Бөөрний архаг үрэвслийн талаарх Гранд мед эмнэлгийн дотрын их эмч Б.Цэдэвийн зөвлөмжийг хүргэж байна.
Бөөрний архаг үрэвсэл яагаад үүсдэг вэ, энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ
Бөөрний архаг үрэсвэл болон шээсний замын эмгэгүүд хүйтэн сэрүүний улиралд дороосоо даарсан, дархлаа суларсан, амны хөндий, хоолойн өвчлөлөөс үүдэлтэй байдаг. Энэ өвчинд эмэгтэйчүүд өртөх магадлал илүү өндөр байдаг. Учир нь эмэгтэй хүний шээсний замын анатомын бүтэц буюу шээсний суваг богинохон байдаг болохоор өгсөх замын халдвараар өвчлөх магадлал өндөр байдаг. Дороосоо даарах нь бөөр, давсаг шээсний замын хямралуудыг үүсгэж, улмаар цестит өгөх, бөөрний архаг болон цочмог үрэвслүүд үүсдэг.
Бага насны хүүхдүүдийн хувьд дархлаа муудах, хэт их даарах, амьсгалын дээд замын өвчлөл, хоолой өвдсөн үед бөөр өвддөг. Харин эрэгтэй хүн бөөрний дугалдад орох магадлал өндөр байдаг. Тиймээс бөөрний дутагдалд орсон үед яаралтай аппаратад орох шаардлагатай байдаг. Бөөрний үрэвслийн үед ууц нуруугаар хөшиж өвдөх, нүд, нүүр хавагнах, ойр ойрхон шээх, шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, халуурах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Бөөрний өвчний үед хамгийн түрүүнд нуруугаар хөшиж өвдөх шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд хүмүүс үүнийг нуруу өвдөж байна гэж ойлгоод байдаг. Нуруу болон бөөрний өвдөлт адилхан байдаг тул нарийн шинжилгээ хийлгэж юунаас үүдэлтэй нурууны өвдөлт вэ гэдгийг тодруулж, дараа нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Эмчилгээ, оношилгоог хэрхэн хийлгэх вэ
Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шээс, цус, эхоны нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Шээсний шинжилгээгээр бол бөөр давсаг, шээсний замын үйл ажиллагааг тодорхойлдог. Шээсний шинжилгээ өгөхдөө өглөөний шээсээс лабораторид өгч шинжлүүлэх хэрэгтэй.
Мөн анхаарах ёстой зүйл гэвэл, хүмүүс бөөр өвдлөө гээд дур мэдэн антиботек ихээр хэрэглэдэг. Антиботек хэрэглэхийн өмнө шээсний бактерлогийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Дур мэдэн антибиотек хэрэглэх нь мөөгөнцөр үүсэх цаашлаад өөр төрлийн эмгэгүүд үүсэхэд нөлөөлдөг. Мөн эмчийн зааврын дагуу эмчилгээгээ хийлгэж дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, амны хөндийн эрүүл мэндээ сайтар сахих шаардлагатай. Биеийн аль нэг хэсэгт үрэвсэлт голомтууд байх юм бол бөөр өвчлөх эх суурь болдог. Ямар үед шээсээр уураг алддаг вэ
Шээсээр уураг алдах нь олон шалтгаантай байдаг. Шээсээр алдаж байгаа уургийг хэвийн, эмгэг гэсэн хоёр төрөлд ангилж үзэж болно. Уургаар баялаг хоол хүнс, өндөг их хэмжээгээр идсэн үед шээсээр уураг алддаг. Үүнийг хэвийн уураг алдалт гэдэг. Тиймээс эмгэг байна уу, хэвийн байна уу гэдгийг эхлээд нарийн шинжлүүлэх хэрэрэгтэй. Мөн шээсний өнгөнд өөрчлөлт орох ч ялгаагүй. Вино, өнгөтэй зүйл уусан тохиолдолд шээсний өнгөнд өөрчлөлт ордог. Үүнийг иргэд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.