Open iToim app
Анализ | 4 мин уншина

Тойм: ​Дүнжингаравыг эсэргүүцэж, "Март"-аар амьсгалсан долоо хоног

Тойм: ​Дүнжингаравыг эсэргүүцэж, "Март"-аар амьсгалсан долоо хоног
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 12
Өнгөрч буй долоо хоногт Монгол Улс болон дэлхий дахинд үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Өнгөрсөн баасан гаригт БНСУ-ын Үндсэн хуулийн цэц хоёрдахь удаагаа Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, эсэх асуудлаар хуралдаж, Пак Гын Хег огцруулахаар шийдвэрлэлээ. Энэ нь тус улсын түүхэнд Ерөнхийлөгчийг түлхэн унагаахаар болсон анхны тохиолдол нь болж, ард түмэн бол хамгийн том захиргаа юм гэдгийг дэлхий нийтэд батлан харуулсан үйл явдал байлаа.
Харин Монголд, Засгийн газрын тогтоолоор товлосон Дүнжингарав-2017 хурдан морьдын уралдааныг шүүхээс түдгэлзүүлсэн боловч Монголын Морин спорт уяачдын холбоо үл тоон, уралдааныг хийж олон нийтийн шүүмжлэл дагуулсан нь яах аргагүй онцлох үйл явдлын нэг байв.
Түүнчлэн БЗД-ийн засаг даргыг томилсон захирамжийг түдгэлзүүлж, АН-ын гишүүд намын даргадаа шаардлага хүргүүлсэн, эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулж, баяраа тэмдэглэсэн зэрэг үйл явдал дүүрэн долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар БНСУ-ын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сарын 28-наас эхлэн хаалттай хуралдаж, өнөөдөр эцсийн шийдийг өргөн барилаа. Хаалттай шүүх хурлаар Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан байна гэж дүгнэн, түүнийг огцруулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр БНСУ 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль явуулах ёстой болж байна.
"Дотнын хүнээ төрийн хэрэгт оролцуулсан" хэргийн мөрдөн байцаалтыг хариуцсан БНСУ-ын тусгай прокурорын хэсэг өнгөрсөн сарын 28-нд мөрдөн байцаалтын үйл ажиллагаагаа дуусгаж, Ерөнхийлөгч Пак Гын Хэг авлигад холбогдсон сэжигтнээр үзсэн юм. Тусгай прокурорын хэсгийнхэн Пак Гын Хэ болон "Дотнын хүнээ төрийн хэрэгт оролцуулсан" хэргийн гол хэрэгтэн Чой Сун Силыг хамтаар хээл хахуулийн хуйвалдаан хийсэн, үүнийхээ хариуд компани, бизнес нэгжийг харгалзан дэмжиж байсан гэж үзжээ.
Мөрдөн байцаалтын сүүлчийн өдөр тусгай прокурорын хэсэг уг хэрэгт холбоотой 17 сэжигтэнд зарга мэдүүлэхээр шийджээ. Эдгээр хүмүүсийн дотор Чой Сун Сил, Самсунг электрониксийн дэд захирал Ли Жае Ён, түүнчлэн Хөх ордны бодлого зохицуулагч ахлах нарийн бичгийн дарга асан Ан Чонг Бум нар байгаа юм. Мөрдөн байцаагчийн Самсунг электрониксийн дэд захирал Ли Жае Ён хээл хахууль өгсөн, Онцгой эдийн засгийн гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн, парламентын сонсгол хуралд хуурамч гэрчилгээ өгсөн зэрэг гэмт хэрэгт сэжиглэгдэж байна. Чой Сун Силийн хувьд авлига авсан, охиноо дэмжин хууль бусаар эмэгтэйчүүдийн сургуульд оруулсан зэрэг хэрэгт холбогдож байгаа бөгөөд тусгай прокурорын хэсэг Чой Сун Силийн хууль бусаар олсон хөрөнгийг хураан авахаар ажиллаж байгаа аж.

Засгийн газрын тогтоолоор товлосон Дүнжингарав-2017 хурдан морьдын уралдааныг шүүхээс түдгэлзүүлсэн боловч Монголын Морин спорт уяачдын холбоо үл тоон, өнгөрсөн ням гаригтуралдааныг хийлээ. Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болсон уралдааны эрлийз дэд насны уралдаанд Х.Цогтсайханы сартай хээр түрүүллээ.Хаврын тэргүүн сарын шинийн 7-ны билигт сайн өдөр “Дүнжингарав-2017” хаврын Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан юм. Гэхдээ энэхүү захирамж гарсны дараагаар БЗД дээр эмх замбараагүй байдал үүсч, Нийслэлийн Засаг даргын захирамж шуугиан тарив. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсонтой холбоотойгоор АН-ынхан пүрэв гаригийн оройноос эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт суулт зарлаж байна. Тэд хууль зөрчиж дүүргийн Засаг даргыг батламжилсан, ИТХ-ын зургаан хүний асуудалд шүүхийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн Засаг даргыг томилсоныг эсэргүүцсэн юм. Тиймээс уг шийдвэрийнхээ талаар болон шүүхийн шийдвэрийн талаар хотын захирагч С.Батболд хэвлэлийн хурал хийж, "Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна” гэсэн шийдвэрийг надад өглөө. Шүүх шийдвэрээ гаргасан учраас миний гаргасан захирамжийн үйлчлэл түдгэлзэж байна. Би шийдвэрээ хууль зүйн үндэстэй гаргасан. Өөрийн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхийн өмнө нотолж, тайлбарлах болно. Гэхдээ би Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Нийслэлийн Засаг даргын хувьд хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улс төржсөн шийдвэр гаргаагүй гэдгээ хэлье“ гэв.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнгөрсөн лхагва гаригт Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд оролцож, сайхан ээжүүдэд батламж гардууллаа. 

АН-ын хэсэг гишүүд намын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Тэд намын даргын ирэх сард явагдах Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулахтай холбоотой гаргасан тогтоол нь АН-ын Үндсэн дүрмийг зөрчиж байна гэж үзэж байгаа аж. Гишүүдийн шаардлагыг хүлээн авахгүй бол Ардчилсан намын гишүүд хууль бус сонгуулийн эсрэг гишүүдийнхээ өргөн оролцоо дэмжлэгтэйгээрр Үндсэн дүрмээ мөрдүүлэх, намаа нээлттэй, тэгш оролцоотой, хууль, шударга ёсыг дээдлэгч, мөнгөний бус, бодлогын нам болгон шинэчлэхийн төлөө дараа дараагийн алхмуудыг тууштай хийх болно гэдгээ мэдэгджээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн