Өнгөрч буй долоо хоног дотоод үйл амьдралаар дүүрэн өнгөрлөө. Гүтгэлгийг зөрчилд тооцуулахгүй хэмээн хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэж, мэдэх эрхийнхээ төлөө тэмцсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явлуудын нэг байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 2-20 сая төгрөгөөр торгох байсан хуулийн заалтыг 10-100 сая болгох санал гаргаж Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгуулсан юм. Түүний гаргасан энэхүү санал нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, эрх баригчид олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн эрч чөлөөг боомилох гэсэн үйлдэл боллоо хэмээн хэвлэлийнхэн эсэргүүцсний улмаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гаргасан саналаа татах шийдвэр гаргахада хүргэсэн юм. Ингэснээр Зөрчлийн хуулийн гүтгэх зөрчлийн торгууль өмнөхөөрөө хувь хүнд хоёр сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгөөрөө хэвээр үлдэхээр болсон юм.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажлын өрөөгөө Төрийн ордон бус Сүхбаатарын талбайд шилжүүлж, тэндээ гэр барьж ажиллах хүсэлтийг Улаанбаатар хотын захирагч С.Батболдод гаргасан, 29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн, даргадаа дэглүүлдэг байсан байлдагчийн захидал ил болсон зэрэг үйл явдлуудаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Харин долоо хоногийн амралтын өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал агуулгын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болсон нь өнгөрсөн долоо хоногийн чухал үйл явдал байлаа.
Ингээд өнгөрч буй долоо хоногт /2017-04-24-2017-04-30/ болсон онцлох үйл явдлыг iToim агентлаг тоймлон хүргэж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлдэг билээ. ТОП 100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой ХХК, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, НИК компаниуд тэргүүллээ.
“ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний салбар 21, уул уурхай 13, хүнсний үйлдвэрлэл 13, банк санхүү 8, харилцаа холбоо 7, Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 9, газрын тосны хангамж 12, барилга 5, хөнгөн үйлдвэр 3, хөрөнгө оруулалт менежмент 3, тээвэр ложистик 2, хүнд үйлдвэр 2, хөдөө аж ахуйн салбар 1 хувийг тус тус эзэлж байна. ТОП аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгосон байна.
Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл өчигдөр /2017.04.27/ хуралдаж Монгол Улсын ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх 25 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон“Хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж хүртээмжийг сайжруулах нь хүмүүст сайн ажил олох, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь туслах нэг чухал алхам юм. Дэлхийн Банк энэхүү төслөөр дамжуулан, Монголын Засгийн газраас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэчлэн хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, олдоцыг сайжруулах замаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй хязгаарлалтуудыг шийдвэрлэхэд туслах юм” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт Төрийн ордон дахь өрөөгөө суллаж өглөө. Тэрээр, “Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтрахгүй бол нам, улс төрийн бүлэглэлүүд ажил хийлгэхгүй байна. Цаашдаа ямар дарамт шахалт орж ирэхийг мэдэхгүй байна” хэмээн УИХ-ын даргын үүдэнд, улаан буйдантай корридорт суусан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох сенсаци байлаа. Түүнчлэн тэрээр ажлын өрөөгөө Төрийн ордон бус Сүхбаатарын талбайд шилжүүлж, тэнд гэр барьж ажиллах хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод гаргаад байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр дохионы хэлний багш Сарантуяаг томилохоор болсон гэдгийг Нийслэлийн Засгийн даргын орлогч Ш.Анхмаа мэдэгдлээ. Засаг дарга С.Батболд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас нийслэлийн 29 дүгээр сургуульд ажилласан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тус сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр тус сургуулийн нийт багш нарын 47.6 хувь нь мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах ур чадвар хангалтгүй гэж гарчээ.
Монголбанкнаас валют арилжааны цахим талбар ашиглалтад оруулсан талаар мэдээлэл хийлээ. Өмнө нь иргэд аж ахуй нэгжүүд банкуудын самбарын ханшаас валютын мэдээллээ авч, мөн их хэмжээний валют худалдах, худалдан авах арилжаа тухайн ханшаас өөр дүнтэй хийгддэг байсан тул ихээхэн дүнтэй арилжаа ямар ханшаар хийгдэх нь тодорхой бус байжээ. Харин энэхүү цахим талбарыг ашигласнаар 100.000 ам.доллараас өндөр дүнтэй валютын арилжаа ямар ханшаар хийгдэж буй нь тухай бүртээ харагдах тул зах дээр валютын ханш бодитой тогтож, зах зээл илүү үр ашигтай ажиллах нөхцөл бүрдлээ.