Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Өөх, тостой хоолны араас архи уувал хордлогод орох, нойр булчирхайн цочмог үрэвсэл болох эрсдэлтэй

Өөх, тостой хоолны араас архи уувал хордлогод орох, нойр булчирхайн цочмог үрэвсэл болох эрсдэлтэй
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 29
Баярын өдрүүдэд хоол, хүнс, архины хордлого авсан хүмүүсийн дуудлага ихэсч, түргэн тусламжийн тасгийн 70 орчим хувийг энэ төрлийн дуудлага эзэлдэг байна. Тиймээс бид хүмүүс баярын өдрүүдэд ихэвчлэн ямар төрлийн бүтээгдэхүүнээс хорддог, хордлогын үед ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн сэргийлж, эмчлэх талаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Н.Одонтунгалагтай ярилцлаа.
-Баярын өдрүүдэд хордлогод орсон хүмүүс олширдог гэсэн. Ихэвчлэн ямар төрлийн бүтээгдэхүүнээс хордлого авсан байдаг вэ?
-Ерөнхийдөө хүмүүс баяр наадмын үеэр хэт их өөх, тостой хоол идэж түүнээсээ хордсон, удаан хадгалах зориулалтгүй салат,өндөг, хиамыг олон хоног хадгалж байгаад идээд хордсон хүмүүсийн дуудлага их ирдэг. Мөн архи, бялууны хордлогод орсон хүмүүс их байдаг.
-Архины хордлогод орсон хүмүүс их байдаг гэлээ. Энэ төрлийн хордлого архийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна уу. Эсвэл архитай хамт хэрэглэж болохгүй хүнс хэрэглэсэнтэй холбоотой байна уу?
-Архины хордлогод орж байгаа гол шалтгаан нь өөх, тостой хоолтой, архийг хамт хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Нэн ялангуяа баяраар хүмүүс царцуу, өөх, тостой бууз идчихээд араас нь архи уудаг. Энэ бол архины хордлогод оруулах гол шалтгаан болдог. Өөх, тостой хоолны араас архи уух нь нойр булчирхайн хурц үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Мөн өлөн байх үедээ архи уувал хордлогод орох эрсдэл өндөр байдаг.
-Өөх тостой хоолны араас архи уувал хордлогод орох, нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг гэж байна. Тэгвэл архийг ямар төрлийн бүтээгдэхүүнтэй хэрэглэх вэ. Мөн архины хордлогод орсон гэдгээ яаж мэдэж, хэрхэн эмчлэх вэ?
-Архийг өөх тос багатай хөнгөн төрлийн зууш, салатаар даруулж уувал сайн . Мөн архи ууж байх үедээ ус сайн уувал хорыг гадагшлуулж байдаг. Архины хордлогод орсон үед их хэмжээгээр бөөлждөг. Бөөлжилт нь удаан хугацаагаар хэд, хэдэн удаагийн давтамжтай байх юм бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Архины хордлогод ороод ирж байгаа хүмүүс бөөлжөөд маш удчихаад ирдэг. Хордлогод ороод их хэмжээгээр бөөлжих юм бол улаан хоолойгоор цус алдах эрсдэлтэй байдаг. Тиймээс архины хордлогод орсон бол хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй.
-Хүмүүс ихэвчлэн архи уусны маргааш бэлэн гоймон иддэг. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үү?
-Архи уусны маргааш давс ихтэй, халуун ногоотой бэлэн гоймон идэх нь эрүүл мэндэд маш муу . Хордлогод орж, шартсан тохиолдолд эмнэлгийн нөхцөлд бол дусал хийж, алдсан эрдсийг нь нөхдөг. Гэрийн нөхцөлд нүүрсэн эм ууж болно. Мөн лемоны шүүс, витамин С-ийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэж болно.
-Баярын өдрүүдээр өндөг, хиамны хордлогод орсон хүмүүс их байдаг гэсэн. Энэ төрлийн бүтээгдэхүүний хордлогын шинж тэмдэг яаж илэрдэг вэ, гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
-Хоолны хордлогын үед халуурах, суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг. Хоолны хордлогод орсон тохиолдолд хамгийн түрүүнд хоросол уух хэрэгтэй. Энэ нь хордлогын үед алдсан эрдэс бодисоо нөхөх хамгийн сайн арга. Гэхдээ хүмүүс хордлогод орсон үедээ өөрийн дураар шингэн зүйл, ходооны эм, мезинфорте, ношфа уугаад байдаг Энэ бол буруу. Хоросол уугаад намдаагүй тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй. Нэн ялангуяа өндөг, хиамны хордлогод ороод түргэн хугацаанд эмчлэхгүй бол бөөрний дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Хордлогоос сэргийлэх хамгийн сайн арга бол хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн хугацааг маш сайн нягтлах явдал. Өндгийг бол хугацааг нь сайн харж авах хэрэгтэй. Муудсан өндөг бол чанах гээд усанд хийхэд хөвж байдаг. Чанар нь муудаагүй өндөг бол усанд хийхэд савны ёроолд живж байдаг. Худалдаж авахдаа хугацааг нь харж амжаагүй бол хэрэглэхийнхээ өмнө муудсан эсэхийг нь шалгаад үзчихэж болно. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн