайжирч, жигдэрсэн.
Цагдаа нарыг жилд 500, 600-гаар нь бэлдэж авч байлаа. Мэргэжлийн хүмүүс цагдаагийн байгууллагад шаардлагатай байсан юм. Тухайн үед чинь хэсгийн төлөөлөгчөөр гэхэд механикч хүн ажиллаж байх жишээтэй. Тэр хүмүүсийг хуульч мэргэжилтэй болгохоор бүх талын тусламж дэмжлэг үзүүлсэн.
-Засаг солигдохоор түүнийг дагаад цагдаа, тагнуулын байгууллагын даргыг сольж, улс төрийн томилгоо хийдэг болсон. Хүчний байгууллагад энэ нь хэр сөргөөр нөлөөлөх вэ?
-Миний үед улс төрийн намууд цагдаагийн байгууллагын ажилд ерөөс оролцдоггүй байсан. Эрх барьж байсан МАХН ч, сөрөг хүчин байсан АН, Социал демократ нам, Үндэсний дэвшлийн нам ч цагдаа нарыг үймүүлж байгаагүй учраас боловсон хүчин нь маш тогтвортой ажилласан.
Энэ нь намайг Цагдаагийн даргаар ажиллаж байх үеийн хамгийн авууштай тал гэж хэлж болно. Одоо бол их оролцдог болсон юм билээ. Би Төв аймагт ирээд 10 жил болж байна. Энэ хугацаанд Төв аймгийн цагдаагийн дарга гэхэд таван удаа солигдож байна.
Монголын намууд төлөвшөөгүй учраас төр тогтож өгөхгүй байна л даа. Хүчний байгууллагын толгой солигдохоор түүнийг дагаад дунд шатны дарга нар нь бүгд солигдох юм. Угтаа бол дунд шатны дарга нар тогтвортой ажиллаж байж сайн мөрдөн байцаагч, сайн эрүүгийн цагдаа төрдөг юм. Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга байсан Сэрээтэр, Эрүүгийн хэргийг эрэн суравжлах хэсгийн дэд хурандаа Хорлоо, хурандаа Базаргүр, Жамъянсэнгээ нар гээд хурандаа, дарга нар байлаа. Ийм дунд шатны дарга нар тогтвортой ажиллаж байж сайн төлөөлөгч, сайн мөрдөн байцаагч, ажилтныг төрүүлдэг. Том даргыг нь сольдог л юм байгаа биз. Хэлтэс, тасгийн дарга нарыг солих нь хамгийн сөрөг нөлөөлтэй байдаг. Манай нэг шавь саяхан цагдаагийн албан хаагчийн сэтгэл ханамжийн талаар магистр хамгаалж, би удирдсан юм.
Цагдаагийн алба хаагчдаас судалгаа хийхэд бахархмаар хоёр, бас гомдмоор хоёр, гурван зүйл байгаа юм. Сайн тал нь цагдаагийн алба хаагчид цагдаад ажиллаж байгаагаараа бахархаж явдаг юм байна. Гэр бүлийнхэн нь ч мөн цагдаагийн гэр бүл гэдгээрээр бахархдаг гэж хариулсан байна.
Муу тал нь цагдаагийн алба хаагчид албандаа сэтгэл ханамжгүй байна. Цалин, удирдлагын чанарт сэтгэл хангалуун бус байна. Цагдаа нарт төсөв мөнгө хүрэлцэхгүйн, улс төрийн томилгоо гэсэн хоёр үндсэн зовлон байна.
-Улс төрийн томилгоогоор солигдохын зэрэгцээ удирдаж байсан экс даргыг нь шалгаж, байцаадаг асуудал их гардаг шүү дээ?
-Цагдаагийн даргын суудал сууж байгаа хүндээ их халгаатай л даа. Олон дарга нар хэлмэгдэж байсан. Цагдаагийн байгууллагын ойгоор 30 даргын түүх намтрыг бичсэн. Хэлмэгдэж, буруудаж, зөвдөж явсан хүмүүс олон бий. Ер нь цагдаагийн дарга нараас шалгуулж, байцаалгаагүй хүн олдохгүй байх. Ж.Авхиа, С.Будрагчаа хоёроос бусад нь шүүмжлэл дунд халагдсан байдаг юм. Би бол хэд, хэдэн удаа шалгуулж байлаа. УИХ-ын гишүүнийг цагдаа бороохойдож түүгээр нь шалгуулж байлаа. Чагнасан, тагнасан, төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар хоёр ч удаа шалгуулсан. Тухайн үед төсвийн мөнгийг өөртөө завших нь битгий хэл, өөрсдөө наймаа хийж мөнгө олоод түүгээрээ төсвөө залгуулдаг байлаа шүү дээ. Цагдаагийн даргын суудалд сууж байгаа хүнд миний үеийнх шиг эрх мэдэл, хариуцлагыг давхар үүрүүлэх хэрэгтэй гэж боддог.
-Та цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулсан хүмүүсийн нэг. Энэ хуулийг бичихэд ямар зарчмыг баримталсан бэ. 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-1993 онд баталсан Цагдаагийн албаны тухай хууль маш сайн хууль болсон гэж дүгнэдэг. Өнгөрсөн онд батлагдсан хууль ч нэлээд сайн болсон байна лээ. Миний хувьд санал, дүгнэлтээ хэлж байсан. Харин 2013 оны Цагдаагийн албаны тухай хуулийг нэлээд шүүмжилдэг. Гэхдээ тэр хууль онолын хувьд, практикийн хувьд муу биш, харин зохицуулах ёстой хэсэг зүйлийг өөр хуулиар зохицуулна гээд хаячихсанд байгаа юм.
Миний хувьд 1993 оны Цагдаагийн албаны тухай хуулийг боловсруулахдаа гурван зарчмыг баримталсан. Нэгд, Үндсэн хуулийн зарчмыг чанд барих, хоёрт, цагдаагийн албаа албадаар удирдах зарчим, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг их сайн оруулж өгсөн.
“Цагдаагийн үүргийг цагдаа л гүйцэтгэх ёстой. Ямар нэгэн иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллага орлон гүйцэтгэж болохгүй” гэсэн үзэл бодол, зарчмыг баримталсан.
-Олныг цочирдуулсан, харгис хэрцгий гэмт хэрэг, тэр дундаа гэр бүл, бага насны хүүхдийн хүчирхийллийг хэргүүд их гарч байна. Таны үед ийм зүйл байсан уу?
-1990 он гарангуут хэргийн тоо, тэр дундаа онц хүнд гэмт хэргийн тоо хэдэн мянган дахин нэмэгдсэн. Зүүнхараагийн банк дээрэмдсэн, Авдрантаас хорихын ажилтнуудыг барьцаалж, оргосон гэх зэргээр олныг цочирдуулсан гэмт хэрэг гарч эхэлсэн юм. Хүн алаад мөч мөчөөр нь салгаад хүүхдийн тэргэнд хийчихсэн хэрэг ч гарч байсан. Нийгмийн ороо бусгаа нөхцөл байдалдаа дасаад гэмт хэргийн нөхцөл байдал ер нь хүнд талдаа байсан шүү.
Ерөнхийлөгч хориг тавихдаа гурван зарчмыг баримтлах ёстой
-Та бас Н.Багабанди Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн ямар зарчмаар ажиллах ёстой вэ?
-Зөвлөх хүн бол шийдвэр гаргадаггүй. УИХ-аас гарсан бүх хууль Ерөнхийлөгчөөр дамждаг байсан. Үүнээс гадна Н.Багабанди Ерөнхийлөгчийн санаачилсан бүх хуулиуд дээр нь би ажилласан.
Монголын түүхэнд УИХ-аас баталсан хууль, тогтоолд хамгийн олон хориг тавьсан Ерөнхийлөгч нь Н.Багабанди гуай. Нийтдээ 16 хориг тавьж, түүнээс 13-ыг нь УИХ хүлээж авч хуулиа зассан байдаг. Засагдаагүй үлдсэн нэг хориг нь МАН, АН хоёр нийлж Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлт.
-Ерөнхийлөгч хориг тавихдаа ямар зарчмыг баримтлах ёстой байдаг вэ?
-Н.Багабанди Ерөнхийлөгч хориг тавихдаа гурван зүйлийг баримталж байсан. Нэгд, УИХ-аас гарч байгаа шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх, УИХ-аас гаргасан тогтоол ард түмний амьдрал, эдийн засагт сөргөөр нөлөөлөх эсэх, гуравт, өөр бусад хуулийн зүйл заалттай зөрчилдсөн тохиолдолд хориг тавьдаг байсан. Жишээ нь, УИХ-аас гаргасан улсын банкнаас их хэмжээний мөнгө гаргах шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж байлаа. Энэ нь тухайн үедээ иргэдийн аж амьдрал, эдийн засагт асар сөрөг нөлөөтэй байсан юм.
-Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн албыг гурван жил болгож, цэргүүдийг бүтээн байгуулалтад оруулах саналтай байгаа. Таны үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Миний үед цэргийн алба гурав, дараа нь хоёр жил болсон. Цэргийн албыг нэг их олон жил хаагаад байх албагүй. Харин цэргийн гол, гол албыг мэргэжлийн болгох шаардлагатай байгаа юм. Гол албандаа улирагч, гэрээт цэргүүд байх ёстой. Бусад албан дээр нь хугацаат цэргүүд байж болох юм.
1993 он хүртэл барилгын цэрэг гэж биеэ даасан анги байсан. Хамгийн сүүлчийн захирагчаар нь Жаргал генерал байсан байх. Социализмын үед бүх үйлдвэрийг барилгын цэрэг барьсан. Тиймдээ ч орон сууцыг ЗХУ-ын барилгачид барьдаг, Монголын цэргүүд сургууль, цэцэрлэг барьдаг гэж ярьдаг байсан юм. Том, том үйлдвэрийг барилгын цэрэг барьсан. Одоо тэр үйлдвэрүүдээс Найрамдал зуслан үлдсэн байна. Барилгын цэргийг бол цэргийн албанд 2-3 жил татаад, барилгачин, өрлөгчин, мужаан гээд бүх төрлийн барилгын төрөл мэргэжилд сургаад мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг. Ажиллах хүч цөөн, ажилгүй хүн олон байгаа энэ үед цэргүүдийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах нь боломжийн арга гэж бодогдож байна. Хамгийн гол зөв зохицуулалт чухал.