Open iToim app
Нээлт | 4 мин уншина

Сурвалжлага: Усан завь, нисэх онгоц бүтээж ур, ухаанаа уралдуулсан монгол хүүхдүүд

Сурвалжлага: Усан завь, нисэх онгоц бүтээж ур, ухаанаа уралдуулсан монгол хүүхдүүд
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 30
Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн техник сэтгэлээг хөгжүүлдэг, техникт дур сонирхолтой болгодог, зохион бүтээх чадварыг дээшлүүлдэг, гарын ур, сэтгэлгээний мэдрэмжийг сайжруулж, багаар ажиллах чадвартай болгодог ганц хичээл бол хөдөлмөр, технологийн хичээл. Тиймдээ ч хөдөлмөр хүнийг бүтээдэг гэх үг бий.
Бид энэ удаагийн сурвалжлагаа нийслэлийн техник технологийн олимпиад болж буй Ганзам 20-р сургууль дээрээс бэлтгэлээ. Биднийг очиход гар урлал, техник технологи, уран зургийн төрлүүдээр дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагчид өөрсдийн хийсэн гэрийн даалгаврын бүтээлүүдээ шүүгч нарт шалгуулахаар үзэсгэлэн гаргасан байлаа.

Усан онгоц, нисдэг тэрэг, урлаж хийсэн гар оёдлуудаас эхлээд сонгодог уран зургууд гээд монгол хүүхдүүдийн гараар бүтэж, хөдөлмөрийн үнэ цэнэ шингэсэн бүтээлүүдийг эгнүүлсэн өрсөн байлаа.
Олимпиадад өрсөлдөж байгаа сурагчдын хувьд энэ бол зөвхөн гэрийн даалгавраа шалгуулах эхний шат бөгөөд дараа нь ур чадварын шалгалтад орох ёстой гэнэ. Тухайлбал, онгоц зохион бүтээсэн сурагчдын хувьд онгоцоо нисгэж, уран нислэг хийж үзүүлэх ёстой бол усан онгоц хийсэн сурагчдын хувьд усан бассейнд хийсэн онгоцоо явуулж харуулах ёстой ажээ. Үүний эцэст ялагчийг тодруулдаг байна. 

Төрөл бүрийн усан онгоц эгнүүлэн тавьсан эхний ангид биднийг ороход шүүгчид эд ажлаа хийж байлаа. Харин энэ төрөлд оролцож буй хүүхдүүд ангийн гадна эгнээ болон суужээ. Усан онгоцны төрөлд наймдугаар ангид сурдаг мөртлөө арванхоёрдугаар ангийн ах, эгч нартайгаа өрсөлдөж буй 13 настай Б.Төрбат "Би энэ жил олимпиадад анх удаагаа оролцож байна. Миний хувьд байлдааны загвартай усан онгоц хийсэн. Онгоцоо 4-5 сарын хугацаанд хийсэн" хэмээн ярьж байлаа.

Харин Ганзам хорьдугаар сургуулийн сурагч, 15 настай З.Амарцогтын хувьд мөн байлдааны хөлөг онгоц хийсэн бөгөөд ирээдүйд нисэхийн чиглэлийн хүн болох мөрөөдөлтэй. Учир нь тэрээр бага сургуульд байхдаа "IRON man" киноноос өөрийнхөө хүсэл мөрөөдлийг олсон хэмээн ярьж буй нь аль хэдийн явах зам, хийх алхмаа хийгээд эхэлчихсэн, жижигхэн биед багтмааргүй төлөвшсөн хүний дүр төрхөөр бидэнтэй хуучилсан юм.

Хөдөлмөр л хүүхдийг алсын хараатай, амьдралын ухаантай болгодог юм байна гэх бодлыг тээсээр нисэх онгоц хийсэн сурагчдын бүтээлээ дэлгэсэн ангийг зорилоо. Өрөөнд ороход зургаан шүүгч тойруулан өрсөн 30 гаруй онгоцны дунд сууж байлаа. Арван жилийн сурагчид, насанд хүрээгүй хүүхдүүд хийсэн гэж хэлэхээргүй зураг төсөлтэй, эд анги, үзэмжтэй онгоцууд байлаа. 30 гаруй төрлийн онгоц дундаас улаан алаг өнгөтэй, загвар хийц сайтай онгоц нүдэнд тусав. Хэний бүтээл болохыг шүүгч нараас тодруулахад, олон улсын мастер сурагч Б.Төгөлдөрийн хийсэн онгоц гэлээ. 
Ингээд олон улсын мастер, 2016 оны улсын хөдөлмөрийн аварга сурагч Б.Төгөлдөртэй цөөн хором ярилцсан юм. Тэрээр олон улсын мастер цолны болзлыг өнгөрсөн онд уран нислэгийн төрөлд 2150 оноо авснаараа хангасан байна. 

-Хийсэн онгоцныхоо загвар болон хийцийн талаар танилцуулахгүй юу. Бусад хүүхдүүдийн бүтээлээс юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Нисэх загвараар хичээллдээд найман жил болж байна. Миний хийсэн онгоц бол BAX BEE гээд дэлхийн аваргын хийсэн  "Igor Burger" гээд загварын онгоц байгаа. Тэр загвар, зураг төслөөр энэ онгоцоо хийсэн. Нислэг болоод хийц, хэлбэр дүрсийн хувьд бусад онгоцнуудаас давуу талтай байгаа. Онгоцоо нэг сарын хугацаанд хийсэн. 
-Нисэх загвараар хичээллээд найман жил болж байна гэлээ. Энэ хугацаанд хэр олон онгоц хийсэн бэ. Хамгийн анх яагаад энэ төрлөөр хичээллэх болов?
-Нийтдээ 10 гаруй онгоц хийсэн байх. Манай аав над шиг байхаасаа онгоц хийдэг байсан гэсэн. Одоо спортын мастер цолтой хүн бий. Би ч гэсэн бага байхдаа аавыгаа дууриаж хийгээд маш их зүйл сурсан. Миний анхны багш бол манай аав. Онгоц хийхэд нарийн деталь ажлуудаас эхлээд хийхэд хэцүү зүйлүүд маш их байдаг. Анх хийж байгаад дундаасаа шантрах үе олон байсан. Тэр үед манай аав намайг загнаж, уйлуулж байгаад хийлгэдэг байсан нь аливаа зүйлийг тууштай хийж сурахад нөлөөлсөн гэж боддог. Би анх долдугаар ангидаа олимпиадад ороод медальгүй үлдэж байсан. Тэгээд хичээсээр байгаад өнгөрсөн жил улсын аварга болж, мөн олон улсын мастер цол хүртсэн.
-Онгоцоо хийхээс гадна ур чадварын шалгалтад орж, хийсэн онгоцоо нисгэдэг юм байна. Энэ шалгаруулалт хэр хүнд вэ?
-Тийм. Хийсэн онгоцоо удирдаж уран нислэг хийж үзүүлэх ёстой байдаг. Уран нислэгийн үед 16 үзүүлбэрийг 7 минутад хийх ёстой байдаг. Энгийнээр бол онгоцоо удирдаж дөрвөлжин, гурвалжин, наймын тоо эргүүлэх гэх мэтчилэн үзүүлбэрүүдийг хийж үзүүлнэ гэсэн үг. Энэ үе хамгийн хүнд даваа байдаг. Нисгэж байх үед салхи ямар чиглэлд байна гэдгийг мэдрэх нь хамгийн чухал байдаг.
-Ирээдүйд энэ чиглэлээрээ суралцах уу. Ямар мэргэжилтэй болох вэ?
-Багадаа нисгэгч болно гэж боддог байсан. Одоо бол нисэхийн инженер болно гэж боддог. Сургуулиа төгсөөд нисэхийн инженерийн ангид орно.
-Үеийнхээ найзуудад хандаад юу гэж хэлмээр байна?
-Аливаа зүйлд тууштай байгаарай гэж үеийнхээ найзуудад хэлмээр байна.

Харин уран зургийн сурагчдын хувьд ур чадварын шалгалтандаа орсон байлаа. Тэдний хувьд ч мөн ялгаагүй гэрийн даалгавраас гадна, олимпиадын үеэр зураг зуруулж ур чадварыг нь шалгадаг ажээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн