Open iToim app
Анализ | 10 мин уншина

​Г.Үнэнбат: Хорт хавдраас урьдчилан сэргийлэх мөн эдгэрэх боломжтой

​Г.Үнэнбат: Хорт хавдраас урьдчилан сэргийлэх мөн эдгэрэх боломжтой
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 9
Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс нойр булчирхайн тасгийн мэс заслын эмч Г.Үнэнбаттай ярилцлаа. Тэрээр ХСҮТ-д долоо дахь жилдээ ажиллан эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж яваа туршлагатай, залуу боловсон хүчин билээ.
Мэс заслын үндсэн ажлаа хийхээс гадна гадаад, дотоодын эмч нартай хамтран олон хурал, чуулган, судалгааг хийж, БНСУ, Япон, Франц, Тайван зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хэд хэдэн удаа хамрагдаж байжээ. Ингээд түүнтэй судалгааны ажил болон хавдрын өвчлөлийн талаар ярилцсанаа хүргэе.
-Ярилцлага хийх саналыг маань хүлээж авсан танд баярлалаа. Хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа талаар эмч нар ч, иргэд ч хэлдэг болсон. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад хавдрын өвчлөл Монголд ямар төвшинд байгаагаас яриагаа эхлүүлье?
-Монголд хорт хавдраар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар сүүлийн үед ихээхэн ярьж байна. Хавдар бол зөвхөн Монгол Улсад тулгараад байгаа аюул биш. Дэлхийн нийтээр одоогоос хэдэн жилийн өмнө яаралтай мэс засал, гэмтэл, зүрх судасны өвчин, мөн төрөл бүрийн архаг өвчнөөс шалтгаалсан нас баралтууд өндөр байсан. Тиймд сүүлийн 10-аад жил нас баралтын гол шалтгаан болж байсан архаг өвчнүүдтэй тэмцэж, тэдгээрээс шалтгаалсан нас баралтыг бууруулж чадсан боловч дэлхий нийтэд хавдраас шалтгаалсан нас баралт өссөөр байна. Энэ нь суурьшмал соёл иргэншил болон хүний амьдралын буруу хэв маягуудтай холбоотой гэж хэлж болно.
Хавдрын өвчлөл дэлхийг түгшүүлж буй аюул боловч улс оронд бүрт өөр, өөр байдаг. Ихэвчлэн ядуу буурай, хөгжиж буй орнуудад хавдрын шалтгаант нас баралт өндөр  байдаг. Энэ нь хавдрыг оношлох, эмчлэх дэд бүтэц, техник технологи төдийлөн сайн хөгжөөгүйтэй холбоотой. Тэглээ гээд хавдрыг ядуу орны өвчин гэж ойлгож болохгүй.
-Хөгжиж буй, ядуу буурай оронд хавдрын өвчлөл их байдаг гэж байна. Үүний нэг жишээ нь Монгол Улс уу. Манайд хавдрын нас баралт өндөр байгаа нь юутай холбоотой байна вэ?
-Монголд элэгний хавдар гэхэд нийт хавдрын 40 хувийг эзэлж байна. Харин АНУ-д элэгний хавдар нийт хавдрын 5-10 хувийг л эзэлж байна. АНУ-д нас баралтын шалтгаанаар эрэмбэлэн үзэхэд элэгний хавдар 10-р байранд байхад, манайд элэгний хавдар 1-рт жагсаж байна. Энэ нь Монголчуудын архины хэт хэрэглээ, таргалалт, амьдралын буруу хэв маягтай холбоотой. Ер нь тухайн хүн хаана өсөж, төрөөд, хаана амьдарч байгаагаас хавдар тусах эрсдэл нь их бага байна.
Монголд элэгний хавдар тусах эрсдэл өндөртэй бол АНУ-д буудуулж амь насаа алдах эрсдэл өндөр гэсэн үг.
Нөгөөтэйгээр Монголд хавдрын нас баралт өндөр байгаа нэг шалтгаан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, техник технологи, дэд бүтцийн асуудал гэж хэлж болно. Хавдрын хожуу үедээ ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь хөдөө орон нутагт, алслагдмал бүст амьдардаг гэдэг. Эрт оношлуулж, эмчилгээнд хамрагдаагүйн улмаас нас барах нэг шалтгаан болж байна.  
В вирусийн эсрэг вакцин хийлгэснээр жилд нэг сая хүнийг хавдраас сэргийлэх боломжтой 
-Тэгвэл хэн хавдар тусах эрсдэлтэй вэ. Хавдарт хүргэж буй шалтгаан юунд байна вэ?
-Нэгд, хавдар бол насжилттай холбоотой. Нас ахих тусмаа хүний биед эд эсийн өөрчлөлт орж, төрөл бүрийн өвчинд өртөмтгий, гэмтэж, бэртэх эрсдэл нь нэмэгдэж байдаг. Мөн олон жил амьдарч ирсэн хүрээлэн буй орчны нөлөөлөл чухал үүрэгтэй. 50 жил хорт утаагаар амьсгалсан уушги, 5 жил амьдарсан уушги асар ялгаатай. Тэгэхээр хавдраар өвчлөх магадлал нас ахих тусам нэмэгддэг. Түүний нэг баталгаа нь хавдраар оношлогдож, эмчлэгдэж байгаа нийт хүний 70 хувиас дээших нь 40-өөс дээш насныхан байдаг.
Хоёрдугаарт, хорт зуршил буюу архи, тамхины хэрэглээ хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог. Хавдар тусаад ирж буй хүмүүсийн 80 орчим хувь нь тамхи татдаг гэж хэлдэг. Мөн архийг хэтрүүлэн хэрэглэх нь хорт хавдар тусах гол шалтгаан болж байна. Хүн өдөрт 30 мл-ээс дээш спирт хэрэглэж болохгүй гэсэн стандарт тунтай. 
 байдаг. Үүнээс дээш хэмжээгээр хэрэглэх юм бол эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихэснэ. Архи элгэний хатуурал үүсгэдэг.
Гуравт, хорт хавдарт хүргэж буй бас нэг томоохон шалтгаан нь вирус, бактери. Тухайлбал, B, C вирус гэхэд элгийг хатууруулдаг. Элэг хатуурснаас элгэнд зангилаа үүсч, эсийн төвшинд эдгэрэхгүй сорвитой болж, улмаар хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог. B, C вирустай хүн элэгний хавдраар өвчлөх магадлал нь вирусгүй, эрүүл хүнээс өндөр байдаг. 
Хеликобактери гэхэд ходоодонд үржин, эсийн төвшинд нуугдмал байдалд байснаар хавдар үүсгэх суурь хүчин зүйл болдог.
Мөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар элбэг тохиолддог. Үүнийг хүний хөхөнцөр вирус үүсгэдэг. Энэ вирус нь бэлгийн замаар дамждаг бөгөөд тус вирусийн эсрэг вакцин хийлгэснээр сэргийлэх боломжтой. Хүүхдэд 11-12 насанд энэ вакциныг хийлгэхийг зөвлөдөг. ДЭМБ-аас 2015 онд гаргасан тооцооллоор элэгний B вирус, болон хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийснээр дэлхий даяар жил тутам нэг сая хүнийг хавдар тусахаас сэргийлж чадна гэж гарсан байдаг.
Дөрөвт, архаг өвчнүүд хавдрын шалтгаан болж байна. Таргалалт бол нэг төрлийн архаг өвчинд багтдаг. Таргалалтаас болоод маш олон төрлийн өвчин үүсдэг. Үүний нэг нь хавдар. Тэр дундаа таргалалтаас ходоод элэгний хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг. Хэвлийн таргалалттай хүний элэг өөхөлж, элгэн дээр байх ёстой эсийг устгаж эхэлдэг. Үүний үр дүнд элэгний хавдар үүсдэг. Жингийн илүүдэлтэй хүмүүс чихрийн шижинтэй байдаг. Чихрийн шижинтэй хүмүүс элэгний хавдраар өвчлөх магадал энгийн хүнээс хоёр дахин илүү байдаг.
Мөн хэт халуун хоол унд идсэнээс улаан хоолойгоо түлж архаг үрэвсүүлсэн, ходоодны шархлаагаа эмчлэхгүй удааснаас тухайн эрхтэнд эсийн төвшинд үрэвсэл явагдаж, байнга өөрчлөлттэй байснаар хавдар үүсэх бас нэг шалтгаан болдог. Нойр булчирхай гэхэд байнга үрэвсээд байх юм бол архаг болж улмаар нойр булчирхайг хайлуулж, хавдарт хүргэж болно.
Тавдугаарт, хатааж, даршилсан хүнсний бүтээгдэхүүн хорт хавдрын бас нэг шалтгаан. Тухайн бүтээгдэхүүнийг хатааж, даршлахад ашигласан бодис нь генийн төвшинд өөрчлөлт өгч, альфатоксин ялгаруулдаг. Энэ нь элэгний хавдар үүсгэх үндсэн шалтгааны нэг болж байдаг.
Мөн буруу хадгалсан, хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дэлхий нийтээр хөргөгчтэй болж эхэлснээс хойш ходоодны хавдар эрс буурсан гэх судалгаа ч байдаг.
Хавдрыг удахгүй эсийн төвшинд бүрэн эмчилдэг болно 
 
-Хавдар туссан л бол эмчилгээгүй гэх ойлголт байдаг. Эрт үедээ оношлогдвол хавдар эмчлэгдэх боломжтой юу. Хавдрын эмчилгээ, оношилгооны талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Хавдар 1,2-р шатандаа оношлогдох юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Гэтэл Монголд нийт хавдрын 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үлдсэн 20 орчим хувь нь эрт үедээ оношлогдож байна. Энэ хоёр тооны байрыг сольж чадах юм бол Монгол Улс хавдартай тэмцэж чадсан жишиг орон болж чадна. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн том арга бол тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, оношилгоо, шинжилгээ хийлгэж байх юм.
Ходоодны хавдар эрт үедээ эмчлэгдэх юм бол дурандаад салстыг нь хуулаад авчихдаг. Хагалгаа хийх шаардлагагүйгээр ходоодны хавдрыг эмчлэх боломжтой гэсэн үг. Мөн элэгний хавдар 3 см-аас доош хэмжээтэй байгаа үед түлээд устгачихдаг. Умайн хүзүүн хавдар мөн л салстыг нь хуулаад авчихдаг.
Хожуу үедээ оношлогдох тусмаа эдгэх магадлал буурч, амьдрах чадамж багасдаг. Иргэдийн дунд нэг буруу ойлголт яваад байдаг. Хавдрын хэмжээ том байлаа гээд хожуу үе биш байж болно. Мөн хавдрын хэмжээ жижиг мөртлөө олон жижиг үсэрхийлснээс, эсвэл өөр эрхтэнд нөлөөлснөөс хожуу үедээ байж болно. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хавдрын аль үед байна гэдгээ оношлуулж, түүнд тохирсон эмчилгээг хийлгэх нь чухал.
Хавдрыг оношлогдсон үе шатаас нь хамаараад мэс заслын, туяа, химийн эмчилгээ хийдэг. Мөн хавдрыг удахгүй эсийн төвшинд бүрэн эмчилдэг болно.  Тодруулбал, Стэнфорд, Харвард, Токиогийн их сургууль дээр хавдрыг эсийн төвшинд эмчлэх туршилтын судалгаа хийж байна. Одоогоор судалгаа амьтны бие дээр амжилттай хийгээд байгаа юм.
Стэнфордын их сургуультай хамтран элэгний хавдрын маш том судалгаа хийж байна 
-Таны хувьд БНСУ, Япон, Франц, Швейцарь гээд олон орны эрдэмтэнтэй хамтран судалгаа, шинжилгээ хийдэг гэсэн. Ойрын хугацаанд ямар судалгаан дээр ажиллаж байна?
-Хавдрыг эрт үед нь бүрэн эмчлэх боломжтой. Үүний тулд туршилтын судалгаа шинжилгээ чухал үүрэгтэй. АНУ-д хавдар тусч байгаа хүн Монголд хавдар тусч байгаа хүний шалтгаан болон, эрсдэлт хүчин зүйл өөр өөр байж болно. Түүнээс шалтгаалаад эмчилгээ өөр байна гэсэн үг. Тиймд яагаад монгол хүмүүст хавдрын өвчлөл их байна, яг юунаас нөлөөлж байна гэдгийг судалж байна. Тухайлбал, ойрын хоёр жилийн хугацаанд ХСҮТ дээр маш том элэгний судалгааны хариу үр дүнгүүд гарна . Энэ судалгааг АНУ, Япон, БНСУ-тай хамтран хийж байна. Тэр судалгааны маань нэг нь элэгний хорт хавдарт юу нөлөөлж үүсгээд байгааг судлах зорилгоор ХСҮТ, АШУҮИС, Стэнфордын их сургуулийнхантай хамтран ажиллаж байна. Судалгааны үр дүн элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ хийхэд маш том ахиц, дэвшил авч ирнэ гэж найдаж байгаа. АНУ, Монголын эрүүл мэндийн яам, ХСҮТ-үүд хамтран элэгний хорт хаврын генетикийн судалгаа мөн амжилттай хэрэгжин үр дүн боловсруулах шатандаа явж байна. Энэ бүх төсөл судалгаанууд манай Ж.Чинбүрэн эмчийн манай тасгийн эрхлэгч байхдаа бид нарыг удирдан эхлүүлсэн санаанууд юм, одоо маш завгүй манай төвийн ерөнхий захирлын алба хашдаг. Гэсэн хэдий ч судалгаа шинжилгээгээ орхилгүйгээр олон хавдрын урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд дээр захиргааны баг хамт олонтойгоо ажиллаж байгаа.
Судалгаанаас гадна энэ жилийн хувьд ХСҮТ дээр эмчилгээ, оношилгооны чиглэлд олон ахиц дэвшүүлд гарч байна. Түүний нэг нь Чинбүрэн эмчийн хамтаар Монголд анх удаа 3D дурангийн мэс заслын аргаар цөсний хүүдий авах хагалгаа амжилттай хийгээд байна.  
-Хавдар туссан мөртлөө сэтгэл санаа өөдрөг байх үед амьдрах хоног уртасч, эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг үү?
-Хавдар туссан хүмүүст сэтгэл засах эмчилгээ чухал нөлөөтэй байдаг. Хавдартай болсон гэдгээ сонссон хүн сэтгэлзүйн маш том дарамт, цохилтод ордог. Энэ үед гэр бүлийнхэн болон ойр төрлийн хүмүүс нь сэтгэлзүйн туслалцаа өгч байх нь маш чухал. Сэтгэл санаанаас болж дархлаа хүртэл дарангуйлагддаг  шүү дээ. Хүний сэтгэл зүй өөрөө бодисын солилцоо, дархлааны эх үүсвэр болж байдаг. Сэтгэл санааны байр байдал эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлнө. Хавдрын өвчин бол зөвхөн хувь хүний өвчин бус гэр бүл, нийгмийн өвчин. Гэр бүлийн нэг хүн хавдар туслаа гэхэд гэр бүлээрээ шаналж, зовдог.
Хавдрын эмчилгээ хийх үед тулгардаг хэд хэдэн хүндрэлийг энд дурдмаар байна.
Хавдартай хүмүүс лам, бөөгөөр явж цаг алддаг. Эсвэл бариа засал, зүү төөнүүр гээд уламжлалт анагаах ухаанаар явж цаг алдаад хавдар нь хүндэрсэн хойно “Эмч ээ” гээд хүрээд ирдэг. Бид бол нотолгоонд суурилан анагаах ухааны эмчилгээг санал болгодог. Гэхдээ эмчлүүлэх эсэх сонголтыг нь ард түмэнд үлдээх ёстой болохоор ямар ч аргагүй ар гэр, өвчтнөөс санал асуух болдог. 
Бас нэг зүйл нь хавдрын эмчилгээ оношлогдох үе шатаасаа шууд хамаарна. Тухайлбал, элэгний хавдар гэхэд эрт үедээ оношлогдож байгаа ч эмчилгээ хийх боломжгүй хүмүүс байдаг. Тэгэхээр хүмүүс гайхаад байдаг. “Миний хавдар ийм жижиг байж яагаад надад эмчилгээ хийж болохгүй байгаа юм бэ” гэдэг. Тэр нь суурь элэгний хатууралтай хүмүүс л дээ. Элэгний хатуурал гүнзгийрэх тусам элгэн дээр ямар нэгэн эмчилгээ хийх боломж багасдаг. Хатуурсан элэгний үйл ажиллагаа алдагдсан, нөхөн төлжих чадвар нь муудсан байдаг тул мэс засал даах чадвар буурдаг.  
Мэс засал эмчилгээ хүний амь насыг аврах зорилготой хэдий ч, өвчний үе шат, хувь хүний өвчин тэсвэрлэх чадвар, хавсарсан өвчин гээд олон зүйлээс шалтгаалан мэс заслын эмчилгээний явцад болон дараа хүндрэлүүд гарч болзошгүй байдаг. Мэс заслаас шалтгаалсан цус алдах, амин эрхтнүүдийн дутагдалд орох, бүр цаашлаад амь насаа алдах хүртэл хүндрэл гарч болзошгүй байдаг. Тэр бүхнийг эмч болон өвчтний ар гэрийнхэн сайтар тооцоолон шийдвэр гаргах хэрэгтэй л дээ. 
-Хавдрын хими, туяа эмчилгээний үед ямар хүндрэлүүд гардаг вэ. Ямар хүн хими болон туяа эмчилгээ хийлгэж болохгүй вэ?
-Хавдрын эмчилгээ нь хавдар тусахаасаа хэцүү юү гэсэн асуулт гарч ирдэг. Хими болон туяа эмчилгээ зохих, зохихгүй хүн гэж байдаг. Хими эмчилгээний үед үс унахаас эхлээд төрөл бүрийн хүндрэл гарч болно. Хими эмчилгээ нь эсийн ургалт, хөгжлийг дарангуйлж байдаг. Харин туяа эмчилгээ бол турж, эцэх ядрах, тухайн хэсэгт улайх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ туяа эмчилгээ бол өвдөлтгүй эмчилгээ юм. 
-Хавдрыг эрт үед нь оношлоод эмчилсэн ч дахих тохиолдол олон байдаг. Хавдар ямар тохиолдолд дахьдаг вэ. Мэс заслын дараах дэглэмээ сайн бариагүйгээс хавдар дахих тохиолдол байдаг уу?
-Эрт үедээ оношлогдсон хавдрыг мэс заслын болон дурангийн аргаар эмчилж болдог талаар дээр дурдсан. Мэс засал хийсний дараа 5 болон түүнээс дээш жил хавдрын маркер хэвийн хэмжээнд гарч, дахин хавдар илрэхгүй бол бүрэн эдгэрсэн гэж үздэг. Энэ үеийг хавдрын намжмал үе гэж нэрлэдэг. 
Хавдар дахиж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Мэс заслын эмчилгээ хийх үед тухайн хавдар ямар шатанд явж байсан нь нөлөөлдөг. Хэрвээ тухайн хавдар хожуу үе шатандаа орсон, олон эрхтэнд нөлөөлж, цар хүрээ нь ихэссэн байсан бол мэс заслын эмчилгээ хийсэн ч дахих магадлал өндөр. Хавдрын эсүүд хожуу үедээ хүний тунгалгийн судсаар дамжиж бусад эрхтэнд нөлөөлдөг. Энэ бол хавдар дахиж буй эхний шалтгаан. 
Нөгөө нэг зүйл нь тухайн хүн хавдраа мэс заслын аргаар устгуулсан ч хавдар үүсгэсэн хүчин зүйлүүдээ устгаж чадахгүй бол хэдэн жилийн дараа дахиад хавдар тусах магадлал өндөр. Тухайн хавдар нь бактерийн гаралтай байсан бол тэрийгээ устгахгүй бол дахиад хавдарт хүргэдэг.
-Хавдарт хүргэдэг шалтгаан, оношилгоо, эмчилгээ гээд нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Төгсгөлд нь хавдраас өдөрт тутамдаа сэргийлэх хувь хүний дүрмүүдийг санал болгохгүй юу?
-Өдөрт тутамдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нь хамгийн чухал. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр хүний цусны эргэлт сайжирч, улмаар бодисын солилцоо сайжирдаг. Идэвхтэй хөдөлгөөний үр дүнд биед хуримтлагдсан хортой бодисууд гадагшилж байдаг. Мөн өдөрт нэг аяга шинэ ногоо идэж чадвал хавдраас сэргийлж чадна. Дээрээс нь хорт зуршлуудаа багасгаж, илүүдэл жингээ багасгах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн