19 настайдаа анхны охиноо, 25 настайдаа тав дахь охиноо төрүүлж алдарт эхийн одон зүүсэн Б.Амарзаяаг энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа онцлон сурвалжиллаа.
Том охин Д.Анужин нь найман настай, бага охин Д.Маргад нь гурван настай. Түүний мөрөөдөл гоё машин, үнэтэй орд харш биш таван охиноо ганцхан удаа Хүүхдийн парк оруулж үзүүлэх, ус нэвтэрдэггүй гэртэй болгох гэнэ. Удтал хүлээсэн эхний мөрөөдөл нь хэдхэн хоногийн өмнө биеллээ олж UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлгийн хамт олон таван охиныг нь Хүүхдийн паркт анх удаа тоглуулжээ.
Тэрээр нөхөр Э.Данзанравжаа, таван охины хамт Сүхбаатар дүүргийн 16-р хороонд айлын хашаанд дөрвөн ханатай гэрт амьдардаг ажээ. Биднийг автобусны буудлаас хоёр охин нь тосож угтан авлаа. Гэр нь буудлаас нэлээдгүй зайтай бөгөөд гэр хүрэх замд хоёр охинтой нэлээд хууч хөөрлөө.
“Манай ээж та нарыг ирнэ гээд чихэр, бас зөндөө амттай юм авсан. Үгэнд сайн орсон хүүхдэд нь чихэр өгнө гэсэн. Гэхдээ бид нар хужаагийн юм иддэггүй юм өө. Хужаа гэдэг чинь манай цэцэрлэгийн гадаа чавга, бохь гээд хямдхан юм зараад сууж байдаг хүмүүсийг хэлдэг байхгүй юу” хэмээн дүү Д.Аялгуу нь ярьтал хажуунаас эгч Д.Анужин нь “Танихгүй хүнд хэрэгтэй, хэрэггүй юм ярьж болдоггүй юм” гээд чимээгүй болгочихов. Ингэж явсаар гэрийнх нь гадаа ирлээ.
Гэрт ороход гэрийн эзэн Э.Данзанравжаа, эхнэр Б.Амарзаяа, Д.Цэлмүүн, Д.Мишээл хэмээх хоёр охины хамт угтан авлаа. Бага охин Д.Маргад зуны амралтаар өвөө, эмээ дээрээ байгаа гэнэ.
Хашаа саравч нь элэгдэн хуучирч, бусдаас илүү үнэтэй тавилга тавиагүй ч дөрвөн ханатай гэрээ гэр хорооллын орчинд байхааргүй цэвэр, цэмцгэр тохижуулж чаджээ.
Тэд 2007 онд анх амьдралаа эхлүүлсэн бөгөөд шинэ гэр бүлд өгдөг 500 мянга, шинэ хүүхдийн 100 мянган төгрөгөөр энэ дөрвөн ханатай гэрээ худалдан авчээ. Энэ талаар гэрийн эзэн Э.Данзандаржаа “Бид хоёр нэг гудас, хоёр аягатай амьдралаа эхлүүлж байлаа. Одоо харин нэг үеэ бодоход гэр маань нэлээд тохижсон. Эд баялагаас илүү цэцэг шиг таван охинтой болсон. Өөрсдийгөө хэнээс ч илүү баян хүмүүс гэж боддог. Мэдээж шинэ хүн нэмэгдэхээр эдийн засгийн хүндрэлтэй зүйл гаралгүй л яахав. Гэхдээ л хүүхэд чинь өөрөө хүнсээ аваад ирдэг юм” гэхэд эхнэр Б.Амарзаяа үргэлжлүүлэн “Нөхөр бид хоёр сурсан мэдсэн боловсрол тааруу. Тийм болохоор гайгүй цалинтай ажил тэр бүр олдохгүй. Гэхдээ яахав хэдэн хүүхдээ хоолтой, ундтай, элэг бүтэн байлгах гээд хичээж л явна. Нөхөр маань заримдаа автобусны мөнгөө хэмнээд ажлаасаа алхаад ирнэ. Охидоо сургууль, цэцэрлэгээс нь ирэхэд талхтай байх гэж тэр.
Охид маань заримдаа зурагт үзэж байгаад гэнэт “Ээжээ манай ариун цэврийн өрөө хаана байгаа юм бэ, эсвэл бид нар хэзээ Хүүхдийн парк орж үзэх үү, хэзээ ус нэвтэрдэггүй гэрт амьдрах вэ гээд л асууна. Тэр үед сэтгэл их өвддөг” хэмээн ярилаа.
Гэтэл охидын аав “Гэхдээ бид хоёр охидынхоо мөрөөдлийг өөрсдийнхөө хүчээр биелүүлж өгөхийг хүсдэг. Өөрийн гараар бүтээж, өөрийн гараар босгож, цогцлоосон амьдрал хамгийн үнэ цэнэтэй, аз жаргалтай. Ер нь үнэтэй байртай, машинтай байснаас үр хүүхдүүдээ нийгэмд хэрэгтэй хүн болгож өсгөх нь түүнээс илүү чухал. Хаана амьдрах нь чухал биш, ирээдүйд хэн болох вэ гэдэг нь л илүү чухал санагддаг” хэмээн ярилаа.
Охидын аав Э.Данзандаржаа 14 настайгаасаа барилга дээр ажиллан хөлсөө дуслуулж, өөрийн хөдөлмөрөөр амьдрахын үнэ цэнийг ухаарчээ. Тиймдээ ч түүний хувьд хөлсөө дуслуулан байж олсон эд хөрөнгө, цогцлоосон амьдрал хамгийн үнэ цэнэтэй байдаг гэнэ. Тэрээр хашаандаа хувийн гутал засварын газар ажиллуулахаар бэлтгэлээ хийж байгаа бөгөөд ирээдүйд алдартай гутлын салон болгон өргөжүүлэх зорилготой аж. Энэ талаараа “Хувийн гутал засварын газартай болох гээд саяхан нэг хүнээс хуучин амбаарыг нь худалдаж аваад завсарлаж байна. Хэрэгцээтэй зүйлүүдээ нэг, нэгээр нь цуглуулж л байна. Эхний ээлжинд нэг цонх авсан байгаа” гэв.
Мөн охидоо хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг, юу гэж захьдаг талаараа “Хүүхдүүдээ эх орондоо хэрэгтэй, нийгэмд сайн нөлөөллийг бий болгосон боловсролтой хүн болоосой гэж хүсдэг. Эцэг болох амархан. Гэхдээ аав байх хамгийн хэцүү” хэмээн ярьж байтал дунд охин Д.Цэлмүүн “Ааваа би худалдагч болно. Тиймээ..” гэв. Тэгсэн охид ар, араасаа “би худалдагч, би худалдагч...” гээд л гэрээр дүүрэн инээдэм боллоо.
Гэтэл том охин Д.Анужин нь ярианд оролцон “Харин би аав, ээжтэйгээ адилхан мундаг хүн болно. Манай аав, ээж хоёр хүн бүрт тусалдаг сайн хүмүүс” гэж байна.
Тэгсэн охидын ээж “Манай том охин олон дүү нартай өссөн болохоор их хэрсүү, сэргэлэн. Надаас илүү дүү нараа асарч тойлно. Нөхөр бид хоёрыг ажилтай үед дүү нараа гэртээ хараад үлддэг. Орой ирэхэд хоол, цай хийчихсэн сууж байдаг юм. Сургууль дээрээ бол багшийнхаа туслах багш шиг л байдаг гэсэн. 500 төгрөг олдсон ч дэмийн зүйлд үрэхгүй. Мөнгөө бага багаар цуглуулж байгаад өөртөө, дүү нартаа дэвтэр харандаа авч өгнө” хэмээн ярив.
Зөвхөн том охин нь гэлтгүй эдний охидууд багаасаа хэрсүү, хүмүүжил сайтай өсчээ. Гэр бүлээрээ дэлгүүр хэсэхдээ гурван настай балчир охин Д.Маргад нь хүртэл дуртай зүйлээ авна гэж уйлж, аав ээжийгээ зовоож зөрүүдэлдэггүй хэмээн аав, ээж хоёр нь охидоо сайшаан магтаж байсан юм.
“Гэхдээ заримдаа бол хүүхэд л болсон хойно энийг, тэрийг авах гэж шохоорхоно. Тэр үедээ та хоёр мөнгөтэй болохоороо надад тэрийг авч өгөөрэй гэж хэлнэ. Ямар сайндаа л анх удаа Хүүхдийн парк дээр очоод тоглож байхдаа “Ааваа, ээжээ бүгдээрээ үнэгүй тоглоом дээр очиж тоглох уу” гэж байгаа юм. Хүүхдүүд хүртэл аав, ээж маань мөнгө муутай гэдгийг мэддэг” гэв.
Тэд хүүхдүүдээ бага балчираас нь эхлэн өөрт байхгүй зүйлдээ битгий гар хүр, битгий санаарх. Үнэхээр авмаар байгаа бол өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж ав. Хөдөлмөрлөж олж авсан бол тэрийгээ маш сайн хайрлаж, гамнах хэрэгтэй гэж сургадаг ажээ.
Таван эрдэнээр гэрээ дүүргэсэн Э.Данзандаржаа, Б.Амарзаяа нараараа бахархаж, талархаж байна. Эрдэнэ, эрдэнэ гэвч хүнээс илүү эрдэнэ хаа байна. Монголын үр маш олон болтугай. Хүн ам цөөхөн манай улсад үр хүүхэд төрүүлсэн ач гавьяа бол дээдийн заяа мөнөөс мөн.