Open iToim app
Зочин | 12 мин уншина

​ТҮМНИЙ НЭГ: АНУ-д машиндаа амьдардаг монгол залуу Б.Батжаргал

​ТҮМНИЙ НЭГ: АНУ-д машиндаа амьдардаг монгол залуу Б.Батжаргал
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 7
Энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа АНУ-д машиндаа амьдардаг монгол залууг урьж ярилцлаа. Түүнийг Б.Батжаргал гэдэг бөгөөд Цахиурын хөндийд нэгэн "Старт ап"-д ажилладаг. Тэрээр машиндаа амьдраад хоёр жил болж байгаа ажээ. 
-Сайн байна уу. АНУ-д хэзээ ирсэн бэ. Таны машиндаа амьдарч байгаа талаар блогоос нь уншаад их сонирхолтой санагдсан. Юуны өмнө хоёулаа хэзээнээс, яагаад машиндаа амьдрах болов гэдгээс яриагаа эхлүүлье?
-Сайн уу. Ярилцлагад урьсанд баярлалаа. Миний хувьд Цахиурын хөндийд "Quartzy" гээд компанид инженерээр ажилладаг. Кофе найруулж, зураг авах хоббитой нэгэн. Анх АНУ-д 2013 оны аравдугаар сарын эхээр ирж байлаа. Саяхан мэт боловч аль хэдийн дөрвөн жил өнгөрчээ. Анх энэ ажилд орохын өмнө компаниасаа цалингаа урьдчилж аваад 1999 оны Volkswagen Eurovan авч түүндээ нүүж орж билээ. 
Анхандаа эргэн тойрнынхноосоо санаа зовох мэдрэмж төрдөг л байлаа, хүн бүхэн энгийн мэтээр хүлээж авахгүй, “Айн” гээд хөмсгөө өргөөд том нүдэлж харна, олон юм асууна. Одоо ч дасчихсан болоод тэр үү, эргэн тойрнынхон ихэнх нь мэддэг болчихсон болоод ч тэр үү гайгүй. Цахим ертөнц, техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн энгийн ажлын хэв маяг их өөрчлөгдөх болсон. Зарим нэг нь энэ бүхнээс салж холдохын хүслэн болж, зарим нэгэнд энэ нь хэвийн амьдралаа өөрчилж өөр зүйлс туршиж үзэх боломжийг олгоно. Үүнтэй уялдаад сүүлийн жилүүдэд машиндаа амьдарч, аялдаг, ердөө ганцхан үүргэвчтэй дэлхийг тойрч ажиллаж, амьдарч, аялдаг хүмүүс нилээд олшрох болсон. Энэ мэтийн нийгмийн тектоник шилжилт, угийн элдэвийн зүйлс хийж оролдох сониуч зандаа хөтлөгдөн машиндаа амьдрах болсон.

-Сониуч зангаас гадна машиндаа амьдрах өөр бас бус шалтгаан байсан байх?
-Тийм. Барууны соёлд “comfort zone”-оосоо гарах гэж том чадвар байдаг. Гэр оронтой тухтай сайхан амьдарч байсан, гэвч өөрийгөө өдөр хоног өнгөрөх бүр улам залхуу болж нэгэн хэвийн амьдрал руу явж байгаагаа мэдэрсэн. Амьдарч байгаа газар байр маш үнэтэй. Ажилтайгаа ойрхон гайгүйхан шиг хажуу өрөөнд оръё гэвэл сарын 1000 доллараас буухгүй. Би гэртээ байнга байгаад байдаггүй, ихэнхи цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг болохоор сар бүр тийм хэмжээний мөнгө унтах оронд зарцуулахыг хүсээгүй. Дээр нь ажлаас зайтай байранд орвол ажил гэр хоёрын хооронд яаж явах уу гээд бодох бодлого улам бүр нэмэгдэнэ. Гэхдээ хамгийн чухал гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, өөртэйгөө өнгөрүүлэх энэ цаг хугацаанд би өөрийгөө илүү таньж мэдэхийг хүссэн, одоо болтол яг амьдралаас юу хүсч байгаагаа сайн мэдэхгүй л явна. Хоёрт, би минималист үзэлтэй. Гуравт, ирээдүйд аль нэг тивээр аялж, ажиллаж, амьдрахыг хүсч байгаа. Ердөө нэг машинд хамаг амьдралаа багтааж тэрхүү аялалдаа өөрийгөө бэлдэж байгаа минь энэ.Нэг машинд амьдралаа багтаана гэдэг олон сайхан боломжуудыг олгоно.

-Хаана усанд ордог юм?
-Хүмүүс ихэвчлэн энэ асуултыг байнга асуудаг.Энэ асуултаас нэг юмыг анзаарсан нь ямар ч байсан хүн бүр цэвэрхэн байхыг юуны түрүүнд тавьдаг мэт санагдсан. Усанд орох их амархан. Бүр гайхмаар нь бараг өдөр болгон усанд ордог, долоо хоногт ганц л өдөр өнжиж магадгүй. Фитнесст явдаг болохоор тэндээ усанд орчихно.
-Хаана бие засах уу?
-Голдуу ажил дээрээ. Хаана хонохоосоо хамаараад хоносон газрынхаа ойр өглөө нь 00 орчихно. Юмыг яаж мэдэхэв гээд машиндаа нэг савтай явдаг. Эхний сар хааяа, хааяа хэрэглэдэг байсан ч одоо бараг хэрэглэхээ больж ээ. Магадгүй бие махбод, хэв маяг таарч зохилдоод тэр болов уу.
-Хоолоо яах уу?
-Хоол бараг хийхээ больсон. Гэхдээ жижиг аяны хийн пилетка, нэг жижиг тогоо бий. Заримдаа амралтын өдрүүдээр шөл хийж ууна. Бусад тохиолдолд гадуур хоолодог. Ажил дээр гал тогоотой учир өглөөний цайгаа тэндээ сайхан тухтай уучихдаг. Өдрийн хоол нэлээд дажгүй хоол гаднаас аваад идчихнэ. Заримдаа үлдэгдлийг нь үдээс хойшдоо гүйцээчихнэ. Орой 6 цагаас хойш бол юм иддэггүй дээ. Ямар ч байсан өлсдөггүй л юм.

-Хэр тухтай байдаг вэ. Ядрахгүй юу?
-Хэтрүүлж байж магадгүй гэхдээ ер нь бол гэрт унтдаг байснаасаа тухтай унтдаг шүү. Зарим их халуун, бөхчим шөнүүдийг эс тооцвол. Ядраад байдаггүй, гэхдээ ганц хоёр удаа бие жаахан тавгүйрхэж зүгээр сайхан “харьж” хэвтмээр санагдсан үе гарч л байсан.

-Машиныхаа зогсоолыг яаж шийддэг вэ. Зогсоолын мөнгө гэж төлөх үү?
-Ажлын газар гаднаа цэцэрлэгтэй болохоор машинаа тэнд байрлуулдаг. Энд цаг агаар их сайхан. Машиндаа амьдардаг хүмүүс олон бий. Заримдаа машинаа фитнессийн гадаа тавьж болно, мөн томоохон их дэлгүүрүүдийн гадна машинаа тавихад үнэгүй байдаг. Калифорни мужид машиндаа унтахыг хориглодог. Харин аз болоход миний амьдарч байгаа энэ дүүрэгт машиндаа унтахыг хориглодоггүй. Ажлын зарим нэг шалтгаанаар өөр дүүрэгт хонож байгаад цагдаагаар цонхоо тогшуулж байсан үе цөөнгүй бий шүү. 

-Хүн бүрийн амьдралын хэв маяг хийж байгаа ажлаасаа шалтгаалаад өөр, өөр байдаг. Тэр тусмаа таны хувьд машиндаа амьдардаг болохоор нэг өдрийн амьдрал их сонирхолтой, адал явдалтай өнгөрдөг байх л даа. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өдөр ихэвчлэн 05.00 цагт эхэлдэг. Өдөрт гаргадаг шийдвэр, сонголтуудаа багасгахын тулд ажлын өдрүүдийг ихэвчлэн нэг хэвийн өнгөрөөнө. Цайгаа уучихаад шууд ажилдаа орно, миний өдрийн хамгийн үр бүтээлтэй цаг. Хийж байгаа зүйлээ дуусгаад ихэвчлэн 08.00 цаг өнгөрөөд фитнесс рүүгээ явна. Хагас цаг бэлтгэлээ хийгээд шүршүүрт орж тухайн өдөртөө өөрийгөө бэлдээд ажил руугаа буцаад явна. Ажил дээр ирээд хоёрдахь өглөөний цайгаа уугаад ажлаа хийж эхэлнэ дээ. Өдрийн цайнаар гаднаас халуун хоол авч идээд, үдээс хойш кофе уух гэж завсарлана. Ихэвчлэн ажлаа 05.00 өнгөрөөж дуусгаад түүнээс хойшхи цагийг өөртөө зарцуулна. Оройныхоо хоолыг идээд ихэвчлэн 09.00 цаг хүртэл компьютерийнхээ ард сууна. Унтахдаа биеэ бэлдэж 10.00 цагийн алдад ерөнхийдөө амарна.
“Амазон”-аас гадна хоёр компаниас ажлын санал авч байсан

-Эндээс эхлээд хоёулаа таны хийж байгаа ажил, мэргэжил болон хувь хүний талаар ярилцъя. Цахиурын хөндийд гарааны бизнесийн чиглэлээр ажилладаг гэсэн. Энэ ажилдаа хэрхэн орсон бэ. Сургуулиа хаана төгсөв?
-Би чинь гадаадад элдэв янзын том сургууль төгсөөгүй ээ. Манай ээж Говь-Алтай аймгийнх. Би зургаан нас хүртлээ хөдөө эмээ, өвөө дээрээ амьдарсан. Аав, ээж хоёр Германд сурдаг байхдаа танилцсан. Би зургаан настай байхдаа Германд очиж байсан. Тэнд есөн нас хүртлээ амьдраад Монголдоо очиж хоёрдугаар сургуулийг сурч төгссөн. Дараа нь ШУТИС-ийн компьютер технологийн ангийг төгссөн. Ажлын хувьд гэх юм бол түрүүнд хэлсэнчлэн Цахиурын хөндийд "Quartzy" гээд компанид инженерээр ажиллаж байгаа. Манайх лабораторийн агуулах удирдлагын систем хөгжүүлдэг ба үүгээрээ дамжуулж хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Би саяхныг хүртэл ерөнхий бүтээгдэхүүний хэрэглэгч талын хөгжүүлэлт хийж байсан. Одоо маркетинг талын техникүүдийг хариуцан ажиллаж байна. 
Товчхондоо анкетаа бөглөөд, ярилцлагад дуудагдаад, тэнцээд орсон доо. Одоо ажиллаж байгаа компанидаа их дуртай. Жирийн нэг хамт олон гэхээсээ илүү миний найз нөхөд, ах дүү, гэрийнхэн шиг хүртэл хааяа санагдах үе бий. 2015 оны зун ажил хайж байгаад энд орохыг сонгосон. Тухайн үед мэргэжлээрээ Амазон, өөр нэг старт ап-д мөн эднийх гээд гурван урилгатай байсан юм. Хүмүүс бол Амазонд орсон нь дээр гэж хэлж байсан. Өмнө нь "Chase" банкинд, бас нэлээд жижиг "старт ап"-д ажиллаад үзчихсэн болохоор дараагийнхаа ажлаас юу хүсч байгаагаа сайн мэдэж байлаа. Хамт олон нь маш их таалагдсан. Би ажилд дээрээ энэ хүмүүстэй амьдралынхаа маш олон цагийг өнгөрөөх тул надад ажлын хамт олон маш чухал байсан. Яг тэр өдөр Монголоос морин хуур, ааруул өгч явуулсан байсан нь машинд явж таарч ажлынхаа хэдэд тэрийгээ сонирхуулж, хажуугаар нь хөөмийлж үзүүлсэн нь хэн хэндээ их өвөрмөц, тод дурсамж болж үлдсэн юм шиг байгаа юм. Манай хэд “Батжааг ажилд авахын тулд ааруул гэж муухай амттай юм идэх л хамгийн хэцүү байсан” гэж шоглох нь их дээ.

-Гурван компаниас тэр дундаа дэлхийд алдартай “Амазон”-аас хүртэл ажлын санал авч байсан юм байна. Та бусдаас юугаараа давуу талтай байсан юм бол. Энэ талаараа бодож үзсэн үү?
-АНУ-д тэр дундаа IT-ийн чиглэлийн компаниуд ажилд шалгаруулж авахдаа энэ хүн ямар мэдлэг, ур чадвартай вэ гэдгээс илүү асуудалд хэрхэн хандаж байна вэ гэдгийг голчлон хардаг. Надаас ч мөн асуудалд хэрхэн хандаж байна гэдгийг харсан байх. Ярилцлагын үеэр мэдэхгүй асуулт ирэх үед мэддэг юм шиг царайлж дүр эсгэх бус үнэнээ хэлээд хэрхэн шийдэх арга замыг ярьж байсан нь давуу тал болсон юм болов уу. Бусдаар бол надад онцгойроод байхаар зүйл байхгүй л дээ.
-Өмнө нь нэг "старт ап"-д ажиллаж байсан гэсэн. Яагаад тэр ажлаасаа гарахаар болсон юм бэ. Ямар нэг зорилго байв уу?
-Үнэнийг хэлэхэд өмнөх ажлаасаа халагдчихсан юм аа. Хамт ажиллаж байсан залуусын хувьд их чадварлаг "Амазон", "Гүүглд" ажиллаж байсан туршлагатай. Миний хувьд туршлагаараа гологдоогүй ч мундаг хүмүүстэй мөр нийлүүлэн ажиллаж байгаадаа өөртөө сэтгэл ханаад, өөрийгөө чаддаг гээд бодоод эхэлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн тэр бодлоос үүдэлтэй ажлын бүтээмж муудаж эхэлсэн гэх үү дээ. Тэгээд л ажлаасаа халагдчихсан. Энд бол ажлаас халагдах их амархан. Цайны цагаар дуудаж гаргаж ирээд л "уучлаарай, баяртай" гэнэ шүү дээ. Анхандаа бол "Хэн гэдгээ харуулна даа" гээд их бардам байсан. Тэгсэн сар турш ажил хайгаад олдоогүй. Бардам занч шалдаа бууж, АНУ-ын зүүн эрэг рүү явж ажил хайдаг юм бил үү гэж бодож эхэлсэн. Баруун эрэгт IT-ийн талдаа нэлээд шаардлага өндөртэй, тэр хэрээрээ шилдгүүд ажилладаг. Тэгээд найздаа энэ талаар хэлтэл, манай найз "Чи чадна битгий мятар, бууж өг, би чамд итгэж байна” гэж хэлсэн. Тэгээд хоёр долоо хоног ажил хайгаад түрүүнд хэлсэн гурван компаниас ажлын санал авсан даа. Эндээс би юу ухаарсан бэ гэхээр хүнд, хэцүү үед хэн нэгэнд урам хайрласан, хүч болсон үг хэлж байх маш хэрэгтэй юм байна гэж бодсон. Мөн найз нөхөд хүний амьдралд ямар чухал үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаарсан. Найз нөхөд, тэр дундаа намайг дэмждэг, хурцалдаг мэргэжлийн найз нөхөд байх нь маш чухал юм билээ. Энэ үйл явдал миний хувьд амьдралдаа авч байсан хамгийн том сургамж, бүтэлгүйтэл болсон доо.
-ШУТИС төгсөөд шууд АНУ-д ажиллахаар ирсэн юм байна. Англи хэлийг хаана сурсан бэ?
-Германд гурван жил байхдаа герман хэл сурсан байсан. Англи хэлийг бол Монголдоо сурсан. Магадгүй Герман хэлтэй байсан болохоор сурахад дөхөм байсан байх. Оюутан байхдаа зуны амралтаар хөтөч хийдэг байлаа.

-Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?
-Миний үлгэр дууриал авдаг хүн бол манай аав. Аавынхаа олон зан чанарыг дуурайх дуртай. Манай аав их даруу, нам төлөвтэй, ухаантай хүн бий. Хааяа, хааяа ухаарал өгөхөөр их сүрхий үг хэлнэ. Их сургууль төгссөн жил байх аа. Манай аав "Хүүгээрээ үнэхээр бахархаж байна. Бас аав нэг зүйлд их харамсаж явдаг" гэж хэлсэн. Манайх чинь тийм ч баян чинээлэг айл биш байсан. Жирийн л нэг өрөө байранд амьдардаг. Тийм болохоор тус, тусдаа өрөөгүй. Эгчтэйгээ хамт нэг жижиг өрөөнд амьдардаг байсан. Гэтэл аав түүнд сэтгэл нь их өвддөг байсан юм билээ. Тэгээд надад "Аав нь хүүгээ өөрийн гэсэн өрөө, орчинтой өсгөж чадаагүйд их харамсаж явдаг" гэж хэлсэн. Тэрийг сонсоод шууд л уйлчихсан шүү. Энэ мэтээр аавынхаа хайрыг мэдэрч, ямар агуу хүн бэ гэдгийг ухаарах үе олон гардаг. Үүнээс гадна аавдаа зодуулж, загнуулж байсан үе ч олон бий.
Хоёрт, миний үлгэр дууриал авдаг байсан нэг хүн бол IT-ийн чиглэлийн компанитай Цогтгэрэл гээд ах бий. Оюутан байхдаа тэнд дадлага хийдэг байсан юм. Мэргэжил талаасаа ч тэр хувь хүн талаасаа ч тэр маш олон зүйлийг сурсан. Тухайн үед манай гэрийнхэн, найзууд "Ямар ч үнэ хөлс авахгүй байж өдөр, шөнөгүй тэнд байх" юм гээд л тэнд ажиллахаар их дургүй байдаг байсан. Цогтгэрэл ахын амнаас гарч байгаа үг бүрийг сонсдог, тэр хүнийг дуурайхыг хүсдэг байлаа.
-Хүний нутаг, гүний хошуунд аав, ээж нутаг орноо санагалзах үе олон л гардаг байх?
-Аав, ээж, нутаг орноо өдөр бүр санаад байхгүй л дээ. Хааяа даа сэтгэлийн утас хөндсөн зарим нэг дурсамжууд бодогдохоор хүчтэй санана. Тэгээд л доголон нулимсаа арчаад "удахгүй очих юм чинь" гээд л өнгөрдөг дөө.
-Ер нь цаашдаа машиндаа амьдарсаар л байх уу. Таны 5 жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ. Алсын хараа гэх юм уу. Монголдоо хэзээ очих вэ?
-Энэ зун ажлын виз хэрхэхээс шалгаална даа. Виз сунгагдах юм бол гурван жил АНУ-д одоо ажиллаж байгаа компанидаа ажиллах бодолтой байгаа. Виз сунгахгүй бол энэ зун Монголдоо очно. Монголдоо очоод хийхийг хүссэн, төлөвлөсөн зүйлүүд их бий. Ямартай ч эхний ээлжид гадаадаас мөнгөний урсгал оруулж ирсэн бүтээгдэхүүн хийхийг зорьж ажиллана даа. Ойрын таван жилдээ гэх юм бол түрүүнд хэлсэн аялалаа заавал хийнэ дээ.
-Яагаад аялахаар болсон юм бэ. Ямар нэг зорилго байгаа байх?
-Ямар хэлээр хэнтэй ярьж байгаагаас шалтгаалаад аливаа зүйлийг харах өнцөг, бодол тэлж өөрчлөгдөж байдаг. "Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз" гэж үг байдаг даа. Мөнгө боломж, залуу нас байгаа дээр нь шинэ хүмүүс, шинэ орчинтой танилцаж өөртөө дурсамж хуримтлуулахыг хүсдэг.
Цаг хэмнэж чаддаг нь миний бусдаас ялгарах хамгийн том давуу тал

-Таны хувьд Монголын хөрснөөс ургаж гараад мөрөөдөл, зорилгодоо хүрч яваа залуусын томоохон төлөөлөл. Залуустаа хандаад амьдралынхаа туршлагаас зөвлөгөө өгөхгүй юу?
-Долоо хоногийн өмнө машины цонх хагалаад миний цүнхийг аваад явчихсан байсан. Нотебүүк, камер гээд хэрэгтэй зүйлүүд байсан болохоор хэсэгтээ стресстсэн шүү. Өөрийгөө ч буруутгаж үзлээ, бусдыг ч буруутгаж үзлээ. Тэгсэн манай нэг найз "Миний хөгшинд буруу байгаа биш. Сэтгэлээр унаад яах вэ. Хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээд хийхгүй юу" гэж хэлсэн. Тэрийг сонсоод "ядахдаа би буруугүй шүү дээ" гээд тайвширсан. Эндээс юу хэлэхийг хүссэн бэ гэхээр найз нөхдийн урмын үг их чухал юм байна даа гээд дахиад бодсон. Түрүүнд би бас хэлсэн дээ. Тэр утгаараа биедээ урам, дэм болсон үг хэлж байх нь маш чухал, тийм найз нөхөдтэй байна гэдэг хүний амьдралд бүр илүү чухал юм байна гэж ухаарсан. Залуустаа өөрийгөө дэмждэг, зоригжуулдаг, хурцалдаг сайн найзтай байгаарай гэж зөвлөмөөр байна.
Хоёрт, манай монгол залуус боловсролын систем, сурч байгаа сургуульдаа сэтгэл дундуур байдаг юм шиг санагддаг. Мэргэжлийн суурийг багш нар тавьж өгч, өөрөө харин үргэлжлүүлэн сурах ёстой шүү дээ. Өөрсдөө хичээх ёстой гэсэн үг. Би гурван компаниас ажлын санал авчихаад их сургуулийн багш нар руугаа "баярлалаа" гээд мэйл бичсэн. Тэр хүмүүсийн зааж өгсөн сууриар л энэ амжилтад хүрсэн болохоор тэр шүү дээ. Бидний төлөө цаг, нойроо хугаслан байж материал бэлддэг мундаг багш олон бий. Багш нар болон сургуулиа голох биш харин өөрсдөө хичээгээрэй гэж хэлмээр байна.
Гуравт, аливаа зүйлд тууштай байна гэдэг амжилтын гол үндэс юм шиг. Үүнийг биеэрээ, амьдралаараа мэдрээд явж байна. Залуус маань зорьсон зорилго, мөрөөдөлдөө тууштай байгаасай гэж хүсэж байна.
Дөрөвт, долоон тэрбум хүн дэлхий дээр амьдарч байна. Тэр хүмүүсээс ялгарах миний давуу тал юу вэ гэдгээ сайн бодож байгаасай. Миний хувьд цаг хэмнэх дуртай. Энэ нь нэг талаараа миний бусдаас ялгарах давуу тал. Тухайлбал, би өглөөний цагаа хэмнэхийн тулд ажлаа хийнгээ цайгаа уудаг. Өглөөний цай уухад цаг зарахгүй, их амархан. Бүх төрлийн хэрэгцээтэй амин дэмийг шингээсэн уух зориулалттай бэлдмэл ашигладаг. Мөн би ажлаа хийхдээ "enter" товчоо ашиглахдаа дандаа "mouse"-аар дардаг. Яагаад гэхээр, "keyboard" дээр гар очих замд хугацаа алдаж байдаг учраас тэр. Энэ мэтчилэн төрөл бүрийн аргаар цагаа хэмнэдэг. Энэ нь миний хувьд бусдаас ялгарах давуу тал, амжилтад хүрэхэд нөлөөлдөг чухал зүйлийн маань нэг байдаг.
-Олон хүнд, тэр дундаа залууст урам зориг өгсөн амьдралын хэв маяг, туршлагуудаасаа хуваалцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн