Open iToim app
Зочин | 14 мин уншина

​Х.Эрдэнэт-Од: Сумъяа бол миний хүсэл мөрөөдлийн үргэлжлэл

​Х.Эрдэнэт-Од: Сумъяа бол миний хүсэл мөрөөдлийн үргэлжлэл
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 27
Олимпод эх орноо төлөөлөн дөрвөн удаа зодоглож, өдгөө дасгалжуулагчийн хувиар хоёр дахь удаагаа оролцож буй Монголын цорын ганц эмэгтэй тамирчин бол Хишигбатын Эрдэнэт-Од. 
Тэрээр Монголын жүдо бөхийн анхны эмэгтэй шигшээ багийн тамирчин бөгөөд тив, дэлхийн наадамд хамгийн залуудаа зодоглож, Ази тивийн хошой аварга, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж, Азийн спортын их наадмын аварга болж эх орныхоо нэрийг дэлхийд тамгалсан алдартан. Мөн самбо бөхийн дэлхийн аварга гэдгээ таван удаа баталж алтан медаль хүртсэн зэрэг түүний намтарт түүхэн ховор амжилт их бий.
Спортын салбарын ийм нэгэн “од” болсон эмэгтэйг энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа урихаар утас цохисон юм. “Эгч нь ярилцлага өгөх боломжгүй байна” гэснээр эхний оролдлого маань бүтэлгүйтэв.
Ингээд нэг сарын дараа түүнтэй дахин холбогдлоо. “Абу Даби”-гийн Их дуулга тэмцээн болох гээд тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэж байна. Чи их уйгагүй хүүхэд юм аа. За, тэмцээнээс ирсний дараа холбогдоорой” гэсэн нааштай хариу сонссоноор ярилцлага хийх бэлтгэлдээ орсон юм.
Ийнхүү Х.Эрдэнэт-Од гавьяат ч хэлсэндээ хүрч, хоёр сарын турш хөөцөлдсөн ховор зочинтойгоо уулзах боломж гарч, Монголын жүдо бөхийн шигшээ тамирчдын бэлтгэлээ хийдэг Спортын төв ордныг зорилоо.
Биднийг очиход 16.00 цаг болж байсан бөгөөд тамирчид ид бэлтгэлээ хийж байлаа. Х.Эрдэнэт-Од багш шигшээ багийн тамирчдынхаа хажуугаар өсвөр, залуучуудын ангилалд хэдэн охид дасгалжуулж байгаа харагдав. Тэрээр “Монголын жүдо бөхийн залгамж халааг давхар бэлдэх ёстой. Энэ охид бол ирээдүйд Сумъяа, Уранцэцэг, Мөнхзаяа нарын залгамж халааг авах хүмүүс. Эднийгээ шигшээ багийн эгч нартай нь хамт бэлтгэл хийлгэж, мэдлэг, туршлагаас нь суралцуулж байна” гэсээр биднийг угтсан юм.
Тэрээр Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, болон Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аврага М.Уранцэцэг, Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Мөнхтуяа зэрэг охидыг ч мөн адил одоогоос 10 гаруй жилийн өмнө тухайн үеийн жүдогийн лидерүүд болох М.Бундмаа, П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа нарын залгамж халаа болгон бэлдэж эхэлж байсан тухайгаа үргэлжлүүлэн хуучилснаар бидний яриа эхэлсэн юм.
-Д.Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх Ерөнхийлөгчийн зарлиг гарсныг жүдо бөхийн "Абу Даби" их дуулга тэмцээний үеэр сонссон байх. Гарын шавь нь Хөдөлмөрийн баатар хүртсэнийг сонсоод мэдээж сэтгэл их хөдөлсөн байж таарна. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тэмцээндээ орчихоод, оройхон байрлаж байгаа буудалдаа ирсэн чинь Д.Сумъяа “Багш аа, намайг Хөдөлмөрийн баатар болгох зарлиг гарсан байна” гэж хэлсэн. Энэ тэмцээнд Сумъяа маань хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Бразилийн бөх Рафаэла Сильваг ялаад алтан медаль авчихсан байсан. Риогийн Олимпоор Д.Сумъяа Бразилийн бөх Рафаэла Сильватай аваргын төлөө барилдаад ялагдаж, мөнгөн медаль хүртэж байсан шүү дээ. Харин энэ удаа даагаа нэхсэнээр барахгүй ,Их дуулгын анхны алтан медалиа хүртсэн. Багш, шавь хоёрт давхар, давхар баяр тохиосон доо. Сумъяагийн амжилт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүртэх болзлыг хангах хэмжээнд хүрсэн байсан болохоор хэзээ авах нь цаг хугацааны л асуудал байсан. Багшийн хувьд мэдээж баярлаж байсан ч, нөгөө талаар Монголын ард түмний өмнө үүрэх хариуцлага нэмэгдэж, илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг дахин нэг сэтгэлдээ бодож, тунгаасан.
-Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өнгөрсөн Олимпоор ялагдал хүлээсэн бөхөө их дуулгын үеэр ялж, даагаа нэхсэн байна. Хэн хэнийх нь хувьд нэлээд хүч, авхаалж самбаа сорьсон барилдаан байв уу?
-Тийм шүү. Тэмцээний үеэр дөрвөн ч удаа цаг сунган барилдахад Сумъяа ялалт байгуулж чадсан. Дөрвийн дөрвөн удаа “Golden score” буюу нэмэлт цаг сунган барилдаж, өрсөлдөгчөөсөө үнэлгээ салгана гэдэг сэтгэлзүй болон биеийн бэлтгэл өндөр төвшинд бэлтгэгдсэн, туршлагатай топ тамирчны хийж чадах зүйл. Ялалт, ялагдлыг шийдэх эцсийн мөчид сэтгэлзүйгээ төвлөрүүлэн, ялалт байгуулна гэдэг хэр баргийн тамирчны гаргаж чадах чадвар биш шүү. Нэг, хоёр удаагийн “Golden score” дээр оноо авч болно. Гэхдээ дөрвөн удаа “Golden score” дээр өрсөлдөгчөө ялж, үнэлгээ авна гэдэг асар хүнд. Магадгүй, би Сумъяагийн оронд байсан бол чадахгүй ч байж магадгүй. 
Өөрөө мэдэрч чадаагүй бүхнээ шавиараа дамжуулан гүйцээх нь тамичрнаас дасгалжуулагч болсон хүний давуу тал 
-“Golden score” буюу ялалт, ялагдлыг шийдэх эцсийн мөчид сэтгэлзүйгээ барьж, ялалт байгуулна гэдэг топ тамирчны л хийж чадах зүйл гэлээ. Мэдээж тамирчны бие бялдар, уран мэх, авхаалж самбаа чухал ч яг энэ мөчид сэтгэлзүй чухал нөлөөтэй байдаг уу?
-Тамирчин хүний амжилтын 50 хувь нь биеийн чадвар байдаг бол үлдсэн 50 хувь нь сэтгэлзүйн бэлтгэл  байдаг. Энэ хоёр хоёулаа маш өндөр төвшинд бэлтгэгдэж байж топ тамирчин, Олимп, дэлхийн аваргууд төрдөг. Аль нэгийг нь дутуудуулсан бол амжилт ч тэр хэрээр дутдаг. Миний хувьд алдсан зүйл нь сэтгэлзүйн бэлтгэл байсан. Би сэтгэлзүйгээ хөгжүүлэх ёстой гэж боддог байсан мөртлөө яаж хөгжүүлэхээ мэддэггүй байсан. Тухайн үед хэн ч надад тэмцээний үеэр сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэх, ялалт, ялагдлыг шийдэх торгон мөчид ямар сэтгэлзүйтэй байх ёстой талаар хэлж, зааж, зөвлөөгүй. Дэлхийн аваргын хүрэл медаль авсан ч, Олимпийн медаль авч чадаагүй. Миний сэтгэлзүй дутсанаас болж хүссэн амжилтандаа хүрч чадаагүй юм байна гэдгээ хожим дасгалжуулагч болоод ухаарсан даа. Тиймээс өөрийнхөө гаргасан тэр алдааг шавь нарыгаа битгий давтаасай гэдэг үүднээс энэ талаар хэлж, зөвлөж эхэлсэн. Шавь нар маань тив, дэлхийд нэрээ гаргаж байгаа нь зарим талаар үүнтэй холбоотой байх ч гэж боддог. Тамирчин байж байгаад дасгалжуулагч болсон хүний давуу тал нь өөрөө мэдэрч чадаагүй, дутуу хийсэн, алдсан зүйлээ шавиараа дамжуулан гүйцээхэд байдаг. 
-Тамирчдынхаа сэтгэлзүйг яг яаж, хэрхэн бэлддэг вэ?
-Биеийн бэлтгэл сайн байх тусмаа сэтгэлзүйн бэлтгэлийг сайн бэлдэх суурь нь болдог. Энэ хоёр хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг. Бэлтгэл хийж байна гээд ямар нэг зорилго тавилгүйгээр дасгал хийгээд байж болохгүй. Тамирчин хүн ялалт, ялагдлыг амсаад ирэх үедээ сэтгэлзүйн бэлтгэл маш чухал гэдгийг өөрийн биеэр мэдэрч эхэлдэг. Тухайлбал, бэлтгэл дээр сайн барилдаж байгаад тэмцээний үеэр тэр хэмжээндээ хүрч барилдаанаа гаргаж чаддагүй тамирчин байдаг. Тэр тамирчинд яг үнэндээ барилдааны техник, бэлтгэл дутаад байгаа юм биш, сэтгэлзүй дутаад байгаа юм л даа. Яг энэ үед сэтгэлзүйгээ хамт хөгжүүлэх ёстой гэдгээ мэдэрсэн хүн өөрийгөө дайчилж эхэлдэг.
Тэгвэл тамирчин хүний сэтгэлзүйг яаж, хэрхэн бэлддэг вэ гэх асуулт гарч ирнэ. Дасгалжуулагч хүн тамирчныхаа давуу талыг олж харж, түүгээр нь дамжуулан хөгжүүлж бэлдэх ёстой. Нэг үгээр бол тухайн тамирчин өөрийнхөө давуу талыг маш сайн мэддэг, түүндээ итгэдэг байх ёстой. Өөртөө итгэх итгэлийг бий болгож чадаагүй хүн бусдыг ялж чаддаггүй. Бусдаас юугаараа давуу талтай вэ гэдгээ мэдэж, түүнийгээ хөгжүүлээд зогсохгүй түүндээ 100 хувь итгэх ёстой. Энэ бол амжилтын нууц. Дан ганц спортын салбар ч биш. Хүн бүр өөрийн давуу талаа хөгжүүлж, түүндээ итгэл үнэмшилтэй болсноор амжилтын үүд нээгддэг  гэж боддог. 
Миний хувьд “Би ялна, ялах ёстой” гэж өөртөө хэлж сэтгэлзүйгээ бэлддэг байсан ч, итгэл үнэмшлийг өөртөө суулгаж чадаагүй. Яаж энэ итгэл үнэмшлийг өөртөө суулгахаа мэдэхгүй байсан болохоор тэр. Би ялах ёстой гэж бодоод байсан мөртлөө чин сэтгэлээсээ түүндээ итгээгүйд гол учир нь байгаа юм. Энэ бол миний ялагдлын том шалтгаан байсан гэдгийг хожим олж харсан. Тамирчин байх үеийн Эрдэнэт-Одыг одоогийн дасгалжуулагчийн байр сууриас харахад өөртөө итгэлгүй, өөрийгөө голдог байсан байгаа юм. Өөрийгөө зоригжуулахыг хүсээд байдаг. Гэтэл түүнийг өөртөө суулгаж чадаагүй юм билээ.
Жүдогийн спортыг одоо л ойлгож эхэлж байна.  Өдөр бүр энэ дэвжээн дээрээс нэг зүйл сурч, мэдэрч байна. Цаашдаа ч суралцаад л явна .
-Ялсан тамирчны баярыг хуваалцах сайхан ч, эсрэгээрээ ялагдсан нэгнийх нь харуусал гунигийг дэргэдээс нь мэдрэх амаргүй. Тэр үед тамирчдаа сэтгэлзүйгээр нь хэрхэн дэмждэг вэ?
-Багш хүний хувьд ямар ч тэмцээний дараа тухайн тамирчин ямар шалтгаанаар ялж, ялагдсан гэдгийг зөв үнэлж, дүгнэж, маш мэдрэмжтэй ажиллах ёстой гэж боддог. Үнэхээр бие бялдрын хүч дутагдсан уу, эсвэл сэтгэлзүй нөлөөлсөн үү гэдгийг зөв тооцоолж, түүнийхээ дараа зөв үнэлэлт, дүгнэлт өгч тамирчинтайгаа ярилцан, ойлголцох нь чухал. Дасгалжуулагч хүний нарийн мэдрэмж яг энэ зүйл дээр л гарч ирдэг.
Тамирчдын ялагдлын депресс гэж зүйл бий. Ялангуяа олон жил гол зорилгоо болгосон тэмцээнээсээ медаль авч чадаагүйгээс болоод сэтгэлзүйн шоконд орох, зан авирт нь өөрчлөлт гарах ч тохиолдол байдаг. 
-Таны хувьд Олимпийн медалийн тавцанд зогсохсон гэдэг хүслээ шавиараа дамжуулан гүйцээсэн байна. Риогийн Олимпийн үеэр Д.Сумъяа таны медалийг хамт зүүсэн байна шүү дээ. Мэдээж өөрийн биеэр амжилтын оргилд хүрэх сайхан ч, хэн нэгнээр дамжуулан тэр хүслээ гүйцэлдүүлнэ гэдэг илүү амттай байсан байх?
-Хүн амжилтад хүрсэн ч хэзээ ч ганцаараа аз жаргалтай байж чаддаггүй гэдэг үгийн утгыг одоо л ойлгож байгаа. Бусдын төлөө сэтгэл зүрх гаргаж чадсан, бусдын амьдралд өөрчлөлт гарахад нь туслан, нөлөөлж чадсан амьдрал л хамгийн аз жаргалтай. Тамирчин хүн байсан болоод ч тэр үү өмнө нь “Би, би” гэсэн сэтгэхүй давамгай байсан нь үнэн. Одоо бол бусдын төлөө хийж чадах, чадсан зүйл маань миний хувьд амжилттай, аз жаргалтай байгаа хэрэг юм.
Залуу насанд өөрийнхөө амжилтын тухай ярих л сайхан байсан байх. Харин одоо бол миний өнгөрсөнд гаргасан амжилтаас ирээдүйд бүтээх шинэ амжилтын түүх илүү чухал болов уу гэж боддог.
-Д.Сумъяа та хоёрын багш, шавийн барилдлага тогтоосон түүх их сонирхолтой юм билээ. Тэр тухайгаа хуучлахгүй юу?
-Одоогоос арваад жилийн өмнө юм байна. Тэгэхэд шинээр ороод удаагүй бололтой 3-4 охин заалны буланд ноцолдож байгаа харагддаг байсан. Тухайн үед хөлдөө бэртэл авчихсан байсан болохоор хөнгөн бэлтгэл л хийдэг байлаа. Нэг удаа тэр охидоос нэгийг нь дуудаад “Хоёулаа хөнгөхөн барилдаан хийе. Өвдөг бэртэлтэй байгаа учраас хөл рүү битгий өшиглөөрэй” гээд барилдсан. Тэгсэн бэртэлтэй хөл рүү өшиглөж өгч байна аа. Яагаад хөл рүү өшиглөөд байна аа гэсэн чинь өөдөөс хамар нь сартайчихаад буулт хийх шинжгүй. Тэр охин маань хожим Сумъяа байж таарсан. Их сонин учрал. Манай жүдогийн ёс жаяг чинь хатуу шүү дээ. Дээд үеийнхнийхээ хэлсэн үгийг ямар ч хүн дагадаг. Гэтэл Сумъяа хамраа сартайлгаад дайраад байсан нь харин ч надад үнэлэгдсэн. Барилдаад үзэхэд техникгүй, онцгой мэхгүйбайсан ч дотор нь байгаа тэмцэгч, дайчин чанарыг нь би тэгэхэд олж харсан юм. Тэр дайчин, тэмцэгч чанар нь одоогийн Сумъяаг бий болгосон юмуу даа.
Тухайн үед Сумъяагийн хичээллэж байсан “Монгол охид” клуб нь тараад барилдах дуртай хэдэн охин нь үлдчихсэн байсан юм билээ. Дуртай зүйлээ орхилгүй хичээл зүтгэл гаргаж байгаа тэр охидыг хараад хувь хүнийхээ зүгээс чаддаг зүйлсээ зааж өгөхийг хүссэн юм. Тэгээд 2008 оны Олимпийн дараа тэр охидод шигшээ багт бэлтгэл хийх зөвшөөрөл өгсөн. Тухайн үед шигшээ багийн үндсэн тамирчнаар Бундмаа, Лхамдэгд, Мөнхзаяа гээд цөөхөн охид байсан. 
-Д.Сумъяатай хамт бүтээсэн 10 жилийн хамтын хөдөлмөр дунд сургамжтай, хөгжилтэй олон дурсамж байдаг байх. Тэр бүхнээс хамгийн сэтгэлд тод үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Сумъяа бусдаасаа илүү идэвхи, хичээл зүтгэлтэй хүүхэд байсан болохоор бэлтгэлээ тасалдаггүй байсан. Гэтэл нэг өдөр бэлтгэлдээ ирдэггүй, алга болчихлоо. Учрыг нь лавласан чинь “ХААИС-д орсон. Бэлтгэлдээ явах гэхээр хичээл болохгүй байна” гэлээ. Хүний хүүхдийг хичээлээ хая гэж хэлэлтэй нь биш. Гэтэл нэг өдөр над дээр “Багш аа, би сургуулиа орхисон. Бэлтгэлдээ бүх зүйлээ зориулахаар шийдсэн” гээд л хүрээд ирсэн. Хүсэл, мөрөөдөл зорилгынхоо төлөө тууштай, зоригтой алхам хийсэн хүүхэд гэж боддог.
Мэдээж өнөөдрийн Сумъяа бий болохын тулд асар их хүч хөдөлмөр зарцуулсан. Анх Сумъяа 63, 64 кг-аас жин хасч, 57 кг-д барилддаг байлаа. Урам хугалах үе хааяа гардаг л байсан. Нэг удаа бэлтгэл дээр би “Сумъяа, чи 70 кг-ын тамирчныг дийлэхгүй байж болно, ядаж 48 кг-д битгий унаад бай тэгэх үү” гээд гуйж байсан үе одоо болтол санаанаас гардаггүй юм.\инээв\
Тухайн үед миний хувьд тэр хүүхдэд найдвар тавиад байдаг. Гэтэл нөгөө хүн өөрөөсөө доод жингийн хүүхдэд бэлтгэлийн барилдааны үед унаад байдаг. Гэхдээ Сумъяа өөрийнх нь дотор байгаа тэмцэгч, дайчин Сумъяагаа тэмцээн дээр гаргаж барилдаж чаддаг байсан учраас би түүнд найдвар тавьдаг байсан хэрэг. Гэхдээ тэр зан чанараа бүрэн дүүрэн гаргаж ирэхийн тулд тасралтгүй найман жил зүтгэж, 2015 онд анхны том амжилтаа гаргасан даа.
-Энэ хүртэл тамирчин хүнийг амжилтад хүргэдэг сэтгэлзүй, дотоод хүнийг хэрхэн бүтээх талаар нэлээд ярилцлаа. Тамирчдадаа барилдааны техник, мэх талаас нь хэрхэн зааж сургадаг вэ?
-Ялагдал хүлээсэн тамирчны бие бялдрын давуу талыг хөгжүүлж, түүнд нь тохирсон техник, мэхийг зааж өгөхийг хичээдэг. Гавьяат тамирчин, дэлхийн аврага жүдоч М.Уранцэцэг гэхэд их урт, гар хөлтэй хүүхэд байсан. Тэр үе бол намайг 2008 онд зодог тайлсны дараах үе байсан болохоор хүүхдүүдтэйгээ их ноцолдоно. Тэгээд тэр үед “Урнаа чи хэвтээ барилдаандаа сайжрах боломж байна” гээд хоёр мэх зааж өгч байсан юм. Тухайн үед Урнаа “Багш надаар тоглоод байгаа юм байх даа” гэсэн харцаар харж байсныг мартдаггүй юм. Учир нь, тэр үед хэвтээ барилдаанд манайхан тийм ч сайн байгаагүй, тиймээс тамирчид хэвтээ барилдаан хийх дургүй байсан гэх үү дээ. “Санкакү” гээд хөл, толгойг нь хавчиж дарах, түүнээсээ дамжаад бүстэй нь холбоод хөлөө доогуур нь шургуулаад дардаг хоёр мэх зааж өгсөн юм. Энэ мэх одоо Урнаагийн хамгийн сайн хийж чаддаг үндсэн мэх нь болсон, барилдааныхаа 70-80 хувьд энэ мэхээр ялдаг.
Яагаад энэ мэхийг Урнаад анх зааж өгсөн нь бас их учиртай. Би энэ мэхээр Японы нэг бөхөд хоёр, гурван удаа ялагдаж байсан. Тэр бөх хэвтээ барилдаанд энэ мэхийг голдуу хийнэ. Тэр мэхийг хамгаалах гэж хэвтээд “нухуулсаар” байгаад хамаг хүчээ барж, Эрдэнэт-Одын тал нь байхгүй болоод босоод ирдэг байлаа. Тэгээд Урнааг урт хөлтэй болохоор энэ мэхийг анх зааж өгч байсан хэрэг. Одоо Урнааг тэр мэхээр өрсөлдөгчөө ялж байгааг хараад их баярладаг ч “өрсөлдөгч нь хялааж байгаа байх даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг шүү. \инээв\
Харин Сумъяагийн хувьд сууж үүрэх мэхийг сайн хийнэ. Цээж, нуруундаа их хүчтэй. Дээрээс нь их уян хатан.
-Ингэхэд та яагаад дасгалжуулагч болохоор шийдсэн юм бэ?
-Миний хувьд 2008 онд Бээжингийн Олимпод оролцсоныхоо дараа зодог тайлсан. Олимпод ялагдаад бараг нэг цаг орчим уйлсан. Тэр үед 20 жилийн тамирчны замнал маань энэ хүрээд өндөрлөж байна гэдгийг мэдэрсэн. Зодог тайлсны дараа сэтгэлзүйн хувьд нэлээд хүнд цохилтод орсон байсан. Зодог тайлах нь тамирчин хүний хамгийн хэцүү үе байдаг. Нэг тийм хоосон юм шиг мэдрэмж төрдөг.
Тухайн үед гэр бүлийн маань хүн гадагшаа явж боловсролоо дээшлүүлье гэж хэлж байсан. Гэтэл тухайн үед миний сэтгэл жүдодоо хоргодоод нэг л болдоггүй. 20 жил өдөр бүр хийж ирсэн зүйлээ нэг л өдөр орхиод явж чадаагүй. Тэгсэн Жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт-Од оо, чи Монголын эмэгтэй жүдочдийн нэгэн үеийг амжилттайтөлөөлж ирлээ. Харин одоо өөрийнхөө залгамж халааг заавал бэлдэх ёстой шүү” гэж хэлсэн. Тэгээд л дасгалжуулагчаар ажиллахаар шийдсэн дээ. Надад маш том итгэл хүлээлгэсэн гэж боддог.
-Сүүлийн хэдэн жил Монголын жүдогийн тамирчдын амжилт илүү тодорч харагдах болсон. Энэ нь Жүдогийн холбооны зөв менежменттэй холбоотой байна уу, эсвэл тухайн тамирчин, дасгалжуулагчийн ур чадвараас шалтгаалж байна уу. Жүдогийн амжилтад юу хамгийн их нөлөөлж байна вэ?
-Жүдогийн тамирчдын энэ амжилтууд бол бидний, манай жүдогийн баг хамт олны амжилт. Спортын амжилтад гарцаагүй цаг хугацаа чухал. Нэг топ тамирчныг бэлтгэхийн тулд 7-10 жилийн уйгагүй хөдөлмөр, бэлтгэл, сургуулилт хэрэгтэй. Жишээ нь, Сумъяатай л гэхэд надаас гадна манай шигшээ багийн дасгалжуулагчдын баг, мэргэжлийн сэтгэлзүйч, физио трэйнер зэрэг олон хүн ажилладаг. Нэг топ, шилдэг тамирчин бий болгохын тулд түүний ард 6-7 хүн байдаг.
Дэлхийн жүдо бөхийн холбоо 2009 оноос хойш маш үсрэнгүй, менежментээр ажиллаж байна. Дэлхийн спортын холбоод дундаа жүдо бөхийн холбооны менежмент дээгүүрт үнэлэгдэж байна. Манайх ч мөн олон улсын Жүдо бөхийн холбоотой нягт хамтран ажиллаж байгаа.
Авьяастай хүүхдүүд байлаа гээд түүнийг хөгжүүлж, зөв зохион байгуулж, менежментээр гаргаж ирнэ гэдэг хамгийн чухал. Жүдогийн холбоо энэ ажлыг маш сайн хийж, зөв менежментээр ажиллаж байна.
Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга бидэнд маш хатуу шаардлага тавьдаг. Ер нь бол биднийг баргийн зүйл дээр болж байна, сайн байна гэж хэлэхгүй шүү дээ. Гаргасан амжилтдаа сэтгэл ханах бус, цаашдаа илүү их амжилт гаргах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Нэг талаар сайшаахгүй байгаа нь урамгүй юм шиг боловч нөгөө талаар цаашдаа илүү сайн амжилт гаргах хөдөлгүүр болчихож байгаа юм. Энэ амжилтдаа ханахгүй, илүү алсыг харах хэрэгтэйг л сануулдаг хэрэг.
Ер нь хөгжлийн үндэс нь нэгэнт бий болсон амжилтыг харахаас илүүтэйгээр цаашаа ямар боломж байгааг харах гэдгийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс суралцсан даа.
-Монгол бөхчүүд, тамирчдын гаднынхнаас ялгарах онцлогийг дасгалжуулагч хүний нүдээр хэрхэн харж, дүгнэдэг вэ. Монгол бөхчүүдийн давуу тал нь юу байдаг вэ?
-Спортын амжилт олон жилийн хөдөлмөрийн үр дүн байдаг. Гэхдээ бөх хүний хувьд яс, ген гэж бий. Барилдах авьяас монгол хүний цусанд байдаг. Энэ талаар гадаадад ажилладаг нэг монгол багш надад “Монгол, гадаад хоёр хүүхдийг барилд гэхээр монгол хүүхэд хөл рүү нь ороод шууд мэх хийдэг. Харин гадаад хүүхэд барилд гэхээр яах учраа олдоггүй” гэж ярьж байсныг үнэний хувьтай гэж боддог. Мөн Монгол тамирчид их задгай сэтгэж, чөлөөтэй барилддаг. Гэтэл гадаадын тамирчдын хувьд багш юу гэж заасан яг л тэгж барилдана. Энэ нь нэг талаар сул тал болох нь бий.
Мөн Монгол тамирчдын амжилт өрсөлдөгчийнх нь ч амжилт байдаг.  Нэг тамирчныг тэмцээнд явуулахын тулд үлдсэн 4-5 өрсөлдөгч нь түүнийг бэлдэж, өөрсдөө шидүүлж бэлтгэлийг нь хангадаг. Гаднынханд бол тийм ойлголт их бага гэж сонсож байсан. Энэ бол монголчуудын хүнлэг сайхан зан чанартай холбоотой. Өрсөлдөгчийнхөө бэлтгэлийг хангаж өгөөд, сайн яваарай гээд амжилт хүсч чадах хүнийг жүдогийн спорт өөрөө бий болгодог. 
-Таны хувьд эмэгтэй хүн, бас ээж хүн. Ар гэрийн амьдралдаа зарцуулах цаг нэлээд хомс гардаг байх. Ер нь ээж, гэрийн эзэгтэй хүнийхээ үүргийг хэрхэн биелүүлдэг вэ?
-Би хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Сайн ээж биш гэдэгтэйгээ санал нийлдэг. Хоёр хүүхдээ төрүүлээд гуравхан сартай байхад нь ажилдаа орж байсан. Ажлын шаардлагаас болоод эх хүний хувьд хүүхдүүддээ их хатуу хандсан байх гэж боддог. Тэглээ гээд хүүхэд, гэр бүлээ орхигдуулаагүй л дээ. Ажил, ар гэрийн амьдралыг ялгаж салгах ёстой гэж боддог. Ар гэрийн шалтгаанаас болоод ажлаа цалгардуулахыг, эсрэгээрээ ажлаас болоод гэр бүлээ орхигдуулахыг хүсдэггүй. Аль, алийг нь амжуулаад л явахыг хичээдэг. Тиймээс хэдхэн сартай нялх хүүхэдтэй байсан ч гэртээ очиж хөхүүлээд буцаад ажилдаа ирдэг байсан.
Жүдотой амьдралаа холбоод 30 жил болох гэж байна. 20 жил тамирчин, 10 жил нь багшаар ажиллалаа. Мэдээж энэ хугацаанд намайг ойлгож дэмждэг ханийхаа тусламж дэмжлэггүйгээр энэ их ажлыг амжуулахын аргагүй гэж боддог.
-Та түрүүнд миний өнгөрсөнд гаргасан амжилтаас илүү ирээдүйд гаргах амжилт чухал гэж байсан. Таны ойрын таван жилийн төлөвлөгөө юу вэ?
-Мэдээж санасан, зорьсон зүйл их байна. Түүний нэг нь Токиогийн Олимп байна. Бид маш их найдвар тавьж, тамирчдаа бэлтгэж байна. Ер нь тэгээд хүн ямар ч ажил хийсэн тэр зүйлдээ сэтгэл зүрхээ зориулах нь л чухал гэж боддог. Сэтгэл зүрхээ зориулсан зүйлээс л хүн жинхэнэ баяр хөөр, аз жаргалыг мэдэрч чаддаг болов уу.
Энэ дашрамд тив, дэлхийн тэмцээнээр тамирчдынхаа дээлийн захыг мушгин байж дэмждэг Монголын ард түмэн, төр засаг, Монголын Жүдо бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, Хилчин спортын хороо, Үндэсний шигшээ багийнхаа багш дасгалжуулагч, нийт баг хамт олондоо халуун талархал илэрхийлмээр байна.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн