Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч Л.Энхсайхан "Мэдрэлийн ядаргааг хүмүүс их ажиллаж ядарсанаас үүдэлтэй гэж ойлгодог ч үндсэн шалтгаан нь мэдрэлийн тогтолцоо туйлдаж, ядралын байдалд орсонтой холбоотой. Мэдрэлийн тогтолцоо туйлдаж, ядрах нь сэтгэлийн болон стрессийн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Ажил, гэрт тохиолдож буй янз бүрийн асуудал мэдрэлийн ядаргаа үүсэх гол хүчин зүйл болох нь элбэг байна" хэмээн мэдрэлийн ядаргааны тухай өгсөн ярилцлагадаа дурьдсан. Тиймээс танд мэдрэлийн ядаргаанд оруулж болох эрсдэлтэй стрессээс хэрхэн сэргийлэх, стрессээ хэрхэн тайлах тухай мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөмжийг хүргэж байна. Стресст өртөх магадлал өндөр хүмүүс гэж байдаг. Биологийн хэв шинж талаас нь аваад үзэх юм бол гол төлөв дуу султай, амьдралын идэвхи багатай, гутранги үзэлтэй хүмүүс стресст өртөх магадлал өндөрбайдаг. Мөн огцом, түрэмгий зан авиртай хүмүүс бусдаас илүү их стресст өртдөг .Харин сэтгэцийн хэв шинжээр авч үзэх юм бол хэт мэдрэмтгий, санаа зовомтгой, сэжигч, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, ажил хийвэл дуустал хийдэг, юмны нарийн учрыг нь олох гэж хичээдэг хүмүүс стресттэх магадлал өндөр байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжлийн сэтгэлзүйчийн стресс тайлах дараах зөвлөмжүүдийг хүргэсэн байна.
Ажлаа өдөр, долоо хоног, сар, улирал, жилээр төлөвлө. Төлөвлөгөөнд ороггүй бөгөөд шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хүнд “үгүй” гэж хэлж сур.
Өөрөө, өөртөө тушаал өгөх арга
Өөрийгөө ялах, бэрхшээлийг даван туулах, өөрийгөө зоригжуулах, өөрөө санаачлага гаргах, өөрийгөө захирах удирдах
Би тайван байна, надад сэтгэл зовних зүйл алга би чадна. Би өөртөө итгэж байна, би үүнийг уучлах ёстой, үүнд миний буруу ч бий. Бүх юм сайхан болно.
Ухаарлаар бухимдлаа тайлах арга
Ялангуяа хүн хоорондын болон хувь хүний дотоод будлианы үед илүү үр дүнтэй. Тухайн нөхцөл байдлын сайн, муу талуудыг ухаалгаар эрэгцүүлэн бодох, өөртөө шүүмжлэтэй хандах
Та өөрийнхөө бусдаас илүүтэй, давуу талыг олж мэдэр, өөрийгөө ямагт сайхнаар төсөөлөн бод.
Өөрийн зан авир, бодол, мэдрэмжийн талаар өөртэйгээ дотно ярилц. Ямар нэг сөрөг бодол агуулж байвал айдас, сэтгэл гутралд өртөмтгий байдаг.
Амьдралын хэмээ зөв тохируул
Амьдралдаа нэг дор олон өөрчлөлт хийхээс зайлсхий. Өөртөө бүү хатуу ханд. Өөрөөсөөө хэтэрхий ихийг бүү шаарда. Уян хатан байж сур.
Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Асатианийн арга
Хувь хүн өөрт тохиолдсон сэтгэл түгшээсэн үйл явдал, таагүй мэдрэмж, үхэл хагацалд, осол сүйрэл, гай гамшиг зэрэг үйл явдлуудыг одоо болж буй мэтээр дүрслэн бодож, дурсан санаж бусдад дүрслэн ярьж сэтгэлээ ариусга
Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Катарсисын арга
Өөрт тулгамдсан асуудлууд, үүсч байгаа тааламжгүй мэдрэмж, тааламжгүй бодлоо найз нөхөддөө, гэр бүлийнхэндээ, эмч болон бусад ойр дотнын хүмүүст илэн далангүй илэрхийлэх
Мөн анагаах ухааны докторант, АШУҮИС-ийн багш, сэтгэлзүйч Р.Энхтүвшин стрэсс тайлах аргын талаар дараах зөвлөмжийг өгчээ.
Магтаалын үг хэлэх, сонсох
Сэтгэл гэдэг эрхтэн өвддөг, шаналдаг, хугардаг, бас баярладаг. Сэтгэлийг баярлуулдаг, стресс тайлах хамгийн том зэвсэг бол магтаал. Өглөө босоод урмын үг сонссон хүн бүтэн өдрийг туулах хүчтэй болдог. Хааяа ч гэсэн өөрийгөө магтаж, гамнаж, хайрлаж байх хэрэгтэй. Мөн хэн нэгэнээр магтуулж сурах хэрэгтэй, магтаалыг чин сэтгэлээсээ хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Магтаж байхад өмнөөс нь би тийм хүн бишээ, эсвэл би угаасаа л ийм хүн гэх мэтээр хүлээж авч хариулах юм бол тухайн хүн дахиад таныг магтахаас цэрвэдэг болно.
Өөрчлөлт, шинэчлэлт стресс тайлах эм
Нэгэн хэвийн байдлаас салж өөрчлөлт хийх хэрэгтэй. Үсээ тайруулах, ажлын ширээгээ солих, шинэ хувцас худалдаж авах, уруулын будгаа өөрчлөх гэх мэтээр сэтгэлзүйдээ шинэ зүйлийг мэдрүүлж байх хэрэгтэй. Өнгө хүртэл сэтгэлзүйд нөлөөлж байдаг.
Амрах, дэлгүүр хэсэх, хамт олонтойгоо салхинд гарах, караокед орох, спортоор хичээллэх, бүжгийн клубт явах гэх мэтээр өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй. Ямар зүйлээс хамгийн их сэтгэл ханамж авдаг гэдгээ бодоод түүнийгээ хийгээд үзээрэй.
Ажил дээрээ хэт их бухимдалтай, стресстэх үедээ гурван секунд амьсгаагаа хүчтэй аваад, гурван секунд түгжээд, гурван секунд буцаагаад гаргах дасгалыг хийгээд үзээрэй. Дасгалыг хийх явцдаа цээж дүүрэн амьсгалж, гаргахдаа бүх амьсгаагаа гаргах хэрэгтэй. Энэ дасгал найман жилийн турш судалж байж гаргасан стресс тайлах арга байгаа.