Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

​Д.Энхцэцэг: Цахим үнэмлэхийн чипийг идэвхжүүлж, тоон гарын үсэг суулгана

​Д.Энхцэцэг: Цахим үнэмлэхийн чипийг идэвхжүүлж, тоон гарын үсэг суулгана
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 10
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны сүүлээр УИХ-д өргөн барьсан. Хуулийн шинэтгэлээр ямар өөрчлөлт орох талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа. 
-Иргэний улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар өөрчлөлт орохоор тусгасан бэ? 
-Иргэний улсын бүртгэлийн хууль анх 1999 онд батлагдаж, түүнээс хойш 112 зүйл, заалтад өөрчлөлт орсон байдаг. Өнгөрсөн оны сүүлээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Монгол Улсын 3 сая иргэнд нь хамааралтай чухал хуулийн зохицуулалтууд туссан. Тухайлбал, шилжилж байгаа иргэн зөвхөн шилжин очиж байгаа газраа бүртгэл хийлгэдэг байх , цахим иргэний үнэмлэхийн чипийг идэвхжүүлэн мэдээлэл оруулж, тоон гарын үсэг суулгах зэрэг бүртгэлийн шинэ үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн засаг захиргааны нэгж харгалзахгүйгээр төрсний бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, цахим иргэний үнэмлэхийн бүртгэл хийлгэдэг байхаар зохицуулсан. Нэг үгээр хэлбэл, хүүхдээ хотод төрүүлэхээр ирсэн Дулмаа хүүхдийнхээ төрсний бүртгэлийг нийслэлд хийлгэж, төрсний гэрчилгээг нь авах боломжтой. Шилжүүлгээ хийлгээгүй хөдөө орон нутгийн харьяалалтай хоёр иргэн Улаанбаатарт хуримаа хийгээд харьяалал харгалзахгүй гэрлэлтээ батлуулж болно гэсэн үг.
-Шилжиж байгаа иргэн зөвхөн шилжин очиж байгаа газраа бүртгэл хийлгэнэ гэж байна. Шилжиж байгаа газраасаа хасалт хийлгэлгүйгээр шууд шилжин очсон газраа бүртгүүлж болно гэж ойлгож болох уу?
-Тийм. Одоогийн хуулиар бол иргэн шилжиж байгаа бол заавал тухайн газраасаа хасалт хийлгэж, өргөдөл гаргаж байж шилждэг. Шинэ хуулийн зохицуулалтаар үүнийг өөрчилж шилжиж байгаа иргэн зөвхөн очиж байгаа газартаа л бүртгүүлдэг болж байгаа юм. 
-Цахим иргэний үнэмлэхийн чипэнд мэдээлэл оруулж, идэвхжүүлнэ гэлээ. Чипэнд ямар мэдээлэл суулгах вэ. Иргэд шинээр үнэмлэх захиалах уу. Чипийг идэвхжүүлэх ажлыг хэрхэн хийх вэ?
-Хууль батлагдчихвал иргэний үнэмлэхээ шинээр захиалж байгаа иргэний үнэмлэхийн чипийг идэвхжүүлж, тоон гарын үсэг суулгаж өгнө. Харин цахим үнэмлэхийн чип нь идэвхжээгүй хүмүүс хүсэлт гаргаж идэвхжүүлнэ. Шинээр захиалахгүй гэсэн үг. Хуулийн зохицуулалт хийгдчих юм бол иргэдийн цахим үнэмлэхийн чипийг идэвхжүүлж, тоон гарын үсэг суулгах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна. 
Үнэмлэхний чипэнд тухайн иргэний эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хүйс, олгосон байгууллагын нэр, олгосон он сар өдөр, хүчинтэй байх хугацаа, оршин суугаа хаяг, хүчинтэй хугацаа, биеийн давхцалгүй өгөгдлийн мэдээ буюу гарын хурууны хээ, тоон гарын үсгийн мэдээлэл багтана. Мөн гэрлэлт, боловсрол, албан тушаал, гэмт хэргийн мэдээллүүд багтсан байх юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн