Open iToim app
Соёл, урлаг | 10 мин уншина

​П.Цэрэндагва: Надад сэтгэлийн хувьд дутуу хандсан нэг ч дүр байхгүй

​П.Цэрэндагва: Надад сэтгэлийн хувьд дутуу хандсан нэг ч дүр байхгүй
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 28
Бид Монголын урлаг, соёлын алдартнууд, бусдад үлгэр дууриал болж яваа энгийн иргэдтэй ярилцах “Түмний нэг” цувралыг эхлүүлж байгаа билэээ. Энэ удаагийн цувралаараа Монголын театр урлагийн өндөрлөгүүдийн нэг Монгол Улсын Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагватай ярилцлаа. Тэрээр Цагааны Цэгмид гуайгаас бусад бүх алтан үеийн жүжигчинтэй ажилласан гэдэг. Ингээд бодохоор Монголын тайз, дэлгэцийн бүтээлийг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх юм. 
-Энэ жил Улсын Драмын эрдмийн театрын 85 жилийн ой тохиож байна. 85 жилийн настай театрт та анх хэрхэн хөл тавьж байсан бэ. Хэд дэх жилдээ энэ театрын тайзнаас үзэгч түмэнтэйгээ уулзаж байна вэ?
-Театрт анх орсон түүхээ эргээд харахад хүн бүрт учраад байдаггүй ховор тохиол надад таарсан гэж боддог. Би өөрийн сайндаа театрт ороогүй. Монголын театр урлагийн алтан үеийнхэн, ахмад жүжигчдийн билгийн нүд, буян заяагаар миний амьдрал театртай холбогдсон. Анх арван жилд байхад манай сургууль дээр жүжигт тоглох хүүхэд шалгаруулж явна гээд хоёр хүн ирсэн. Тэгсэн шалгаруулалтын дараа намайг дуудаад "хэд хоногийн дараа театрт сонгон шалгаруулалт болно ирээрэй" гэсэн. Тэгээд л ир гэсэн өдөр нь театр дээр яваад очсон. Гэтэл тэнд надаас гадна 50,60-аад хүүхэд шалгаруулалтад орохоор ирчихсэн байсан. Тэр дундаас таван хүүхэд шалгаруулж авсны нэг нь би байсан юм. Тухайн үед биднийг 15,15-аар нь жагсааж байгаад л шалгаж байсан санагддаг. Тэгж л театрт хөл тавьж, хамгийн анх Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн Баярын дүрд тоглож байсан . Намайг театрын босгоор алхуулсан тэр хоёр хүн бол БНМАУ-ын гавьяат жүжигчин Б.Мижиддорж, Хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Ц.Гантөмөр нар байсан юм.
-Тайз, дэлгэцнээ маш олон дүрийг амилуулсан таны хувьд бүтээсэн дүрүүдээс аль нь таниас гарч болох хамаг л авьяас, хүч чадал мэдрэмжийг шаардаж байсан бэ?
-Эмэгтэй хүн үрдээ ханддаг сэтгэлээр жүжигчин хүмүүсийн хувьд том, жижиг гэлтгүй өөрт оногдсон дүрээ сайн гаргахын тулд оюунаа ширгээж, чөмгөө дундалдаг. Надад сэтгэлийн хувьд дутуу хандсан нэг ч дүр байхгүй. Харин түүхэн хүний дүрүүдийг бүтээхэд илүү их ажиллагаа шаарддаг. Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд, төрийн нэрт зүтгэлтэн Жалханз хутагт, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан Манлайбаатар Дамдинсүрэн, Намын төв хорооны Нарийн бичгийн дарга Данзан, Жанжин Д.Сүхбаатар, Тоорил ван гээд маш олон түүхэн хүний дүрийг бүтээх эрхэм хувь заяа надад тохиосон. Жүжигчин болгонд олдоод байдаггүй аз завшаантай хэрэг ч нөгөөтэйгээр түүнийг дагаад маш том хариуцлага ирдэг. Дүрээрээ дамжуулаад Монголын түүхтэй танилцаж, тэр хүний тухай судлахаас эхлээд л ихээхэн хичээл зүтгэл чармайлт шаарддаг.

-Театрын тайзнаа тоглох, дэлгэцийн бүтээлд тоглох ялгаатай гэж олон жүжигчин хэлдэг. Таны хувьд тайзнаа дүр бүтээх, дэлгэцийн урлагт тоглох хоёр юугаараа өөр гэж хэлэх вэ?
-Тайзан дээр бол үзэгчидтэй шууд амьд харилцаа үүсгэдэг. Тэр үед кинонд тоглох арга ажиллагааны талаар маш олон зүйлийг сурч авдаг. Мөн алдаагаа засах боломжийг театрын тайз олгодог. Ямар ч сайн жүжигчин, тоглолтын явцад алдаа гаргах үе бий. Харин тайз өнөөдөр алдсан бол маргааш алдаагаа засаад явах боломжтой. Дэлгэцийн бүтээл бол тийм биш шүү дээ. Нэг харц, нэг илүү хөдөлгөөн илүү хийж болдоггүй. Алдсан бол алдаа тэр хэвээрээ үлдэнэ.
-Таныг уран бүтээлдээ тоглуулах хүсэлтэй олон найруулагч байдаг байх. Кинонд тоглох санал хүлээж авахдаа та юуг голлон анхаардаг вэ?
-Кинонд тоглох урилга ирж байгаа тохиол бүрт жүжигчин хүн байнгын бэлэн байдалд байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Тийм болохоор ямар ч найруулагч санал тавьсан баяртай хүлээж авдаг. Тэгээд зохиолтойгоо танилцсаны дараа тоглох эсэхээ шийддэг. Ер нь би дүрийн саналыг буцаагаад байдаггүй шүү . Надад санал тавьсан л бол өөрийнхөө чадлаар тухайн дүрийг амилуулахыг хичээдэг.
-Урлагийнхан дуулсан дуу, тоглосон жүжгээрээ дамжуулаад хүмүүст маш олон зүйлийг өгч чаддаг шүү дээ. Харин таны хувьд бүтээсэн дүрээрээ дамжуулан үзэгчдээс юуг мэдэрдэг вэ?
-Урлагийн хүн хийсэн бүтээлээрээ дамжуулаад олны танил болдог. Энэ нь бидэнд асар том хариуцлагыг үүрүүлж байдаг. Олонд танигдаад ирэхээр би өөрөө ч мэдэхгүй маш олон танилтай болчихдог. Тиймээс тэр олон хүний итгэл, сэтгэлийг үүр, дүүрч явах ноён нуруу урлагийн хүнд байх ёстой. Мөн би бүтээсэн дүрээрээ дамжуулаад олны танил болж байгаатай адил, тэр дүр намайг хүн болж төлөвшихөд, амьдралын ухааныг ойлгоход нөлөөлж байдаг.
-Монгол Улсын театрын урлаг үүсч, хөгжөөд 85 жил болж байна. Энэ хугацаанд Монголын театр урлагийн хөгжил, өнгө төрх ямар хэмжээнд хүрсэн гэж та ахмад уран бүтээлчийн хувьд дүгнэх вэ?
-1990 оны нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн давлагаанд бүх зүйл хөл алдаж байхад би "Монголын урлаг, соёл мөнх настай. Үүнд гагцхүү сэтгэл хэрэгтэй. Сэтгэл байхад ямар ч зовлон бэрхшээлийг даваад гарч чадна" гэж хэлж байсан. Одоо ч жамаараа л хөгжиж байна. Унаж, алдаж, онож, босч байна.
-Нийгэмд ёс жаяг, эх захаа мэдэхгүй хүмүүс нэмэгдээд байгаа нь аавын аягагүй өрхийн тэргүүн олширсных-
-Солонгос кино, дууг манайхан их үзэж, сонсдог болсон. Энэ хэрээрээ орчин үеийн кино бүтээлүүдэд Солонгос киноны хэв маяг маш их шингэсэн гэдгийг урлагийнх ч хүлээн зөвшөөрдөг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Монголчууд бид юуг тээж, үүрч, дүүрч явах ёстойгоо үргэлж бодож явах ёстой. Монгол хүн гэдэг үнэт зүйлээ алдаж, монгол хүнээ үнэгүйдүүлж болохгүй. Бид өнөөдөр үнэт зүйлээ гээчхээд явж байгаа болохоор хөгжилтэй орнуудын соёлын довтолгоонд өртөж байна . Үнэнийг хэлэхэд, бид өнгөрсөн хугацаанд дуураймал сэтгэлгээ, эшлэлийн онолоор явж ирлээ. Одоо бидний ухаарах, сэхээрэх цаг ирсэн. Өнөөдөр бид ямар ч үзэл сурталгүй, хөлөө олохгүй нийгэмд амьдарч байгаа нь үүнтэй холбоотой. Америкууд үзэл сурталгүй байна уу. Америк кино гарахаараа л хүмүүс нь танкаар буудуулж, онгоц дэлбэлээд байхад үхдэггүй. Үүний цаана юуг харуулаад байна вэ. Америк хүнийг бий болгож байгаа маш том үзэл суртал явж байна. Гэтэл манайд тийм зүйл байхгүй байна шүү дээ.
-Монголчууд нийтлэг үнэт зүйлээ алдаж, монгол хүнээ үнэгүйдүүлснээс үзэл сурталгүй, ёс зүйгүй нийгэм бий болж байна гэлээ. Тэгвэл тэр үнэт зүйлээ олж авахын тулд яах ёстой вэ?
-Бидний хөгжилд саад болдог гол зүйл нь нэгнээ үл хүндэтгэх, нэгнээ ойшоодоггүй байдал. Ижий, аавыгаа хайрлаж, хүндэлж сураагүй хүн айлын охин үрийг хань ижлээ болгож аваад, жаргаана гэдэг юу л бол. Монгол хүний амин ухааныг үр хүүхдэдээ багаас нь ойлгуулж, суулгаж өгөх хэрэгтэй. Энэ амин ухааныг сургуулиас, танхимын боловсролоор олж авдаггүй юм. Түүнийг дөрөв, тав, найман ханатай гэртээ, эсвэл орд харш, бүр урц, жодгороос ч өвлөн авч болдог. Хар багадаа эцгийн гэрээс амин ухааныг олж авсан хүн хойшид энэ замбуулин хорвоод зөв амьдрах чадвартай болж төлөвшдөг юм. Аавын аяганы тухай би ярих дуртай. Аавын аяга хэмээх ойлголтоос монгол хүний амин ухаан эхэлдэг гэж би боддог. Аавын аяганд ижийгээс өөр хүн хүрч болохгүй, тэр аяга үргэлж дүүрэн байх ёстой, хамгийн амттай, шимтэй бүхний дээж тэнд байдаг гэдгийг харж өссөн хүүхэд олон зүйл ойлгож, ухаарч хүмүүждэг. Тэр хүүхэд том болохоороо аав шигээ мундаг хүн байхыг хүснэ. Цаашлаад аавын аягаар дамжуулан хүнийг хүндэтгэх ёс, эрэмбэ дарааллаа, өмчид хандах хандлагад суралцдаг. Яагаад өнөөдөр манай нийгэмд ёс жаяг, эх захаа мэдэхгүй хүмүүс нэмэгдээд байна гэхээр аавын аягагүй өрхийн тэргүүн олширсных гэж боддог. Их сургуулийн оюутнуудаас “Аавынхаа аяганд ууж үзсэн хүүхэд байна уу” гээд асуухаар ангиараа дэр хийтэл гараа өргөж байна. Энэ юуг харуулж байна вэ. Тэр айлд аавын аяга гэж тухайлсан зүйл байхгүй аав нь таарсан аягандаа уудаг болсны илрэл. Би бол аавын аягатай өрхийн тэргүүн. Намайг дөрвөн настай байхад төрсөн аав минь өөд болсон. Бидний амьдралд нь өмөг түшиг болж явсан хойд аав маань маш буянтай сайхан хүн байсан. Мөн миний хадам аав хүү, охин хоёроо хүний зэрэгтэй амьдруулах гэж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан хүн байсан. Энэ аавуудын минь өвлүүлж үлдээсэн амин ухааны ачаар би төрдөө хүндлэлтэй, түмэндээ түшигтэй яваа . Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн том хүү эмч, удаах нь найруулагч, хамгийн бага нь хуульч мэргэжилтэй. Бүгд л хань ижилтэй, үртэй хүүхэдтэй өнөр өтгөн айлууд болсон. Хань бид хоёр хүүхдүүдээ эрдэмтэн, доктор бол гэж захьдаггүй. Хүн байхыг л хэлж сургадаг. Гэхдээ зүгээр нэг хүн биш. Хүн шиг хүн байхыг сургадаг.
-Ханиа зөв сонгосон азтай хүндээ би-

-Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай та хоёр залууст үлгэр дуурайлал үзүүлсэн, урлагийн элит гэр бүл. Ер нь гэр бүлийн хоёр хоёулаа Ардын жүжигчин болсон тохиолдол хэр байдаг вэ. Ер нь та хоёр анх хэрхэн танилцаж, гэр бүл болж байв?
-Би бага байхын л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Дунд сургуульд сурч байхдаа л дээд сургуулийн оюутнуудтай тоглоод явж байдаг байлаа. Би ханийгаа анх Улсын багшийн их сургуулийн Кино драммын ангид сургуулилт хийж байхад нь харж байсан. Том алаг нүдтэй, маш урт үстэй охин багшдаа загнуулаад сууж байхыг нь хараад ямар хөөрхөн охин бэ гэж бодоод л өнгөрч байсан. Хүүхэд байсан болохоор дотроо бодоод л өнгөрсөн. Дараа нь Драммын театрт ороход Кино драмын сургуульд харж байсан нөгөө хөөрхөн охин сургуулиа төгсөөд театрт орчихсон байсан. Намайг тоохын аргагүй л сайхан бүсгүй байсан юм. Миний хань цагтаа бол одоогийн яриад байгаа миссүүдээс хол илүү гарах бүсгүй байлаа. Хуримаа хийсний дараа хүмүүс “Д.Мэндбаярыг яаж авч суусан юм бэ” гээд л асуудаг. Тэгэхээр нь би “яаж авч суусан нь ямар хамаа байна, аваад суучихсан байгаа нь гол юм биш үү” гэж хариулдаг байлаа. Ханиа зөв сонгосон азтай хүндээ би.
-“Жаргал даахгүйн зовлон” киноноос монгол эмэгтэй, айлын эхнэр хүн ямар байх ёстойг Д.Мэндбаяр гуайн дүрээс олж хардаг. Эр нөхөр нь нийгэмд эзэлсэн байр сууригүй байсан ч эхнэр нь түүнийг хамгийн дээдээрээ хүндлэн, халамжилдаг байх ёстойг харуулсан кино гэж боддог. Тэгвэл амьдрал дээр Д.Мэндбаяр гуай хэр сайн айлын эзэгтэй вэ?
-Миний хань нийгэм цаг үеийн олон сайхан эмэгтэйчүүдийн нийтлэг дүрийг бүтээж чадсан. Түүнээс гадна олонд танигдсан дүр маш их бий. Амьдрал дээр ч ялгаагүй миний өмнөөс чанга дуу гаргаж үзээгүй. Мэдээж амьдралд маргалдах, мэтгэлцэх зүйлүүд гаралгүй л яахав. Тэр болгонд хүлээцтэй хандаж, аядуу зөөлөн байж чаддаг.
-Та хоёрын хамтарч тоглосон дүр бас цөөнгүй бий. Ээж хүү хоёр, хадам хүргэн хоёр, хайртай хосын дүрд тоглоход ямар байдаг вэ?
-Амьдрал дээр би тэр хүний араас гүйдэг байсан юм чинь жүжгэн дээр хайртай, дуртай болж жүжиглэхэд бүр ойр дөхөм байдаг. Заримдаа бүр дүрдээ хэтрүүлэн тоглох ч үе ч гарна.
-Та бол алтан үеийн жүжигчидтэй нэг тайзан дээр тоглож, тэднээс үлгэр дуурайлал авч байсан хүн. Тэдэн дундаас хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?
-Тиймээ, би алтан үеийнхээ сайхан жүжигчидтэй нэг тайзан дээр тоглож явсан азтай хүн. Өмнөх үегүйгээр өнөө үе гэж байхгүй, өнөө үегүйгээр маргааш гэж байхгүй. Хүний амьдрал энэ гурван цагийн хэлхээ дунд өрнөдөг. Намайг залуу байхад Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав багш гээд л үнэхээр том үлгэр дуурайлал болсон жүжигчидтэй хамт ажиллаж байсан үе надад бий. Яг үнэндээ тэр хүмүүстэй барилдаж, тэднээс суралцаж байж л би жүжигчин болсон. Өөртэйгээ барилдаад жүжигчин болдог хүн гэж байхгүй. Жүжигчнийг бэлддэг газар сургууль биш тайз .
-Урлагийн хүн тэтгэвэрт гардаггүй гэдэг. Хүсвэл хэдэн нас хүрсэн ч уран бүтээлдээ тоглоод явж болно. Харин та хэд хүртлээ тайзан дээрээ байна гэж боддог вэ?
-Юм бүхэн хэмжээтэй. Театр бүтэн байхын тулд та байх ёстой гэсэн урилга байгаа учир би гэрээгээр ажиллаж байна. Тиймээс надад ирсэн үүрэг, хариуцлагыг үүрэх тэнхээтэй байх хэрэгтэй гэж боддог. Харин хийсэн бүтээсэн зүйлгүй орон тоо бөглөж сууна гэдэг утгагүй.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Ганц нэг кинонд тоглох урилга ирсэн. Зохиолтойгоо танилцаж байна. Түүнээс гадна театрын 85 жилийн ой болоод аравдугаар сарыг түүхэн жүжгийн сар болгон, энэ сард түүхэн жүжгүүдээ үзэгчдэдээ хүргэж байна. Монгол гэж чээжээ дэлдэхээс өмнө бид юуг гээчихэв, юуг ухаарах ёстой вэ гэдгээ үзэгчдэдээ хүргэж байна. Театрын маань 85 нас хүрлээ. Театрын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан алтан үеийнхэн, азай буурлууд, ахмад жүжигчдийн минь дийлэнх нь мөнх бусыг үзүүлсэн байна. Тэд өнөөдөр бидний дунд биеэрээ байхгүй ч сэтгэл, зүрхээрээ хамт оршиж байгаа гэж хэлмээр байна. Тиймээс тэр хүмүүсийн ах дүү, төрөл төрөгсдөд театрын 85 жилийн ойн баярын мэндийг хүргэмээр байна.
-Залуу жүжигчид, уран бүтээлчдэд юу гэж захих вэ?
- Мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр үнэнч ханддаг, зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дуулж чаддаг ухаанд суралцаасай гэж хэлдэг. Зөвхөн дуртай, сонирхолтой хүн жүжигчин болдоггүй. Сэтгэлтэй зүтгэлтэй хүн жүжигчин болдог. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн