Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Сүүний импортыг бүрэн орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаад зах зээлд бүтээгдэхүүн экспортолно

Сүүний импортыг бүрэн орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаад зах зээлд бүтээгдэхүүн экспортолно
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 9
Засгийн газрын 2013-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын хүнсний хангамжийг тогворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор Мах, сүүний анхдугаар аяныг улс орон даяар өрнүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Монгол Улс жилдээ 4000 тонн хуурай сүү импортолдог байна. Тиймээс импортыг орлох сүү үйлдвэрлэх зорилгоор аяны хүрээнд орон нутагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэр байгуулахаар болж, өнөөдөр Японы сүүлийн үеийн хуурай сүү боловсруулах төхөөрөмжийг нутагшуулах төсөл хэрэгжүүлэгчид Ерөнхий сайд, мөн Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн сүүний үйлдвэрлэл, фермерийн аж ахуй эрхлэгчид , хоршоологчид, сүүний салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудад танилцуулж, сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Орон нутагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийг байгуулснаар ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, сүү боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулах аж. Ялангуяа алслагдсан бүс нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг хуурай сүүний үйлдвэрийн технологид тулгуурлан ашиглах үндсэн нөхцөл, боломж бүрдэнэ. Мөн хуурай сүүний импортыг орлох үйлдвэрлэл хөгжсөнөөр гадагшаа чиглэсэн валютын урсгалыг дотооддоо үлдээх юм байна.

 Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "60 сая малтай бид сүүгээ импортоор авдаг. Бид хийж чаддаг зүйлээ дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой. Тиймээс "Монголдоо бүтээе" гэсэн санаачилгыг гарган "Мах, сүүний аян"-ыг хэрэгжүүлж байна. Шингэн сүүгээ дотооддоо хуурай сүү болгон үйлдвэрлэдэг болсноор байнгын хулдалдан авагч, хэрэглэгч бий болно. Зах зээлийн сүүний үнэ тогтвортой болж, малчид, фермерүүдэд өдөрт тумын орлого бий болох  боломж бүрдэнэ. 60 сая малныхаа үр шимийг бид өөрсдөө хүртэж чаддаг байх ёстой" гэв.

Хуурай сүү боловруулах төхөөрөмжийг нутагшуулах төслийг "МДМ" ХХК хариуцсан ажиллаж байгаа аж. Энэ талаар төсөл хариуцсан захирал Г.Энхтүвшин "Хуурай сүү боловсруулах төхөөрөмж нь ажлын найман цагт орон нутгийн сүүнийн хангамжаас шалтгаалан 240-600 литр хүртэлх бүтээгдэхүүнийг боловруулах хүчин чадалтай. Технологийг нутагшуулж, турших зорилгоор эхний ээлжинд жижиг хувилбарыг нь оруулж ирээд байна. Цаашдаа алслагдсан бүх сумдуудад хүргэх зорилгоор ажиллана. Төсөл хэрэгжснээр орон нутагт жижиг, оврын хамгийн орчин үеийн хатаах технологитой үйлдвэр бий болох юм. Одоогоор сүүгээ хэдэн төгрөгөөр малчдаас авч, хэдэн төгрөгөөр борлуулахыг шийдээгүй байна. Түүхий сүүний үнээ малчдаас авахдаа тэдний саналыг үндэслэн тогтооно " гэв.

-Ашиглагдахгүй байгаа сүүний нөөц эдийн засгийн эргэлтэд орно
-Малчин өрхүүд тогтмол орлоготой болно
-Импортын хуурай сүүний хэмжээг бууруулж, улмаар импортыг бүрэн орлоно
-Гадаадын зах зээлд бүтээгдэхүүн экспортолно
-Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх боломж бүрдэнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн