Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Эрүүл мэндийн даатгалаар авч болох тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалаар авч болох тусламж, үйлчилгээ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 29
2016 оны сүүлээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэл 1920 төгрөг байсныг 2400 төгрөг болгон, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээ 3840 төгрөг байсныг 4800 төгрөг болгосон билээ. Харин ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байсныг хэвээр үлдээсэн юм. 
Ийнхүү эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй эдлэх хэд хэдэн шинэ төрлийн тусламж үйлчилгээг нэмсэн байна. Иймд эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуулиар эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд ямар, ямар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч хөнгөлөлт эдлэх боломжтойг танилцуулж байна. ЭМД төлсөн иргэн хамгийн багадаа хоёр сая, хамгийн ихдээ 28 сая хүртэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч хөнгөлөлт эдлэх боломжтой ажээ.

Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээ авахдаа: Мэс заслын бус чиглэлийн амбулаторийн үзлэг, зөвлөгөөнд 15 000 төгрөг, мэс заслын чиглэлийн амбулаторийн үзлэг, зөвлөгөө, ажилбарын төлбөрт 16200 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой.

Даатгуулагч аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт заавал хэвтэн эмчлүүлэхгүйгээр өдрөөр тусламж, үйлчилгээг дараах тохиолдолд аймаг, дүүргийн эмнэлгээс авах боломжтой. Үүнд:
- Өвчтөний өвчин амь насанд шууд аюул учруулахгүй байх; - Өвчтөнд хийх эмнэлгийн тусламж, үйлчилгээ өдрөөр хийгдэх боломжтой; - Өдрийн эмчилгээний үргэлжлэх хугацаа 4 цагаас илүүгүй байх; - Өвчтөн эмчилгээний дараа гэртэй харих чадамжтай байх; - Өвчтөн 24 цагийн дотор давтан үзүүлэх шаардлагагүй байх; - Өвчтөн хэвтрийн дэглэм сахих шаардлагагүй байх. Өдрийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэнд, спортын сайдын холбогдох тушаалаар баталсан өдрийн эмчилгээнд хамрагдах өвчин эмгэгийн жагсаалтад багтсан эмчилгээ, үйлчилгээ хамаарна.
Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд зардалд 300 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт төлнө. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардалд даатгуулагчаас төлбөр төлөхгүй.

Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь төлнө. 

Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145.500 – 804.090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлнө.

Өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу тухайн сард, тухайн эмнэлэгт даатгуулагч оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хийлгэх эрхтэй. Тухайн эмнэлэгт хийгдэж байгаа өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ /компьютер томограф, МRI, дуран, гэх мэт/-г улирлын төлбөрийн хэмжээгээр буюу 55 000 төгрөг х 3 = 165 000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлөх ба уг төлбөрийн хэмжээ болон тухайн эмнэлгийн даргын баталсан “Төлбөртэй тусламж, үйлчилгээний тариф”-ын зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө. Тухайлбал, С вирусийн оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой.

Хавдар судлалын үндэсний төв болон аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ нь даатгуулагчид үзүүлж байгаа хорт хавдрын химийн өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байна.
-Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээнд тохиолдол буюу нэ багц курс (химийн тариа, гаж нөлөө арилгах эмчилгээ) эмчилгээний зардалд 450 000 төгрөг; -Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний зардалд нэг өдрийн эмчилгээнд 66 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эмнэлэгт төлнө.

“Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ” –ний дагуу 18 төрлийн тусламж, үйлчилгээнд 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх бөгөөд 975 мянган төгрөгрөөс 28.740.750 төгрөгийн хөнгөлж даатгуулагчийн санхүүгийн ачааллыг эрүүл мэндийн даатгалын сангаас хуваалцана. 

Уламжлалт эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 117 000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 110.000-116.281 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Уламжлалт эмчилгээ: Уламжлалтын эмчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай 111 дэх бүлгийн оношоор хэвтүүлэн эмчлэх эмчилгээ хамаарна. Сэргээн засах тусламж, үйлчилгээ: Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ; эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ; өдрөөр үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байна.
- Рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээнд байгалийн болон байгалийн бус хүчин зүйл ашиглан, мэс заслын бус аргаар сэргээн засах тусламж, үйлчилгээг хамруулна. - Рашаан сувиллын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.8-д заасан эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ. Сувилал нь улсын болон орон нутгийн үйлчилгээтэй байж болно. - Эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээнд мэс заслын дараа болон цочмогдуу үед үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ хамаарах бөгөөд уг тусламж, үйлчилгээг рашаан сувиллын клиник тасаг үзүүлнэ.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500– 65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй тусламж,үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ

Даатгуулагч эхний ээлжинд тусламж, үйлчилгээ авсан эрүүл мэндийн байгууллагадаа өөрийн эрүүл мэндийн дэвтрийн дугаар, регистрийн дугаар, мөн ийм төрлийн тусламж үйлчилгээг тэдэн төгрөгөөр авсан гэсэн албан бичгээ өгөх ёстой. Үүнийг нь тухайн эрүүл мэндийн байгууллага нийгмийн даатгалын санд хүргүүлж, улмаар нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх хувийг олгодог байна. Даатгуулагч хөнгөлөлт эдлэхэд дараах хоёр шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Үүнд:
-Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх ёстой
-Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эмчлүүлсэн байх
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн