Дэлхийн өнцөг булан бүрт сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөр хэрэгжиж байна. Хүүхэд бүрийг хөгжүүлэх энэхүү хөтөлбөр нь олон улсын түвшинд өндөр үнэлгээ авч, цар хүрээгээ улам тэлсээр байгаа юм. Даян дэлхийг хамарч буй уг хөтөлбөр нь сурагчдыг хамгийн идэвхтэй арга болох өөрийн үнэ цэнийг олоход нь сургадаг онцлогтой. Хамгийн энгийн жишээ гэхэд л тухайн сурагч ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл таслах болон түүнийг сул дорой хэмээн тооцох явдлыг хүртэл эргэн тойронд нь таслан зогсоож, бодит өөрчлөлт өөд хөтөлж байдаг давуу талтай.
Дэлхийн 140 гаруй орон хэрэгжиж буй “Бяцхан манлайлагч” хөтөлбөр нь Монголын боловсролын салбарт хэдийнэ нутагшиж амжсан. Ингэснээр дунд болон урт хугацаанд өндөр бүтээмжтэй монгол хүнийг илүү олноор нь хөдөлмөрийн зах зээл нийлүүлэх тэмүүлэлтэй. Үр дүнд нь иргэдийн амьдралын чанар дээшилж, эдийн засагт эрүүл өсөлт бий болох нь дамжиггүй. Хүний хөгжлөөс улсын хөгжил шалтгаалж байдаг. “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг манай дотоодын хэд хэдэн хувийн болон төрийн өмчийн оролцоотой ерөнхий боловсролын сургууль одоогоор хэрэгжүүлж байгаа бөгөөд өөрсдийн сургалтын арга зүйд дээрх хөтөлбөрийн тэргүүн туршлагыг авч нэвтрүүлсэн байна. “Боловсролын салбарт гарч буй эерэг өөрчлөлт” хэмээн үүнийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа тодотгов.
“Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн сургуулийн хувьд тодорхой ахиц дэвшил гардаг. Энэ нь эхний алхам гэсэн үг. Гол нь сурагчдын сурлагын үзүүлэлтэд эрс өөрчлөлт гарч байгааг Монгол Улсын гавьяат багш, “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва онцоллоо. Тэрбээр “Хөтөлбөр сурагч бүр зөв хүн болж төлөвших, амьдралын ямар ч хүнд асуудлыг шийдвэрлэх, бэрхшээлийг даван туулах, чадварлаг хувь хүнийг төлөвшүүлэхэд чухал эерэг нөлөө үзүүлж байна” хэмээн дүгнэсэн юм. “Бяцхан манлайлагч” нь АНУ-ын “Франклинкови” компаниас боловсролын сайн туршлага дээр тулгуурлан боловсруулсан сургуулийн шинэчлэлийн хөтөлбөр гэдгээрээ ялгардаг.
Дээрх хөтөлбөр нь хүүхэд бүр манлайлагч гэсэн итгэл үнэмшилд тулгуурлан сурагч төвтэй манлайллын соёлыг сургуульд төлөвшүүлэх замаар сурагчдад энэ зууны амьдрах чадвар, соёлыг зааж, сургаж ирсэн. “ФранклинКови” компанийн ахлах зөвлөх Элла Бьорнсдоттир “Хөгжиж буй эдийн засагтай Монгол Улсын хүний хөгжлийн үзүүлэлт ижил түвшний бусад оронтой нь харьцуулахад хамаагүй өндөр байдаг. Энэ нь тухайн орны онцлог, давуу талтай нэг талаар холбоотой байх. Бидний зүгээс хөтөлбөр богино хугацаанд үр дүнгээ өгөх орны нэг гэж онцолж байгаа. Аливаа ажилд өөрийн гэсэн цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ энэ хугацааг товчлох боломж монгол хүнд байна” хэмээн өгүүлсэн удаатай.
Дэлхийн нийтээр хүний боломжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай, өндөр бүтээмжтэй болгоход багагүй цаг хугацаа, хөрөнгө оруулалтыг зарцуулж байна. Хүнээ хөгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг улс орнууд дор бүрнээ гүнзгий ойлгож эхэлснээр энэ бүхэн улам эрчээ авах боллоо. Мэдлэг, мэдээллийн эрин зуун та биднээс илүү ихийг шаардаж байгаа нь энэ. НҮБ-ын Хүний хөгжлийн тайланд “Хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн сонголтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн баялаг бус, хүний амьдралын баялаг хэв маягийг онцлох ойлголт юм” тодорхойлсон байна. Дэлхийн нийт 7.3 тэрбум хүн амын 3.2 тэрбум нь өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж буй. Эдгээр хүмүүсийн хувьд ажлын байр болон эргэн тойрноосоо суралцаж байгаа боловч суралцах хэрэгцээ шаардлага нь огтхон ч ханаагүй гэдгийг зарим судалгаанд онцолсон нь бий. Тэгэхээр хүн насан туршдаа суралцдаг гэсэн үг.
Хүний хөгжил нь хүмүүс илүү ур чадвар эзэмшиж, эзэмшсэн чадвараа ашиглаж илүү боломжтой болох. Ингэснээр хүмүүсийн сонголт нэмэгдэж байдаг үйл явц гэж ойлгож болох юм. Дэлхий нийтээр хүмүүсийн насжилт уртсаж, илүү олон хүүхэд өнөөдөр сургуульд явж байна. Тэдгээр хүүхдүүдийн цөөнгүй хэсэг нь “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийн үр шимийг хүртэж байгаа. Гэвч энэ нь хангалтгүй. Үүнийг нэмэгдүүлэх, илүү олон хүүхдийг ирээдүйд манлайлагч болгох нь даян дэлхийн зорилт болчихоод байна. Энэ нь сорилт бус сонголт юм.