Өнөөдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэж байгаа. Үүний нэг нь автомашины онцгой албан татвар бөгөөд өнөөдрөөс эхлэн гаалиар орж ирж байгаа 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус нэмэгдэнэ. Харин тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлж, эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдуулах юм. Иймд онцгой албан татвартай холбоотой асуудлаар Гаалийн ерөнхий газрын Татварын орлогын газрын гаалийн байцаагч Э. Лхагвасүрэнгээс зарим зүйл тодрууллаа.
-Өнөөдрөөс авто машины татварын хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжихээс өмнө татварын бүрдүүлэлт хийж чадаагүй үлдсэн машин гааль дээр бий юу?
-Татварт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд өнгөрсөн амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж гааль дээр байсан 1147 машины татварын бүрдүүлэлтийг хийж дуусгалаа. Өчигдөр гэхэд 980 машиныг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө оруулж ирсэн.
-Машин импортлогчид хууль батлагдахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 14–нөөс өмнө худалдан авч, ачуулсан машины татварыг хуучнаар нь тооцож өгөөч гэсэн санал гаргаад байгаа. Хууль батлагдана гэдгийг мэдэлгүйгээр авчихсан приус машин гэхэд 2500 орчим бий гэсэн тоо бий. Үүнийг шийдэж өгөх боломжтой юу?
-Өнөөдрөөс эхлэн хууль хэрэгжиж байгаа учраас хуулинд хэрхэн тусгасан тэр зохицуулалтаар бид ажиллаж байна. Хуулиндаа өмнө нь авсан байсан машинаас хуучин татвар авна гэсэн заалт байхгүй. Өнөөдрөөс эхлэн хилээр оруулж ирж байгаа машинд татварын шинэ хууль үйлчилнэ. Хууль батлагдсанаас хойш хэрэгжих хүртэлх хугацаанд машинаа оруулж ирж амжаагүй бол өөр ямар ч арга байхгүй.
-Машинаа хууль батлагдахаас өмнө худалдан авсан ч гэсэн машинаа оруулж ирэх гэсээр байтал дор хаяж 45 хоног болдог юм байна. Татварын ерөнхий газарт энэ зохицуулалтыг хийж өгөөч гэсэн хүсэлт гаргавал, шийдвэрлэх боломжтой юу?
-Гаалийн тухай хуульд гаалийн болон бусад татвар, хураамжийг тооцохдоо гаалийн бүрдүүлэлт хийх үед мөрдөж буй вальютын ханш, тарифыг мөрддөг зохицуулалттай байдаг. Иймд тухайн барааг гаалийн байгууллагад хэзээ мэдүүлж, бүрдүүлэлт хийнэ тэр өдрийн татварын хувь хэмжээгээр татвар тооцогдно гэсэн үг.
-Гаалиар орж ирсэн машины татварыг тухайн үеийн валютын ханшаар тооцдог гэсэн. Хуулиндаа бол монгол мөнгөөр тооцох заалттай. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Онцгой албан татварын тухай хуулиар суудлын автомашины онцгой албан татварыг өмнө үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ам.доллараар тооцон ногдуулдаг байсан бол 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс хойш төгрөгөөр ногдуулдаг болсон. Одоо өөрчлөлт орсон татварын хувьд мөн төгрөгөөр тооцогдож байгаа.