Үр хүүхдүүдээ амьдрах ухаанд сургаж, гэр орон хашаа, сууцаа үлгэр жишээгээр тохижуулан цэцэрлэгжүүлж, соёлч боловсон аж төрөх боломжийг бүрдүүлснээрээ “2016 оны Нийслэлийн тэргүүний есөн өрх”-ийн нэгээр шалгарсан казак гэр бүл Аксолтаныхаар зочилж энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ цувралаа бэлтгэлээ.
Баянгол дүүргийн аравдугаар хорооны тэргүүний өрхөөр зочлоход 70 гаруй настай хоёр буурай өөрсдийн гараар барьсан талх, хашаандаа ургуулсан үхрийн нүдний варень, чацарганы цэвэр шүүсээр дайлан халуун дулаанаар биднийг угтсан юм.
Одоогоос 51 жилийн өмнө өөрийн гэсэн хашаа, сууцгүй таван ханатай гэрт амьдралаа эхлүүлж байсан К.Аксолтан, Х.Айнелхан хоёр өдгөө дөрвөн хүүхдийн аав ээж, хоёр ачийн эмээ, өвөө болж гэр хорооллын орчинд байхааргүй саун, душтай тохилог зургаан өрөө байшинд амьдарч, дуртай жимсээ хашаанаасаа түүгээд идэх эко орчныг бүрдүүлж чаджээ. Эднийх хашаандаа 70 гаруй төрлийн мод тарьж, түүнийхээ 40-өөс нь чацаргана, үхрийн нүд, мойл, нохой хошуу, интоор зэрэг найман төрлийн жимс хурааж авдаг байна.
Энэ талаар гэрийн эзэн К.Аксолтан “Биднийг анх энэ хашаанд нүүж ирэхэд чулуурхаг хөрстэй, хазгай газар байсан. Газрыг нь тэгшилж байшингаа бариад, чулуурхаг хөрсийг нь зөөлөн болгож мод тарьж, зүлэгжүүлсэн. Ярихад амархан юм шиг сонсогдож болох ч маш олон жилийн хөдөлмөрөө үүнд зарцуулсан. Хэчнээн хад, чулуутай хөрс байсан ч арчилж тордоод, услаад байх юм бол тэс өөр болдог юм билээ. Олон сар жил зүтгэсэн болохоор бид өнөөдөр дуртай жимсээ хашаанаасаа түүгээд идэж байна. Чацарганы модноос гэхэд л жилийн турш идэх чацарганаа хураагаад авчихдаг. Мөн үхрийн нүдээрээ варень хийж иднэ. Дэлгүүрээс варень худалдаж аваад идэх, өөрсдөө хөдөлмөрлөж байгаад ургуулсан үхрийн нүдээрээ варень хийгээд идэхийн хооронд асар их ялгаа бий . Тэр болгоноос хөдөлмөрийн үнэ цэнэ, амтыг мэдэрдэг. Үр хүүхдүүд маань ч хөдөлмөрийн үнэ, цэнийг үүнээс ойлгож, ажил хөдөлмөрт суралцаж байдаг. Ирэх жил алимны мод суулгах санаатай байна. Гэвч тарих талбай нь л багадаад байх юм. Талбай нь байдаг бол тарьж болох бүгдийг нь тариад л баймаар байна шүү” хэмээн ярьж байв. Мөн тэдний одоогийн сууж байгаа хоёр давхар зургаан өрөөтэй тохилог байр нь нам даралтын зуухтай, хүссэн үедээ гэртээ саун, душанд орох боломжтой, гаднаа модон жорлонтой ч түүн дотроо суултуур тавьж тохижуулсан, хашааны хаалгаа гэрээсээ автоматаар хааж, нээж байгаа зэрэг нь орон сууцнаас дутахааргүй тохижилт, тав тухыг бүрдүүлжээ. Энэ талаар эхнэр Х.Айнелхан “Манай хүүхдүүд дунд барилгын мэргэжилтэй нэг ч хүн байхгүй. Тэгсэн мөртлөө мэргэжлийн хүнээс дутахааргүй тохилог сайхан байшинг өвгөн бид хоёрт барьж өгсөн. Хүүхдүүд эцэг, эхийнхээ юу хийж байгаа, юу үйлдэж байгааг л дуурайж амьдардаг юм байна. Манай хөгшин хүүхдүүдээ бага байхаас нь л ажил хөдөлмөрт сургаж, өөрөө үлгэрлэн хийж харуулдаг байсан. Би ч ялгаагүй. Цэцэрлэгийн багш байхдаа охидоо дагуулж очоод л туслах тогооч, цэвэрлэгч хийлгэж ажилд сургадаг байсан. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг байдаг даа. Бид хоёр хүүхдүүдээ энийг хий, тэрийг сур гэж хэлэхээсээ өмнө өөрсдөө үлгэрлэн хийж буйгаа харуулдаг байсан. Гэтэл өнөөдөр хүүхдүүд маань маш хөдөлмөрч, ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ухаарч хүмүүжсэн” хэмээн бахархан ярьж суусан юм. Түүнчлэн тэдний хувьд зөвхөн үр хүүхдүүдээ ажил хөдөлмөрт сургаж, орчин тойрноо тохижуулан цэцэрлэгжүүлээд зогсохгүй багш мэргэжлээр олон жил ажиллаж мянга, мянган хүний оюунд үнэтэй хувь нэмэр оруулан амьдралд нь хөтлөн оруулжээ.
-17 настайгаасаа амьдралаа холбож, хамтдаа бүтээсэн хоёр -
К.Аксолтан гуай өдгөө 75 настай бөгөөд МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, профессор цолтой. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар шагнуулж байжээ. Тэрээр Шинжлэх ухааны академи, МУИС зэрэг томоохон газруудад судалгааны ажилтан, эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан бөгөөд тэтгэвэрт гарах нас нь аль хэдийн болсон ч Монгол дээд сургуулийн магиструудад урилгаар хичээл зааж байгаа гэнэ. Мөн түүний хэвлүүлсэн ном бүтээл, эрдэм шинжилгээний нийтлэлүүд маш олон байдаг бөгөөд тэр дундаас гадаадын томоохон сэтгүүлд хэвлэгдэн, орчуулагдаж байсан нь цөөнгүй ажээ. Түүний шавь нар дунд УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, А.Бакей нараас эхлээд эдийн засгийн ухааны доктор, эрдэмтэн профессорууд олон байдаг аж.
Тэрээр бидэнд“Шинжлэх ухааны ажил гэдэг цаг наргүй. Олон сар жилийн хөдөлмөр зарцуулдаг ажил. Тэглээ гээд би ар гэрийн амьдрал, эхнэр, хүүдээ хөсөр орхиогүй. Гэртээ ирэхээрээ хоол хийнэ, гэрээ цэвэрлэнэ, хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэнэ, галаа түлнэ. Эхнэрийн хийх ёстой ажил гээд зүгээр суудаггүй. Харин сүүлийн жилүүдэд нас дээр гарахаар залуу үеийнх шигээ байж чадахгүй юм. Манай нэг дүү намайг та чинь гадаа гарахаараа профессор, гэрт ирэхээрээ качегор болчих юм гээд цаашлуулж байсан удаа бий” хэмээн хуучилж байлаа. Харин түүний эхнэр Х.Айнелхан 30 гаруй жил цэцэрлэгийн багш, эрхлэгчийн ажлыг хийж өдгөө Боловсролын тэргүүний ажилтан цолыг хүртжээ. Түүний шавь нар дунд УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржоос эхлээд төр нийгмийн зүтгэлтэн олон байдаг гэнэ. Тэрээр бидэнд “Би 17 настай байхдаа гэр бүлийн хүнтэйгээ хуримаа хийсэн. Тэр цагаас хойш бие биедээ дэм болж, тусалж дэмжсээр өнөөдрийн энэ амьдралаа бүтээсэн. Чи гэрээ цэвэрлэх ёстой, чи хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх ёстой гээд ажлаа хуваарилж, нэгэнтэйгээ барьцаж байсан удаа бидэнд байдаггүй. Аль боломжтой, цаг завтай нь ажлаа хийгээд явдаг байсан болохоор хамтдаа энэ амьдралаа бүтээсэн гэж хэлэх дуртай. Ер нь хүн хаана амьдарч байгаагаас бус юу хийж хөдөлмөрлөж буйгаас хүний амьдралын утга учир, амт мэдрэгддэг. Хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй тохилог орон сууцанд амьдарлаа гээд түүнийг өөрийнхөө гараар хөдөлмөрлөж олоогүй, хөлсөө урсгаж олж аваагүй бол тэр амьдрал утгагүй байдаг юм” хэмээн бидэнд аминчлан захиж байсан юм.