Судалгаа шинжилгээний үр дүн нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, гадаад дотоодын физикийн шинжлэх ухааны хэвлэлүүдэд 180 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Физик лабораторийн эрхлэгч, академич, ШУ-ны доктор Р.Тогоотой судалгаа шинжилгээнийх нь ажлын талаар ярилцлаа.
-Дэлхийн томоохон эрдэмтэдтэй хамтран орчлон ертөнцийн үүсэл, хөгжлийн талаар судалгаа хийж байгаа гэсэн. Энэ судалгааны тань талаар яриагаа эхлүүлье?
-Орчлон ертөнц хэрхэн үүссэн талаар дэлхийн томоохон эрдэмтэдтэй сүүлийн арав гаруй жил хамтран судалгаа хийж байна . Өөрөөр хэлбэл, 13.7 тэрбум жилийн өмнө үүссэн орчлон ертөнц яг ямар процессоор үүсч бий болов гэдгийг Герман, Хятадын эрдэмтэдтэй хамтран олон улсын цөмийн лабораториудад судалгаа хийж байгаа. Энэхүү судалгааг дэлхий нийтээр 1950-иад оны үеэс судалж эхэлсэн бөгөөд бага багаар шинэ ололт амжилтад хүрсээр яваа. Орчлон ертөнц гэдэгт хүн төрөлхтөн, био мандал, газар дэлхий, амьтан ургамал гээд бүгд багтаж байгаа бөгөөд энэ бүхэн 13.7 тэрбум жилийн өмнө асар том, нягт ихтэй хайлсан галан бөмбөлөг байсан гэж үздэг. Тэр галан бөмбөлгүүд маш олон эгэл бөөмсөөс тогтдог. Тэдгээр эгэл бөөмсийн мөргөлдөөн дунд их тэсрэлт бий болж орчлон ертөнц үүссэн гэж үзээд түүнийгээ бодис болон энергийн төвшинд судалж байна. -Эгэл бөөмсөөс бүрдсэн галан бөмбөлгүүд мөргөлдөж их тэсрэлт бий болсон. Түүнээс орчлон ертөнц үүссэн гэж үзээд бодис болон энергийн төвшинд судалж байгаа гэлээ. Одоогоор судалгаагаар ямар үр дүнд хүрээд байна?
-Туршилтаа эгэл бөөмс болох атомын цөмийг хурдасгаж хөдөлгөөнд оруулан хооронд нь мөргөлдүүлээд, тухайн үед ямар зүйл болсон гэдгийг судалдаг. Одоогийн байдлаар эхний ээлжид бидний эргэн тойронд байгаа бүх материудыг эгэл бөөмс бүрдүүлж байдаг бөгөөд тэр эгэл бөөмсүүд ямар нэг жижиг эгэл биесээс буюу кваркуудаас тогтдог. Гурвалсан кваркын харилцан үйлчлэлийн үед орчлон ертөнц үүссэн байх магадлалтай гэж үзээд тухайн үед яг ямар процесс бий болсныг туршин судалж байна. -Олон улсын хамтын судалгаанд таны зүгээс яг ямар обьект дээр нь ажилласан бэ. Танаас гадна монголоос өөр эрдэмтэд судалгаанд оролцдог уу?
-Судалгаанд надаас гадна хоёр монгол эрдэмтэн хамтран оролцдог. Ерөнхийдөө олон улсын томоохон эрдэмтдийн хамтарсан судалгаа болохоор судалгааны объектуудаа хуваарилж аваад тус бүрдээ судалж гарсан үр дүнгээ нэгтгэж эцсийн үр дүнгээ хэлэлцдэг. Энэ судалгаанд манай хүрээлэнгийн М.Баатар эрдэмтэн бид хоёр протоныг маш өндөр энергитэйгээр гаргаж авсан . Энэ нь судалгааны үр дүнд томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дэлхийд байхгүй өндөр нарийвчлалтай өгөгдөл болж чадсан. -Гадаад, дотоодын физикийн шинжлэх ухааны хэвлэлүүдэд таны 180-аад эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл нийтлэгдэж, түүнээс нь 1125 удаа ишлэл хийгдсэн гэж байсан. Энэ судалгаанаас гадна таны бие даан амжилттай хийсэн өөр ямар судалгаа байдаг вэ?
-ОХУ-ын Думнай хотын ЦШНИ-д ажиллаж байхдаа “10 гевийн протон нүүрстөрөгчийн цөмийн кумулятив харилцан үйлчлэлийн судалгаа”, мөн Релятив цөмийн мөргөлдөөн дэх кластерчлах процесс” сэдвүүдээр ШУ-ын докторын зэрэг хамгаалж байсан. Энэ үедээ хоёрдогч бөөмсийн үүсгэвэр адроны кластер илрүүлэх аргыг боловсруулан, хоёрдогч адронуудын кластречлах зүйл тогтлыг анхдагч энерги болон бөмбөгдөгч, бай цөмийн атомын төрлөөс хамаарах хамаарлыг системчлэн судалж, адронуудын бүлээр үүсэх физикийн шинжлэх ухааны тулгуур асуудлуудыг шийдвэрлэх, чухал ач холбогдолтой туршлагын тулгуур судалгааг хийж, орчин үеийн эгэл бөөмс, релятив цөмийн бие даасан шинэ чиглэлийг гаргасан. Тухайлбал, хоёрдогч бөөмсийн ихэнх хэсэг нь кластераар дамжин үүсдэг, хэрвээ тухайн харилцан үйлчлэлээр кумулятив адронууд болон саармаг гаж каон үүссэн тохиолдолд тэдгээрийг агуулсан кластерууд нь түүнтэй нэгэн зэрэг үүссэн кластеруудыг бодвол их энерги шингээснийг туршилтаар тогтоосон. Энэ судалгаа маань дэлхийн физикийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, чухал ач холбогдол бүхий судалгаа байсан гэж хэлэхэд болно.
-Та Монголын физикийн шинжлэх ухааны салбарын хөгжил ямар төвшинд байна гэж үздэг вэ?
-Физикийн шинжлэх ухааны салбарт 23 ажиллаж байна. Судалгаа шинжилгээний ажил гэдэг хувь хүнээс маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг. Манай салбарт нэг үеэ бодвол ололт амжилттай зүйлүүд зөндөө бий болж, монгол эрдэмтдийн хийсэн судалгаа дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, хувь нэмрээ оруулж байна. Харин физикийн чиглэлээр суралцаж, энэ мэргэжлийг эзэмшиж байгаа залуу үе ховор боллоо. Энэ салбарыг цаашид авч явах залуу үе бидэнд хэрэгтэй. Ер нь шинжлэх ухааны салбар хөгжихгүйгээр улс орон хөгжинө гэдэг өрөөсгөл ойлголт. Тиймээс улс орноос шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдийг түлхүү бэлдэх, тэдэнд зориулсан бодлого чиглэлийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Монголдоо төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа монгол эрдэмтдээ төр засгаас хэр дэмжиж байна вэ?
-Яахав сүүлийн хэдэн жилээс төр засгаас шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулж эхлээд байгаа. Гэхдээ монгол эрдэмтдийг дэлхийд үнэлэгдэх хэмжээний том судалгаанд оролцож, хувь нэмрээ оруулан амжилттай явдаг гэдгийг сайн мэддэггүй. Өнгөрсөн жил манай эрдэмтэн М.Баатар бид хоёр Герман улс дахь судалгааны хүрээлэнгийн томилолтоо дуусгаад ирж байхдаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй уулзаж байсан юм. Гэтэл тэр үед бидний судалгааны талаар сонсоод “Монгол эрдэмтэд ийм том судалгаанд оролцдог юм уу” гээд гайхаж байсан.