Open iToim app
Өнгөрч буй долоо хоногт Монгол Улс болон дэлхий дахинд үйл явдлаар дүүрэн өнгөрлөө.
Улс төрийн хүрээнд С.Баяр Английн элчингээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байв. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд оролцсон учир Элчин сайдаас эгүүлэн татахыг зөвшилцөхөөр УИХ-ын Тамгын газарт албан бичиг хүргүүлээд байсан ч С.Баяр өөрийнх хүсэлтээр элчингээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.
Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болохыг тогтоосон нь олны анхаарлыг татсан оффшорчдыг илрүүлсэн чухал үйл явдлуудын нэг байлаа. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын 30 хоног дээрээ анхны ярилцлага өгсөн зэрэг үйл явдлаар дүүрэн долоо хоног байлаа.
Ингээд монгол охин дэлхийн нэр хүндтэй шагнал хүртсэн, Монгол Улс аялал жуулчлалаараа тэргүүлж буй 10 улсын нэгэнд шалгарсан, Улаанбаатар хотын түгжрэлийг шийдсэн, удтал хүлээлгэсэн Түлэнхийн төвийн барилга удахгүй ашиглалтад орно гэх онцлох мэдээлэл олонтой долоо хоногийн тоймыг хүргэж байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэрэгт Улсын Ерөнхий прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгасан байна.

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны 7-р сарын 19-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн.
Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэллээ. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ.

Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. Хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.
Нийслэлийн гол замд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласнаар,
  1. Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1400-1600 машин/цагт явна. Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ. Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
  2. Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна.

Түлэнхийн төвийн хуучин барилгын ашиглалтын хугацаа 2006 онд дуусч, мэргэжлийн хяналтын газраас акталсан. Түүнээс хойш гурван засгийн газрын нүүр үзэж буй Түлэнхийн төвийн барилгын ажлыг эхлүүлжээ .
Одоогоор шинэ барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Тус барилга хоёр корпусаас бүтэх зураг төсөлтэй. Зураг төслийн дагуу 5 давхар "А" блокийг "Цаст констракшн" ХХК барьж байгаа бөгөөд барилгын явц 80 хувьтай явж байгаа ажээ. Харин 7 давхар "В" блокийг "Нутгийн зам" ХХК гүйцэтгэж байгаа ажээ.
Шинэ барилгын талаар "Цаст констракшн" ХХК-ны халаалт, агаар сэлгэлтийн инженер Сандагдоржоос тодруулахад “Барилгын ерөнхий ажил 80 хувьтай явж байна. Таван давхар дууссан. Одоо дөрвөн давхар руу орж байна. Гадна өрлөгийн ажлын хувьд 60 хувьтай байна. Санхүүжилт шийдэгдэхгүй байсаар бид ажлаа саяхан эхэлсэн. Уг нь санхүүжилт эрт шийдэгдсэн бол энэ жилдээ багтаад барилгыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан. Барилгын улирал дуусч байхад ажлаа эхлүүлсэн болохоор ирэх оны зургадугаар сар гэхэд барилгаа хүлээлгэж өгнө” гэлээ.

“Asia Society” байгууллагаас Ази болон дэлхий дахины ирээдүйд өөрчлөлт авчирсан хүмүүст олгодог “Asia Game Changer Awards” шагналыг энэ жил хүртэх хүний нэгээр Монгол Улсын иргэн, бүргэдчин охин нэрээр алдаршсан Айшолпан Нургайв тодорчээ.
“Asia Society” байгууллага өөрийн хамтын байгууллага “Citi Asia Pacific”-тай хамтран, шагнал гардуулах хүмүүсийнхээ нэрсийг өчигдөр албан ёсоор зарласан бөгөөд Айшолпан Нургайвыг шагналын эзнээр тодорхойлохдоо, “бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн нэгэн” гэсэн байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө олгож эхэлсэн энэхүү шагналыг энэ жил ийнхүү уламжлууллаа.
Энэ жилийн шагналыг Айшолпан Нургайваас гадна буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, ашгийн бус боловсролын байгууллага “Sesame Workshop” тус тус хүртэхээр болсныг зарлажээ.
"Асар их сорилтууд бүхий энэ ертөнцөд мөрөөдөгч, удирдагчдыг алдаршуулан, хүндэтгэх нь хамгийн чухал зүйл юм. Учир нь тэд илүү сайн дэлхий ертөнцийг бүтээхэд бидэнд сүнслэг нөлөөг үзүүлдэг юм” хэмээн “Asia Society”-ын Ерөнхийлөгч Хосетте Шеерар өгүүлжээ.
Харин “Citi Asia Pacific”-ын Гүйцэтгэх захирал Франциско Аристегуанета “Энэхүү шагнал нь өөрчлөлтийг авчрагчдын урам зориг, бүтээлч сэтгэлгээ нь олон нийтэд эерэг байдлаар нөлөө үзүүлж, урамшуулсных нь төлөө олгож байгаа шагнал юм” гэжээ.
“Asia Game Changer Awards” шагналыг арваннэгдүгээр сарын 1-нд Нью-Йорк хотноо гардуулахаар товложээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн