Open iToim app
Г.Гантуяа: Эх орондоо буцах гэж байгаа хүн яагаад харамсах ёстой гэж
Дэлхийн монгол | 11 мин уншина

Г.Гантуяа: Эх орондоо буцах гэж байгаа хүн яагаад харамсах ёстой гэж

Нийтэлсэн 2018 оны 1 сарын 16
Хонконгийн Хотын их сургуульд ахлах судлаачаар ажиллж буй Цаг уурч, доктор Г.Гантуяатай ярилцлаа. Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Ус цаг уурын Улсын их сургуульд цаг уурч мэргэжлээр сурч бакалавр, магистраа төгсч, түүнийхээ дараа нь БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Ингээд түүнтэй судалгаа болон мэргэжлийнх нь карьерийн тухай өрнүүлсэн сонирхолтой яриаг хүргэж байна.   
Улаанбаатарын агаарын бохирдлын цаг агаар талын нөхцлийг судалж байна, одоо Монголдоо очно   
-Сайн байна уу. Ярилцлагын урилга хүлээн авсанд баярлалаа. Таны судалгааны ажлуудаас яриагаа эхлүүлье гэж бодож байна. Нэлээд олон судалгааны ажлаа томоохон сэтгүүлүүдэд нийтлүүлж, мөн илтгэл тавьж байсан юм билээ. Судалгааны ажлууд дундаас нь хамгийн үр дүнд хүрсэн нь ямар чиглэлд хийсэн судалгаа байв. Улаанбаатар хотын агаар мандалтай холбоотой судалгаа хийсэн гэсэн үү?       
-Аливаа судалгааг хийнэ гэдэг шинэ мэдлэг үйлдвэрлэж байгаа, өмнө байсныг илүү сайжруулж байгаа гэдэг утгаараа бусдад танилцуулах, санаа оноо сонсох асуудал их чухал байдаг. Өөрийн мэргэжлийн чиглэлийн олон улсын томоохон хурлуудад оролцож байсан. Докторын судалгаагаа хийж байхдаа 2012 онд Ирландад болсон Хотын уур амьсгалын олон улсын хурлын шилдэг илтгэл, 2014 онд Америкийн Цаг уурын нийгэмлэгийн 94 дүгээр хуралд мөн шилдэг илтгэлийн шагнал авч байсан. Тухайн чиглэлийн мэргэжлийн хурлуудад оролцсоноор өөрийн ажлаа танилцуулахаас гадна гаднын судлаачдын хийж буй судалгаатай богино хугацаанд танилцах, харилцаа холбоо тогтоох боломж олддог. Ямар ч судалгааны ажил хийсэн, тэр ажлаа олон улсын сэтгүүлд хэвлүүлэх ажил чухалд тооцогддог. Шүүмжлэгчдийн санаа онооноос их зүйл суралцдаг юм.   
Агаар мандлын хязгаарын үе давхарга гэж нэрлэгдэх бидний оршиж буй агаар мандлын хэсгийг, голчлон тоон загварын аргаар судалдаг. Тоон загвар гэдэг нь агаар мандалд явагдах физик процессыг томъёо тэгшитгэлээр илэрхийлж, компьютерийн програм болгон буулгадаг. Үүнийг програмистууд биш цаг уурчид өөрсдөө хийдэг.   
Улаанбаатар хоттой холбоотой судалгаанууд гэвэл хотжилтоос үүдэлтэй агаарын циркуляци уулзүйн нөлөөгөөр үүсэх салхи, тэдгээр нь хоорондоо хэрхэн харилцан үйлчлэлцэхийг математик аналитик болон тоон загварын гэсэн хоёр аргаар судалсан. Тэр харилцан үйлчлэлд ямар, ямар параметрууд хэрхэн нөлөөлж буй болон өвөл, зуны улирлын агаарын циркуляцийг мөн судалсан байгаа. Хөдөөнөөс хот руу ороод ирэхэд салхигүй, бүгчим халуун мэдрэгддэг шүү дээ. Энэ нь хүний үйл ажиллагаа, хотжилттой холбоотойгоор агаар мандал өөрчлөгдөж буй  жишээ юм.
Түүнчлэн, миний хувьд сонирхолтой үр дүнд хүрсэн судалгаа гэвэл, уул давж ирсэн уулын хүйтэн салхи, хотын бриз салхитай мөргөлдөхөд хоорондоо тодорхой хугацаанд холилдохгүй дээшээ ойдог юм билээ. Өмнө нь хэвлэгдсэн нэг судалгааны өгүүлэл уншиж байхад ингэж ойж болно гэдгийг дурдсан байсан ч туршилт болон хэмжилтээр батлаагүй байсан нь сонирхолтой санагдсан. Олон туршилт хийсний үр дүнд үүнийг баталсан. Манай Улаанбаатар хот уулсын хөндийд байрлалтай болохоор агаарын бохирдолд газарзүйн байрлал их нөлөөлдөг. Өвөлдөө их даралтын орны нөлөөнд уулархаг газарт тогтуун салхитай үед температурын инверс үүсдэг. Газрын гадарга орчим хүйтэн байж, агаар дээшлэх тусам дулаан болохыг температурын инверс гэдэг. Агаар солилцоонд орохгүй, бохирдуулагч үүсвэр буюу бүх төрлийн яндангаас гарсан утаа хотын дээр хөндийдөө тогтчихдог. Харин зуны улиралд температурын инверсгүйгээс, салхитайгаас агаар сэлгэгдэж утаагүй байдаг. Улаанбаатарын агаарын бохирдлын цаг агаар талын нөхцөлийг судалсан гэж хэлж болно.  
Яг одоо хийж байгаа ажил гэвэл хотын агаарын бохирдолд газар орчмын болон өөр газраас зөөгдсөн бохирдуулагчийн харьцааны өндрийн тархалтыг судалж байна. Түрүүнд хэлсэнчлэн тоон загварын аргаар судалж байгаа.  
Монголд утаа өвлийн ой санамж болж хувирсан
-Уур амьсгалын өөрчлөлтөд агаарын бохирдол нэлээд өндөр нөлөөлөл үзүүлдэг байх. Улаанбаатар яг энэ цаг үед утааны асуудал газар авч, тулгамдсан асуудал болдог. Таны хувьд мэргэжлийн хүн, утааг бууруулах ямар шийдэл байна, үүнд ямар байр суурьтай явдаг вэ. Бодлогын төвшинд ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх нь зүйтэй вэ?  
-Улаанбаатарын агаарын бохирдлын талаар тоо баримт дурдах хэрэггүй болов уу гэж бодож байна. Хүн бүр энэ асуудлыг сайн мэддэг хэрнээ, өвөлдөө л давтан, давтан ярьдаг, өвлийн гурван сарын хугацааны ой санамжтай болчихсон. Бодлого гаргагчид эрхийнхээ хугацаанд л давтан давтан ярьдаг жилийн ой санамжтай болчихсон. Хөдөөнөөс шилжин ирэгсэд нутагтаа эрхлэх ажилтай, цалин сайтай бол хотод орж ирэхгүй, хотын гэр хорооллынхон боломжийн орлоготой бол орон сууцанд орохыг эрмэлзэнэ. Зуух, түлш, цахилгаан, халаалт, маск зэрэг нь богино хугацааны арга хэмжээ. Богино хугацааны арга хэмжээнээс гадна дунд, урт хугацааны арга хэмжээг бодитоор авах хэрэгтэй. Үүнд урт хугацааны ой санамж тууштай ажиллаж байх ёстой.  
Манай иргэд уулаа нүхэлж туннель гаргая, даваа сэтэлж нураая, уулсын оройд салхин сэнс, утааны голомтот бүсэд утаа соруулах төхөөрөмж байрлуулъя гэх зэрэг санаа нэлээд ярьж, зуух тараадаг. Иргэд утаагүй болъё гэж шийдэл хайж байгаа нь сайшаалтай. Гэвч цаг уурч хүний нүдээр харахад энэ мэт геоинженерчлэлийн санаанууд манай хотын хувьд тохиромжгүй, онолын хувьд боломжгүй юм.  
-Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтний өөрсдийн буруутай үйлдэл их нөлөөлдөг байх. Судлаач, мэргэжлийн хүнийх нь хувьд үүнд сэтгэл эмзэглэж явдаг болов уу. Дэлхий нийтээр цаг уурын өөрчлөлтөд хэрхэн анхаарал хандуулах хэрэгтэй вэ?  
-Энэ хэмжээний дулаарал манай дэлхийд өмнө нь тохиолдож байсан уу гэвэл байсан, үүнээс ч дулаан байсан үе бий. Палео уур амьсгалын талаас харвал бид нэг мөстлөгийн үеэс дараагийн мөстлөгийн үе рүүгээ дөхөж байгаа. Гэвч хүн төрөлхтний үйл ажиллагаатай холбоотойгоор, тухайлбал хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээс жамаараа дулаарах явцыг асар хурдлуулж байгааг онцлох хэрэгтэй болов уу. Олон мянган жилийн хугацаанд гарах өөрчлөлт асар богино хугацаанд, аж үйлдвэржилтээс хойш ганцхан зуун жилийн дотор, тэр дундаа сүүлийн 20-30-хан жилийн дотор маш эрчтэй болж байна. Бид одоогоор дэлхийгээс хаашаа ч явж чадахгүй учир богино хугацаанд гарсан уур амьсгалын огцом өөрчлөлтийн үр дагаврыг бодитоор ойлгох хэрэгтэй. Тухайлбал, хур тунадасны горим, цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамж өөрчлөгдөх, цөлжилт, усны асуудал хамарсан байгаль-нийгэм-эдийн засгийн асуудал гэх мэт.  
2015 онд Парисийн хэлэлцээрт дэлхийн 195 орон гарын үсэг зурж, дэлхийн дулаарлыг сааруулахад оруулах хувь нэмэр гэж тус тусын үүрэг амлалт авсан. Манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулна гэж амласан. Хугацаа ойрхон, арваадхан жилийн дараа хийчихсэн байх ёстой амлалт ажлууд багагүй бий. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлж, нийт эрчим хүчний 30 хувьд хүргэх, замын түгжрэлийг 30-40 хувь бууруулах гэх зэргээр амлалт өгсөн, хийсэн байх ёстой ажлууд нэлээдгүй байгаа.   
Дэлхий даяар судлаачдын 97 хувь дэлхийн дулааралтай санал нэгддэг. Харин үлдсэн 3 хувьд багтах хүмүүс бодлого боловсруулах эгнээнд очсоноор үзэл бодлын улмаас шинжлэх ухаанч бус үйлдэл их хийж байгааг харахад харамсалтай байдаг. 
-Сүүлийн 20, 30 жилд байгаагүй хүйтэрч, халж байна гэж цаг уурчид ярьдаг. Энэ өөрчлөлт юутай холбоотой вэ?  
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө газар бүрт адилгүй, нэгэн жигд бус. Богино хугацаанд тухайн газар нутагт олон жилийн дунджаас хүйтэн болж болно, энэ нь цаг агаар, синоптик процесстой холбоотой. Тухайлбал, “бөмбөгдөгч” циклонтой холбоотойгоор хэдхэн хоногийн өмнө Америкт нэлээд хугацаанд үргэлжилсэн хүйтнийг нэрлэж болно. Харин хүн төрөлхтөн байнгын стандарт хэмжилт хийж эхэлснээс хойшхи олон жилийн явцыг харахад дулаарал явагдаж байгаа нь илт. Дулаарлын улмаас хүйтэн өдрийн тоо буурч, халуун өдрийн тоо ихсэх, дараалсан халуун өдрүүдийн тоо нэмэгдэж байгаа.     
undefined
-Таны одоогийн ажиллаж байгаа салбар,  мөн амьдарч байгаа улсаас Монголд хэрэгжүүлж болох санаа, шийдлийг санал болгоно уу?  
-Хувь хүн талаасаа нийтлэг хэдэн шинж чанар ажиглагддаг юм. Хэний хүүхэд, хэний хамаатан байхаас үл хамааран хүн өөрөө хир их хичээж сайн суралцаж, боловсрол сайн эзэмшинэ тэр хэмжээгээр сайхан амьдардаг. Өөрсдийн хаана хүрэхээ ухамсарласан, зорилготой, зорилгынхоо төлөө хичээнгүй сайн зүтгэдэг. Хийсэн болгоноо тултал нь хийдэг, оромдоно гэж байхгүй. Мөн бусдад садаа болдоггүй, багаасаа биеэ даасан, маш ухамсартай, туйлширдаггүй, өөрийн бодолтой байдаг.   
www.trends.mn сайтад нийтлэл гаргаж эхэлснээс хойш хэдэн сар болж байна. Хэд хэдэн чиглэлээр нийтлэл бичиж байна. Нийгмийн сэтгэлгээ, хүмүүсийн боловсрол, ухамсар, мэдлэгийн талаархи нийтлэлийн нэг нь “Оюуны ядуурал ба заримдаг шинжлэх ухаан”. Үргэлжлээд “Оюуны өлсгөлөн ба нийгмийн маазраа”, “Оюуны хуйлраа ба агуу ихийн хэнээ”, “Атаархал, хов жив ба соёлын хожимдол” зэрэг цуврал нийтлэлүүд гарсан байгаа. Монголчууд маань дэлхийд гарсан шинэ технологи, шинжлэх ухааны ололтыг тодорхой хэмжээнд маш сайн шууд хүлээж авч хэрэглэж байгаа ч хүмүүсийн ухамсар сэтгэлгээ өөрчлөгдөхгүй байгаад байна. Мухар сүсэг ихтэй, мэдлэггүй массын сэтгэлгээ хэвэндээ, тэр байтугай улам батжих шинжтэй байгаад байх шиг. Жишээлбэл, шалгалтаа давахын тулд хичээлээ давтах биш лам бөө дээр очдог, ажил бизнес эрхлэхийн тулд тооцоо судалгаа хийхээ эхэнд тавилгүй хүнээс асуугаад явчихдаг. Яах вэ, зарим хүмүүс сэтгэл санаа нь сайжраад, итгэл төрөөд амжилт гаргаж болохыг үгүйсгэхгүй. Хэрэв үнэхээр ид шид гэж байгаад, үйлчилдэг бол утаагүй болмоор байна гээд лам, бөө дээр яагаад очдоггүй юм. Шинжлэх ухаанч суурь, бат мэдлэг, сайн мэдээлэл олж авах чадвар дутмагаас логик шийдвэр гаргаж чадахгүй, хүний үгэнд оромтгой, учир шалтгааныг нь мэдэхгүй дагаж дуурайсан, эсвэл нэгнээ муулсан атаархсан цэцэрхсэн хүмүүс их байх шиг харагдаад байдаг. Бас уламжлал гээд хэт туйлшраад байх шиг санагддаг. Хүмүүсийн ийм байдлыг хэвээр хадгалах сонирхолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Шинжлэх ухааны нэрийг барьсан өөрсдөө ч төөрөлдчихсөн нөхдүүд байдаг, тэдгээрийг хүмүүс танилгүй дагаад байдаг. Сайн суурь мэдлэг, зөв бурууг ялган таних, логик дүгнэлт гаргах чадвар хүн бүрт байх ёстой гэж боддог. Цуврал нийтлэлүүдээ нүдээ нээгээч, өөрсдийгөө харцгаая, тусгаж авч, буруу зөвийг ухаарвал сайнсан гэсэн үүднээс бичсэн.  
Залуу хүнд гурван зүйл байх хэрэгтэй   
-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн нэгнээс үлгэр дууриал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриал авдаг вэ?
-Хүний тухайн чиглэл, ажилдаа ч юм уу хандах хандлага, онцлог чадвар, сайн шинжийг нь олж харж дотроо сайшааж үлгэр дууриал авахыг хичээдэг.
-XXI зууны залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ. Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?  
-Шинэ үеийн залуучууд өндөр чадвартай байх шаардлагатай. Сургууль, амьдралаас мэдлэгийг олж авахаас гадна шинэ мэдлэг эзэмших арга чадварыг эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл, сургуулиа төгсөхөд мэдлэг суурьтай чадварыг хамт эзэмшээд төгсөх ёстой. Чадвар эзэмшсэнээр өөрөө өөрийгөө хөгжүүлээд ажлын талбар дээр ч нийгэмтэй ч хөл зэрэгцэн алхах боломжтой болно гэсэн үг. Өөрийгөө үргэлж хөгжүүлж ёстой. Маргаашийн чи өнөөдрийнхөөсөө үргэлж илүү байх ёстой. Миний хувьд багагүй хугацааг мэдлэгийн захад хүрэх, судалгаа хийх арга барил олох зэрэгт зарцуулсан. Одоо хувь хүн талаасаа аливаа зүйлийг объектив байдлаар харж үнэлж дүгнэлт хийж суралцахыг хичээж байгаа.       
-Танд амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөөг хэн өгсөн бэ?
-Би анх гадагшаа сургуульд явахад хамаатны маань ах ирээд надад нэг зүйл хэлсэн юм. Тухайн үед хэлсэн үг нь нэг чихээр ороод нөгөө чихээр гарсан байх. Дараа нь бодож байхад хүчтэй үг байсан. Юу хэлсэн гэхээр, залуу хүнд гурван зүйл байх хэрэгтэй. Энэ бол зорилго, тэвчээр, зүтгэл. Тайлбарлавал, хүн мөрөөдөл, хүсэл, зорилго, алсын хараатай байхад ямар ч саад бэрхшээлийг давах тэсвэр тэвчээр гардаг, алсын зорилгынхоо төлөө зүтгэх л хэрэгтэй байдгийг хэлсэн. Энэ үг миний амьдралд таарсан цөөнгүй асуудал, бэрхшээлийг саад даваа биш гэдгийг ойлгуулж, шантралгүй даван туулах тэвчээрийг, зүтгэл итгэлийг өгсөн гэж болно.   
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга тань юу вэ?
-Ажлаа хугацааны хувьд яаралтай, хугацаатай гээд эхнээс нь хийж дуусгана. Яаралтай, чухал зүйлийг хурдан хугацаанд дуусгахыг зорино. Мэдээж чанартай сайн хийхийг хичээнэ. Яаралгүй ажлын хувьд нэг ажлыг удаан нухаад суугаад байлгүй, өөр өөр ажлыг ээлжилж хиймээр байдаг. Тэгэхээр хэд хэдэн зүйл зэрэг шахуу дууссан байдаг. Бусад хүнд тохирохгүй арга байж магад, гэхдээ надад гайгүй сайн тохирдог юм.  
-Та өнөөдрийг хүртэл ямар эрсдэлийг туулж, ямар шийдвэрүүдтэй нүүр тулж байсан бэ. Амьдралдаа авч байсан сургамж, бүтэлгүйтлийн талаар хуваалцахгүй юу?
-Олон зүйлийг золиосолж, эрсдэлийг туулж өнөөг хүрсэн гэж боддог. Бүх зүйл дардан шулуун байсан бол би одоогийн би биш байх байсан. Бүтэлгүйтэл, алдаа болгон сургамж, ололтыг дагуулдаг болохоор аливаа зүйлийг эхлүүлэх, туршиж үзэхэд биеэ оторлоод байдаггүй гэж болно. Алдаанаас айдаггүй. Харин алдаа давтагдсан бол өөрийгөө зэмлэнэ.  
undefined
-Та өөрийнхөө карьераар дамжуулан Монголдоо ямар хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа вэ. Ер нь цаашдаа Монголдоо ирж ажиллах уу?
-Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд инженер, лабораторийн эрхлэгч зэргээр ажиллаж байсан. Тодорхой чиглэл, төвшинд туршлагатай болсон болохоор мэдээж эзэмшсэн мэргэжил чиглэлээрээ Монголдоо ажиллана. Шинжлэх ухаанч суурь боловсролтой, боловсорсон дундаж иргэдийн сэтгэхүй бүрдэхэд тодорхой нэмэр болохыг хичээх болно. Энэ нь мэдээж нүдэнд шууд харагдах, гарт баригдах зүйл биш л дээ. Удахгүй эх орон руугаа буцна. Оны өмнөхөн сонголттой тулгарсан. Эндээ үргэлжлүүлэн ажиллаж, үлдэж, ассистент профессороор ажиллах уу,  Монгол руугаа буцах уу гэдгээ сонгох хэрэгтэй болсон. Шийдлээ гаргасан. Хүмүүсийн бодож байгаа шиг үлдэхээр шийдээгүй, харин явахаар шийдсэн. Олон хүмүүс гайхсан л даа, боломж ихтэй газар үлдэхгүй яасан юм, дараа нь харамсана даа гэх зэргээр зөндөө асуулт ирсэн. Ер нь яагаад эх нутагтаа эргэн очиход харамсах ёстой юм.    
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлж өөрчлөх шаардлагатай байгаа талуудад нь илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан гэж боддог вэ?
ахин хэлэхэд, хүмүүсийн нийтлэг сэтгэлгээ, хандлага, ухамсар өөрчлөгдвөл гэгээлэг зүйл их хол биш болов уу. Одоогийн байгаа шиг массаараа талцсан, туйлширсан, хуурмагаар уралдсан, аргацаасан, дүр эсгэсэн байдалтай байгаад л байвал байдал улам гүнзгийрч хэцүүднэ. Бидэнд гаднын дайсан, дотоодын зөрчил дайн байхгүй, Монголчууд маань уг нь тэсвэр тэвчээртэй, эрч хүчтэй, аливаад чадварлаг ард түмэн гэж боддог. Нэгдмэл алсын зорилготой, хүн бүр түүнийгээ сэтгэлдээ хадгалж, зүтгэж байж сайхан ирээдүйг ойртуулах болов уу.    
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юу захиж хэлэх вэ?   
-Улсын хөгжил, нийгмийн сэтгэлгээ харилцан хамааралтай оршдог. Нийт масс маань шинжлэх ухаанч суурь боловсролтой байх хэрэгтэй. Залуучууд дэлхийн хэмжээний маш сайн дээд боловсрол, чадварыг эзэмшвэл сайн байна. Олон залуусыг дэлхийн шилдэг их сургуулиудад суралцаад эргэж эх орондоо ирж хөдөлмөрлөөсэй гэж хүсч байна. Тийм залуусыг эх орондоо буцаасай гэж уриалмаар байна. Гадагшаа тэтгэлэгтэй суралцах боломж ч их байдаг. Энэ үүднээс өөрийн нэрээр пэйж нээж, гаднын сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн зарыг байнга тавьж байгаа. 
Хөгжсөн, тогтсон газар амьдраад удахаар хүн амьдралын нэг хэмнэлд орчихдог, уусах шинжтэй болчихдог. Монголдоо буцна даа гэж ярьсаар олон жил болчихсон, Монголынхоо нөхцөл байдалд дасахааргүй болчихсон хүмүүс цөөнгүй байдаг. Манайд тайван амьдрах, мөрөөрөө хөдөлмөрлөх үнэндээ амаргүй л дээ. Гэвч нэгэнт тогтсон хөгжилд хүрсэн газар нийгэмд гүйцэтгэх нэг хүний үүрэг бага, харин Монголд тэдгээр залуучууд эерэг өөрчлөлт гаргах нь илүү болов уу.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн