Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийн талаар та өмнө нь дуулсан байх. Уг хөтөлбөрийн зорилго нь өрсөлдөх чадвартай, бүтээлч, сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, бие даасан иргэнийг төлөвшүүлэх. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 140 гаруй оронд өдгөө хэрэгжиж байгаа бөгөөд олон улсын хөтөлбөр гэж тодотгож болно. Боловсролын салбарт тусгалаа олсон дээрх хөтөлбөр нь “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номын агуулгад тулгуурласан онцлогтой.
“Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг дэлхийн 3000 гаруй сургууль өөрсдийн сургалтын арга зүй болгон ашиглаж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний таван жилийн хугацаанд дээрх амжилтад хүрсэн түүхтэй. Энэ тоо сүүлийн жилүүдэд эрс өсөн нэмэгдэх болсон. Сургуулийн шинэчлэлийн хөтөлбөр нь АНУ, Канад, Тайвань, Бразил, Чили, Энэтхэг, Сингапур зэрэг орны боловсролын салбарт хэдийнэ нутагшиж амжсан байна. Тухайлбал, Канад болон Бразилд тус бүр 100 орчим сургууль “Бяцхан манлайлагч” хөтөлбөрт нэгджээ.
Колумб гэхэд орон нутгийн сангаасаа 60 гаруй сургуулийг ивээн тэтгэж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тоогоо ойрын хугацаанд 100-д хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Мөн Мексик, Рико, Бермуд, Аргентин зэрэг улсын сургуулиуд ч мөн хэрэгжүүлж, эхнээсээ үр шимийг нь хүртжээ. Өмнөд Солонгос, Малайз, БНХАУ, Индонез дээрх хөтөлбөрт нэгдэн орсон. Тайланд, Унгар, Шведэд хөтөлбөр хэрэгжиж байгаа бол Африк болон Ойрхи Дорнодод одооноос үндэс сууриа тавиад байна.
Дэлхий даяар тархсан “Бяцхан манлайлагч” хөтөлбөр нь Монгол Улсад хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа. Энэ нь боловсролын салбарт гарсан өнгөрсөн оны томоохон үйл явдлын нэг юм. Тодруулбал, тус хөтөлбөрийг хувийн хэвшлийн болон төрийн оролцоотой гурван сургууль албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, үр дүнг нь үзэж эхлээд байна. Нийслэлийн тэргүүний “Гурван тамир”, улсын тэргүүний “Монгени”, Баянзүрх дүүргийн тэргүүний “Арвис” сургууль “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа өнгөрсөн оны хичээлийн жилээс хэрэгжүүлж буй.
Монгол Улсын гавьяат багш, “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва “Сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөр бол миний мөрөөдөж байсан боловсролын цогц үйл ажиллагаа” хэмээн онцолсон удаатай. Хөтөлбөрийн туйлын зорилго нь сурагчдыг өөрсдийн амьдралаа авч явах, насан туршдаа бусадтай үр дүнтэйгээр ажиллах гэр, сургууль, ажил дээрээ, тоглож байхдаа хүртэл буюу амьдралынхаа ямар ч үед зөв хөрөнгө оруулалт хийх чадвар болон сэтгэлгээг хөгжүүлэх явдал юм.
Хөтөлбөр нь соёл, хүмүүжлийн салшгүй нэг хэсэг болж сургууль болон сурагчдад жилээс жилд эерэг өөрчлөлт, бодит үр дүнг өгдөг байна. Тухайлбал, ур чадвар, өөртөө итгэх итгэлийг сурагчдад бий болгодог аж. Мөн сурагчдын сахилгын зөрчлийг багасгаж, сурлагын амжилтад бодит ахиц гарч, зөв хандлагыг сургадаг онцогтой. Үүнээс гадна багш, эцэг эхийн харилцаа холбоог сайжруулж байдаг давуу талтай юм байна.
“Та, бидний үр хүүхэд зөв хүн болж төлөвших, амьдралын ямар ч хүнд асуудлыг шийдвэрлэх, бэрхшээлийг даван туулах, чадварлаг хүнийг төлөвшүүлэхэд энэхүү хөтөлбөр үр дүнгээ өгнө” гэж Монголыг үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгосон юм.
Монголын боловсролын салбарт дээрх хөтөлбөр нь ахиц дэвшил гаргах шинэ стандарт болж байна. Өөрөөр хэлбэл, боловсролын тогтолцоогоо эргэж харах, сайжруулах, тунгаах цаг болсныг нэг талаар илчлэн харуулж буй хэрэг. Боловсролын тогтолцооны чанараас ирээдүй хамаарна. Тэгэхээр өнөөдрийн орлогын ялгааг арилгах бараг цорын ганц арга нь ерөнхий боловсролын тогтолцооныхоо чанарыг дээшлүүлэх. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвартай, дэлхийн иргэнийг Монголдоо бэлтгэх шаардлагатай болж байгаа нь энэ.
“Монгол Улс хөгжлийн дээд оргил руу тэмүүлж яваа бөгөөд энэ зуунд залуу үеийнхнээс өндөр хариуцлага, ёс суртахуун, өндөр бүтээмж шаардаж байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого хариуцсан шадар туслах Д.Сайнбаяр цохон тэмдэглэсэн. Үүнийг нэг дор багтаасан нь сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөр юм.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх энэхүү хөтөлбөр нь сурагч төвтэй манлайллын соёлыг сургуульд төлөвшүүлэх, улмаар сурагчдад манлайллын болон амьдрах чадвар, арга ухааныг заадаг. Монгол Улсын хувьд сургуулийн шинэчлэлийн олон улсын хөтөлбөрийг хоёрдахь жилдээ хэрэгжүүлж байгааг дээр онцолсон. Та бид сайн боловсрол эзэмших, зөв төлөвшил олж авах, өрсөлдөх чадвартай иргэн байх боломжийг үр хүүхэддээ олгох нь хамгаас чухал байна.